Засгийн газрын нэг жилийн ойн дээр “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг ажлаасаа чөлөөлөгдлөө. Одоогоос жилийн өмнөх энэ өдрүүдэд Н.Алтанхуягийн Засгийн газар элэг бүтэн болж, 19 сайдын хоёроос бусдыг нь парламент дотроос шилж сонгон томилж байлаа.
 
Засгийн ажлаа УИХ-ын эрхэм гишүүдэд даатгаж, давхар дээл өмсүүлсэн шигээ улсын хөгжлийг урагшлуулах томоохон бүтээн байгуулалтын төслүүдээ УИХ-ын экс гишүүдэд хариуцуулж, олон нийтээс чамгүй шүүмж хүртэж байсан.
 
Гэвч Ерөнхий сайдын томилгоо ийм богино настай байх юм гэж тухайн үед хэн ч тааварлаагүй нь мэдээж. Засгийн газрын 100 хоногийн дараахан шинэ томилолт өвөртөлсөн экс гишүүн Ц.Сэдванчигийн хувьд “Рио Тинто” компанид алдаатай тайлбар бүхий захидал илгээснийхээ горыг амслаа гэсэн дүгнэлтүүд түүнийг ажлаа өгсний дараагаас ар араасаа цуварч байна.
 
Төрийн компанийн нэг захирал нь салбар хариуцсан сайд, тэр ч бүү хэл Ерөнхий сайдын өмнүүр хөндөлсөж, УИХ, Засгийн газрын байр суурийг илэрхийлсэн захидлыг гадаадын компани уруу толгой мэдэн илгээх эрхгүй.
 
Тиймдээ ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлын захидлын араас Уул уурхайн сайд Д.Ганхуягт залруулга бичиг явуулах үүрэг өгснөө мэдэгдсэн юм.
 
Харин өчигдөр ажлаа өгсөн Ц.Сэдванчиг дуулиан дагуулсан энэхүү захидлыг Ерөнхий сайдын зөвшөөрлөөр бичсэнээ хүлээжээ. Тэрбээр “Ерөнхий сайдын л явуул гэсэн захиа шүү дээ.
 
   Цаг хугацаа тулчихсан байсан, би явуулаагүй бол хэн нэгэн илгээх л байсан захиа. Цаг нь болохоор захидлыг задалж болно” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
 
Төслийн санхүүжилтийн нөхцөлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэсэн утгатай уг захидлын хариуд “Рио Тинто” компани “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, 1700 монгол ажилчин халагдахдаа тулаад байна.
 
Ц.Сэдванчигийг “Рио Тинто”-д Засгийн газрын өмнөөс захидал бичсэнийг УИХ-ын зарим гишүүн эрс буруушааж, дарьтай торх уруу гал шидсэнтэй адил хэмээн зүйрлэж байв. Үнэхээр төрийн компанийн удирдлагын болчимгүй үйлдэл чичиргээ үүссэн эдийн засагт ямар үр дагавар дагуулж болохыг бид бүгдээрээ мэдэрч эхэлж байна.
 
Эдийн засгийн хямралаас үүдэлтэй ам.долларын ханш 1600 төгрөгт хүрчих вий гэсэн битүүхэн айдас, хичээлийн шинэ жилтэй дөрөө харшуулж буй үнийн тэсрэлт, ирэх өвлийг яашжуухан давна даа гэсэн болгоомжлолыг хэн бүхэнд төрүүлээд байгаа нь нууц биш.
 
Хаа сайгүй төр засгаас ямар арга хэмжээ авах, дарга, сайд нарын юу хэлэхийг чих тавин чагнаж суугаа энэ эгзэгтэй үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг том төслийнхөө удирдлагыг хэн нэгнээр ядах юмгүй сольчихож байна.
 
Бичсэн захидлынх нь мөрөөр хариуцлага хүлээлгэж ажлыг нь авчихаж байна. Харин уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын орчинд үүссэн доргилтын хариуцлагыг хэн хүлээх вэ.
 
   Мэдээж орсон борооны хойноос санд мэнд цув нөмөрч, захидалд залруулга хийсэн Уул уурхайн сайд Д.Ганхуяг ч мөн адил хариуцлагаас хуваалцах ёстой. Хариуцдаг салбарынх нь томоохон төслийн удирдагч нь сайдын эрх мэдлээс дээгүүр “жаалж” захидал хүртэл илгээчихсэн байхад эрхэм сайдад юу ч болоогүй юм шиг ажил үүргээ үргэлжлүүлэх эрх бий юу.
 
Энэ захидал нэг талаар уул уурхайн салбарт хөшигний цаана өрнөж буй бидний мэдэхгүй олон зүйлийг илчлэх мэт. Нөгөө талаар Уул уурхайн сайд, том төслүүдийг хариуцаж буй албан тушаалтнууд өнгөрөгч хугацаанд нэг санаа зорилготой ажиллаагүй нь харагдаж байна.
 
Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг нар өмнөх парламентын үед Оюутолгойн гэрээг өөрчлөхийг хамгийн их дэмжсэн гишүүд. Тэр ч утгаараа нэг салбарт гар нийлж ажиллах, бие биетэйгээ ойлголцох боломж 100 хувь гэж хэлж болно.
 
Гэвч гарт нь эрх мэдэл төвлөрсөн энэ үед тэд нэг тэрэгний дугуй шиг нэг зүгт зүтгэж чадсангүй. Ц.Сэдванчигийн хэлсэнч- лэн тэр “Рио Тинто”-д дур мэдэн захидал илгээгээгүй аж. Ерөнхий сайд захидал илгээ гэсэн үүрэг өгчихөж. Харин хариуцлагыг тэр хүлээлээ.
 
Ямар ч гэсэн Ц.Сэдванчигийг ажлаас нь бушуухан чөлөөлсөн нь алдаа мадаг хаа хаанаа байсныг Засгийн газар, Ерөнхий сайд шууд хүлээн зөвшөөрсний баталгаа юм. Үүнийг үүрэг өгсөн нь биш, үүрэг биелүүлсэн нь хариуцлага хүлээдэг жишиг тогтсоны нэг жишээ ч гэж тодотгож болох юм.
 
Гэхдээ “Хэрвээ Ц.Сэдванчиг бичээгүй бол хэн нэгэн илгээх л байсан захиа” мэтээр асуудалд хандаад өнгөрөөх үү, эсвэл ганцхан Ц.Сэдванчиг гэдэг хүнд хариуцлага хүлээлгээд өнгөрөх үү.
 
Тэгээд ч “Эрдэнэс Оюутолгойн”-н экс захирал Ц.Сэдванчиг дээрх захидлынхаа талаар “Цаг нь болохоор задалж болно” гэсэн мессэж хавчуулсан нь ч хаягласан тодорхой эзэнтэй мэт санагдана.
 
Тиймээс захидал бичсэнд нь хариуцлага хүлээлгэсэн шигээ салбартаа эзэн байж чадаагүй, асуудал өрнөсний дараа араас нь залруулга хийдэг Уул уурхайн сайд Д.Ганхуяг ч огцрох ёстой баймаар.
 
 
Н.Цэцэрлэг
 
Эх сурвалж: