Үндсэн хуульд /ҮХ/ нэмэлт өөрчлөлт оруулахаар нэлээдгүй шуугиж байгаа билээ. Харин уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг олон улс төрчид эсэргүүцэж байгаа юм. Энэ долоо хоногт ард нийтийн санал асуулгын талаа УИХ хэлэлцэнэ.

Тэгвэл энэ удаад ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэн юу хэлснийг хүргэж байна.

Бие даагчдын зүгээс "ҮХ-д өөрчлөлт оруулах цаг нь биш" хэмээн байр сууриа илэрхийлээд авав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Засгийн газрыг тогтвортой ажиллуулдаг байхын тулд Үндсэн хуулийн өөрчлөх хэрэгтэй гэсэн зүйл яриад байгаа. Засгийн газар тогтвортой байсан шүү дээ. Их хурлын хяналтгүй Засгийн газарт ганц хүн дураараа тонгочдог болгочих юм бол Таван толгой байхгүй болно. Өнөөдөр парламентын хяналт нь байгаа учир Засгийн газрыг хазаарлаж дөнгөөд байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөх юм бол Засгийн газрын хазаарыг нь мултлаад ногтыг нь аваад тавих гэж байгаатай адил зүйл болно. Үндсэн хуульд өөрчлөлт хийх бас нэг шалтгаанаа хангалттай төсөв өгдөггүйтэй холбоод байгаа. Манайд бодлого төлөвлөлтийн бүтэц байхгүй учраас хүн бүр тойрог тойрог руугаа хөрөнгө татаад байгаа юм. Засгийн газрын тухай хуульд бодлого төлөвлөлтийн асуудлыг бий болгох түүнийгээ дагадаг ёс суртахуунтай болчихвол энэ асуудал заавал Үндсэн хуулиар шийдэгдэхгүй байж болно. Бас нэг шалтгаанаа төр суларлаа гээд байгаа юм. Намайг анх төрд орж байхад сайд нар бүгд мэргэжлийнх байсан. Тухайн салбараас шалгарсан бүгд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байсан. Одоо бол тийм биш. Одоо ямар ч хүн дурын яамны сайд болдог болчихсон. Мэргэжлийн сайд мэргэжилтний оруулж ирснийг сонсож байгаад шийдэл гаргадаг. Одоогийн сайд бол уншиж байснаа аятайхан санагдсанаа авчихдаг. Нэг үгээр хэлбэр өнөөдөр яамыг сайдын тархиар биш мэргэжилтний тархиар ажиллуулж байна. Намууд мэргэжлийн бус бүлэглэлийн төлөөллүүдээ аваачиж тавьж байгаагаас энэ төр суларч байна. Үүнийг заавал Үндсэн хуулийг өөрчлөлгүйгээр Төрийн албаны тухай хуулийг өөрчлөөд шийдэж болно. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх асуудлын сонгуулийн дараа болгох нь зүйтэй" гэсэн юм.

Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Үндсэн хууль нь төр ард түмэнтэй хийсэн гэрээ. Тухайн нийгэм ийм зохион байгуулалттай, журмаар амьдарна гэсэн зарчмыг тогтоосон бичгийг Үндсэн хууль гэдэг. Бид 1990 онд ардчилсан хувьсгал хийсний дараа Үндсэн хуулиа баталсан түүхтэй. Энэ хуулийг ард түмний итгэл хүлээсэн 430 Ардын их хурлын депутат цуглаж, 75 хоног хэлэлцэж баталсан. Энэ хууль нь 25 жилийн хугацаанд үйлчлэхдээ монголчуудын эрх эрх чөлөөг баталгаажуулж, улсныхаа тусгаар тогтнол аюулгүй байдлын үндэс болж ирлээ. Гэхдээ энэ хууль төгс төгөлдөр байгаагүй. Өөрчлөх ёстой. Гэхдээ Үндсэн хуулиа дураараа өөрчилдөг, хүчирхийлдэг. Цаг мөчийг нь харахад Монгол орны эдийн засаг ойрын таван жилд сэхэхгүй хүнд байдалд орчихлоо. Улс төрийн нөхцөл байдалд ч хүнд байна. Засаглалаа явуулж чадахгүй. Ард түмний итгэл хүлээж чадахгүй. Нийгмийг авч явах үзэл баримтлал тодорхойгүй. Ийм улс төрийн мухардмал орчинд орчихлоо. Үүнийг шийдэх үүднээс Монгол улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жил гаруйн хугацаанд таван хуулийн төслийг өргөн барьсан. Тодруулбал, Хариуцлагын тухай хууль, Намуудын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль. Гэвч үүнийг УИХ хэлэлцсэнгүй. Энэ таван хууль Монголын улс төрийг эрүүлжүүлэх цаашид цэх шугамд ороход суурь болох ёстой байсан. Үүнийг сөргүүлж УИХ үндсэн хуулиа өөрчлөх гэж байна. Харамсалтай нь Үндсэн хуульд оруулахаар төлөвлөсөн өөрчлөлтийг харахад хатуухан хэлэхэд төрийн эргэлт гэж хэлэхэд болохоор байна. Яагаад гэхээр төрийн тэргүүнээ сонгодог ард түмний эрхийг булаах гэж байна. Одоогийн УИХ-ын гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг бид мэднэ. Монгол улсын эдийн засгийн амьдралыг тодорхойлохуйц, Оюутолгойн асуудлыг шийдэх хэмжээний хүн байна уу. Энэ ордын гэрээг уншилгүй айлын гал тогоонд баталдаг нөхдүүд л байгаа биз дээ. Нөгөө талаас Ерөнхий сайдад бүх эрх мэдлээ өгнө гэнэ. Одоогийн Ерөнхий сайд Оюутолгойн гэрээг нэг нөхрийн гал тогооны өрөөнд сууж байгаад үзэглэчихсэн. Үүнийг дэлхий нийт мэдэж байгаа. Түүнд эрх мэдлийг өгнө гэдэг. Ээ дээ мэдэхгүй юм. Ер нь Үндсэн хуульд яаран өөрчлөлт оруулах нь олигархиудын захиалга. УИХ тэр чигээрээ олигархиудаар дүүрсэн байгаа.

Тэгвэл АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд гишүүд нэгдсэн байр суурьт хүрээгүй байгаа. Гишүүд парламент 99 гишүүнтэй байх, сумын Засаг даргыг орон нутгийн иргэд сонгох, Ерөнхийлөгчийг парламентаас томилох асуудалд нэгдсэн байр суурьт хүрээгүй. Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэгдэнэ. Тэгэхээр байр суурь тодорхой болох байх. Ард нийтийн санал асуулга явуулах хугацааг арваннэгдүгээр сарын 26-нд багтааж амжихгүй болсон. Одоогоор хугацаа нь тодорхойгүй байна.

УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав: Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, үгүй гэдэг асуудалд би болно гэж үздэг хүний нэг. Гэхдээ сая УИХ-д өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл бүхэлдээ зөрчилтэй юм. Жишээ нь, Үндсэн хууль гэдэг нэрийг Эх хууль гэж өөрчлөх тухай нэг заалт байна. Монгол Улсын өнөөгийн байдал хүнд, эдийн засаг хямарч, ард түмний аж амьдрал олигтой дээшлэхгүй, болж, бүтэж байгаа юм бага байхад ийм өөрчлөлт хийх нь утгагүй.

