“Гурван гал” эмнэлэг хоолойны мах авах лазер хагалгааг Эрүүл мэндийн яаманд бүртгүүлээгүй, удирдамж аваагүй байжээ

“Гурван гал” эмнэлэгт өнгөрсөн долдугаар сарын 02-ны өдөр найман настай Ц хүү хоолойны махаа лазер хагалгаагаар авахуулсанаас болж нас барсан хэрэг гарсан билээ. Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед хоолойны мах авахуулсанаас болж нас барна гэдэг байж боломгүй асуудал. Гэтэл ганц Ц хүү биш өмнө нь долоон настай М хүү, таван настай О охин нар мөн л уг эмнэлгийн Чих, хамар, хоолойн эмч Батчулууны гарын дор хоолойны махаа авахуулаад бие нь муудан, Эх нялхаст хэвтэн эмчлүүлсэн хэрэг гарч байсан байна. Ил гарсан нь эд боловч далд хичнээн хүүхдийг эрүүл мэнд, амь насаар нь хохироосныг бид мэдэхгүй. Ямартай ч хөөрхөн алаг үрийнхээ хоолойны махыг авахуулах гэсэн биш бүр хорвоогоос алдаж орхисон харамсалтай явдал болсон байна.

Бид наймхан настай хэрнээ англиар ус цас ярьдаг, сургуулийнхаа математикийн аварга, төгөлдөр хуурыг мэргэжлийнх юм шиг л тоглодог, сод авъяаслаг, ухаалаг Ц хүүгийн ээжтэй ярилцсанаа хүргэж байна.

Хүүгийн ээж ярилцлага өгөх дургүй байсан ч бусад эцэг, эхчүүдэд сургамж болгох үүднээс бидний саналыг аргагүйн эрхэнд хүлээж авсаныг цохох ёстой.  

-Тухайн үед юу болсон юм бэ. Яагаад энэ эмнэлэгт анх хандахаар болсон талаараа яриач?

-Чих, хамар хоолойн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүд манайд цөөхөн байдаг юм билээ. Хүүхдийнхээ хоолойны махыг авахуул гэсэн зөвлөмжийн дагуу бид чих, хамар хоолойн эмнэлгүүдийг судалж үзсэн л дээ. Хамгийн түрүүнд “Эм Жи Жи” эмнэлэг рүү хандсан. Гэтэл уг эмнэлэг сарын дараа л хагалгаанд орох боломжтой, оочертой байна гэсэн. Эх нялхас руу очиход бас одоохондоо оочертой байна гэсэн хариу өгсөн. Ингээд хүмүүсээс сураглахад “Гурван гал” эмнэлгийг хоолойны мах авдаг гэж зөвлөсөн.

“Гурван гал” эмнэлэгт тэр өдрөө хандахад “Хүүгийнхээ хоолойны махыг авахуулж болно, ингэхдээ манайх өөрийнхөө лабориториор цээжний зураг, зүрхний бичлэг хийж, цусны шинжилгээ авна, та бүхэн зургаадугаар сарын 26-нд шинжилгээгээ өгч болно” гэсэн.

-Тэгээд шинжилгээгээ товлосон өдрөө өгөө юү?

-Зургаадугаар сарын 26-нд нь бид хүүгийнхээ шинжилгээг өгөөд өдөр 15 цагт хариуг нь авч, эмчлэгч эмч Батчулуунтай уулзсан. Батчулуун эмч “Хүүгийн чинь шинжилгээний хариу маш сайн гарсан, хоолойны махыг нь маргааш авахуулж болно” гэсэн. Ингээд зургаадугаар сарын 27-ны тав дахь өдөр ёс журмаар нь төлбөрөө төлөөд дээшээ тасагт орж хэвтсэн.

9.30 цагийн үед “Батчулуун эмч ирчихлээ, орж үзүүл” гэхээр нь доошоо бууж үзүүлсэн. Тэгээд сторийг нь нээгээд харшилтай, харшилгүй зүйлс гэх мэт асуултууд асуугаад дараа нь би асуултуудаа эмчид тавьж эхэлсэн л дээ.

-Ямар асуулт?

-Тухрайлбал хүүгийн минь шинжилгээнд нэг зүйл өндөр гарсан байна, энэ юуных вэ гэхэд “Элэгнийх. Гэхдээ хүүхдэд энэ зүйл угаасаа өндөр гардаг юм, үүнд санаа зовлтгүй” гэсэн. Мөн хагалгааны эрсдэлүүд юу байна, лазер гэх мэт хэдэн төрлийн хагалгаа хийдэг юм бэ гэж асуусан.

