Нэгдүгээр хорооллын арын авто замын зураг төсөлд шаардлагатай өөрчлөлтийг оруулж иргэдэд танилцуулахаар болжээ
1 цагийн өмнө

СХД-ийн Нэгдүгээр хорооллын арын зам нь Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах чухал туслах зам учраас засаж шинэчлэх, өргөтгөх шаардлага хүлээгдэж буй ажлуудын жагсаалтад байнга багтдаг билээ. СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо зургадугаар сарын 2-нд тус байршилд ажиллажээ. Өнөр хорооллын 1 дүгээр байрнаас 32 дугаар байр хүртэл 2.8 км нийт 8.4 км авто замын бүтээн байгуулалт өрнөж буй. Энэ үеэр Нэгдүгээр хорооллын иргэдийн төлөөлөл тус авто замын талаарх санал, гомдлоо уламжилсан байна.
Тус дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн хэлж буйгаар ар талын авто замыг шинэчилж, хоёр урсгалыг тусгаарлах зам хийж байна. Үүний улмаас тус замын урд талын байрны оршин суугчид орц, гарц хаагдсан хэмээн гомдол гаргаж, хуучнаар нь замыг тусгаарлагчгүй болгож өгөх шаардлага тавьж байгаа аж. Харин төслийн гүйцэтгэгч нараас автозамын тусгаарлагч хийснээр зам тээврийн осол буурах, хүүхдийн аюулгүй байдалд чухал нөлөөтэй гэж мэдэгджээ.
Бид нөхцөл байдлыг тодруулахаар өдрийн 15:30 минутын үед тус авто зам дээр очлоо. Гэмтлийн уулзвараас уруудаж, нэгдүгээр байрны автобусны буудал буюу “Takata Japan Auto Parts” авто засварын урд замаас эхлээд замын нөхцөл байдал тун хүнд, эвдрэл гэмтэл ихтэй байгаа нь шууд анзаарагдаж байв.
Замын баруун талын бродюр огт байхгүй байх бөгөөд цааш нэлээд явсны эцэст иргэдийн шүүмжлэл, хэл амыг дагуулаад буй өнөөх муруй тавьсан бродюрууд үзэгдэж эхэлсэн юм. Чухам энэ хашлага урсгал тусгаарлагч болж буй нь иргэдийн зүгээс дүүргийн удирдлагад санал, гомдол гаргах гол шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй биз ээ.

С.Мөнхтулга: Цамбагарав болон Хархорины арын уулзвар дээр бүх замын ачааллыг төвлөрүүлэхээр байсан
Энэ үеэр СХД-ийн 93 мянган гишүүнтэй “1-р хорооллын иргэдийн нэгдсэн” группийн админ, “Нэг хороолол Нэг гэр бүл” ТББ-ын тэргүүн С.Мөнхтулгатай ярилцлаа.
-Танай ТББ ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
-Манай ТББ нь Нэгдүгээр хорооллын иргэдээ төлөөлж, иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлуудтай тэмцдэг. Өөрсдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалдаг.
-Иргэд нэгдүгээр хорооллын арын авто замын асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
-Манай хорооллын арын авто зам бол анх угсармал барилгуудыг баригдах үед л зэрэг тавигдсан түүхтэй. Хуучин хоёр эгнээ байсан замыг өргөтгөж, дөрвөн эгнээ болгосон ч дундаа ямар нэгэн тусгаарлагчгүй байсан юм. Өнөөдөр манай хороололд нийт долоон сургууль, 11 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүнийгээ дагаад иргэд, хүүхэд багачууд зорчих орц, гарц маш олон байдаг. Үндсэндээ ердөө 2.5 км урттай энэ замд дээрх бүх сургууль, цэцэрлэг багтдаг бөгөөд өмнө нь тэдгээр рүү шууд эргээд орох бүрэн боломжтой байлаа. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ арын замаар л өглөө, оройдоо зөөдөг. Гэтэл шинэ зураг төслөөр ердөө хоёрхон уулзвар буюу Цамбагарав болон Хархорины арын уулзвар дээр бүх замын ачааллыг төвлөрүүлэхээр байсан.
-Авто замын бродюрууд суурилуулсан нь хэр зөв шийдэл байв?
