Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

-Таныг Монголын ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан хүн гэдгийгмэднэ. Монгол Улс ардчилалтай золгосны 25 жилийн ойн баяраа тэмдэглэжбайна. 1990 оноос хойших 25 жилийн улс төр, нийгмийн нөхцөл байдлыгхэрхэн дүгнэх вэ?

-Би нэг аавтай, нэг ээжтэй 1990 онд байсан Б.Жаргалсайхан хэвээрээ л байна. Морин дээрээс сэлэм эргүүлж хувьсгал хийх амархан. Харин мориноосоо буугаад төр улсаа төвхнүүлэх хэцүү гэж Сүхбаатар кинон дээр Богд гэгээн хэлдэг байх аа. Бүрэн төгс нийгмийн тухай хөгжил асууж байгаа бол хаа ч байсан юм. Бидэнд суралцах зүйл асар их бий.

Манай үеийнхний аав, ээж, өвөг дээдэс маань ардын хувьсгалыг байгуулж, социалист Монголыг бий болгож коммунизм руугаа тэмүүлэн хөгжинө гэж тунхаглаж байсан. Тэр утгаараа Монгол Улс чинь социалист орнуудаас миллиард 200 гаруй сая ам.долларын зээл авч бүтээн байгуулалтуудыг чинь хийж байсан юм. Тэрхүү зээл нь 30 гаруй тэрбум ам.доллар болсон байсны нэг хэсгийг нь төлөөд нөгөө хэсгийг нь хөнгөлөөд сүүлчийн 10 миллиард ам.долларыг нь 10 жилийн өмнө ОХУ-тай хэлэлцээр хийж хүчингүй болгосныг санаж байна уу. Бид нүүдлийн иргэншилтэй аж ахуй эрхэлж явсан тул түүнийгээ дагаад соёл, боловсрол дулимагхан явж ирсэн. Тэр бүхнийг өөрчлөхийн тулд бид 70 жил явсан. Боловсролтой нийгмийн давхаргыг бий болгож энэ байдал чинь арай дээр болсон юм. Тухайн үед өмч хөрөнгө төрийн мэдэлд байсан. 1990 оноос өмнө Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг Моксвад Оросын төлөвлөгөөний хороо удирдан зохион байгуулдаг байсан гээд бод доо. Манай улсын хувьд түүнийг нь биелүүлэгч л байж ирсэн. 1990 онд ЗХУ-д эдийн засаг, улс төрийн хямрал нүүрлэснээр Орос улс дампуурсан. Энэ үед монголчууд харьцах улсгүй болж хэсэг тэвдсэн. Жил бүр Оросоос авдаг байсан 700-800 сая ам.долларын худалдааны зээлээ авч чадахаа больж Монгол Улс хомсдолд орсон. Тэр цаг үед Эрдэнэт үйлдвэрээс бусад нь үүдээ хааж хүнд байдалд орсон л доо. Манай түүхий эдийн дийлэнх нь ЗХУ руу гардаг байсан тул харилцагчгүй болчихсон хэрэг. Ингээд Монгол гэдэг улс чинь мухар үлддэг юм байгаа биз дээ. Тиймээс 1990 онд шинэ хөгжлийн замыг нь сонгосон нь ардчилал, чөлөөт зах зээл, тусгаар тогтнол байсан юм. Тусгаар тогтнол гэдэг зүйлийг заавал буу үүрч байж олдог юм биш. Эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг айхтар нэр томъёо бий. Бид эдийн засгийн тусгаар тогтнолынхоо асуудлыг шийдэхийн тулд дэлхийн бусад орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр болсон. Тиймээс малчдад малыг нь, тариаланчдад газрыг нь өгөөд хөнгөн үйлдвэрээ устгахыг нь устгаад хаалгыг нь барьсан. Сүүлийн үед Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарч байна. Үүнээс харахад бидэнд чадахгүй зүйл маш их байна.

-Тухайлбал?

