Б.ТҮШИГ

 

Эдийн засгийн “Bloomberg” агентлагиийн тоймч Майкл Коны бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

Хятадын эдийн засгийн өсөлт буурах нь дэлхий даяар хөрөнгийн биржүүдийн үнэлгээг бууруулах болсон энэ үед хамгийн их хохирч байгаа улс Монголоос өөр үгүй. Тус улсын Засгийн газар түшмэд, албан хаагчдын цалинг бууруулахаас гадна төрийн өмчийн компаниудын төсвийг ч танахад хүрчээ.

Хятад, Оросын дунд хавчуулагдсан Монгол Улс дэлхийн хоёрдахь том эдийн засаг болох Хятадын өсөлтийн удаашралд хамгийн түрүүнд өртөж буй юм. “Independent Mongolian Metal & Mining Research” судалгааныкомпанийн үүсгэн байгуулагч, захирал Дэйл Чой энэ талаар, “Хятад найтаахад бусад нь ханиад тусах болжээ.Монголд энэ байдал илэрхий ажиглагдаж байна” гэж ярьсан юм.

Монголын экспортын 88 орчим хувь нь Хятад руу гардаг тул энэ нь тус улсыг гүн хямрал руу түлхэх болжээ. Энэ сарын эхээр тус улсын Сангийн сайд Б.Болор Засгийн газрын зардлыг хэмнэх онцгой арга хэмжээ авах шаардлагатайг танилцуулсан билээ.

Түүхий эдийн үнэ унах болсон нь “Рио Тинто” зэрэг гадаадын компаниудтай маргаан үүсгэсэн Монголд гадаадыншууд хөрөнгө оруулалт огцом буурахад нөлөөлжээ.

Хэрэв тус улсын парламент хүлээн зөвшөөрвөл Засгийн газрын албан хаагчдын тоог бууруулах, цалинг хасах,агентлагуудын зардлын хэмжээг багасгах арга хэмжээ авах юм. Үүний сацуу төсөвт дарамт үзүүлсээр ирсэн Зөвлөлтийн үеийн бэлэг тэмдэг болсоор буй цахилгаан станц, шуудангийн үйлчилгээг хувьчлахаар төлөвлөжээ.Эдгээр салбарыг Засгийн газар цаашид авч явах хэцүү болсон байна.

Ердөө найман сарын дараа сонгууль болох гэж буй энэ үед тэлээгээ чангалах бодлого Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газрын нэр хүндэд ээлтэй гэдэг нь эргэлзээтэй. Тэгээд ч тус Засгийн газрын Сангийн сайдын мэдээлснээр, Монголын төсвийн алдагдал оны сүүл гэхэд дөрвөн хувь буюу 500 саяам.долларт хүрэхээр байгаа. 12 тэрбум ам.долларын эдийн засагтай тус улсад энэ бол яах аргагүй ноцтой тообилээ.

2011 онд 17 хувь байсан Монголын ДНБ–ий өсөлт өдгөө гурван хувь хүртэл огцом буураад байгаа юм. 2012 онд гаргасан “Чингис бонд”-ын үнэлгээ хоёр жилийн дотор маш хурдан үнэгүйдэж саяхнаас тогтворжиж эхэлсэнбөгөөд үндэсний валют ч урьд байгаагүйгээр үнэгүйдэв.

 

ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭГҮЙДЭЛ

 

Хятадын түүхий эдийн эрэлт хэрэгцээ багассан нь Монголын эдийн засгийн саажилтад багагүй үүрэг гүйцэтгэжээ.Энэ жилийн эхний есөн сард Монгол Улс Хятадад гурван тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортлосон нь өмнөх жилийн мөн үеийн 3.6 тэрбум ам.доллараас даруй 17 хувь буурсан үзүүлэлт юм.

Монголын түүхий эдийн экспортын орлого эрс багасчээ. Үүнд нүүрсний экспорт 32 хувь, газрын тосных 41 хувь,төмрийн хүдрийнх 48 хувиар тус тус хорогдсон байна. Шинэхэн Оюутолгойн зэсийн уурхайн олборлолтын өсөлтөөс үүдэн зэсийн экспорт есдүгээр сард өмнөх жилийн мөн үеэс 1.9 хувиар өсчээ.

Улаанбаатарт сүүлийн зургаан жилийн турш Монголын түүхий эдийн зах зээлийг судалж буй Дэйл Чой, “Одоо Монгол зах зээлд хэр зэрэг өрсөлдөх чадвартайгаас бүх юм шалтгаална. Хэрэв ямар нэг юм хийхгүй бол уналт үргэлжлэх нь гарцаагүй. Хэдийгээр түүхий эдийн үнэ буурч байгаа ч Хятад худалдан авсаар байх төлөвтэй. Иймд түүхий эдээ хямд үнээр ч хамаагүй борлуулж тодорхой хэмжээний мөнгө хийж, дэд бүтцээ хөгжүүлэх нь нэн чухал” гэж байна.

