Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ ойрын өдрүүдэд Монголд хүрэлцэн ирж, шарын шашны гол идам бурхан болох оюун билгүүнийг хайрлагч Манзушри догшин дүр, Ямандаг бурханы авшигийг айлдах гэж байна. Өмнөд Энэтхэг дэх шашны их сургууль Гандан намбар жалвалин хийдэд бурханы номонд суралцаж, 14-р Далай лам болон ялангуяа авралт богд ёнзин Лади ринбучэ, авралт богд Дэнма Лочой ринбучэ, авралт богд Дагом ринбучэ, авралт богд Ёнжа ринбучэ, авралт богд Дагбу Памчой чогбрүл ринбучэ тэргүүтэн билиг, эрдэм төгс олон лам багшаас судар, тарнийн номын дамжлагыг бумбанд рашаан юүлэхийн ёсоор сонсон хүртэж, эдүгээ Америк, Европ тив болон Монгол зэрэг дэлхийн олон оронд морилж, бурханы номыг түгээн дэлгэрүүлэхийн сацуу АНУ дахь өөрийн үүсгэн байгуулсан бурханы шашны “TBI” нийгэмлэгтээ “Бодь мөрийн зэрэг”, “Оюун судлахуйн суртгаал” тэргүүтэн судар, тарнийн номлолоор олон орны шавь нарыг гэгээрүүлэх үйлсээр тэтгэж буй, Шарын шашны чимэг болсон дээд хувилгаан бөгөөд 2003 онд монгол хувилгаан Гүрүдэва ринбучэ Монгол орноо анх урин залж, сүсэгтэн олонд номын авшиг айлдуулж байсан билээ. Энэ удаа тэрбээр  дөрөв дэх удаагаа Монгол оронд ирж буй нь энэ.

   Гэлүгбын шашны тухайд

  Бурханы шашин түгэн дэлгэрч, олон хүмүүнийг төгс гэгээрлийн зам мөрт хөтөлсөн бөгөөд Монгол, Түвдийн орноо дэлгэрсэн, Богд Зонхавын үүсгэсэн Шарын буюу Гэлүгбын шашин нь тунгаамал алт адил хиргүй шашин хэмээн алдаршсан юм. Учир нь Богд Зонхава тэр үед Түвдийн бурханы шашны урсгал, номлолуудыг сайтар судлан шинжилж, аль нь Бурхан багшийн сургаалтай тохирох болон тохирохгүй байгааг ялгаж өгсөн бөгөөд хойч ирээдүйн шавь нарт өөрийнхөө гэрээс болгож арван найман боть агуу зохиолоо айлдан үлдээж, тэрхүү сургаал номлолыг дагагсадыг өөрийнх нь байгуулсан Гандан хийдийн ёсыг баримтлагчид буюу Гэлүгбагийнхан гэдэг. Гэлүгбын шашныг Монгол оронд ихэд дэлгэрүүлж, өөрийнхөө төрөлх үндсэн шашин болтол  хөгжүүлсэн нь дэлхийн гол гурван шашны нэг болох Бурханы шашинд монголчуудын оруулсан  том хувь нэмэр бөгөөд энэ нь бидний зүй ёсны бахархал билээ. Мөн монголчуудын оюуны чадал чансаа, дорнын гүн ухаант ард түмэн болохыг  харуулах тод жишээ юм. Богд Зонхаваг монгол хүн байж болох тухай зарим эрдэмтэн мэргэд үздэг бөгөөд түүний аавыг Юань гүрэний Хааны албанаас томилсон Даргач Бумлхүмбэ хэмээх Зонха нутагт ирж суурьшсан монгол хүн бөгөөд түвд хэлэнд сунжираад Дархач Лүнбүнгэ болсон, тэр үед Юань гүрэний харъяа газар зөвхөн монгол хүнээр даргач томилдог байсан хэмээдэг.

