“Өртэй хүн өөдөлдөггүй өрөө төл” хэмээн тун удахгүй таны татварын өрийг эелдгээр сануулах үүднээс тань руу утас цохихоор болсон байна. Учир нь Монголд татварын өрийн дуудлагыг төв байгуулахаар болсон талаараа Гааль, татварын ерөнхий газраас мэдэгдсэн юм. Татвар ч гэлтгүй гаальд өртэй бол өдрийн цагаар тань руу өрөө төлөх хугацаа болсон шүү хэмээн утас цохих гэнэ. Уг төв байгуулагдсанаар татвар төлөгчийг хуулийн хугацаанд татвараа төлөх боломжоор хангаж, хууль зөрчих эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой. Нөгөө талаас татвар зохих хугацаандаа төлөгдөх нь Монгол Улсын төсвийн орлогын суурийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.

Монголд татварын өрийн дуудлагыг төв байгуулахаар болсон талаараа Гааль, татварын ерөнхий газраас мэдэгдсэн юм.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж, аж ахуйн нэгжүүд НӨАТ-тай бараа бүтээгдэхүүн өгч та бид тасалбараа цуглуулж, халаасаа тэмтрүүлж эхэлсэн. Тэгвэлдараагийн татвараар дарамтлах бай нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүд байх төлөвтэй. Тэдний татварын өр Татвар, гаалийн газрын нийт өрийнх нь 70 орчим хувийг бүрдүүлдэг байна. Иймд улсад ямар нэгэн өглөгтэй бол татварын дуудлагын төвийн хараанд өртөж, өдөр шөнөгүй тань руу утас цохих нээ. Дээрх дуудлагын төвд ажиллах хүмүүсийг дадлагажуулж байгаа бөгөөд хоёр сарын дараагаас ашиглалтад орох гэнэ. Японы ЖАЙКА буюу Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас эл дуудлагын төвийг байгуулахад дэмжлэг үзүүлсэн байна. Улмаар албаныхан Японд очиж сургалтад хамрагдаж, өрийн дуудлагын төвтэй нь танилцсан гэнэ. Энэ дагуу дуудлагын төвөө байгуулахад программ хангамж, хүний нөөц, журам боловсруулахад тус байгууллага дэмжлэг үзүүлэх гэнэ.

улсад ямар нэгэн өглөгтэй бол татварын дуудлагын төвийн хараанд өртөж, өдөр шөнөгүй тань руу утас цохих нээ

Т.Буянаа