-Бид аж ахуй эрхэлж сураагүй, мөнгө барьж сураагүй. Тооцоо тайлан гаргаж сураагүй. Дэлхий глобальчлагдаж байгаа энэ үед боловсрол бүх хүнд алга. Ялангуяа сүүлийн 20 жилд бид хэрэглээний давалгаанд цохигдон явлаа. Авъя, хэрэглэе, зээл аваад тэр мөнгөөрөө машин авч уная, хоол аваад идчихье гэдэг сэтгэхүйгээр явж ирлээ. Бид ардчилалд суралцаж байгаа нэрийн доор зүгээр тэжээлгэх гээд байх юм. Хуучин бол Оросыг дагаж коммунизм байгуулах гэж байсан болохоор оросууд биднийг тэжээсэн юм шүү дээ. Одоо бид ардчилал гээчийг байгуулж байгаа болохоор АНУ, Япон, Европын орнууд тэжээх ёстой гэдэг сэтгэхүйтэй болчихсон.

Аж үйлдвэрлэл хөгжсөн орнууд байгаль экологид сөрөг нөлөөтэй, гар ажиллагаатай хөнгөн үйлдвэрлэлээ Зүүн өмнөд Ази руу нүүлгэчихлээ. Тэд өөрсдөө үйлдвэрлэхээ больчихсон. Япон ч гэсэн хөнгөн үйлдвэрлэлээ нүүлгээд араас нь гэр ахуйн цахилгаан барааны үйлдвэрлэлээ хүртэл нүүлгэх гэж байна. Лаос, Камбожи оймс, турсикийг нь хийдэг юм байгаа биз. Дэлхийн энэ хөдөлмөр хуваарилалтын дунд бид хаана нь байгаа вэ. Монголын тухай тэд ярьж байна уу, Монгол Улс юугаараа оролцох ёстой вэ гэдэг асуудлыг манай улстөрчид шийдэх цаг нь болсон.

-Тэгээд бид юу хийх ёстой юм бэ. Бидний оролцоо юу байж болох вэ?

-Монголчуудаар гэрлийн хурдаас хурдан онгоц хийлгэх үү, биднээр орчин үеийн атомын цахилгаан станцын төсөл хийлгэх үү, Самсунг, Apple-тэй өрсөлдөх Монгол гэдэг гар утас хийлгэх үү. Ямартай ч монголчууд оймс, турсик хийгээд нэмэргүй юм байна гэдгийг харлаа. Цаана чинь хоёр миллиард хүн оймс хийж байхад бид эндээ хэдийг хийх юм. Эсвэл бид ул боов хийх үү. Дэлхийн бүх айл ул боов идээд, ааруул мэрээд суух юм уу. NBA-ийн сагсчид нь сагс тоглохдоо ааруул хүлхээд гүйж байх уу. Эсвэл бүх айлд эсгий таавчик хийж өгөх юм уу. Дэлхийн таван миллиард хүн бүгдээрээ эсгий таавчиктай байх уу. Тэгэхээр бид дэлхий ертөнцөд ямар оролцоотой оролцох вэ гэдэг асуудал л байна.

-Та тэгээд гарцаа хэл л дээ?

-Үүнийг яривал асар урт яриа болно. Би 1990 оноос хойш хариуцлагатай болъё, хүн амаа эрүүлжүүлье, соёлтой болцгооё, боловсрол эзэмшье гэж зөндөө л ярилаа. Бид хөдөлмөрлөж сурах хэрэгтэй. Арвич хямгач болох хэрэгтэй. Монголчууд бид арьс нөмрөөд гүйдэг эрин зуунд амьдарч болохгүй. Хятад Дэлхийн валютын сангийн гишүүн орон болчихлоо. Энэ тун аюултай. Юань хөрвөдөг болчихвол Монгол Улс баахан юань оруулж ирээд Монголыг эдийн засгаар нь авчихна. Монголын эдийн засгийг нь авчихсан байхад дараа нь хүнийг нь авахад амархан. Гэхдээ тэдэнд гурван сая хүн ерөөсөө ч хэрэггүй. Тэдэнд газар нутаг, тэнд байгаа жаахан байгалийн баялаг л хэрэгтэй байх. Монгол хүн лав тэдэнд хэрэггүй. Харин монгол хүн чинь чи бидэнд л хэрэгтэй байхгүй юу. Би энэ улстөрчдөөс шал өөр бодолтой яваа.

