Уг киноны зохиолч, ерөнхий найруулагчаар МУСТА Ө.Алтансэрээ ажиллажээ. Тэрбээр 20 гаруй жил МҮОНТ-д хүүхдийн уран бүтээлүүдийг туурвисан авьслаг уран бүтээлч юм. Иймээс ч хүүхдийн гэх тододголтой уран бүтээл хийхээр зорьж телевизийн 30 ангит зохиол бичсэн байна. Гэвч уг зохиолыг кино болгон гаргах ивээн тэтгэгч байхгүй улмаас бүрэн хэмжээний кино зохиол болгон “Тоглож болохгүй нас” уран сайхны киног бүтээсэн байна.

Ингээд “Тоглож болохгүй нас” уран сайхны киноны продюсер, жүжигчин МУСТА Ө.Наранбаатартай ярилцсан юм.

 

 

-Өсвөр үеийнхэнд зориулсан кино гаргахаар болсон та бүхэнд баяр хүргье. Манай улсад ийм төрлийн кино гарах нь бага байдаг шүү дээ.

-Та бүхэнд баярлалаа. Манай уран бүтээлчид өнгөрсөн зургадугаар сараас киноныхоо ажлыг эхлүүлж үзэгчдийн хүртээл болгоход бэлэн боллоо. Манай кино өсвөр насныханд зориулсан гэх боловч бүх насныханд зориулсан кино болсноороо онцлогтой. Учир нь аль ч насныхан үзсэн ч ямар нэгэн ухаарал авах кино болсон гэмээр байна.

-Киногоороо дамжуулан юуг ухааруулахыг зорьсон бэ?

-Зах зээлийн шилжилтийн үед гэр бүлийн хүмүүс хэд хэдэн тал руу наймаа эрхлэх, амьдралаа залгуулахаар гадаад ажиллахаар явсан. Энэ цаг үед өрх толгойлсон эмэгтэйчүүд нэмэгдэх болсон. Гэр бүлийн харилцаанаас болж хүүхдүүд золиослогдож, тэдний амьдралд нөлөөлж эхэлсэн билээ. Монголын ийм нэгэн амьдралыг киногоороо харуулсан байгаа.

аль ч насныхан үзсэн ч ямар нэгэн ухаарал авах кино болсон гэмээр байна

“Тоглож болохгүй нас” уран сайхны киноны гол дүр болох Саруулын найз Баяраагийн хувь заяа гарна. Түүний ээж нь нас барж, аав нь архи уудаг бөгөөд хүүхдээ зоддог. Мөн туслах дүрийн охин Анударь ээжтэйгээ хамт амьдрах бөгөөд аав нь гадаадад ажилладаг гээд монголын айл өрх бүрийн амьдралыг тусгасан. Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдүүдээ зөв харилцаагүйн улмаас тэд нийгэмд өөрсдийгөө илэрхийлч чаддаггүй талаар харуулсан. Мөн өсвөр насны хүүхдүүд өөрсдийн амьдралд тохиолдсон зүйлсээ яаж даван туулж байгааг өгүүлсэн байгаа.

 

-Өсвөр насны хүүхдүүдтэй ажилласан байсан. Тэдэнтэй ажиллах ямар байв?

-15-16 насны хүүхдүүдийн амьдралыг харуулах учраас энэ насны хүүхдүүд дүрээ мэдэрч гаргана гэж үзэн сонгон шалгаруулалт явуулсан. Сонгон шалгаруулалт зарлаад 200 гаруй хүүхдээс 50-ийг нь сонгон нэг сарын жүжигчний сургалтанд хамруулсан. Эдгээр хүүхдээс гол дүрийнхээ 4-5 хүүхдийг сонгосон байгаа.

-Кино зураг авалтын үед хэцүү зүйл хэр байв?

-Кинонд тоглосон хүүхдүүдийн хувьд аливаа зүйлийг эмзэгээр, хүндээр тусгаж авдаг насан дээрээ уг кинонд тоглосон. Найруулагчийн хэлсэн зүйлийг ойлгосон үгүйгээ бүрэн илэрхийлж чадахгүй гэх мэтчилэн зүйл байсан. Кинон дээр ч зураг авалтын үеэр энэ насны хүүхдүүдтэй маш зөвөөр харьцаж, аливаа зүйлийг ойлгуулах хэрэгтэй гэдгийг харуулсан. Зураг авалтын үед загнах зүйл тохиолдоход хүүхдүүд маань үг даахгүй уйлах ч тохиолдол цөөнгүй гарсан шүү. Гэхдээ хүүхдүүд маань үнэхээр зүрх сэтгэлээ зориулан сайн тоглосон.

өсвөр насны хүүхдүүд өөрсдийн амьдралд тохиолдсон зүйлсээ яаж даван туулж байгааг өгүүлсэн

-Кино сонирхогчдын мэдлэг мэдээлэл нэмэгдэх болсон. Тийм ч болохоор дэлгэцээр гарч байгаа кинонуудыг хооронд нь харьцуулан үйл явдал давхцах, хуулбарласан байна уу эсэхийг мэдэх болсон шүү дээ?

-Кино зохиол, найруулагын хувьд гаднын киног дууриах зүйл гараагүй. Учир нь монголын нийгэмд байгаа амьдралыг харуулсан учраас. Яахав зураг авалт, эвлүүлгийн хувьд аль болох дэлхийн түвшинд хүрсэн кино хийхийг зорьсон.

 

 

-Таны хувьд уг кинонд дүр бүтээсэн гэсэн. Ямар дүрд тоглосон бэ?

-Сургуулийн захирлын дүрд тоглосон. Миний дүрийн хувьд зальжин бөгөөд ах дүү хамаатан саднаараа өөрийгөө хүрээлүүлсэн. Мөн сурган хүмүүжүүлэх, боловсролын талаар их ярьдаг мөртлөө толгойндоо мэдлэггүй захиралын дүрийг бүтээхийг зорьлоо. Манай кино сургуулийн орчинд хөгжилтэй, хөгтэй үйл явдал өрнөдөг. Ялангуяа сагсанбөмбөг тоглох дуртай хүүхдүүд үзвэл тэмцээний үеэр болдог өрсөлдөөн тэмцэлдээнийг ёжтойгоор харуулсан байгаа.

-Танай нийт уран бүтээлчдэд ажлын амжилт хүсье.

-Та бүхэнд ч баярлалаа. Үзэгч олон та бүхэн гэр бүлээрэй манай киног үзэж, ухаарал аваарай хэмээн хүсэж байна.

 

Ярилцсан: Т.Буянаа