-ЦООХОР ИРВЭСНИЙ АРЬС, ЭД ЭРХТЭНИЙГ ХУДАЛДАХ ЗОРИЛГООР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН БОЛ ГЭМТ ХЭРЭГ БИШ ГЭЖ ҮЗЖЭЭ-

Дэлхий дахинд тоо толгой нь эрс буурч байгаа нэн ховор амьтдын нэг нь цоохор ирвэс. Манай улсын уулархаг нутаг буюу Алтайн нурууг дамнан цоохор ирвэс олон тоогоор нутаглан аж төрж байна. Гэвч цоохор ирвэсийг хууль бусаар агнах, арьсыг нь хил давуулж өндөр үнээр худалдаалах сүлжээ гэмт хэргийн тоо жил бүр нэмэгдэж байна. Дэлхийн амьтан хамгаалах сан болон төрийн бус байгууллага, хууль хяналтынхан хамтарч цоохор ирвэс агнаж байгаа гэмт хэрэгтнүүдтэй чадах чинээгээрээ тэмцэж байгаа ч хэрэгтнүүдийн нэг нь ч хуулийн хариуцлага хүлээхгүй, үйлдсэн хэргээ “сэгсэрдэг” болжээ.

Тухайлбал, Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт 2013 оны арванхоёрдугаар сард Н.Түмэннасан, Э.Балт, М.Алтангэрэл нар цоохор ирвэс агнасан хэрэг гарсныг хууль, хяналтынхан илрүүлсэн байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Бугат халиун” зоогийн газарт Хулдбаатар гэгч цоохор ирвэсийн арьс бусдад худалдаалах гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтоор 2014 оны аравдугаар сард Сэлэнгэ аймгийн харьяат Чулуунбаатар ирвэсийн хоёр ширхэг арьс хууль бусаар хилээр гаргах гэж байгаад хил гаалийнханд баригдсан байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ШШГЕГ-ын харьяа Зайсангийн хорих ангийн ойролцоо Б.Лувсанчүлтэм гэгч цоохор ирвэсийн арьс худалдаалахаар авч явах үед нь Эрүүгийн цагдаагийнхан илрүүлсэн. Говь-Алтай аймгаас мөн ирвэсийн арьс, эд эрхтнийг машинаар тээвэрлэн Улаанбаатарт авчирсэн бүлэг залуусыг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна. Энэ мэт сүүлийн гурван жилийн дотор цоохор ирвэс хууль бусаар агнасан, эд эрхтнийг нь өндөр үнээр худалдаалах гэж байсан, хил давуулан цоохор ирвэсийн арьс өндөр үнээр худалдаж авдаг БНХАУ-ын сүлжээ гэмт этгээдүүдтэй холбоотой арав гаруй хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байх юм. Гэвч цагдаагийн байгууллагынхны илрүүлсэн цоохор ирвэс агнасан, эд эрхтнийг нь худалдан борлуулахаар тээвэрлэж явсан, хилээр нэвтрүүлэх гэж оролдсон арав гаруй хэрэг бүгд прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болжээ.Өөрөөр хэлбэл, цоохор ирвэс агнасан, худалдан борлуулах гэж байсан гэмт хэрэгтнүүдийн нэг нь ч ял зэм хүртээгүй байна.

Албаны эх сурвалж “Цоохор ирвэсийг хууль бусаар агнадаг анчид хөдөө орон нутагт цөөнгүй байдаг. Цоохор ирвэсийг агнаад арьсыг нь хуулж аваад нийслэл рүү авчирдаг. Амьтны гаралтай түүхий эд худалдан авдаг ченжүүдэд арьсаа тодорхой хэмжээний үнээр өгдөг. Ченжүүд цааш нь хятадуудад хил давуулан өндөр үнээр зардаг сүлжээ бий болоод байгаа. Манай оронд мянга хүрэхгүй цоохор ирвэс байгаа гэж судлаачид тогтоогоод байгаа ч энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн гурван жилд цөөнгүй гарлаа” гэв.