-Улстөрчид гэхээр бүгд л адилхан гишүүний суудалд суучих бодолтойявдаг юм биш үү. Та чухам ямар бодолтой явдаг юм бол?

-Би 25 жил бизнес, улс төрийн ажил хийлээ. Миний хувьд шударга байхыг хамгийн их хүсдэг. Энэ хугацаанд би улстөрч гэдэг бол шударга зарчим дээр бүх ажлаа явуулах ёстой гэсэн зарчим барьж ирсэн. Яахав дээ, АН, МАН аль аль нь Сонгуулийн хуулиа зөрчөөд явдаг байсан. Нэг нь иргэний бүртгэлээр луйвар хийдэг байсан бол нөгөөх нь хэдэн компьютер оруулж ирээд луйварддаг болсон. Үүнийгээ нээлттэй болгохыг аль аль нам нь хүсэхгүй байна. Энэ чинь л нөгөө ардчиллын үнэт зүйлсээсээ ухарч байгаагийн тэмдэг. Төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авч байгаа хэлбэр мөнөөсөө мөн.

Монголчуудын 60-70 хувь нь залуучууд болсон. Гэтэл тэдэнд ямар ч мөнгөн хуримтлал байдаггүй. Манайхны амьдрал үнэндээ ядуу шүү дээ. Банкны зээлээр Японы хуучин машин авч уначихаад яваад байгаа болохоос бусад орнуудын дэргэд ядуу, ядуу. Бүр ядуугийн туйл л байгаа. Тэд дөнгөн данган амьдарч байна. Тиймээс эхний ээлжинд хүнээ аврах хэрэгтэй. Тэр нь юу гэхээр дөнгөж төрсөн хүүхдүүдийг яаж аврах вэ гэдэг асуудал. Төрийн гол бодлого үүнд чиглэх ёстой. Түүнээс биш гадаадынхан, гадны хөрөнгө оруулагчид чухал биш. Эхлээд монгол хүн. Хамгийн түрүүнд энэ монгол хүмүүсийг яаж эрүүл байлгаж, сайн сайхан амьдруулах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Насанд хүрсэн энэ хүмүүсийг гудамжинд байлгаад байх юм уу, яах юм. Миний бодлоор хүмүүсийн чухал зүйл нь амьдрах гэр орон. Тэр хүмүүс чинь гэр оронтой байх ёстой. Монголчууд хориннэгдүгээр зуунд майханд амьдарч байна.

-Яагаад майхан гэж. Нүүдлийн соёл иргэншлээсээ суурин иргэншилдшилжээд орон сууцанд орох нь орон сууцанд ороод л явж байна...

-Монгол гэр гэдэг чинь майхан биш юм уу. Хэдэн сарзгар мод босгож байгаад эсгийгээр хучна гэдэг чинь гадныхны хувьд майхан байхгүй юу. Монголчууд л гэр гэдэг юм. Бид хориннэгдүгээр зуунд майханд биш орон сууцанд амьдрах шаардлагатай. Иргэдийг орон сууцтай болгохын тулд ипотекийн зээлийг болих хэрэгтэй. Хүмүүсийнх нь сарын орлого хэд билээ. Гэтэл ийм өндөр хүүтэй банкны зээлд хамрагдаж орон сууцанд орох юм. Миний бодлоор 30 жилийн хугацаатай хүүгүй зээлээр орон сууцыг иргэдэд өгөх хэрэгтэй.

-Тийм боломж байгаа юм уу?

