Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

УЛСТӨР: Чуулган хуралдаж, төрийн байгуулалтын байнгын хороогоор хуулиудыг хэлэлцэж л сууна. Үүн дотроос Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хоёр ч хуулийн төслийг хэлэлцэв. 

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнгүй. Уг төсөлд, Улсын баяр наадмаар насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадмыг зохион байгуулах. Монгол Улс манжид эзлэгдэхээс өмнөх түүхийн эх сурвалжуудад, эр хүн өөрөө морио унаж, бөх барилдаж, сур харвадаг байсныг дурдсан байдаг. Үүнийг сэргээснээр хөдөөгийн малчин залуусын хувьд энэ төрлөөр хичээллэх боломжтой болно гэж үзсэн байна. Мөн дэлхийн монгол наадмыг гурван жил тутам зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоно. Гадаадад амьдарч буй монголчуудын жил бүр зохион байгуулдаг үндэсний баяр наадамд 64 бөх барилдвал сумын наадамтай дүйцүүлэн үзэж, үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгохоор тусгажээ. Түүнчлэн Улсын баяр наадмын бүх насанд түрүүлсэн бол Улсын дархан тод манлай уяач цол олгохоор тусгажээ. Бөхчүүд дөрвөн удаа түрүүлбэл дархан аварга болдогтой адил уяачдад “Дархан тод манлай уяач” гэсэн дээд цолны шатлал бий болгох шаардлагатай гэж тусгажээ.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Монгол Улсын хувьд сүүлийн 100 жилийн хугацаанд Үндэсний их баяр наадмыг тусгаар тогтнолын баталгаа гэж үзэж, нэг ч удаа тасалж үзээгүй түүхтэй. Гэвч 2021 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Үндэсний баяр наадам анх удаа тасалдсан. Үүнээс үүдэж тухайн үед зохион байгуулагдсан бөхийн барилдааны цол олголтын асуудал маргаан дагуулсан. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын хэлснээр, холбоодын зүгээс уг бөхийн барилдааныг тогтоосон журмын дагуу зохион байгуулсан гэж үзсэн тул барилдсан бөхчүүдэд цолыг нь хууль ёсоор олгох нь зөв гэдэг санал гаргасан.Улсын наадамд орон нутгийн уяачид тэр бүр оролцож чаддаггүй тул Бүсийн наадам хийж, тэнд үзүүлсэн амжилтаар нь улсын цол олгодог байсан зохицуулалтыг өөрчлөн, сумын уяачдад аймгийн цол авах боломжийг ийнхүү хуулиар нээж өгч байна” гэв.  Гэсэн  ч түүний санаачилсан хуулийн төсөл байнгын хорооны босгыг давсангүй.

  Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, дэмжив. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монголын түүхэнд асар том гэм нүгэл хийсэн. Улсын их баяр наадмыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэвч энэ хуулийн төсөлд тэр жилийн бөхчүүдийн цолыг нөхөж олгох гэж байна. Тэр бол наадам биш, би барилдааныг очиж үзсэн. Төв асарт залуучуудын холбоо сууж байсан. Залуучуудын холбоо буюу төрийн бус байгууллагын барилдаан. Тэр барилдааныг наадам гэж хүлээн зөвшөөрвөл талцал руу авч очно. Б.Бат-Өлзийг наадамд бүртгүүлчихсэн байхыг нь харахад сайхан санагддаг миний хайртай бөх. Гэхдээ бидний гаргасан шийдвэрээс болж улсын арслан болбол эрэмбээрээ ид барилдаж буй Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нарын дээр гарч ирнэ. Энэ залуу арслангууд хүлээн зөвшөөрөх үү, санал солилцсон уу гэж асуув.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Тэр жилийн наадмыг Засгийн газар шийдсэн. Тухайн жилийн морь, сур бүгд цолоо авчихсан. Хууль батлагдвал 1987 онд болон Монголын бүх ард түмний спартикад 33 тойргийн барилдаанд 29 давсан Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Г.Эрхэмбаяр улсын заан цолтой болно. 1989 оны наадамд үзүүрлэж арслан цол аваад маргааш нь хураалгасан 1994 оны бөхийн барилдаанд 9 давж үзүүрлэсэн О.Балжинням аварга цол ахина. 70 жилийн ойгоор үзүүрлэсэн П.Сүхбат агсанд цолыг нь нөхөж олгоно. Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн барилдаанд цол аваад хураалгасан бөхчүүд цол нэмнэ. Гурван удаа үзүүрлэсэн Мөнх-Эрдэнэ улсын арслан цолтой болж байсантай адил өөрийн хүсэлтээ гаргаж байсан Б.Гантогтох гардид улсын арслан цолыг нөхөж өгнө. 2021 оны наадамд түрүүлсэн Б.Бат-Өлзийд улсын арслан цол, Ууганбаяр, Ч.Батчулуун, Довчинсэмбээ, Э.Амгалан, Н.Батсайхан, Ц.Адъяа, Б.Уртнасан, Э.Мөнхбаатар, Б.Хадбаатар нарын асуудлыг шийднэ. Гэхдээ бүгдэд өгнө гэсэн зүйл байхгүй, өөрөө хүсэлтээ гаргавал шийднэ. Бөхийн холбооноос албан ёсоор санал авахыг дэмжиж, 17 бөхийн нэр өгсөн” гэлээ.

НИЙГЭМ: Хүүхдийн баяраар ч хүүхдээ "хамгаалж чадаагүй" баримтууд!!! 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр томчууд бидний өөдгүй байдлаас болж бяцхан зүрхнүүд хорвоог орхилоо. Дайнтай улсад ч ингэж амиа алдаж олноороо хүүхдүүд мөнх бусыг үзүүлэхгүй, гэтэл манайд харамсалтай нь шил шилээ дарсан харамсалтай хэргүүд гарав. Кэйсүүдийг дурдвал,

Баримт-1: 2026.05.21  Дорнод аймагт цооногт унасан гөлөг аврах гэж байсан 15 настай хүү амиа алдав. Хүү хонхны баяртаа орох гээд хүлээж ядаж байсан аж.  Багаасаа  л нохой, мууранд дуртай, амьтанд хайртай  хүү байсан болохоор тогтоол ус доошоогоо хөлгүй гэдгийг мэдэхгүй ийнхүү гөлөг аврах гэж ороод дахин ээждээ ирсэнгүй.

Баримт-2: 20206.05.24 Дорноговь аймгийн Өргөн суманд хогийн цэгийн эрэг нурж зургаадугаар ангийн хүүхэд дарагдаж нас барсан. Тодруулбал, хогийн цэг дээр тоглож байсан 13 настай эрэгтэй хүүхэд шороонд дарагджээ.

Баримт-3: 2026.05.28 Төв аймгийн Заамар суманд Уурхайн өрөмдлөгийн цооногт 3 настай охин унаж өчнөөн олон цагаар аврах ажиллагаа явуулаад ч аварч чадсангүй ээ. Охин уурхайн нөөц тогтоох өрөмдлөг, хайгуулын ажил явагдаж байсан талбайн нүхэнд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Охиныг аврах ажиллагаа нийт 60 гаруй цагийн хугацаанд үргэлжилж тухайн цооногийн зэргэлдээ 35 метр өргөнтэй, 70 метр урттай нүхийг шаталсан хэлбэрээр ухсан юм. 

Баримт-4: 2026.05.31 Хөвсгөл аймгийн Жаргалант суманд Модон шонгийн доод ёзоорын тасарсан цахилгаан утсыг 2 настай хүүхэд барьж, тогонд цохиулж хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.  Хүүхэд хашаандаа тоглож байсан бөгөөд өндөр хүчдэлийн цахилгааны шонгийн шалбарсан ил утаснаас барьж, тогонд цохиулсан. Хөвсгөлийн дарга нар эрсдэл ярьж, зургаа татуулан цахимд нийтэлж байх хооронд нь уг хэрэг болсон нв үнэхээр харамсалтай.

Баримт-5: 2026.06.01  Төв аймагт 2 настай эрэгтэй хүүхэд цементэн хашаанд даруулж нас барав.

Баримт-6: 2026.06.03  Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах нэр бүхий хотхоны бохирын худгаас 4-5 сартай байж болзошгүй, 400 гр жинтэй ураг олдлоо.

Баримт-7: 2026.06.01 Гэмтэл согог судлалын үндэсний төвд бэртэл гэмтлийн улмаас нийт 204 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ.  Тэднээс 73 нь эмэгтэй, 131 нь эрэгтэй хүүхэд байжээ.

Баримт-8: Дархан-Уул аймагт 15 настай таван өсвөр насны хүүхэд гэр бүлийнхээ автомашиныг зөвшөөрөлгүй унаж яваад ноцтой осол гаргав. Ослын улмаас хоёр хүүхэд амь насаа алдаж, гурав нь эмнэлгийн тусламж авсан.

Баримт-9: Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт автомашин онхолдож,  17 настай охин нас барсан. 

Бид бяцхан үрсээ болзошгүй осол гэмтлээс хамгаалж үл чадлаа. Хүүхдэд ээлгүй монгол гэж олон жил ярьж буй ч бодит байдал дээр юу ч сайжирсангүй. Өглөө гараад орой хайртай хүмүүстэйгээ уулзаж чадахгүй аюултай орчинд амьдарсаар хүүхдүүд амь эрсдсэн хэвээр... Хүүхдэп элтэй орчин гэдэг нь хаана ч хаашаа явсан бэртэж гэмтэхгүй аюулгүй орчинг хэлдэг нь тодорхой байтал манай улсад даанч хуулиа мөрдөж байгаа зүйл ганц ч алга. Төр, асран хамгаалагч нарын тоомжиргүй зангаас өчнөөн бяцхан зүрх зогсож байж монгол улс хүүхдэд ээлтэй хэмээгдэх вэ?! Алхам тутамдаа хүүхдүүд эрсдэлтэй тулгарч байна.