Батчулуун эмч хэлэхдээ “Энгийнээр хагалгаа хийснээс лазерын хагалгаа хийлгэвэл цус алдах магадлал 50 хувь бага” гэхээр нь “Тэгвэл бид лазерын хагалгааг сонгоё” гэж хэлсэн. Ингээд лазерийн хагалгаанд орохоор болсон.  

-Хагалгаа хэдэн цаг үргэлжилдэг юм байна?

-Эмчдээ үзүүлчихээд хүү бид хоёр бараг цаг орчим хагалгааны өрөөнд хүлээсэн. Тэгээд нойрсуулагч эмч орж ирээд тариа тарьж, унтаж эхлэхээр нь би гарсан. Яг нэг цаг хагалгаа үргэлжилсэн. Миний хүү 11 цагт хагалгаанд ороод 12 цагт эмч нь гарч ирж нэлээн том хоёр мах үзүүлээд, “Хар даа, хүүгийн чинь хоолойноос ийм том хоёр мах авлаа, их идээтэй байгаа биз” гээд шахаж үзүүлэхэд үнэхээр үнэртэй, шахахад нь ногоон идээ гарч байсан.

-Тэгээд юу болсон бэ?

-Тэгээд би хүүгээ хүлээж байтал 1.30 цагийн үед манай хүүхэд хагалгааны өрөөнөөс гарч ирсэн. Хүү маань эхний удаа сэрэх гээд чадаагүй. Эмч нь дахиад жаахан унтуулчихъя гээд седуксин хийсэн. Цагийн дараа миний хүү сэрэнгүүтээ “Ээж ээ, миний хоолойны мах ямар байна. Би үзье” гэхээр нь эмчээс нь асуутал аль хэдийнэ хаясан байсан.

“Өнөөдөр ямар баг тоглох вэ, Бразил, Германы баг тоглох юм уу” гээд л аавтайгаа англиар цаг орчим ярьсан    

-Их хэрсүү хүүхэд байжээ?

-Тийм ээ. Тэгээд эмч, сувилагчид нь зайрмаг, сүү өг гэхээр нь авч өгтөл миний хүү нэг балгаж, долоогоод л дахиж идэж, уугаагүй.

Тухайн үед манай нөхөр хөдөө ажлаар яваад хот орж ирж байсан юм. Хүүгээ “Одоо миний хүү зүгээр болсон юм чинь аав руугаа утсаар яриад хэлээрэй” гэтэл хүү маань “Үгүй, би эхлээд аниатайгаа ярина” гээд эгчтэйгээ утсаар ярьсан. Эгч нь “Миний царайлаг дүү хурдан эдгээд эмнэлгээс гараарай. Чамайг эмнэлгээс гарахаар хоёулаа парк явж тоглоно” гэх мэтээр ярьчихаад дараа нь аавтайгаа бараг цаг утсаар ярьсан.

Миний хүү англиар их сайн ярьдаг л даа. Тэр үед дэлхийн хөл бөмбөгийн тэмцээн явагдаж байсан юм. Хүү маань хөлбөмбөгт дуртай болохоор “Өнөөдөр ямар баг тоглох вэ, Бразил, Германы баг тоглох юм уу” гээд л аавтайгаа англиар цаг орчим ярьсан.    

Хүү маань Аргентины багийн Мессиг их шүтдэг юм. Ааваасаа “Бразилд Месси шиг сайн тоглогч байна уу” гэж асууснаа “За за, би өөрөө google-ээс хайгаад мэдчихье” гэх мэтээр яриа өрнөж байсан. Дараа нь эмээ рүүгээ ярьсан.

Бид хоёрыг тасаг руугаа ороход манай эгч охинтойгоо ирсэн байсан. Миний хүү бага хүүтэй нь найз болохоор дараа ирэхдээ Билгүүнээг авч ирээрэй гээд уг нь овоо гайгүй байсан юм.

-Хэдийнээс өвдөлт өгч, хүндэрэв ээ?

-16.30 цагийн үед хүүтэйгээ хоёулханаа байхад нэг их чанга орилж уйлсан. Тэгэхээр нь за одоо л өвдөлт нь эхлэх нь дээ гэж бодсон.

Оройхон нь манай нөхөр болон эгч, дүү нар хүүг маань эргэж ирсэн. Тэднийг хараад хүү маань ч баярлаж, ipad эд нараараа тоглоод хөөрхөн байхаар нь манай эгч намайг “Явж амар, хүү нь сайхан болж байна, лазераар хагалгаа хийх чинь ийм сайхан байдаг юм байна” гэхэд би ч сэтгэл онгойгоод сахиураа эгчтэйгээ солиод түр харьсан юм.

Тэгтэл орой 22.30 цагийн үед бас аймаар уйлаад бөөлжсөн гэсэн. Тэр шөнөөс эхэлж хүү маань муудсан.

-Мэдээж хүү нь уйлаад муу байсан болохоор эмнэлэг дээр буцаж ирсэн байх?

-Эгч маань шөнө 01 цагийн үед утасдаад “Толгой нь өвдөөд, бөөлжөөд, уйлаад байна. Шөнийн аптекаас хамрын дусаагуур авч ир гэж эмч нь хэллээ” гэхээр нь нөхөр бид хоёр хайж байгаад авч ирээд дусаасан л даа. Гэсэн ч нэмэр байгаагүй, хүү маань уйлсаар байсан.

-Өвчин намдаах эм, тариа хийсэн юм болов уу?

-Бөөлжилт зогсоодог эмийг аналгинтай тарьсан гэсэн. Гэсэн ч өвчин нь намдахгүй уйлаад, бөөлжөөд байсан.

Манай гэрийнхэн шөнө 04 цагийн үед явахад хүртэл хүү маань хий огиулаад, бөөлжсөөр байсан. Бүр “Ээж ээ, миний толгой өвдөөд байна, бариад өгөөч” л гээд байсан шүү дээ.

Батчулуун эмч “Өө, их сайхан болсон байна. Одоо хоол сайн өг, тэгэхгүй бол толгой нь өвдөөд хэцүү шүү дээ” гэж байсан

-Эмч нарт нь хэлээд ч арга хэмжээ авч чадахгүй байна уу?

-Хэлээд нэмэр байхгүй. Бөөлжөөд байна гэхээр “Өвчиндөө болоод ингээд бөөлжөөд, огиулаад байгаа юм” гэнэ. Ямар ч арга хэмжээ аваагүй. Маргааш өглөө нь буюу хагассайны өглөө Батчулуун эмч 10.30 цагийн үед ирэхэд нь учир байдлаа хэлэхэд “Нойрсуулах тарианд нь морофон буюу мансууруулах бодисны хольц байдаг болохоор зарим хүүхдүүд бөөлждөг юм” гэж тайлбарласан.

Тэгээд хүүгийн маань хоолойг үзээд “Өө, их сайхан болсон байна. Одоо хоол сайн өг, тэгэхгүй бол толгой нь өвдөөд хэцүү шүү дээ” гэж хэлээд л гараад явсан.

Одоо бодоход тэр өглөө миний хүү муудаад, бие нь мэдээ алдаж эхэлсэн байсан юм билээ. Хагассайны өглөө сувилагч орж ирээд гаранд нь уян зүү тавих гээд гарыг нь дөрвөн удаа хатгахад хүүгийн минь гар хөдлөхгүй, ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй.

Тэгээд би сувилагчид нь дөрвийн дөрвөн удаа хатгахад миний хүү яах ч үгүй байна гэхэд нойрсуулах эм тариандаа болоод рефлекс үзүүлэхгүй байгаа байх гэсэн.

Ингээд өдөр нь 12.00 цагт хордлого тайлах тариа хийсэн ч гэсэн миний хүү бөөлжөөд л байсан.

-Өөр эмчилгээ, үзлэг хийхгүй байна уу?

-Тэгээд 16 цагийн үед өөр эрэгтэй, залуухан эмч орж ирж үзээд юу ч хэлэхгүй гараад явсан. 30 минутын дараа Энхтуул гэж хүүхдийн эмч орж ирээд шинжилгээ хийсэн үү гээд, үгүй гэхэд 17.00 цагт шинжилгээ авсан.

Шинжилгээний хариугаар кулькоз нь жаахан ихэдсэн байна, бусад нь зүгээр л байна даа гэсэн.  

Түүнээс хойш хордлого тайлах тариагаа аналгин, демидролтойгоо л хийж байсан. Ингээд 23 цаг өнгөрч байхад Батчулуун эмч ирж үзээд 00.00 цагаас эхэлж антибиотек хийнэ гэсэн.

Энхтуул эмч нь нойрмог орж ирээд миний хүүг “Энэ яачихсан юм” гэж уцаарласан

-Ямар орой арга хэмжээ авна вэ?