-Байгаа. Хэрэв ингээд өгчихвөл 30 жилийн турш иргэн ажил хийж байгаад зээлээ төлөөд явчихна. Гэхдээ нэг зүйлийг тохирох ёстой. Тэр нь юу гэхээр одоогийн байгаа валютын ханшаар гэрээ хийх юм. Ам.доллар өссөн ч, буурсан ч энэ ханшаараа явна гэсэн үг. Тэр том барилга бариулсан хүмүүс банкнаас зээл аваад байшин барьсан байж таараа. Тэдний хохирлыг улс том төслүүдээ хөдөлгөж байгаад тэндээсээ мөнгө татан хаах хэрэгтэй.

Өнөөдөр монгол хүн тутмын гурван хүний нэг нь халдварт өвчнөөр өвчилж байна. Үүнийг хурдан таслан зогсоохгүй бол удахгүй хоёр хүн тутмын нэг нь халдварт өвчнөөр өвчилнө. Тиймээс яаралтай эрүүл мэндийн үзлэгийг орон даяар явуулахаас өөр аргагүй. Төрөөс мөнгө гаргаж байгаад энэ бүхнийг хийхгүй бол наад монгол хүн чинь хэцүүдлээ та минь ээ.

-Эдийн засаг хүнд байгаа энэ үед хөрөнгө зарж бүх хүнийг эрүүл мэндийнүзлэгт хамруулна гэдэг худлаа л болов уу?

-Ард түмнийг хямгадаж болохгүй. Харин тэр дарга нараа л хямгад. Үрэлгэн зардлуудаа хасчихаач. Аймаг, сумаас эхлээд Засгийн газар, Их хурлынхаа зардлыг 50 хувь хасах хэрэгтэй. Түүнээс биш ард түмнээс хоолыг нь хасаад байж болохгүй.

Манайхан сүүлийн үед цалин хасна гэдэг болж. Үнэндээ цалин хасаад энэ асуудлыг шийдэхгүй. Хүн рүүгээ явуулсан бодлого явуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагыг олон нийтийнх болгохгүй бол болохоо байчихлаа. Иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа гэхэд даатгалаараа үзүүлдэг болмоор байна. Тэгэхгүй бол эмч нар чинь хувийн эмнэлэг байгуулаад явах гэж байна. Энэ бүгд дээрээ анхаарахгүй бол тэр ард түмэн чинь биеэ үзүүлж чадахгүй үхэх нь байна шүү дээ. Үүнийгээ цэгцлэхгүй бол цалин хасч, байгууллагын хаяг сольсноор юу ч өөрчлөгдөхгүй. Тэр олон мянган төрийн албан хаагчаа цөөлж, зээл өгч явуулаад бизнес хийлгэ. Төрийн аппаратыг цомхон болго л доо. Ядаж л төсвийн мөнгөөр зам тавиулаад баймааргүй байна. Энэ төсвийн мөнгө гэдэг чинь та бид хоёрын талхны мөнгө, ойлгож байна уу. Зам ашигласны татвар гэж авдаг. Тэр мөнгөөрөө замаа тавь л даа. Сүүлийн 10 жилд явуулж буй төрийн бодлогоо үргэлжлүүлбэл эдийн засгийн энэ хямралаас гарахгүй.

-Шинэ бодлого хэрэгжүүлэх боломж байгаа юу. МАН-ынхан чинээлэгдундаж давхаргыг буюу Норвегитэй адилхан алтан дунджийн нийгмийгбайгуулах урт хугацааны бодлого боловсруулсан гээд байгаа?

-Би тэгж бодохгүй байна. Бид 500-600 мянган өрх айлын л асуудал шийдэх гээд байгаа юм. Монголчууд олж байгаа мөнгөнийхөө 70-80 хувийг ямар ч хэрэггүй зүйлд зарцуулдаг. Үүнийгээ л больчих.