-Саппорогийн араас эхлээд замын үргэлжилсэн цагаан зураасыг бродюр болгож хашаад байгаа юм. Ингэж сургууль, цэцэрлэг рүү ордог орц, гарцуудыг бүрмөсөн хаачихсан учраас үр хүүхдээ зөөж байгаа эцэг эхчүүд Цамбагаравын арын уулзвар хүртэл явж, тэндээс буцаж эргэхээс өөр сонголтгүй болж байна. Гэтэл тэрхүү ганц уулзвар дээр олон арван автомашин зэрэг маневр хийж, буцаж эргэх гэж зүтгэснээр хиймэл түгжрэл, замын замбараагүй байдлыг үүсгэж байна. Иргэд яг л ийм амьдралаас хол, хөрсөн дээр буугаагүй шийдлийг эсэргүүцэж байгаа юм.
-Зураг төслийг юу гэж тайлбарласан бэ?
-Төсөл гүйцэтгэгчид замын зураг төслийг тайлбарлахдаа хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьсан гэж байгаа ч энэ нь амьдралаас дэндүү тасархай, хөрсөнд буугаагүй шийдэл болсон. Уг замын зураг төслийг Финланд улсын компани хийсэн гэх бөгөөд тэд өөрийн орны сургууль, цэцэрлэгийн орчмын хөдөлгөөний жишигт үндэслэн энэхүү стандартыг гаргасан байна. Монгол талын гүйцэтгэгчид уг бэлэн загварыг дотоодын хөрсөнд хэрхэн буулгасан талаараа тайлбарлаж буй ч бодит байдал дээр энэ нь иргэдийн эрх ашгийн эсрэг, замын ачаалал болон түгжрэлийг улам бүр зохиомлоор нэмэгдүүлсэн алхам болохоор байсан.
-Жишээлбэл?
-Гэмтлийн эмнэлгийн замаар уруудаж, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөдөг олон зуун эцэг эх байхыг үгүйсгэхгүй. Тухайлбал, замаар уруудаад ирэхэд л шууд “Хөгжил” цогцолбор сургууль угтдаг. Өмнө нь, энэ хэл ам дагуулаад буй тусгаарлагчийг тавиагүй байхад жолооч нар дохиогоо өгөөд, нэг нэгэндээ зам тавьж өгөн зохицоод л урагшаа эргэж, хүүхдээ сургуулийнх нь үүдэнд буулгачихдаг байлаа. Энэ замаар тогтмол зорчдог оршин суугчид, жолооч нар нөхцөл байдлаа илүү сайн мэддэг учраас хэн нь хаашаа эргэж, хүүхдээ буулгах гэж байгааг андалгүй гадарлаж, харилцан ойлголцдог байсан юм. Гэтэл өнөөдөр хийгдсэн шинэ зохицуулалтаар заавал Цамбагаравын арын гэрлэн дохиотой уулзвар хүртэл явж, тэндээс буцаж эргэж байж л дээрх сургуульд хүүхдээ хүргэх боломжтой боллоо. Оршин суугчдын хувьд гэр рүүгээ орохын тулд ч, хүүхдээ сургуульд нь өгөхийн тулд ч заавал Цамбагаравын арын гэрлэн дохион дээр зохиомол түгжрэлд цаг хугацаагаа алдахаас өөр сонголтгүй болсон.
-Нэгдүгээр хорооллын иргэд зураг төслийн талаар санал бодлоо илэрхийлсэн. Ямар шийдэлд хүрэв?
-Төлөөлөл болсон 40-50 иргэн санал бодлоо илэрхийлсэн. Нэгдүгээрт, хорооллын дундах сургууль, цэцэрлэг рүү ордог хөдөлгөөний гол зургаан орц, гарцыг хангалттай хэмжээнд чөлөөлж, нээх. Хоёрдугаарт, зураг төслийн дагуу хийгдэхээр төлөвлөгдсөн тойрог уулзварыг иргэд эсэргүүцэж байгаа тул оронд нь гэрлэн дохиотой уулзвар хэвээр үлдээх. Гуравдугаарт, нарийн зайд автомашинууд зөрөх зай хэт бага, хөдөлгөөнд аюултай байгаа тул арын замын муруй тавьсан бродюруудыг нэн даруй тэгшилж, засахыг шаардсан. Учир нь маш нарийн зайнд автомашин хооронд бага зайтай зорчиж байна. Зургийн компани, төсөл хариуцаж байгаа хүмүүс зургадугаар сарын 13-нд буюу ирэх бямба гарагт шинээр зураг төсөл танилцуулахаар болоод байна.
Н.Нарванчин
ӨДРИЙН СОНИН






