Дэлхийн нэр хүндтэй CNN агентлаг өнөөдрийн дугаартаа Монголын хойд хязгаарт амьдардаг цаатангуудын амьдралыг онцолж, “Сүүлчийн” нүүдэлчид буюу цаатангууд хэмээх нийтлэл бичжээ.

Нүүдэлчин соёлоороо дэлхийд гайхагддаг монголчуудын “сүүлчийн” нүүдэлчид Монголын хойд хязгаар тайгад аж амьдралаа үргэлжлүүлсээр байна. Тэднийг дэлхий нийт цаатан ард гэдэг. Харин монголчууд дархад ястан хэмээдэг.

Монголын овог аймгуудаас хамгийн цөөн хүн амтай ястан бол тэд. Жилээс жилд нүүдэлчдийн соёлоосоо “тасарч” байгаа Дархадуудын зарим нь одоог хүртэл тайгадаа амьдарч, цаа бугаа маллан, нүүдэллэн аж төрж байна.

Цаатангууд Монголын Хөвсгөлийн хойд хэсэг, ОХУ-ын Сибирийн нутагт амьдардаг. Гэвч хүүхэд залуус нь хот руу сургууль соёл бараадаж, суурьшмал нийгмийг илүүд үзэх болжээ.

Энэ талаар Харвардын их сургуулийн судлаач Хамид Сардар Абхам “Цаатангуудын соёл үхэж байна” хэмээн хэлжээ.

Учир нь одоогоос 30 жил гаруй жилийн өмнө Монгол Улсын хойд хязгаарт нэг овог аймгийн 200 орчим өрх амьдарч байсан бол өнөө үед 1000 орчим цаа буга, 40 орчим айл өрх нүүдэлчин соёлоо хадгалж үлджээ.

Зах зээлийн он жилүүдэд Дархадуудын дийлэнх нь суурин газар бараадаж, зарим нь Улаанбаатар хотод нүүн иржээ.

Үүнээс болж үлдсэн цөөн цаатангуудын дунд хоорондоо гэр бүл болох, цус ойртох явдал гарсаар Дархадуудын тоо эрс буурсан байна.

Судлаач Хамид Сардар Афхамын хэлж буйгаар “Эрс тэс уур амьсгалтай энэ нутагт цаг агаарын хувьд үнэхээр нөхцөлтэй байдаг.

Тиймээс залуучууд нь тайгад амьдрахыг хүсдэггүй.

Тэдний ихэнх нь хот суурин бараадаж, өвөлдөө дулаан байшинд амьдарч, өөрийн гэсэн машин тэрэг, унаатай болохыг хүсдэг. Өөрөөр хэлбэл, суурьшмал нийгэм цаатангуудыг устгаж байна.

Мөн тэдний амьдардаг тайгын бүсэд уул уурхай эрчимтэй хөгжиж, алт ухаж мөнгө олох гэсэн шунахай сэдэлтнүүд ихээр ирэх болсон. Засгийн газраас нь дээрх асуудлуудад дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учир цаатангуудын хүн ам эрчимтэй буурах болсон.

Хэдийгээр цаатангуудын амьдардаг тайгыг Улсын тусгай хамгаалалтай газар гэж зарласан ч ашиг хонжоо хайгчид тэр нутагт тэнүүчилсээр байгаа юм.

Мөн гадаад жуулчид нэг гэр бүлд ойролцоогоор 150 ам.доллар төлж, ан хийдэг. Ингэхдээ тайгын зэрлэг бугыг хөнөөж байгаа нь маш гунигтай байна.Энэ нь гадаад орчны нөлөөллөөс болж тайгын соёл устаж байгаа хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, байгалийн тэнцвэр алдагдаж, цаа буганууд элдэв өвчнөөр өвчилж үхэх болсон. Алс хязгаар нутагт цаа буганд малын эмчилгээ хийх боломж тун хомс. Цаа буга нам доор газар байх тусам өвчилдөг гэсэн. Цас ихтэй өндөрлөг ууланд нүүдэллэх тус өнгө орж, жавхааждаг ажээ.

Сүүлийн үед Монголд аялал жуулчлал ихээр хөгжсөн. Ихэнх аяллын компаниуд Дархадуудын төрөлх нутаг тайгад очиж үзэхийг санал болгодог. Дархадууд ч мөнгө олохын тулд байгалиа хайхрахаа больжээ.

Мэдээж бартаат замаар өндөр сарьдаг уулсын дээр гарах учраас машин техникээр явах боломжгүй. Харин мориор аялал хийх ёстой.

Дэлхийд хамгийн цэнгэг устай гэдгээрээ гайхагддаг Хөвсгөл нуур энэ нутагт бий. Тэнд цаатангуудын соёлыг харуулсан урц, эдлэл хэрэглэл, бас цаа буга байдаг.

Нутгийн иргэн, удган Энхтуяа “Бид өвөл амьдрахын тулд зун нь бууж ирж, жуулчдад соёлоо сонирхуулдаг” гэсэн юм.

Тэрбээр зуны цагт гадаад, дотоодын аялагч нарт өөрсдийн уламжлал зан заншлыг харуулахаар зуны цагт Хөвсгөл нуурын эрэг дээр нүүж ирдэг юм байна. Энэ улиралд Энхтуяа шиг амьдралаа дээшлүүлэхийн тулд тайгаас бууж ирдэг хүмүүс олон байдаг ажээ.

Орчуулсан Б.Дэжид