Охиныхоо эмчилгээний зардлыг олох гэж захиалгаар напелион торт хийж байгаа С.Золзаяа гэх бүсгүйн талаар мэдээлэл сүүлийн нэлээдгүй цацагдаж, түүнд туслах гэсэн хүмүүс ч олон байсан.

Түүний охин нь төрөлхийн Artrogryposis буюу шөрмөс таталт, булчин сулрал хэмээх эмгэгтэй бөгөөд манай улсад энэ төрлийн эмгэгийг эмчлэх хагалгаа хийх боломжгүй байдаг учир АНУ-д яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон аж. Хэдийгээр мөнгө төгрөгний боломжгүй ч үр хүүхдээ эрүүл саруул болгохын төлөө эцэг эхчүүд бүгд л байж болох бүх арга чаргыг хайх нь гарцаагүй. Тэд ч мөн адил хямд үнээр найдвартай эмчлүүлж болох тусламжийн байгууллага хайсны эцэст АНУ-ын CCM /Children's Circle Mission/ байгууллагыг олжээ. Ийнхүү Э.Алигэрмаа охиныг өнгөрсөн долоон сард АНУ руу явуулсан байна. Асран хамгаалах хүн нь хамт явж болох ч маш их хэмжээний зардал гарах тул аав ээж нь түүнийг хоёр жилийн дараа эмчлүүлчихээд эрүүл саруул ирэхийг хүлээгээд Монголдоо үлдсэн байна. Охины нийт эмчилгээний зардалд 150 мянган ам.доллар шаардагдах бөгөөд байгууллагын зүгээс тодорхой хэмжээг нь хөнгөлөлт үзүүлнэ хэмээн хэлжээ.

Охины ээж С.Золзаяа анх удаа өгсөн ярилцлагадаа “Хүүхдийнхээ эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс хийж болох, чадах бүхнээ хийе гэж бодсон. Ингээд хүүхэд байхдаа амтархан иддэг байсан тийм наполеон торт хийе гэж шийдсэн. Зөгийн балтай, кремтэй, хуучныг санагдуулах наполеон торт хийж байна. Саяхнаас хийж эхэлсэн болохоор борлуулалт тийм ч сайнгүй байна. Гэхдээ эмчилгээнийх нь зардалд бага ч гэсэн нэмэр болж нөгөө талаар завгүй хөдөлмөрлөж, охиноо санахгүй байхыг хичээж байна” гэж байсан. Түүний энэ ярилцлага нийтлэгдсэн даруйдаа маш олон хүний сэтгэлийн утсыг хөндөж, хүн бүр чадах чинээгээрээ энэ гэр бүлд туслахыг хүсч, С.Золзаяа бүсгүй ч тортны захиалгад дарагдаад байсан юм. Ийнхүү охиноо эрүүл саруул эргэж ирнэ гэсэн итгэлээр өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн тэдний хүсэл бага багаар биелэлээ олж, Э.Алигэрмаа охины эмчилгээ тун амжилттай хийгдэж байгаа гэнэ. Дөрвөн настай бяцхан охин алс газар аав, ээжээсээ хол тусламжийн байгууллагын хяналтанд байгаа бөгөөд эмчилгээ эхэлсэнээс хойш өнөөдрийг хүртэл түүний бие хурдтай эдгэрч байгаа тухай эмчилж буй эмнэлэгээс мэдэгдсэн байна