Эрүүл мэндийн асуудлын дараа манай улсын тулгамдсан асуудал бол хүнсний эрүүл ахуй. Манайхан хангалттай хоол иддэггүй болохоор иргэд бие бялдрын хөгжил муутай. Монголчууд жижигхэн, туранхай, хар хөх байдаг чинь үүнтэй холбоотой. Хүүхдүүд багадаа даарснаас болоод өсөлтийн гармон нь ажиллахаа больдог. Тийм болохоор энэ хөдөөний хүүхдүүд чинь жижигхэн байгаа юм. Хотын хүүхдүүд өндөр байдаг нь дулаан байшинд байдагтай холбоотой. Өнөөдөр монголчууд оройхондоо нэг махны тасархай усанд чанаад гурил дээрээс нь хаячихдаг. Үүнийгээ тэд хоол гэж ярьдаг. Витамин агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй болохоор биеийн эсэргүүцэл сулардаг. Бид үүн дээр бодлогоор анхаарах хэрэгтэй. Үүнийг би мундагтаа яриад байгаа юм биш. Орон сууцны асуудлыг нь шийдээд, хүнсний асуудлыг нь шийдчихвэл энэ улсад хүмүүс амьдрах орчин бүрдэнэ. Дараа нь үйлдвэрийн асуудлаа ярих ёстой. Бид үйлдвэрийн газрыг ажиллуулахдаа хүүтэй мөнгөөр ажиллуулж болохгүй. Харин хүүгүй мөнгөөр явуулах ёстой. Тэгэхгүй бол үйлдвэрүүд чинь ажиллаад байдаг хэрнээ мөнгө олдоггүй. Банкныхаа хүүнд идүүлчихдэг байхгүй юу. Үйлчилгээний салбарыг бага хүүтэй мөнгөөр ажиллуулж болно.

-Яагаад?

-Нийгмийн баялаг бүтээхгүй байгаа биз дээ. Худалдааны байгууллагуудыг хүүтэй явуулах нь зөв. Монголын ард түмэн бүх нийтээрээ татвар төлөгч байх ёстой. Үйлдвэрийн ажилчид татвар төлөөд малчид татвар төлдөггүй байж болохгүй байлгүй дээ. Үндсэн хуульдаа бүх хүн тэгш эрхтэй гээд заачихсан. Асуудал нь үүнд л байгаа юм. Бид дэлхийн хөгжлийн хаана нь байх вэ гэдгээ л сайн бод. Түүнээс биш Монголын 500 мянган өрхийг орох оронтой, идэх хоолтой болгох нь хүслийн л асуудал. Даанч энэ хүмүүс хүсэхгүй байна.

-Яагаад хүсэхгүй байна гэж. Идэх хоол, хийх ажилтай байлгах гэж энэгишүүд чинь сонгогддог биз дээ?

-Мэдэхгүй. Тэр хүмүүсээс нь өөрсдөөс нь асуухгүй юу. Яагаад энэ хүмүүс хүсэхгүй байгаа юм. Яагаад тэд хийж чадахгүй байгаа юм. Чаддаггүй юм бол чаддаг хүмүүст нь ажлаа өгчих. Үүний төлөө л бид сонгууль хийх гээд байгаа биз дээ. Бид дэлхийн хөдөлмөр хуваарилалтад нэг зүйлээр л оролцох юм шиг байна. Тэр нь оюуны хөдөлмөр. Манай залуус дэлхийн том сургуулиудыг онц төгсөх юм бол тухайн улс орны хөгжлийн том лабораторийн эзэд болж болно. Ийм магадлал хамгийн өндөр байгаа юм. Дэлхийн банк санхүүгийн корпорациудын захирал болох магадал өндөр. Бид яаралтай дэлхийн эзэд бэлдэх хэрэгтэй. Залуусыг худлаа сургуульд сурдгийг болиулах цаг болсон. Боловсролын салбарт реформ хийх хэрэгтэй болжээ. Багшийн дээд сургууль заавал Улаанбаатарт байх шаардлагатай юм уу. Багшийн дээдийг хоёр хуваагаад нэгийг нь Багануурт нөгөөхийг нь Дарханд ч юм уу байгуулчих хэрэгтэй. Хөдөө аж ахуйн их сургууль Улаанбаатарт юу хийж байгаа юм. Тэр Сэлэнгэ, Дархандаа л байг л дээ.