-00.30 цагт антибиотек хийсэн. Тэгээд л дахиад өнөөх дуслуудаа бүр удаан дээр нь тавиад хийгээд байсан. Гэтэл миний хүүгийн бие нь өвдөж ядаж байхад дээр нь гараа ч хөдөлгөж чадахгүй, чилээрхээд улам хэцүү болсон. Байж ядаад л “Ээж ээ, дуусч байна уу, миний толгой өвдөөд байна, миний хажууд хэвт, хэвт” гээд байсан. Үр минь мөөмөө бариад ээжийгээ хажуудаа хэвт л гээд байсан даа /уйлав/.

Би эмч нарыг нь зөндөө дуудуулааад байхад  өглөөний 04 цагийн үед Энхтуул эмч нь нойрмог орж ирээд миний хүүг “Энэ яачихсан юм” гэж уцаарласан. “Харин та нар миний хүүг яачихав аа. Яасныг нь мэдэж байгаа биз дээ” гэхэд үзлэг хийчихээд хүчил төрөгч залгуулсан. Өнөөх хүчил төрөгч нь ч ажиллахгүй, ажилладаг юм юу ч байхгүй /уйлав/.

-Хагалгаа хийсэн Батчулуун эмч байгаагүй юм уу. Хүнийх нь бие тийм муу байхад гэр рүүгээ харьчихсан гэж үү?

-Үүрээр 04.40 цагийн үед Шүрэнцэцэг, Батчулуун эмч нар ирсэн. Бодвол дуудагдаад л ирсэн юм шиг байна лээ.

Гэтэл Шүрэнцэцэг эмч орж ирж нүдийг нь нээж үзээд л “Хүндрэл тархи руугаа орчихсон байна, шууд эрчимт эмчилгээ рүү шилжүүл” гэсэн. Удалгүй хүүхдийн мэдрэлийн эмч Оюунаа гэдэг нь орж ирээд шууд Эх нялхасын сэхээний тасаг руу шилжүүлсэн. Ингээд л эмчилгээ өглөөний 05.00 цагт эхэлсэн. Тэгэхэд миний хүү бүрэн ухаанаа алдсан.

Нугасных нь усыг үзүүлэхэд тэр чигтээ ногоон идээ болсон байсан

-Эх нялхасын эмч нар үзээд юу гэх юм?

-Хүлээж аваад шууд нугасны ус авах хэрэгтэй байна гээд нөхөр бид хоёрын гарын үсгийг авсан. Удаа ч үгүй бидэнд нугасных нь усыг үзүүлэхэд бүр тэр чигтээ ногоон идээ болсон байсан.

Эх нялхасын эмч бидэнд шууд л найдваргүй шүү гэж хэлсэн. Гэхдээ төвийн гурван судсанд нь гуурс суулгая гэхэд нь бид боломжтой бүх арга хэмжээ авахыг зөвшөөрсөн.

Маргааш нь танай хүүхэд өөрийн амьсгал, зүрхний цохилтгүй болсон, бүгд аппаратаар ажиллаж байна гэж хэлсэн. Ер нь бол хүндэрлээ шүү гэсэн.

Тав дахь өдөр хэвтээд гурав дахь өдөр нь нас барж, тав дахь өдөр нь бид хөдөөлүүлсэн

-Хоолойны мах авахуулсанаас болж нас барна гэдэг орчин үед байж боломгүй асуудал. Хүүгийн бие муудах шалтгааныг юу гэж тайлбарласан бэ?

-Ер нь бол халдвар авсан байна гэсэн. Халдвар бол хоёр янз. Нэг бол өмнө нь авсан халдвар байж болно, эсвэл мэс ажиллабарын үед халдвар авсан байх магадлалтай гэсэн.

Хэрэв өмнө нь халдвар авсан байсан бол цусны шинжилгээгээр гарч ирэх ёстой. Тэгтэл хүүг маань хоолойны мах авахуулж болно, зүгээр байна гэж байсан. Тэгэхээр яах аргагүй мэс ажиллабарын үед халдвар авсан юм билээ. Бактерийг бол тэд гурав хоногийн дотор ургуулсан.

Хүү маань гурав хоног ухаангүй байж байгаад л өнгөрсөн /уйлав/. Тавхан хоногийн дотор хүү маань нас барсан. Тав дахь өдөр хэвтээд гурав дахь өдөр нь нас барж, тав дахь өдөр нь бид хөдөөлүүлсэн. Ердөө долоо хоногийн дотор бүх юм дууссан /уйлсаар байв/.

Хүүд минь хийсэн хоо­лойны мах авах лазер ха­галгааны удирдамж нь Эрүүл мэндийн яамнаас баталсан стандартгүй, удирдамжгүй байсан

-Ер нь тэгээд эцсийн бүлэгт “Гурван гал”-ын эмч нар ямар алдаа хийчихэв ээ?

-Хоёр том алдаа гаргасан. Нэгдүгээрт миний хүү хоолойны махаа авахуулахдаа гуравдугаар зэргийн үрэвсэлтэй байсан юм билээ. Хоолойных нь махыг авчихаад идээ шахаж үзүүлээд байсан гэж би түрүүн хэлсэн шүү дээ. Хоолой нь тийм идээтэй, үрэвсэлтэй байхад хоолойны мах авч болдоггүй гэнэ. Үрэвсэлийг нь эмчилж байж махыг нь авдаг байхад Батчулуун эмч хагалгаа хийх боломжтой гэж үзсэн. Ядаж сторийнх нь өмнөх хуудсуудыг нээж үзээд хоолой нь үрэвсэлтэй гэсэн бусад эмч нарын дүгнэлтийг яагаад харж болоогүй юм бэ.

Тэгээд ч олон улсад хоолойны үрэвсэлтэй байхад хагалгаа хийдэггүйгээс гадна хагалгааны өмнө болоод хагалгааны дараа антибиотекоор эмчилдэг юм байна. Гэтэл миний хүүд нэг ч антибиотек хийхгүй хоёр хонуулж, хүндрүүлж байж сая нэг арга хэмжээ авсан. Ядаж хагалгааны дараа антибиотек шууд өгдөггүй юм аа гэхэд толгой нь өвдөж эхэллээ гэхэд л тийм арга хэмжээ авсан бол миний хүү өнөөдөр амьд байх ч байсан юм бил үү.

Хоёрдугаарт хүүд минь хийсэн хоо­лойны мах авах лазер ха­галгааны удирдамж нь Эрүүл мэндийн яамнаас баталсан стандартгүй, удирдамжгүй байсан юм. Хэр­вээ стандарт, удирдамжийн дагуу хагалгаа хийсэн бол эрсдэл гаргахгүй байсан болов уу.

Эрүүл мэндийн яаманд бүртгүүлээгүй, стандарт бус, нэг ёсондоо хууль бус багажаар миний хүүд хагалга хийсэн. Энэ бол маш том асуудал. Ийм том хоёр алдаа хийснээс болж миний хүү хорвоог орхичихлоо.

-Тэгвэл маш том хоёр алдаа хийжээ. Үнэхээр ч хүүг тань бүтэн хоёр өдрийн турш аналгин, демидролоор л бөмбөгдөөд байснаас өөр арга хэмжээ аваагүй юм байна шүү дээ?

-Үнэхээр тийм. Маш харамсалтай байна.

-Монгол Улсад бүртгэлгүй, стандарт бус аргаар хагалгаа хийнэ гэж юу гэсэн үг вэ. Арай дэндүү хариуцлагагүй, дураараа аашилсан байна шүү дээ. Эмч нар ийм дур зоргоороо байж болдог юм уу?

-Уг нь мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас “Гурван гал” эмнэлгийн яг тэр лазер хагалгааны хэсгийг хаасан гэсэн. Гэсэн ч бид өнөөдөр л гэхэд утсаар ресепшинээс нь хоолойны махны лазер хагалгаа хийж байгаа юу гэж асуухад “Хийж байгаа” л гэж байна лээ /Наймдугаар сард энэхүү яриа өрнөсөн болно/.

-Өө ямар дур зоргоороо газар вэ?

-Та бүхэн ч өнөөдөр утасдаад асууж болно. Тийм л хариулт өгнө.

-Лазер хагалгааг хэдэн төгрөгөөр хийдэг юм байна?

-780 000 төгрөгөөр хийдэг юм билээ. Бас ор, эмчилгээний төлбөр тусдаа гэсэн. Бид мөнгөнд санаа зовоогүй. Гол нь хүүг маань өвчин багатайгаар эмчилж, эрүүл сайхан болгож байвал бусад нь бидэнд хамаагүй гэж бодсон.

-Ер нь хүүгээ заавал хагалгаанд оруулах шаардлага байсан юм уу?

-Хамгийн гол нь миний хүү хелеко бактертай гарсан юм. Том болж байгаа эрэгтэй хүүхдийн амнаас эвгүй үнэр гараад байж болохгүй биз дээ. Бага дээр нь хелеко бактерийг нь эмчлүүлье гээд “Ачтан” эмнэлэг дээр очиход бактерийн эсрэг эм өгөөгүй, хоолойных нь махнаас үнэр гараад байгаа юм байна, тиймээс хоолойг нь эхлээд төгс эмчлэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нь хоолойны эмчид үзүүлэхэд махыг нь авахуулахаас өөр аргагүй юм байна, махыг нь авч байж дараагийн эмчилгээнүүдийг хийнэ гэсэн юм л даа. Зуны амралтыг нь ашиглаад махыг нь авахуулчихъя гэж хандсанаас асуудал иймдээ тулчихлаа.

Тэр өдөржингөө тэд бөө энэ тэр гэж явсан гэнэ лээ

-“Гурван гал”-ын эмч нар хүүгийн тань бие муу байхад бөөгөөр яваад байсан гэж сонссон?

-Миний хүүг Эх нялхаст хэвтүүлсэн өдрөө “Гурван гал” эмнэлгийн эмч толгой дээр нь ногоон юм авч ирж тавьсан байсан. Үхсэн хүнийг ч амилуулдаг гэнэ үү. Тэр өдөржингөө тэд бөө энэ тэр гэж явсан гэнэ лээ. Мэдээж миний хүүг амьдруулъя гэж бодсон л байх. Гэхдээ эмч хүмүүс байж мэргэжлийн ажлаа хийхийн оронд яагаад бөөгөөр явдаг юм /уйлав/.

Миний хүү үнэхээр шилдэг хүүхэд байсан

-Хүү тань их сурлагатай, шилдэг хүүхдүүдийн нэг байсан гэж сонссон. Наймхан настай хэрнээ англи хэлэндээ ус цас, төгөлдөр хуур тоглодог гээд л?

-Миний хүү үнэхээр шилдэг хүүхэд байсан. Нэгдүгээр ангидаа Австралид сурсан. 2-р ангиас нь Монголдоо буцааж сургасан юм. Уг нь монголоороо уншиж, бичиж чаддаг хүүхэд явсан ч эргэж ирээд монгол хэлээрээ бичиж, уншихдаа муудсан байсан. Бас сургалт нь өөр болохоор математикаараа хоцорсноос авахуулаад нэгдүгээр улиралдаа хичээлдээ тааруухан байсан л даа. Гэтэл хоёрдугаар улиралд нь багш нартай нь уулзахад математикаар ангийнханаасаа шууд нэгдүгээрт гарч ирсэн гэсэн. Монгол хэлнийх нь багш хүртэл “Одоо бол Цэнгүүнээд ямар ч асуудал байхгүй болсон. Дундаж хүүхдээс дээгүүр боллоо” гэсэн. Дөрөвдүгээр улирал гэхэд бүр математикаараа топ нь болсон. Хичээл номоо маш цэгцтэй бичиж, тэмдэглэдэг байлаа.

Миний хүү маш ухаантай хүүхэд. Төгөлдөр хуурыг чихэвч сонсож байгаад л мэргэжлийн төгөлдөр хуурчин шиг тоглодог, интернетээс хүссэн зүйлээ хайгаад олчихно.

Тухайлбал Frozen гэж энэ хаваржин моодонд орсон хүүхэлдэйн киноны дууг интернетээс хайж байгаад л үгийг нь бичиж аваад өөрөө сурчихаж байгаа юм /бичлэг үзүүлэв/.

Орой бүр надтай “Ээж 365” гэж эхийн тухай бичсэн сайхан ишлэлүүдтэй календарийг уншдаг байлаа

-Үнэхээр бусдын хайрыг татсан, сод хүүхэд байжээ. Дандаа өөрийгөө хөгжүүлэх зүйл хийдэг байсан юм байна?

-Тийм ээ. Дандаа өөрийгөө хөгжүүлдэг хүүхэд байсан. Шатар өөрөө сурсан, шоог сайн эвлүүлж сурсан. Хэзээ ч зүгээр суудаггүй. Орой бүр надтай “Ээж 365” гэж эхийн тухай бичсэн сайхан ишлэлүүдтэй календарийг уншаад дараа нь надад юу ойлгосноо ярьж өгдөг байлаа. Ийм л хөөрхөн, ухаантай хүү байсан шүү дээ.

Би хүүгээ найман нас хүртэл нь нэг ч удаа зодож үзээгүй. Тийм л хайр татсан хүү байсан юм.