   Гэлүгбагийнхан Богд Зонхавын номын их суудал болох Гандан хийдийн ширээнд шарын шашны хамгийн эрдэмтэй лам нараас сонгон суулгадаг бөгөөд Гандан Тива буюу Гандан ширээт хэмээдэг, Гандан ширээт нь Түвдийн шарын шашны албан ёсны удирдагч бөгөөд Түвдийн засгийн газраас батламжилдаг уламжлалтай.  Гандан хийдийн ширээнд гагц ном эрдэмд хичээгч, аглаг уул хаданд бясалгал үйлдэгч нар олонтаа томлигдон сууж байсан тул Гандан ширээтэд даржин ядуу лам суудаг хэмээн хошигнодог байжээ. Бид Гандан ширээттэй холбоотой нэгэн түүхийг өгүүлье. Энэ хүн нь хорь дугаар зууны Түвдийн шашин, төрд өөрийн хүч оюун ухаанаа харамгүй зориулсан, хойч үеийнхий шүтээн бахархал, өөрийн шавь нарын ханьцашгүй номын их багш, амьд ахуй цагтаа Дэмчог буюу Хэрүга бурхан хэмээн алдаршсан юм. Энэхүү гайхамшигт хүмүүний алдарыг албан ёсоор Арвандөрөв дүгээр Далай ламын ёнзин багш авралт богд Тижан Дорж Чан Лувсан Еший Данзан Жамцо хэмээдэг. Энэ их богдын урдын хоёр дүр нь Гандан ширээтэд заларч байсан бөгөөд 69-р ширээт Жанчүвчойнпэл (1756-1838), 85-р ширээт Лувсанцүлтимбалдан (1839-1900) нар юм. Ёнзин Тижан богд нь Арвандөрөв дүгээр Далай ламын цаншав буюу чойр гүн ухааны багшид, улмаар ёнзин багшид өргөмжлөгдөж, Далай ламд түвд хэлний дүрэм зүйгээс эхлэн шашны гүн нарийн увидас эрдэмийг их ёнзин Лин ринбучэ-н хамт заан сургахын сацуу ордны хуучин судар номууд, гарчигуудыг ариутган шүүх, хэвлэх, олон шавь нарт судар, тарнийн ном айлдах  зэрэг шашин номын үйлийг хийхийн ялдраа төрийн сайд, хутагт хувилгаадад зарлиг сургаал хайрлан улс орны чухал хэрэгт ч олонтаа оролцож байжээ. Гадаад улс орнуудаар айлчилж, төрийн тэргүүнүүд болон Ромын Пап лам, эгэл жирийн сүсэгтэн хэн бүхэнтэй уулзаж, хүндлэлийг хүлээж чадсан шашны нэрт зүтгэлтэн байлаа. Шарын шашны номын увидасын далай болсон номын их богд бөгөөд 1981 онд жанч халжээ.

    Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэгийн тухайд

   Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ нь 1982 онд БНЭУ-ын Химачал Прадеш мужид олон гайхамшигт шинж тэмдгийг үзүүлэн мэндэлжээ. Урд дүрийн Тижан богдын номын их нууц сахиусны зарлиг болон олон лам дээдсийн таалал зөвшөөл нэгдэж, Дээрхийн гэгээн 14-р Далай лам өөрийн ёнзин багш авралт богд Тижан Дорж Чангийн хойд дүр мөн хэмээн тодруулжээ.

    Тижан Чогбрүл ринбучэ өмнөд Энэтхэг дэх шашны их сургууль Гандан намбар жалвалин хийдэд бурханы номонд суралцаж, 14-р Далай лам болон ялангуяа авралт богд ёнзин Лади ринбучэ, авралт богд Дэнма Лочой ринбучэ, авралт богд Дагом ринбучэ, авралт богд Ёнжа ринбучэ, авралт богд Дагбу Памчой чогбрүл ринбучэ тэргүүтэн билиг, эрдэм төгс олон лам багшаас судар, тарнийн номын дамжлагыг бумбанд рашаан юүлэхийн ёсоор сонсон хүртэж, эдүгээ Америк, Европ тив болон Монгол зэрэг дэлхийн олон оронд морилж, бурханы номыг түгээн дэлгэрүүлэхийн сацуу АНУ дахь өөрийн үүсгэн байгуулсан бурханы шашны “TBI” нийгэмлэгтээ “Бодь мөрийн зэрэг”, “Оюун судлахуйн суртгаал” тэргүүтэн судар, тарнийн номлолоор олон орны шавь нарыг гэгээрүүлэх үйлсээр тэтгэж буй Шарын шашны чимэг болсон дээд хувилгаан бөгөөд 2003 онд монгол хувилгаан Гүрүдэва ринбучэ Монгол орноо анх урин залж, сүсэгтэн олонд номын авшиг айлдуулжээ. Ийнхүү монголчууд бидний урилгаар хол газрын алжаалыг хайхралгүй морилон ирж бид бүхэнд бурханы дээдийн номын рашааныг хайрлаж буй ач нь хэмжээлшгүй билээ.