Юуны учир гэмт хэрэгтнүүд хариуцлагаас мултарч, хэргээ хэрэг биш болгодог нь дараахь учиртай юм байна. Ан агнуурын тухай хуульд цоорхой байгааг цоохор ирвэсийн хууль бус наймаачид овжин ашиглах болжээ. Мөн прокурор, шүүгч нарт ч гэсэн хуулийн “цоорхой” гэмт хэрэгтнүүдтэй үгсэн тохиролцож, хэргийг нь хэрэг биш болгоход тус нэмэр болдог байна. Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл анги буюу Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих гэх заалтын 203.1-д “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг.

Гэтэл ан агнуурын тухай хуулийн 203.2-т буюу нэн ховор амьтан хууль бусаар агнасан хэрэгт хариуцлага хүлээх хуулийн заалтад “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байх ажээ. Дээрх хоёр хуулийг өнгөцхөн харахад 203.1 дүгээр зүйл ангиас 203.2 дахь зүйл ангийн ял оногдуулсан байдал, мөнгөн торгууль өндөр харагдаж байгаа. Гэвч 203.1 дүгээр зүйл анги буюу ховор амьтныг хамгаалах хуулийн заалт, 203.2 гэх нэн ховор амьтныг хамгаалах хуулийн заалтад ялаас мултарч гарах “цоорхой” байгаа гэнэ. 203.1 дүгээр заалтад “Ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан тээвэрлэсэн” бол ял шийтгэл амсаж байгаа гэнэ. Гэтэл 203.2 гэх нэн ховор амьтныг хамгаалах хуулийн заалтад зөвхөн “Нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол” хуулийн хариуцлага хүлээлгэхээр заачихсан аж. Өөрөөр хэлбэл, нэн ховор амьтны эд эрхтэн хадгалсан, худалдан авсан, тээвэрлэж явсан бол огт хариуцлага хүлээхгүй өнгөрөх боломжтой аж. Энэ нь хууль бус ангийн эд, эрхтний наймаачдад хэргээс гэмгүй мултрах боломж олгож байгаа гэнэ. Цоохор ирвэсийн эд эрхтэн өндөр үнээр худалдаалж байгаа гэмт хэрэгтнүүд дээрх хуулийн “цоорхой”-г чадварлаг ашиглаж ирсний үр дүн нь дээр дурдсан хэргүүдийн эзэд хариуцлага хүлээгээгүй үлдсэнээс харагдаж байгаа юм.

Харин цоохор ирвэсийн арьс худалдахаар авч явсан этгээдүүд “Хөдөөний бололтой хүн цоохор ирвэсийн арьс авах уу гэхээр нь худалдаад авчихсан юм. Хэн гэдгийг нь мэдэхгүй. Зүс царайг нь санахгүй байна. Хаанаас цоохор ирвэс агнасан юм бэ гэдгийг нь асуугаагүй” гээд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгчихдөг байна. Ингээд хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нар цоохор ирвэсийн арьс авч явсан этгээдийг биш үл таних анчинг эрж хайх хэрэгтэй болдог байна. Мэдээж нөгөө анчинг олж чадахгүй нь тодорхой. Ингээд цоохор ирвэсийн хэргийг прокурорт шилжүүлдэг байна. Прокурор хэргийг хянаж үзээд “203.2-т нэн ховор амьтны эд эрхтэн хадгалсан, худалдан авсан, тээвэрлэж явсан бол хариуцлага хүлээнэ гэсэн зүйл алга байна. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна” гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгочихдог аж. Улмаар шүүгч нар прокурортой адил хуулиа “дагаад” л шийдвэр гаргачихдаг байна. Хуулийн энэ мэт цоорхой заалтаас болж нэн ховор амьтад хууль бус анчдын гарт хядуулж байна. Нэн ховор амьтныг агначихсан, буутайгаа явж байхад нь тааралдаж барьж авахгүй л юм бол энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсэд хэзээ ч хариуцлага хүлээхгүй, хууль бус ан зогсохгүй гэсэн үг юм.

Э.Баатар