О.НАМУУНЦЭЦЭГ

Тамхины хууль гарч хотын гудамжаар тамхи татах залуус эрс цөөрсөн. Энэ онцгүй дүр зураг ховордоход өөр нэг муу зуршил гэмээр зүйл чихэвчний хөгжим. Зөрж өнгөрөх залуус чихэвчээр ижилсэж ухаан санаа нь орчноосоо хол тасарсан явна.

Д.Жаргал 21 настай, төгсөх курсын оюутан. Тэр дуу хөгжимд дуртай. Түүний сайн "найзуудын" нэг нь iPod буюу чихэвчний хөгжим. Тэр өглөө сургууль уруугаа автобусаар 30 минут явдаг. Энэ хугацаанд орчны чимээнээс давахын тулд хөгжмөө хамгийн чанга дээр нь тохируулан сонссоор хичээлдээ орно. Заримдаа нойр хүргэсэн лекцин дээр 90 минут хөгжим сонсдог. Хичээл тараад түгжрэл дунд мөн л хөгжмөө сонссоор гэртээ харина.

Бидний хэрэглэдэг ихэнхи MP3, iPod-ны дууны дээд түвшин 120 децибель (дБ) байдаг байна. Дууны даралт ба сонсох мэдрэмж хоёрын хамаарлыг децибелээр илэрхийлдэг. Хүмүүсийн харилцан ярианы түвшин 60дБ, харин онгоц буух үеийн дуу чимээ 110дБ байдаг байна. Иймээс хөгжмөө хамгийн чангаар сонсох нь онгоц буух үеийн дуу чимээнээс их байна гэсэн үг.

Энэ тухай "ЭМЖЖ" чих хамар хоолой, сонсгол судлалын эмч Б.Энхтуяа “1990 оны үед сонсгол дамжуулах үеийн сонсгол бууралт их байдаг байсан. Харин сүүлийн үед үйлдвэржилттэй холбоотой FM, MP3, төрөл бүрийн утас гээд чихэвчээр дуу хөгжим их сонсдог, мөн хүнд машин механизм барьдаг хүмүүст дуу чимээнээс үүдсэн сонсголын мэдрэлийн хүлээн авах хэлбэрийн сонсгол бууралт (дүлийрэл) үүсэх нь ихэсч байгаа. Энэ нь эмийн эмчилгээгээр нөхөн сэргээгддэггүй, заавал сонсголын аппарат эсвэл дунгийн суулгац хагалгаа хийлгэх заалттай.Чихэвчний хөгжмийг өдөрт 30 минутаас илүү сонсох ёсгүй. Гэтэл манайхан хэдэн цагаар маш чанга дуутай сонсож байна. Энэ нь эргээд сэргэхгүй мэдрэл, сонсголын бууралт үүсгэнэ. Сүүлийн үед манайд хүүхдүүд их ирж сонсголоо шалгуулж байна. Чих нь шуугиад, сонсголын бууралт эхэлчихсэн байсан.Одоогоор манай сонсгол сэргээх тасагт хэвтэж эмчлүүлэгчид болон үзүүлсэн хүн амын 75-80% нь 35 хүртэлх насны хүүхэд залуучууд байна. Сонсгол муудах нь тухайн үедээ мэдэгдэхгүй ч нас ахих тусам анзаарагддаг” гэж ярьлаа.

ДЭМБ-ын хийсэн судалгаагаар өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэснийг тогтоосон. Үүнтэй тэмцэхийн тулд өдөрт нэг цагаас илүү хугацаанд чихэвчээр дуу сонсохгүй байх, дууны түвшнийг 60 хувиас хэтрүүлэхгүй сонсох нь зүйтэй юм. Чихээ хайрлахгүй бол чихэвчний хөгжим биш чихний аппарат таны сайн найз болохвий.

Эх сурвалж: www.polit.mn