БЗД-ийн засаг дарга жирэмсэн эмэгтэйг зодож дарамталжээ

 

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өнгөрсөн 2012 оны сонгуулиар Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа тус дүүргийн Засаг даргаар сонгогдсон.

 

Гэтэл тэрбээр эрх мэдлийг гартаа авсан цагаасаа хойш хэтрүүлэн ашиглаж, ажилчдаа дарамталж, дур зоргоороо халж солиод зогсохгүй, эмэгтэй ажилчдаа оролдож, ажлаас нь халж, татвар төлөгчдийн мөнгийг намдаа хандивлуулж эхэлжээ.

 

Түүний эл үйлдлийг эсэргүүцсэн намын нөхдөө дарамталдаг бөгөөд өөрийнх нь эсрэг үг, үйлдэл гаргавал шууд л ар гэр, хамаатан садан руу нь халдаж, заналхийлдэг байна.

 

Гэвч эрхээ зөрчүүлсэн иргэд Авилгатай тэмцэх газар болоод шат, шатны шүүхэд хандаад ч асуудал эс шийдвэрлэгддэг учраас тэд нэгдэж “Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-д хандсан байна.

 

2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр БЗД-ийн Засаг даргын тамгын газар буюу Д.Пүрэвдаваагийн шууд удирдлаганд ажиллаж байсан 15 хүн хууль эрхзүйн туслалцаа хүссэн байна.

 

Тухайлбал, БЗД-ийн 27-р хорооны ИНХ-ын дарга Ц.Дулмааг Д.Пүрэвдаваа өөрийнх нь эсрэг тэрсэлдсэн үндэслэлээр ажлаас нь үндэслэлгүйгээр халж, эсэргүүцэхэд нь “хүн” хөлсөлж бага насны охинтой нь хамт зодуулсан байна. Гэвч түүний гомдлыг БЗД-ийн Цагдаагийн II хэлтэс хэрэгсээгүй.

 

Мөн иргэн Н.Эрдэнэ. БЗД-ийн хүүхэд, гэр бүл, хөгжлийн төвийн даргын албан тушаалтай түүнийг намын санхүүжилт олж ирээгүй үндэслэлээр жирэмсэн байхад нь зодож дарамтлаад зогсохгүй, албан тушаалаас нь бууруулж, ажлаас нь хална хэмээн байнга сүрдүүлдэг болсон.

 

Тус дүүргийн 15-р хорооны Засаг дарга асан Г.Гантуяа. Албан тушаалаа өгөхгүй хэмээн эсэргүүцэхэд нь хүн явуулж, гэрт нь хууль бусаар нэгжлэг хийгээд зогсохгүй 8 настай хүүг нь дарамтлуулж, гэр бүл салахад хүргэсэн. Ажлаа тараад харьж явахад нь машинтай хүнээр мөрдүүлсэн гэх мэт.

 

Эдгээр иргэдийн ярьсан бүгд баримт нотолгоотой бөгөөд үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд дэлгэхэд бэлэн гэдгээ тэд мэдэгдэж байгаа аж.

 

 

Эх сурвалж :