ЭДИЙН ЗАСАГ: ҮНЭ ХАНШ: Үхрийн ястай махны үнэ 7.9 хувиар нэмэгджээ

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногийнхоос дахин өсжээ. Тодруулбал, 2026 оны зургадугаар сарын 02-ны байдлаар өмнөх сараас 2.0 хувь, өмнөх долоо хоногоос 1.4 хувиар өссөн байна. Үнийн өсөлт голчлон махны үнэд төвлөрсөн байна.

Тухайлбал, үхрийн ястай махны дундаж үнэ өмнөх сараас 7.9 хувиар нэмэгдэж, нэг кг нь 33741 төгрөгт хүрсэн бол ямааны ястай мах 7.2 хувь, үхрийн цул мах 4.4 хувь, хонины ястай мах 4.2 хувь, адууны ястай мах 2.5 хувиар тус тус өссөн дүн гарчээ.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад мөн махны үнэ илүү нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үхрийн ястай мах 4.4 хувь, хонины ястай мах 3.8 хувь, адууны ястай мах 2.3 хувь, үхрийн цул мах 2.0 хувь, ямааны ястай мах 1.6 хувиар өсөв. Бусад хүнсний бүтээгдэхүүнээс элсэн чихрийн үнэ өмнөх сараас 2.3 хувь, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар нэмэгдэж, нэг кг нь 5124 төгрөг болжээ. Мөн хар талхны үнэ өмнөх сар болон долоо хоногийн дүнгээр 2.6 хувийн өсөлттэй гарсан байна.

Харин зарим нэр төрлийн барааны үнэ буурчээ. Алимны үнэ өмнөх сараас 3.6 хувь, сонгино 3.3 хувь, ногоон цай 1.6 хувиар хямдарчээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад сонгины үнэ 3.6 хувь, алим 3.4 хувь, хүрэн манжин 1.7 хувиар тус тус буурчээ.

СОЁЛ УРЛАГ: “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн дэлгэгдлээ

Монголын уран зургийн галерейд Улаанбаатар болон Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Гвангжу хотын Уран зургийн музейгээс хэрэгжүүлдэг “Соёлт хот Гвангжу” олон улсын үзэсгэлэн нь Гвангжугийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлийг хилийн чанадад сурталчлах зорилгоор 2015 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн. Тус үзэсгэлэн нь БНХАУ-ын Гуанжоу, АНУ-ын Сан Антонио, ХБНГУ-ын Берлин, Япон улсын Фүкүока, Итали улсын Торино, Тайланд улсын Бангкок зэрэг дэлхийн олон хотод амжилттай зохион байгуулагдаж, Гвангжугийн орчин үеийн урлагийг олон улсын үзэгчдэд хүргэсэн түүхтэй. Эдгээр үзэсгэлэн нь тухайн орны урлагийн мэргэжилтнүүд болон урлаг сонирхогчдын анхаарлыг татаж, өндөр үнэлгээ, талархлыг хүлээхийн зэрэгцээ Гвангжу хотыг соёл, урлагийн бэлгэ тэмдэг болгон сурталчлахад чухал хувь нэмэр оруулсан юм.

2026 оны “Соёлт хот Гвангжу” үзэсгэлэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Бие биедээ тусах гэрэл” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнд Гвангжу хотын медиа арт болон инстоляцын чиглэлээр ажилладаг 6 уран бүтээлч, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн төлөөлөл болсон 6 уран бүтээлч оролцож, нийт 30 гаруй бүтээлээ дэлгэн толилуулж байна. Үзэсгэлэнд оролцож буй 12 уран бүтээлч нь өнөө цагийн нийгэм, соёлын өөрчлөлт, хотын өнгө төрх, хувь хүний дотоод ертөнцийг өөрсдийн уран бүтээлийн хэлээр илэрхийлжээ. Тэд эгэл жирийн амьдралаас хувь хүнд гүн гүнзгий үлдсэн мөчүүд болон өөрийгөө танин мэдэхэд нөлөөлсөн сэдлүүдийг дүрслэн харуулсан байна.

Үзэсгэлэн зургаадугаар сарын 25-ныг дуустал Монголын Уран зургийн галерейд үргэлжилнэ.

СПОРТ: Г.Ганхуяг “Улаанбаатар опен”-ы хошой хүрэл медальтан боллоо

Дэлхийн чансааны оноо олгох сонгомол болон чөлөөт бөхийн “Улаанбаатар опен-2026” тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 23 орны 297 тамирчин 30 жингийн алтан медалийн төлөө өрсөлдсөн.

Тэмцээний сонгомол барилдааны эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Монголын тамирчин, олон улсын хэмжээний мастер Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, “Улаанбаатар опен” тэмцээний хошой хүрэл медальтан боллоо.

Тэрбээр хүрэл медалийн төлөө Венесуэлийн Хуан Диаз Бланкотой барилдаж, үндсэн цаг дуусахаас өмнө даралтаар цэвэр ялалт байгуулжээ. Ингэснээр Г.Ганхуяг өнгөрсөн жилийн амжилтаа давтаж, тус тэмцээнээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртсэн амжилтын эзэн болов.