Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт холбогдох Г.Алтанхүүгийн шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болсон. Шүүхээс түүнийг найз охиноо хөнөөгөөгүй гэж үзсэн юм. Тодруулбал, түүнд үүсгээд байсан хүнийг санаатай алсан гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон байна.

Г.Алтанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүсэн юм. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-т заасан бусдыг санаатай алсан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1-т зааснаар буруутган гурван жилийн хорих ял оноолоо.

Г.Алтанхүүгийн өнгөрсөн хугацаанд хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцох юм. Ингэснээр тэрбээр 2 жил хоригдоод суллагдахаар болсон. 

Харин энэ хэрэгт Хүний эрхийн хуульч М.Ичинноров стратегийн өмгөөлөл үзүүлсэн. Тэрбээр шүүх хурал болох үеэр Америкт байж таарсан юм. М.Ичинноров "АНУ-аас мэндчилж байна. Хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхэд: Алтанхүүгийн хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар сонссон. Удахгүй Монголд очоод хэвлэлээр дамжуулан мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийлэх бодолтой байна. Төрийн тусгай албанд байгаа тул урдынх шиг дураараа хэвлэлээр гараад яриад байж болохгүй журамтай. Тиймээс удирдлагаас зохих зөвшөөрөл авч байж хэвлэлд хандах боломжтойг минь ойлгоорой. Хүндэтгэсэн М. Ичинноров" хэмээлээ.