Тэгээд ч Үндсэн хуулийн нэрнээс болж ийм байдалд орчихоогүй. Хоёрдугаарт, Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байна гэсэн төсөл байна. Түүндээ есөн яамтай байна гээд Ерөнхий сайд үзэмжээрээ гурав сайд нэмж ажиллуулж болно гэж заажээ. Дээд тал нь 12 яамтай байвал Их хурлын дөрвөн гишүүн, есөн яамтай бол гурван гишүүн хавсарч болно гэсэн үг юм байна л даа. Үүнийг Үндсэн хуульд заавал нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр шийдэж болно. УИХ 1992-1996 онд УИХ-ын хууль, Засгийн газрын хуулиар зохицуулагдаж байсан. Тэгэхээр заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бус органик хуулиудаар зохицуулж болно.

"ХҮН" намын удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Д.Үүрцайх “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төслийг харахад УИХ өөрөө эрсдэл үүрэхээргүй байна. Хэн нэг УИХ-ын гишүүнд хариуцлага тооцож, эгүүлэн татах заалт байдаг. Гэтэл энэ өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн хариуцлага хүлээх тогтолцоог бүрдүүлсэнгүй. Сумын Засаг даргыг намаас биш иргэдээр сонгуулна гэж байна Энэ нь төрийн бодлогыг алдагдуулж байна. Нам гэдэг институци бодлогоо тодорхойлж, хүнээ нэр дэвшүүлдэг. Гэтэл нутгийн иргэдээс нэр дэвшүүлж байгаа нь яс үндсээрээ талцах, хэн хамаатан садан олонтой, бэлтэй хөрөнгөтэй нь гарч ирэх феодалийн нийгмийг бий болгож байна” гэж үзэж байгаагаа илэрхийлээ.

"Тусгаар тогтнол эв нэгдлийн нам" удирдах зөвлөлийн дарга Ж.Баяржавхлан: Үндсэн хуульд 1999 онд нийт долоон нэмэлт өөрчлөлт орсон. Энэ долоон өөрчлөлт дотор УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байх боломжийг бүрдүүлж өгсөн ийм заалт орсон. Энэ заалт орсноороо өнөөдөр Монгол улсын улс төр дэхь энэ том хямрал, завхралыг бий болголоо. Нөгөө УИХ нь Засгийн газраа хянах байтал, Хяналт, бодлогын тогтолцоо үгүй болсон. Өнөөдөр Засгийн газрын гишүүд бүгд УИХ-аас төрсөн давхар дээлтнүүд болчихсон байна. Энэ үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтийг зогсоо гэж шаардсан. Гэтэл уг шаардлагыг тавьсаар байхад дахиж шинээр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үүнийг улам их баталгаажуулах гэсэн зүйл заалтыг давхар оруулсан байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Би 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Үндсэн хуульд Ч.Чимэд багшийнхаа хамт эх баригчаар ажилласан. Өнгөрсөн хугацаанд түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Манай ардчилсан Үндсэн хууль үйлчилж эхлээд 24 дэх жил рүүгээ орох гэж байна. Энэ хугацаанд нэг удаа өөрчлөлт хийснийг олон түмний дунд “Дордуулсан долоон өөрчлөлт” гэдэг. Тийм учраас Үндсэн хуульд тийм амар гар хүрч болохгүй. УИХ дээр Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна уу, үгүй юу г эдгийг судлах ажлын хэсгийг Л.Цог гишүүнээр ахлуулж, байгуулсан. Ажлын хэсэг хоёр жил гаруй хугацаанд ажиллаад, зарим нэг өөрчлөлтийг хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүний дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг гарч ажиллаад, жил шахам боллоо. Ингээд есдүгээр сард төслийн эх бичвэр гарсан. Үүнд ажлын хэсэг дээр саналын зөрүүнүүд маш их гарсан. Ингээд нэлээд олон юмаа шийдсэн, гэхдээ гарын үсэг зурсан миний хувьд ч, Д.Дэмбэрэл даргын хувьд ч бас саналын зөрүүнүүд бий. Харамсалтай нь өргөн барьсан төсөл дотор бидэнтэй ярилгүйгээр шийдсэн зүйл олон байна.

Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэгчид буюу өөрчлөхтэй санал нийлэхгүй байгаа эрх баригчид цөөнгүй байгаа юм.