Ер нь, Хятадад гаргах экспортын дүр зураг хурдан өсөхгүй бол Монголын эдийн засгийн төлөв байдал таагүй болох төлөвтэй. Азийн хөгжлийн банкны урьдчилсан тооцоогоор бол тус улсын эдийн засгийн өсөлт 2015 онд 2.3 хувь хүртэл буурч, 2016 онд гурван хувь болон өсөх ажээ.

 

ЗӨВЛӨЛТИЙН ЭРИН ҮЕ

 

Дэлхийн түүхий эдийн зах зээлд Монгол Улс нөлөөлөх болсон нь саяхны дуулиан. Гэхдээ Зөвлөлтийн геологичид1950-иад оноос тус улсын баялгийг судлан хэд хэдэн томоохон нүүрсний уурхай болон бүх бүтээгдэхүүнээ ЗХУ–д нийлүүлдэг байсан Эрдэнэтийн зэсийн уурхайг ажиллуулахад түлхэц үзүүлжээ.

1990-ээд оноос хувийн бизнес хөгжиж эхэлснээр Монголын ажил хэргийн хүмүүс уул уурхайн салбарт Хятадболон өрнөдийн компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн юм. Тэдгээрээс хамгийн амжилттай нь яалт ч үгүй Оюутолгойн баялгийг судлан хөгжүүлсэн “Айвенхоу майнз” \Одоогийн “Turquoise Hill Resources “\ компанийн үйл ажиллагаа билээ.

 

НООЛУУР БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

 

Монгол Улс Хятадын түүхий эдийн эрэлт хэрэгцээнээс төлөвлөснөөсөө илүү хамааралтай болжээ. Уг нь тус улсын үе үеийн Засгийн газар экспортоо дан ганц уул уурхайгаас хамааралтай байхаас хамгаалахыг оролдсоор ирсэн юм. Монголын Засгийн газар сүү, мах, арьс, ноолуур, аялал жуулчлал, тэр бүү хэл мөрийтэй тоглоомын бизнесийг уул уурхайн салбарын хамт хөгжүүлэх төсөл боловсруулж байв.

Гэхдээ Монгол Улс одооных шиг Хятадаас дэндүү хамааралтай байгаагүй юм. XX зууны дийлэнх хугацаанд тус улс Москвагаас хамаарч, байгалийн бүх баялгаа хойд хөрш рүүгээ тээвэрлэдэг байжээ.

Харин 25 жилийн өмнө энхийн замаар ардчилалд шилжсэнээр тус улсад өөр зах зээл нээгдсэн юм. “Гуравдагч хөрш” гээчийн бодлого нь АНУ, Япон, Герман болон өрнөдийн бусад орнуудтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд түлхэц болжээ.

Гэвч Монголтой гурван мянга шахам бээр газраар хиллэдэг Хятад тун хурдан тус улсын тэргүүлэгч худалдааны түнш болж чадсан юм.

Монголын ноолуурын наймаачид Хятад руу анх бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн бөгөөд төдөлгүй уул уурхайн компаниуд ч тэдний араас оржээ. Өдгөө Монголын Хятад руу гаргадаг экспортын ердөө зургаан хувь нь ноолуур бөгөөд үлдсэн нь бүгд уул уурхайн бүтээгдэхүүн юм.

Хэдий тийм ч Монгол Улс эдийн засгийн бүх хүндрэлээ Хятадтай холбон тайлбарлахгүй байна. Тус улсын Засгийн газар дотоодын бодлогын алдаанаас их хохирол амссан гэх болжээ. Үүнд юуны түрүүнд Монгол руу гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг сойсон 2012 оны Стратегийн ордын гадаад хөрөнгө оруулалтын хуулийг цохон тэмдэглэх хэрэгтэй.

Тус хуулийг Хятадын “Алко” компани Монголын “South Gobi Recourses”-ийн нүүрсний томоохон уурхайг худалдан авах хүсэлт гаргаснаас үүдэлтэй гэдэг. Үүнээс хойш гадаадын хуулийн этгээдүүдэд Монголын байгалийн баялгийг худалдах асуудлыг төрийн чанд хяналтад авахаар шийдсэн юм.

Монголын Засгийн газар шинэ хуулийн хүрээнд нүүрсний уурхайг худалдах үйл ажиллагааг таслан зогсоосон чүүний дараа ганцхан жилийн дотор тус улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт даруй 50 хувиар буурчээ.

Бээжинд байрладаг “CRU China” судалгааны компанийн захирал Жон Жонсоны үзэж буйгаар, Хятадын эдийнзасгийн өсөлтийн сааралт Монголд сургамж өгч, дахин гадаадын хөрөнгө оруулалт татах шаардлагатайг сануулж байгаа аж.

Тэрээр “Уул уурхайн түүхий эдийн үнэ уналтын мөчлөгт орсон энэ үед Монгол Улс энэ салбарт хатуу байр сууриа эргэн харах нь зүйтэй болов уу. Тус улсын хэтийн төлөвийн тухайд гэвэл, Хятад одоо ч гэсэн аварга том зах зээл хэвээр байгаа бөгөөд Монгол Улс энэ зах зээлийн өчүүхэн хэсгээс ч болов үмхэх хэрэгтэй” гэжээ.