Тавантолгойн гэрээг Засгийн газар эргүүлэн татаж авсан билээ.  Төсөл одоогоор ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод хамаарч байгаа юм. Уг төслийг өмнө нь Монгол Улсын сайд М.Энхсайхан хариуцаж байсан. 

Тэрбээр "Тавантолгой төсөл замхрах шатандаа аль хэзээний орсон. Төслийг гацаах үйл явдлыг өдөөгчид нь өнөөгийн УИХ-ын удирдлага өөрсдөө байсан нь тун харамсалтай байна. УИХ-д төслийн талаарх хэлэлцээний үр дүнг танилцуулж байх үед Тавантолгой төслийн бүтэх магадлал 50 хувьтай байлаа. Одоо бол бараг харагдахгүй байна. Тавантолгой төслийг УИХ гацааснаас хойших хагас жилд дэлхийн эдийн засгийн байдал монголчууд бидэнд тун таагүй байдлаар эргэж байна. Ялангуяа нүүрсний гол хэрэглэгч  Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац эрчтэй саарч байна. Хятадын эдийн засгийн өсөлт хоёр хувиар буурна гэдэг бол Хятад орон гадаадаас нүүрс авахгүй гэсэн хэрэг юм. Нүүрсний бизнесээс хөрөнгө оруулагчид аль болох түргэн гарч явах явдал дэлхийн бизнесийн чиг хандлага болчихлоо. Ийм нөхцөлд бидэнд сохор азанд итгэх л үлдэж байна. Тавантолгой төсөл зөвхөн нүүрсний төсөл байгаагүй юм. Энэ бол урд өмнө бий болгосон өрнөөсөө салах, унаж яваа эдийн засагт зөөлөвч бий болгох төсөл байсан. Харамсалтай нь, явсангүй.

Чалкод төлөх ёстой өр өр чигээрээ үлдлээ. Хүү нь өдөр тутам өснө. “Эрдэнэс Тавантолгой” компани дотоодын банкуудад өртэй үлдлээ. Банкуудын санхүүгийн байдал муудаж байна. Төмөр зам нэрээр овоолсон шороотой үлдлээ. Бондын төлбөрөө хийж чадахгүй өрийн хямралд унаж байна. Өнөөдрийн алдагдал ирээдүйд бидэнд хэд дахин үнэтэй тусна. Үнэ ханшийн өсөлтөөр монголчууд энэ буруу бодлогын төлөөсийг төлөх болно. Өөр юу ч хэлэх билээ дээ" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэгвэл УИХ-аас гаргасан ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Тавантолгойг гацаасандаа баяртай байгаа”-гаа илэрхийлсэн ярилцлага хэвлэлд өгч байсан. Харин уг ярилцлагыг М.Энхсайхан уншсан бөгөөд "Эмчид үзүүлэх хэрэгтэй юм шиг байна лээ" гэж зөвлөмөөр байгаа гэж онцолсон байна. 

О.Ариун