Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаанчулуутын хогийн цэгийн манаачийн байранд 22 настай таксины жолооч М бусдад хутгалуулсан байдалтай тусламж эрэн очсон байдаг. Энэ хэрэг 2015 оны 02-р сарын 6-ны өглөө 04.00-05.00 цагийн үед гарсан юм. Тухайн үед хохирогч залуу хүзүүндээ хутгаар хэрчүүлсэн, цээж хэвлийдээ хутгуулсан байдалтай байсан бөгөөд түүнийг ГССҮТ-д хүргэсэн боловч шархаа даалгүй амиа алдсан аж.

1990 онд төрсөн Э, 1993 онд төрсөн А нар шунахайн сэдлээр үйлдсэнээ анхны мэдүүлгээрээ хүлээгээд байсан. Тэд Улаанчулуутын хогийн цэгт хүргүүлэхдээ таксины жолоочтой маргалдан, хүзүүнд нь хутга тулган сүрдүүлсэн аж. Удалгүй хүзүүг нь хэрчиж, цээж хэвлийг нь мөн хүйтэн мэсээр гэмтээгээд машиныг нь аваад зугтаасан байдаг.

Энэ хэргийг үйлдсэн хэргээр Л.Э, С.А нарт Эрүүгийн хуулийн 147.2 /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 126.1 /Хүчиндэх/, 234.1/Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлах, устгах, гэмтээх, нуух/, 145.4 /Бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 216.2 /Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах/, 91.2.1 /Хүнийг санаатай алах/, 91.2.7, 91.2.11, 91.2.12 буюу танхай, дээрэм, хүн амь, хүчингийн хэрэг үйлдсэн гэсэн зүйл ангиар ял төлөвлөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл талийгаачийн сэжигтэн С.А нь гэмт хэрэг үйлдсний дараа хүчингийн хэрэг үйлдсэн бөгөөд түүний энэ үйлдэлд мөн ял төлөвлөөд байгаа ажээ.

Одоогоор хэргийн үйлдсэн гэгдээд буй Л.Э нь танхай дээрмийн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан нэгэн бөгөөд одоогоор хорих ангид саатуулагдаж байгаа бол С.А нь гадуур байцаагдаж байгаа ажээ.

Тэднийг өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10 цагаас шүүх юм.

Бид шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа