Бибээр, З.Энхболдын ѳмгѳѳлѳгч, магтан дуулаачын аль нь ч биш, тийм шаардлага ч мань мэтэд байхгүй гэдгийг эхлээд хэлэхгүй бол болохгүй. Хувь хүн талаас нь түүнийг мэдэх ч үгүй, яахав, хумсаа хүртэл нууж явахаас аргагүй, дээр нь бодол санаагаа шулуухан хэлчих хүн дефицит болчихсон энэ гажуу цаг үед, нял шал гэлгүйгээр, эмоцио хүртэл нуулгүйгээр хэлэх юмаа шуудхан хэлчихээд байгаа тал нь зүгээр ч юмуу гэж бодогдож явдаг тал бол бий. Гэхдээ тодорхой улс тѳрчид чиглүүлэн нэг хүний тухай бичмээргүй байна, үйлдлийх нь тухайд л санаа оноо нэмэрлэе гэж бодсоноо нуух юун. Тѳрийн том хүний үг бол үндсэндээ үйлдэл. Тѳрийн ѳндѳрлѳгүүдийн зүгээс улс орныхоо хѳгжил, хувь заяа, ойрын ирээдүйн талаар юу бодож явдгийг анзааран судлах сонирхол бол хэн хүнгүйд л байдаг байх, түүний л нэг цэг хэмээн соёрхцгооно уу!

 

Тэргүүний малчдын Улсын Зѳвлѳлдѳѳн ( Зѳвлѳгѳѳн биш) дээр, УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг анзаарахгүй ѳнгѳрч чадсангүй. Анхаарал татсан гойд зүйл нь гэвэл, ѳнгѳрсѳн 25 жилийн туршид, эдийн засгийн хѳгжлийн стратегийн талаар концепцын ноцтой алдаа гаргаснаа хүлээн зѳвшѳѳрч, шинэ концепци дэвшүүлэн тавьсан дээд удирдлагын тѳвшингийн анхны улс тѳрчѳѳр тэр гарцаагүй тодорлоо. Тѳрийн чухал хүний хэлсэн үгийг судлаж, танин мэдэхүйн үндэслэлүүд ашиглан тайлбарлал хийхийг интерпретаци гэдэг. Түүний хэлсэн үгэнд, мэргэжилдээ дулдуйдан бичил интерпретаци хийхийг оролдож, зарим газар нь ѳѳрийн үгээр хачир нэмэрлэн нийтлэл болгон толилуулав.

 

Таван хошуу малын тухай концепцийн үндэслэл

 

Энэхүү концепци нь малын тухай байдаг л нэг асуудал дэвшүүлсэн үзэл баримтлал тѳдий зүйл биш юм шиг байна. Гахай, шувуу оруулаад 7 хошуу малтай болъё, бэлчээрийн хэлбэрээс суурин фермерийн аж ахуй руу зоригтой шилжье...гээд янз янзын л зорилт дэвшүүлцгээдэг байсан. Гэтэл энд бол арай л том зураглал, макро эдийн засгийн хѳгжлийн тэргүүлэх салбарын асуудал хѳндѳгдлѳѳ гэж ойлгогдож байна.

 

Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар юу вэ гэвэл УУЛ УУРХАЙ хэмээн хэнбугай ч тѳвдѳхгүй хариулна. СТРАТЕГИЙН ОРД гэх чамин цолтой энэ салбарыг би хэдэн ч удаа ТОЛИН ТУСГАЛТ ( situs inversus) гаж салбар хэмээн хүчтэй шүүмжилж байсан. Харахад их гоё, үр дүн нь толины тусгал шиг урвуугаар буудаг болохоор нь тэр, борлуулалт шүтсэн, зах зээлийн үнэнд боолчлогдсон л салбар л даа хѳѳрхий. Ийм салбарт, СТРАТЕГИЙН гэх сүрхий нэр ѳгч тэргүүлэх салбараа болгон ѳргѳмжилсѳн нь 25 жилийн түүхийн үнэхээр том алдаа байсан, ард нь олигархиуд байгаа болохоор зориудын алдаа гэх нь дээр байх. КОНЦЕПЦИГҮЙН АЛДАА http://sonin.mn/blog/tserenkhuu/57344

*...нэг хэсэг хугацаанд зѳвхѳн уул уурхай дээр түшиглээд хѳгжчихнѳ гэж хѳѳрцѳглѳж явлаа*. ( З.Энхболд).

