Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэг нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж дууссан байна.

Г.Шийлэгдамбыг бусдаас онц их хэмжээний хахууль авахыг завдсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 268.2, Г.Ганчимэгт хахууль авахыг завдсан буюу 268.2 мөн бусдад хээл хахууль өгсөн 269.1-..р яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурор руу шилжүүлжээ.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат нарт холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Эл хэрэгт холбогдсон “Өсөх урам” компанийн ерөнхий захирал М.Төмөртогоо, “Дархан АЗЗА” ТӨХК зэргийг зам тавих тендерт ялуулахын тулд Засаг дарга С.Насанбат 80 сая төгрөгийн авлига авсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусчээ.