Эцэг эхчүүд хүүхдийнхээ дүнд их анхаарч “Хэд авсан бэ?” гэж асуудаг боловч “Өнөөдөр юу шинээр сурсан бэ, сурч чадсан уу?” гэж асуух нь тун ховор. Ээж аавын улиг болсон асуултанд тэрхэн зуурт хариулаад л аргацаагаад өнгөрөх боловч ирээдүйд түүний өмнөөс довтлох амьдралын түм буман асуултыг яагаад ч аргалж чадахгүй. Тиймээс л одооноос эхлэн хүүхдэдээ зөв асуулт тавьж сур.

Хүүхдээсээ заавал асууж мэдэх 15 асуулт

Харин хариулт нь зөв байх шаардлагагүй. Зөв хариулт ч гэж байхгүй. Хүүхдийг ямар нэг буруу зүйл хийхэд нь загнаж зэмлэхээс өмнө яагаад, ямар шалтгаанаас болж асуудал гаргасан болохыг нь асууж мэд. Харин дараа нь түүний хариултанд тохирох зөвлөгөөг өгч болно. Хэзээ ч бүү өөрийн таамгаар түүний амьдралд бас асуудалд нь онош тавьж хүчээр хариулт шаард. Зөв асуулт л зөв хариултыг авч ирдэг. Энэ удаа Гоолингоо нь чиний хүүхдээсээ заавал асуух хэрэгтэй 15 асуултын жагсаалтыг гаргалаа. Зөвхөн энэ хэдхэн асуултыг асуугаад л болно гэсэн үг биш шүү! Хүүхдээсээ үргэлж өөдрөг, гэгээлэг, сайхан асуулт асууж бай! Тэгвэл тэд ч мөн таньд үргэлж сайхан хариулт өгч, тэгэх явцдаа өөрийгөө олж байх болно.

1. Өнөөдөр чамд сонирхолтой зүйл тохиолдсон уу?
Зөвхөн хичээлийн талаар ярихаас нэгэнт залхсан байгаа хүүхдээсээ ингэж асуух юм бол сургууль дээр нь болж байгаа үйл явдлуудын талаар илүү их мэдээлэл авах боломжтой. Тэгээд ч юу түүний сонирхлыг их татаж байгааг олж мэдэж болно.

2. Чи минь өнөөдөр хэн нэгэн хүнд сайхан сэтгэлээр тус болсон уу?
Өөрийг нь магтахаар зүйл хийсэн эсэхийг нь үргэлж асууж бай! Найздаа багшдаа, өөртөө хэнд ч тус болсон байлаа гэсэн энэ бол хамгийн сайхан зүйл гэдгийг тэрэнд мэдрүүлж, магтаж урамшуулах хэрэгтэй.

3. Хамгийн их хийхийг хүсдэг ч, хийж чаддаггүй зүйлийнхээ талаар ярьж өгөөч?
Түүний толгой дотор эргэлдээд л байдаг боловч зориг гаргаж чаддаггүй тэр зүйлийг нь олж мэдээд түүнд туслах хэрэгтэй. Одоо л өөрийнхөө хүсч байгаа зүйлийг олж мэдэж, түүнийгээ хийж үзэж зориг гаргахгүй бол ирээдүйд юунд дуртайгаа ч мэдэж чадалгүй зүгээр л нэг ажилчин болно.

4. Өөртөө итгэж, өөрөөрөө бахархаж байсан үе хэзээ вэ?
Өөртөө итгэх итгэлийг өөрөөр нь олуулж бай! Нэг ёсондоо өөрийнхөө чаддаг зүйлсийг бодож өөртөө урам зориг өгч сурна гэсэн үг. Үргэлж бусдыг шүтэн биширч, гайхаад байх юм бол өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурч мэднэ шүү.

5. Тэгвэл чи минь юуг хамгийн сайн хийж чадна гэж боддог вэ?
Өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлдээ бат итгэлтэй болтол нь энэ асуултыг үргэлж асууж бай! Цаг хугацаа өнгөрч насанд хүрсэн хойноо өөрийгөө мэдэх гэж зовж байхаар эртнээс өөртөө хяналт тавьж чаддаг болох хэрэгтэй шүү дээ.

6. Чамд хамгийн их таалагддаг хүмүүсийнхээ талаар надад ярьж өгөөч?
Ямар хүмүүст бас ямар зан чанарт тэр дурлаж байгааг олж мэд. Өөртөө үлгэр жишээ авч байгаа хүн шигээ л болохыг хүүхэд хүсдэг учраас тэр хүнийхээ талаар ярих ч их дуртай байдаг юм. Тэгээд бага багаар дуурайж эхэлдэг.

7. Найзуудынхаа талаар ярьж өгөөч, тэд нар сайн хүүхдүүд үү?
Гол нь түүний хүрээлэл. Ямар хүмүүстэй нөхөрлөж, яаж тоглож байгаагаас түүний ирээдүй бараг л тодорхой харагдана.

8. Өөрийгөө яг ямар хүн байгаасай гэж хүсч мөрөөддөг вэ?
Дарга, цэрэг, эмч гээд юу ч гэж хэлж болно. Зарим нь бүр баатар, нисдэг хүн ч гэж хариулж магадгүй. Тэд ихэнхдээ мундаг хүн л болохыг хүсч байдаг. Гэхдээ хариултыг нь сайн ухаж бодоод бас ахин дахин асуугаад байх юм бол тэд энэ зүйлийн талаар удаан бодож нухацтай хандах болно.

9. Ээж аавдаа гомдож явдаг зүйл бий юу?
Дотор нь ямар нэгэн зүйл шигдсэн л байгаа. Хүүхэд учраас мартаж, гомдох нь бага ч гэлээ сэтгэлд нь үлдсэн өчүүхэн гомдол нулимс л насан туршид нь онцгүй дурсамж болж хадгалагдах болно.

10. Чамд хэцүү төвөгтэй санагддаг зүйл бий юу?
Түүнд байгаа. Түүнийг зовоодог ямар нэг айдас ч байгаа хэлэхээсээ эмээдэг шалтгаан ч байгаа. Түүнийг хамгийн дотно найз нь л хуваалцаж ойлгож чадна.

11. Өөрийн эрхгүй атаархал төрдөг найз эсвэл таньдаг хүн байдаг уу?
Бусдад атаархах сэтгэл хүүхдэд маш хурдан төрдөг. Энэ үедээ гуниглах сэтгэлээр унах нь хурдан. Тиймээс ээж аавууд энэ үед ярилцаж аль болох эерэг талаас нь тайлбарлаж өгч ойлгуулан, өөрийг нь ямар онцгой хувь тавилантай, өөрийнхөөрөө онцгой хүүхэд болохыг нь ойлгуулах хэрэгтэй.

12. Хийх дургүй зүйлийнхээ талаар надад ярьж өгөөч, яагаад дургүй талаараа?
Ихэнхдээ хүүхэд өөртөө итгэлгүй байгаагаас болж аливаа зүйлийг хийх сонирхолгүй болсон байдаг. Хэрвээ хичээлдээ дургүй байгаа бол өөрийгөө сайн хийж чадна гэж бодохгүй байгаагаас л дургүй байх нь элбэг юм. Түүний дургүй байдаг шалтгаануудыг нь эхлээд сайн сонс харин дараа нь бага багаар түүнд итгэл өгөх шалтгаануудыг хэлж өгөөрэй.

13. Чамайг зориггүй болгож айдаст автуулдаг зүйл юу вэ?
Том хүнийг бодвол хүүхэд гаргасан алдаандаа маш их гэмшдэг. Хэтэрхий их гэмших сэтгэл зоригийг нь мохоож эрч хүчгүй болгох тохиолдол их бий.

14. Хэрвээ шидтэн гарч ирээд гурван хүслээ хэл гэвэл юу, юу хүсэх вэ?
Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл сонирхолтой байдаг. Хамгийн гол нь тэр хүсдэг зүйлээ илүү тодорхой болгож аль нь түр зуурын аль нь амьдралынх нь чин хүсэл болохыг ялгаж мэдэх хэрэгтэй юм.

15. Өөрөө чаддаггүй, дургүй ч гэлээ аав ээжийнхээ бахархал нь байхын тулд хүчилж хийдэг зүйл байдаг уу?
Заримдаа томчууд хүртэл ээж аавдаа таалагдаж магтуулахын төлөө явсаар дургүй эсвэл өөрт нь утга учиргүй санагддаг зүйлийг хийж цаг алдсан байх тохиолдол бий. Яг үүнтэй нэгэн ижил хүүхэд хүртэл аав ээждээ таалагдах зүйл хийхийн төлөө өөрийгөө маш их стресстүүлдэг.