 

Улс орны онцлогоор, уул уурхай мэдээж цаашид ч гэсэн чухал салбар болон үлдэх нь дамжиггүй, харин тэргүүлэх ч гэдэг юмуу суурь салбар гэхээр хѳнгѳн үйлдвэр, МАА 2-ын аль нэгийг сонгохоос ѳѳр гарц байхгүй л дээ. Энд нэг логикийн юм ажиглагдаад байгаа, юу вэ гэхээр, хѳнгѳн үйлдвэр дагуулж МАА хѳгжүүлэх амаргүй, харин МАА- н хүрээнд хѳнгѳн, хүнсний аж үйлдвэр хѳгжүүлэх бол бүрэн боломжтой. Тэхээр, МАА-г суурь салбар гэж тѳрийн бодлогын тѳвшинд зарласан нь санамсаргүй зүйл биш, цаг, орон зайгаа онож олсон концепци. ЭНЭ БОЛ АРГАГҮЙ ТОМ КОНЦЕПЦИ.

* Сүүлийн жилүүдэд, дэлхийн зах зээл дээр бий болсон уул уурхайн түүхий эдийн үнийн уналт манай эдийн засагт хүчтэй цохилт болж, бидэнд хѳгжлийн талаар нэгийг бодогдуулж, дан ганц уул уурхайд суурилсан эдийн засагтай байж болохгүй гэдгийг хатуу ухааруулж байна...Монгол Улсын хѳгжлийн үндэс нь хѳдѳѳ аж ахуй, ялангуяа мал аж ахуйн салбар байна гэдэг үзэл баримтлалыг Ардчилсан намаас тѳрийн бодлого болгон дэвшүүлж байгаа*. ( З.Энхболд)

 

МАА БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ САЛБАР МѲН гэж тѳрийн бодлогын хэмжээнд тунхаглах хэд хэдэн үндэслэл байгаа аж.

 

1. МАА бол монголчуудын соёл, аж ахуй эрхлэлтийн ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ.

* Монголчууд бид хэдэн мянган жилийн ѳмнѳѳс бэлчээрийн мал аж ахуйгаа эрхлэн амьдарч ирсэн баялаг уламжлалтай ард түмэн. Дэлхийг эзэлсэн гүрэн улс байгуулан удирдаж явахад ч монгол малын ач тус байсан...монголчууд бид буянт малыхаа хишгийг хүртэж амьдардаг ард түмэн юм*. ( З.Энхболд)

 

2. МАА- н хѳгжил нь бусад салбар хѳгжих суурь, хѳрс нь болон үйлчлэх боломжтой. * ... монголчууд бид мал аж ахуйгаа хѳгжлийн үндэс болгох учиртай*. ( З.Энхболд).

 

3. Монголчуудын нилээд хэсэг нь шуудаар, үлдсэн хэсэг нь шууд бусаар МАА-тай холбогддог. Мах иддэггүй монгол хүн олоод ир гэвэл огт хоол иддэггүй хүнийг эрсэн нь хялбар байлгүй дээ. Хотод амьдардаг ч гэсэн сэтгэл зүрхээрээ хѳдѳѳд тэмүүлж л байдаг үндэстэн. Энэ утгаараа МАА-г эрчимтэй хѳгжүүлэх нь монголын ард түмний амьдрал дээшлэхэд эерүү нѳхцѳл чирж ирнээ л гэсэн үг юм.

* Хѳдѳѳ аж ахуй бол хүн амыг хүнсээр хангадаг чухал салбар болохын дээр олон хүнийг ажлын байраар хангадаг.Энэ салбарыг хѳгжүүлэх нь олон айл ѳрхийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн ѳсѳлтийг хүртээмжтэй болгодог...Хѳдѳѳ аж ахуй бол манай улсын нийт ажиллах хүчний дѳрѳвний нэгийг багтаадаг, нийт ѳрхийн тал илүү хувь нь энэ салбараас хамааралтай амьдардаг эдийн засгийн томоохон салбар... олон мянган монгол айлын орлого нэмэгдэнэ*.( З.Энхболд).

 

4. ХАА-г хѳнгѳн хүнсний үйлдвэрлэл хѳгжих суурь бүтэц болгох нь илүү ашигтай гэдэг нь гаднын туршилт, туршлагаар ч нотлогдсон зүйл.