    Ямандаг бурханы авшиг айлдах тухайд

   Энэ удаа лам хувраг, сүсэгтэн бидний хүсэлтээр дахин морилж, шарын шашны гол идам бурхан болох оюун билгүүнийг хайрлагч Манзушри догшин дүр, Ямандаг бурханы авшигийг Үндэсний АСА циркт энэ 9 сарын 11-ний өдрийн 13 цагаас айлдах юм. Ямандаг бурханыг шүтвээс энэхүү цөвийн цагт бусад идам бурхадаас таван эрдэмээр үлэмж хэтэрхий хэмээн шарын шашныг үндэслэгч Богд Зонхава болон түүний шавь Хайдүв богд мөн VII Далай лам, Түвдийн алдарт шидтэн Ра Лозава, монголын Ламын гэгээний Анхдугаар дүр, Бэрээвэн номун хан Найдансүрэн, Ойрад Агваантүвдэнванчүг, Чин Вангийн Дандар аграмба, Эрин хамба Лувсанцэрэн, Буриадын Итгэлт хамба тэргүүтэн шарын шашны бүхий л мэргэд, лам нар өөрийн гол идам бурханаар шүтэж бясалган шидийг олсон нь олонтаа гарчээ. Ямандаг бурханыг шүтсэнээр оюун ухаан сайжирч, гадна дотны хорлол, барцад саадыг арилгах, нас буян арвижих, Чойжал, Жамсран тэргүүтэн сахиуснууд сахин хамгаалах зэрэг тус эрдэм нь хэмжээлшгүй юм. Энэхүү ховор чухаг авшигийг айлдахад хүртэх завшаан бид бүхэнд тохиож байна. Мөн Нагаржунай тэргүүтэн хоосон чанарын онол ухаанд мэргэжсэн их бандида, мэргэдийн эрхэм сахиус Гонбу Шалшийн даган соёрхолыг эртээс шүтэж ирсэн Чин Вангийн хүрээ буюу Булган аймгийн Дашчойнхорлин хийдэд айлдах юм. Мөн нутгийн сүсэгтэн олны удаан жилийн хүсэл, айлтгалын дагуу шашин номын ёс журмаар ихэс дээдэс, Их сахиус нар Дөрөвдүгээр Богдын таалалын эрхэм шавь олноо Жидорын хамба лам хэмээн алдаршсан Их хүрээний Хамба номун хан Агваанхайдүвын гуравдугаар дүрийн хувилгаан болон Монголын алдарт мэргэн Чин Вангийн Дандар аграмбын хойд дүрийг тодруулан айлдаж, түүнийг шарын шашны эрхэм дээд хувилгаан Богд Павонка, Богд Тижан ринбучэ нар таалан болгоож, Их сахиусны айлдсан ёсоор үйлдэхийг зарлиглажээ. Ийнхүү Богд Тижан Чогбрүл ринбучэ бээр энэ хоёр алдарт хувилгааныг ширээнд залах ёслолд өөрийн биеэр морилон ирж буй их билэг дэмбэрэлтэй үйл явдал болж байна. Сүсэгтэн олон бид бүхэн шашин амьтаны тусын тухайд морилон ирж буй Богд ринбучэ-н зохиол үйлсэд даган баясч, лагшин өлмий бат орших болтугай хэмээн залбиръя.

Монгол орноо бурханы шашны ариун сургаал түгэн дэлгэрч, хүмүүн зон амар амгалан байх болтугай.