ОХУ-аас импортолж байгаа гурил цацрагийн бохирдолттой байж болзошгүй талаар Гурил үйлдвэрлэгчдийн холбооноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсаны дагуу төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийжээ.

Энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 27-ны өдрүүдэд гурил импортлох зөвшөөрлөө ХХААЯ-наас авсан нэр бүхий найман аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулсан байна.

Аж ахуйн нэгжүүдийн импортолсон гурилнаас дээж авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд орууллаа. Ингэхэд мэдрэхүй, цавуулаг, чийглэг, үнслэг, хүчиллэг, төмрийн хольц, хар тугалга, кадьми, нийлбэр афлатоксин, хортон шавьж, хачиг, тэдгээрийн өндөг авгалдай, салмонелла, колиформ зэрэг шинжлэгдсэн үзүүлэлтүүдийн хүрээнд “Буудайн гурил. Техникийн ерөнхий шаардлага” MNS 0244:2009 стандартын шаардлага хангасан байна. Цацрагийн лабораторийн шинжилгээгээр цацрагийн бохирдолгүй байгаа нь цацрагийн аюулгүй норм (ЦАН-2015)-ын шаардлагад нийцсэн байна хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.