* Ялангуяа аж үйлдвэржилтийг амжилттай хѳгжүүлсэн Азийн орнуудын жишээг харахад эхлээд хѳдѳѳ аж ахуйн салбараа онцгой анхаарч. хѳгжлийн гараагаа эхлүүлжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улс эдийн засгаа хурдан босгохын тулд юуны түрүүнд газар тариалангийн салбараас эхлэн эрчимтэй шинэчлэлээ эхэлсэн байна. Тѳрийн нэгдсэн бодлогоор ХАА үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлснээр, хүн амых нь орлого нэмэгдэж, дотоодын зах зээл нь томорч бэхжсэн байна. Энэ нь аж үйлдвэрийн бусад салбарыг хѳгжүүлэх үндэс болж улмаар Япон Улс дэлхийд тэргүүлэгч болсон байна.Ѳмнѳд Солонгос, Тайвань, Хятад зэрэг Азийн бусад орны хувьд ч Японтой тѳстэй замаар явж амжилтанд хүрчээ*. ( З.Энхболд).

 

5. Монголын уламжлалт МАА- н давуу тал нь бэлчээрийн ургамалд л байгаа юм. Мал сѳл хѳѳж, сорчилж иддэг ургамалууд дээр голчлон анхаарч, манай судлаачдын зүгээс Орос, Буриадын эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгааны үр дүн үүнийг нотлон харуулдаг. Энэ давуу талыг ашиглан эдийн засгаа ѳѳд нь татаад авах нь монголчуудын хувьд чимээгүйхэн ѳнгѳрѳѳчихѳж боломгүй заяагдмал боломж.

* Монгол бол дэлхийд ховорхон байдаг бэлчээрийн мал аж ахуйтай орон. Тиймээс энэ онцлогоо давуу тал болгон ашиглах ёстой. Монгол орон байгаль, цаг уурын эрс тэс нѳхцлѳѳрѳѳ дэлхийн бусад газар нутгаас ихээхэн ялгаатай. Үүүнээс улбаалан монгол нутагт ургадаг ѳвс ургамлууд ч онцгой шинжтэй байдаг. Онгон зэрлэг байгаль дээрээ аргаль, янгир г.м. зэрлэг амьтадтай адил ѳвс ногоо иддэг тул монгол малын мах онцгой амт чанартай гэдэг нь нэгэнт шинжлэх ухаанаар батлагджээ. Энэ давуу талаа ашиглаад ѳндѳр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилтыг дэвшүүлж байна*. ( З.Энхболд).

 

Энэ дашрамд ѳгүүлэхүйд, байгалийн хүнд нѳхцѳлд онцгой чанарын ургамал ургадаг нь үндэслэлтэй зүйл. Францын Кристиан Диорын үндсэн түүхий эд гэгдэх тосыг Сахарын цѳлд ургадаг ховор цэцэгнээс гаргаж авдаг. Хулан, тахь гагцхүү монголын говьд л үржинэ. Германчууд монгол адуу авааччихсан, Мюнхений ойролцоо ѳсгѳн, яаж ч оролдоод айраг гаргаж чадахгүй байна. Тэр фермер монгол ажилчидтай юм билээ. Айраг, гадаад улс оронд бүү хэл монголын зарим аймаг, нутагт ч эсэхгүй байх нь бий г.м. ийм жишээ үй түмээр нь дурдаж болно.

 

Концепцын нийгэм зүйн тал

 

Тал гэх юмгүй, МАА-г тэргүүлэх салбар болгоно гэсэн концепци нь ѳѳрѳѳ нийгмийн асуудлыг бүхэлд нь хѳндѳж байна. Нийгмийг хѳдѳлгѳх том хѳшүүрэг бол ТАТВАР. Малчдыг татвараас чѳлѳѳлѳх арга хоцрогджээ гэдгийг онцлон дурдая,...бид татвар тѳлѳх эрхгүй хүмүүс үү...гэсэн асуулт малчин хүний амнаас гарч байсныг санацгааж байгаа. Энэ бол улс тѳрчдийн сэтгэлгээ хѳдѳѳ нутгийн малчин хүний тэмүүллээс ч доогуур тѳвшинд байгааг харуулсан бодит жишээ. ХАА- н ТАТВАР гэсэн эрх зүйн шинэ орчин үүсгэх цаг, шаардлага болон орж ирж байна.

 

Малын таваарлаг чанар

 

МАА-д нэмүү ѳртѳг үүсгэх таваарын ѳргѳтгѳсѳн нѳхѳн үйлдвэрлэл босгон, түүнийгээ эрчимжүүлэхгүйгээр энэ бодлого хэрэгжих боломжгүй.

*Бэлчээрийн мал аж ахуйтай орчин үеийн фермерийхээ менеджментийг мѳн хослуулж хѳгжүүлэх нь зүйтэй*. ( З.Энхболд).

Энэ том зорилтыг дан ганц эдийн засаг талаас нь хараад бүтэмж муутай. Хуучнаар ажиллах хүчний нѳхѳн үйлдвэрлэл гэдэг байсан, одоогоор бол хүний нѳѳцийн тасралтгүй нѳхѳн үйлдвэрлэлийг чанартай хийх ёстой. Залгамж халааг алдаж болохгүй, үүний тулд анхаарлын голыг хүн рүүгээ чиглүүлэх ёстой. Энэ бол дан ганц малчны тухай асуудал биш, бүхэл бүтэн нийгмийн томоохон бүлэг дархаргын асуудал юм. Энд дан ганц халамжийн бодлого явуулаад, эсвэл тэртэй тэргүй тѳлдѳггүй татвараас нь чѳлѳѳлнѳ гэж яриад нэмэр болохгүй, харин нѳхцѳл, амьдралын орчин бүтээх хүрээнд бодох ёстой зүйл. МАЛЧИН гэдэг ерѳнхий нэршлийг халж, МАА-н ажилчин, мэргэжилтэн категорид хамруулан, цалинтай, татвартай, хариуцлагатай хѳдѳлмѳрчид бойжуулан гаргаж ирэх ёстой.

* Малчин хүний ажил хѳдѳлмѳрийг мэргэжлийн болгож,...орчин цагийн менеджмент нэвтрүүлсэн мэргэжлийн түвшинд гаргах хэрэгтэй*. ( З.Энхболд)

 

Нэмэрлэх санаа оноо

 

Монголчууд мал маллахаа мэдээж хэнээр ч заалгахгүй, гэхдээ МАА-н бүтээгдэхүүнийг тавааржуулах тал дээр үндэсний болоод гадны шинжлэх ухааны байгууллагууд, судалгааны институтүүдтэй нягт хамтран ажиллах ёстой. Тэдэнд, санаанд оромгүй том дэвшилд хүргэх боломжууд бий, эрүүл ахуйн инститүци босгохоос эхлээд дангаар шийдчихэж чадахгүй мэдээж юм гарч л таарна. Манай судлаачид ч гэсэн малаа мэдэхгүй гэх биш, гоё гоё идеа зѳндѳѳ л гаргана, надад ч бас ѳѳрт бодогдож явдаг, хэлчихмээр ганц нэг юм байна.

 

1.Малаас гарах түүхий эд, эцсийн бүтээгдэхүүнд нэмэгдүүлсэн ѳртѳг аль болохоор, боломжоор шингэж явах ёстой, тэгж гэмээ нь мал аж ахуй бүхэлдээ таваарлаг болж чадна. Амиа аргацаасан арга, эрчимжсэн технологийн шинэчлэлд гологдоно. Орос монголын эрдэмтэд мал, малын бэлчээрийн даац, ургамлыг хангалттай судалсан. МАА-г тэлэх биш эрчимжүүлэх шаардлага судалгааны дүгнэлтүүдээс гарсан байдаг. Бүтээмжийг ѳсгѳх чиглэлээр эрчимжүүлэх нэг хэрэг, харин бүтээгдэхүүнийг тавааржуулах эрэл хайгуул хийх нь орчин цагийн хамгийн чухал зорилт ч байж мэднэ.

 

2. МАА- н бренд бүтээгдэхүүнээр дэлхийд гарах ёстой. Мэдээж ийм боломж байгаа, учир нь манай бэлчээрийн малын мах, сүүний найрлагийн шимт бодис бусад улс орнуудыхаас хавьгүй ѳндѳр байдаг, энийг тулгуур үзүүлэлт болгоод цааш явах ёстой байх л даа. http://sonin.mn/blog/tserenkhuu/54805 Итали, Франц зэрэг гоо сайхны бараа үйлдвэрлэлээр дэлхийд хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн орнууд манай адууны махыг их авдаг, яагаад? Бас европын ѳвлийн спортын хамгийн дуртай тэмцээн бол цана, трамплин. Тамирчид дотуураа ноолууран трико ѳмсдѳг, Италийн хувцас хүнд, эдэлгээ муутай гэж олимпын мультмедалийн эзэн, дэлхийн 4 удаагийн аварга А.Малышийн ярьж байхыг сонссон юм байна. Яагаад сонирхож болохгүй гэж?

 

3. Гаднын туршлага, ялангуяа нанно ѳндѳр хѳгжчихсѳн Австрали зэрэг орноос бэлэн аваад хэрэгжүүлчихмээр туршлагыг шууд л нэвтрүүлмээр байгаа юм. Ганц жишээ хэлье. Австралиас хонь ачаад гарсан хѳлѳг онгоцон дээр жижиг үйлдвэрлэл явагдаж Япон, Африкийн Мaрокко зэрэг орнуудад хүрэхдээ, бэлэн нанно бүтээгдэхүүн, бордоо буулгаад буцдаг гэсэн. Манайх Увс, Ховдоос сүү ачиж гараад УБ-д савалсан сүү буулгадаг, мах ачиж гараад, зуур аймгуудад түүхий эдийн нѳхѳн бэлтгэлээ хийсээр, үйлдвэрлэсээр УБ, Дарханд консерв буулгадаг суурин бус жижиг үйлдвэр TIR ашиглаад хийчихэж яагаад болохгүй гэж?

 

4. МАА- н дистрибүтoр ( distributor), брэнч ( branch) жижиг үйлдвэрүүдийг үй олноор нь нэээх. Энэ хоёр тѳрѳл бол менеджментийн нэг л чиглэл. Дистрибүтор жижиг үйлдвэрүүдийг Орос, Хятад, Япон, Франц, Герман гээд манайхаас МАА- н бүтээгдэхүүн импортлох сонирхолтой орнуудад байгуулна гэсэн үг. Гададад суугаа иргэдээ энд ашигласан ч болно. Брэнч үйлдвэр гэхээр нэг л деталиар тѳрѳлждѳг хэлбэр их моод болж байгаа юм байна. Дэлхийн брэндийн хувцас үйлдвэрлэдэг том пүүсийн нэг л тѳрлийн товчийг үхрийн эврээр хийнэ гэдэг ч юмуу. Саяхан Польшийн нэг брэнч жижиг үйлдвэрийн тухай нэвтрүүлэг гарч байсан, Францын байлдааны онгоцны ганцхан диодыг хийдэг юм билээ, түүхий эд нь зѳвхѳн Польшид л байдаг, тогмол ѳндѳр орлоготой. Тоёото машины ганцхан деталийг УБ-т хийдэг жижиг үйлдвэрийн эзэн Долгормаа гээд залуутай танилцан ярилцаж байсан. Ийм брэнч үйлдвэрүүдэд борлуулалтын зах зээл эрэх шаардлага байдаггүй давуу талтай. Мѳн эх үйлдвэрээс нь технологийн шинэчлэлийг их шуурхай хийдэг юм билээ. Энэ бол МАА-д хамгийн тохиромжтой менеджмент.

 

Малдаа сүнсгүй хайртай монголчуудад, МАА-гаа ѳѳд нь татна гэхээр Америкийн ямар ч гайхамшигуудтай зүйрлэхийн ч аргагүй ойр, дотно, дулаан бүлээн санагдаж байна. Улс тѳржүүлэлгүй, сонгуулийн ШОУ моу гэж харлуулалгүй, эхнээс нь тодорхой концепци, эдийн засгийн эх үүсвэртэй чиглэл гаргаад, түүнээ баримтлаад олноороо хэлэлцээд, бултаараа бодоод зүтгэцгээвэл боломжийн л бодлого гэж санагдаж байна. Гэхдээ ѳнѳѳдѳр ҮГИЙГ, ҮЙЛДЭЛ БОЛГОХ л юунаас ч чухал байна даа. ҮЙЛДЭЛ болгохын тулд давын ѳмнѳ ЭС ҮЙЛДЭЛ гэж тийрэнгээс салах, мѳн ЭВ НЭГДЭЛ гэгчийг бүх шатанд эргүүлэн тогтоомоор байгаа юм. Газраа ухаж жаахан юм гаргаа л их мѳнгѳ бэлнээр ороод ирдэг юм шиг фикүс үзэгдэл харагдуулаад байдаг уул уурхайд ХОЙШОО БАЙ гэж хэлэх цаг нь болсоон. Учиртай 3 Tолгойгоос болж тѳрийн 3 ѳндѳрлѳг нь хүртэл хоорондоо таарч нийцэхээ болилоо, зарим нь ДАЙН ЭХЭЛЛЭЭ гэж хүртэл хэлсэн. Таван толгойн тѳлѳѳх цусгүй дайнд хамгийн түрүүнд энгийн ард иргэд л хоморгонд явчих нь ойлгомжтой. Улс тѳрчид ѳѳ!, одоо больцгоох цаг нь болжээ. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй шүү дээ! ЖУДАГТ МОНГОЛ хѳдѳлгѳѳнд ард түмэн их найдвар тавьж байх шиг байна, экстремист тал руугаа хандчихаас, бас хагаралаас л болгоомилмоор харагдаж байгаа гээд илүү үг тээчихье!

 

Социологич, эдийн засагч И.Цэрэнхүү