Монгол Улсын БНХАУ-ын хилчид хамтран ӨМӨЗО-ны Эрээн хотод “Монгол, Хятадын хилчдийн хамтарсан сургалт”-ыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хилийн цэргийн удирдах газрын төлөөлөгчдийн ажлын уулзалтын протоколд заасны дагуу тус арга хэмжээ болсон байна. Энэ удаагийн сургалтаар хил зөрчигч, сэжигтэн этгээдүүдийн зүгээс үзүүлж болзошгүй сөрөг үйлдлийг таслан зогсоох, хар тамхи, мансууруулах бодис, хилээр нэвтрүүлэхийг хориглосон бусад эд зүйлсийг хил давуулан хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх зэрэг асуудлуудыг боловсруулж, БНХАУ-ын хил залгаа Балба, Вьетнам, Бирм, Киргизстан зэрэг орнуудтай хамтран ажиллаж буй туршлагаас судлан, харилцан мэдээлэл солилцов. Сургалтын төгсгөлд “Хилийн боомтод террорист халдлага гарч онцгой нөхцөл үүссэн үеийн ажиллагаа” сэдэвт дадлага сургуулилтыг Замын-Үүд, Эрээн боомтуудад хамтран зохион байгуулсан нь хилийн боомтод террорист халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сэжигтэн этгээдийг саатуулах онцгой нөхцөл үүссэн үед хамтран ажиллах, талуудын харилцан ажиллагааг тодотгох арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэх, хоёр орны хилчдийн албаны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт болсон байна.