-Манайхан чинь нэг хэсэг Сайншандад Аж үйлдвэрийн парк барих юмболоод баахан бужигнаж байгаад чимээгүй болчихлоо. Аж үйлдвэрийн паркбарих боломж байна уу?

-Тэр хэзээ ч бүтэхгүй.

-Томоохон төслүүдийг яриад л эсэргүүцэлтэй тулгарах юм?

-Том төслүүдээ Монголын эрх ашигт нийцүүлж явуулахгүйгээр хувийн өмч болгож, хувийн компаниараа дамжуулж хийх гээд байгаа учраас энэ төслүүд явахгүй байгаа юм. Өнөөдрийг хүртэл булаацалдаад байна. Энэ том төслүүдийг гурван сая монгол хүний сайн сайхны төлөөх бизнес болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол Таван толгойг хувьдаа авч бизнес хийх гэж байна. Төмөр зам барина гээд бас л хувийн юмаа хийх гэж байна шүү. Тэгээд л энэ төслүүд чинь маргаан болчихоод таг зогсож байна л даа. Том төслүүдийг улс хоорондын том концессын гэрээгээр хийдэг болохоос хувь хүн хүслээрээ хийдэг зүйл биш. Улстөрч хүний хувьд хэлэхэд энэ гуравхан сая хүнийг зовоогоод хэрэггүй. Туршилтын туулай болгох бүр хэрэггүй.

Бидний муу муухай үйлдлээс болоод улс орон маань хөгжихгүй байгаа гэж ойлго. Хэрэв би улс төрд амжилттай явах юм бол энэ бүхнийг хийнэ. Улстөрчдийн ажил бол иргэдийг сайн сайхан явуулах.

-Эдийн засгийн хямралаас болоод олон ч компани хаалгаа барьж байна.Бизнесийн салбарын талаар бодлоо хуваалцахгүй юу?

-Төрийн бодлого алга. Нэг бизнес эхлэхээр бүгд шуурдаг, манайд. Кока кола оруулж ирвэл ашигтай гээд хэлчингүүт бүгд кола оруулж ирдэг. Зам баривал ашигтай юм байна гээд манайхан баахан замын компани байгуулж аваад харсан газар бүртээ зам тавих гээд гүйцгээлээ. Барилгын салбар ашигтай гэнгүүт бүгд болсон болоогүй шамбий юм барилаа. Ингэхээр чинь дампуурахгүй яах юм. Төрийн бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт алга байгааг үүнээс харж болно.

Зах зээлийн нийгэмд амьдарч байгаа болохоор дампуурах нь дампуураад, босох нь босоод явах тийм л зарчим. Хэн ч чиний өмнөөс амьдраагүй. Гэхдээ дампуурлын эрсдэлийг багасгах бодлого байхгүй байгаагаас энэ бүхэн шалтгаалж байна.

-Ойрын хэдэн жилдээ эдийн засгийн төлөв байдал хэрхэн өөрчлөгдөх бол?

-Сонгуулиар улс төрийн сонголтоо зөв хийвэл сайжруулж болно. Сонголтоо хийж чадахгүй 3000 төгрөг, нэг шил архиар саналаа өгөөд байвал энэ байдал даамжирна. Миний хэлж байгаа энэ бүхэн монгол хүний төлөө юм шүү. Сайн сайхан амьдрах ёстой гэдгээ ард түмэн бүгдээрээ хүсэх хэрэгтэй. Гэтэл манай иргэд дор дороо нэг нэг гар утастай. Түүгээрээ өдөржин тоглоом тоглож, интернэтэд орж байна. Мөнгөгүй байсан ч нэг найзаараа даалгаж бааранд орж ууж иддэг. Мөнгөгүй байж машин авна гэж мөрөөдөөд хүмүүсээс юм гуйгаад л яваа харагддаг. Бүтэхгүй ч гэсэн манайхан тэгээд л яваад байдаг юм. Иргэд амьдралаа сайжруулъя гэж байгаа бол улс төрд анхаарлаа хандуул гэж хэлмээр байна. Хөгшин залуу гэлтгүй сонгуульд саналаа өг. Саналаа өгөхдөө өөрийнхөө төлөө биш улс орныхоо төлөө саналаа өг. Би хэнийг сонговол амьдрал маань сайжирчих бол оо гэдгээ бод. Түүнээс чамайг сонгох юм бол надад юу өгөх юм гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. Бидний хариуцлагагүй, бэртэгчин байдал ийм болгож байгаа болохоос нэг америк нөхөр ирээд бидний амьдралыг муу болгоод байгаа юм байхгүй ээ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөхийн тулд “Өдрийн сонин”-оор дамжуулан хэлэхэд иргэд минь улс төрийн ухамсар, соёл, хариуцлагаа дээшлүүл гэж хэлмээр байна. Сонгуульд бүгд оролцох хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид энэ нийгмийг өөрчилж, сайхан амьдарч чадахгүй.

-Сонгуулийн дөрвөн хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэйтанилцсан уу?

-Мэдэж байгаа. Иргэд сонгуулиа өгчихөөд сонгуулийн дүн гартал хэсгийн хороогоо тойроод хүлээж байх хэрэгтэй. Таны өгсөн санал үнэхээр өгсөн хүндээ очиж уу гэдгийг хар. Ардчилсан нам хүний эрх, эрх чөлөөний талаар их ярьдаг юм байна лээ. Тийм болохоор АН-ынханд найдаж байна. Бид ардчилсан чөлөөт сонгууль гэж 25 жил хашгирсан. АН-ынхан төр барьж байхдаа ардчилсан чөлөөт сонгууль явуулах боломжоо нээж өгөх ёстой. Түүнээс биш СЕХ хүссэнээ гаргаж, хүссэнээ гаргадаггүй сонгууль хийж болохгүй. Энэ чинь хүний эрхийг зөрчиж байгаа хэлбэр. Сонгуулиа нээлттэй явуулахаас юундаа айгаад байгаа юм. Нэг хэсгийн хороон дээр 1500 хүний санал тоолох л асуудал байгаа биз дээ. Энэ чинь таван минутын л ажил. Хар машинаас гадна бүх саналыг гараар тоолох хэрэгтэй. Тэгвэл энэ хардалт алга болно.

Би Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихэд сонгиночуудын 90 хувь нь надад саналаа өгсөн гэж итгэж байгаа. Л.Эрдэнэчимэг гээд хаанаас ч юм нэг аптек ажиллуулдаг эмэгтэй гарч ирээд Жагаагаас илүү санал аваад гараад ирчих юм. Энэ чинь эмгэнэлтэй биш үү. Асуудал энэнд байна.

-Гишүүн болох юу нь сайхан байдаг юм?

-Төрийн ордонд байгаад байх хүсэл алга. Миний улс төрд орж байгаа шалтгаан ухамсар бол улс орноо яаж өөрчлөх юм. Яавал энэ ард түмнийг аз жаргалтай, урт удаан насалдаг үндэстэн болгох вэ гэдэг том зорилт. Үүний төлөө л би нэр дэвшиж байгаа болохоос энэ ордонд сууж сая төгрөгийн цалин авч, чийгтэй өрөөнд хар цай уух гэж улс төрийн сонгуульд ороод байгаа юм байхгүй. Гэтэл Эрдэнэчимэг гэдэг аптекчин хүүхэн надаас илүү санал аваад гараад ирж гэнэ дээ. Бид ийм л сонгуулийн булхай дунд амьдарч байна. Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай гэж мэдэх үү.

-Мэднэ...

-Тэгвэл гүйцээ.