С.Зоригийн аллагаар Монголын ардчилал онгоноо хүчиндүүллээ гэж америкчууд хэлж бичсэн нь хөнгөн шоглол, хийсвэр зүйрлэл бус, уршигтай үг, нухацтай дүгнэлт байжээ. Хүчиндүүлээд янхан ардчилал болчихсон нь одоо нэгэнт маргаж мэтгэх зүйл тэгтлээ биш байх.

 

С.Зоригийг таньж мэдэхгүйтэй адил, гэхдээ таньж мэдэх хэрийн зүйлээ түрүүчийн удаа бичсэн тул энд давтан нуршихгүй. 1996-1998 онд үйл явц алсуураа нэг л буруу тийшээ эргэж, шинж чанар нь наагуур цаагуураа хувирсан гэвэл маргаж болно. Гэвч нарийн ширийнийг нь үүх түүхчлэн хөөж үзэхүл нэг юм харагдахдаа л харагдана. Үйл явцад буруу зөв бүхэн л тохиолдоно. Энэ бол ердийн хэрэг, бага хэрэг. Ноцтой зарим алдаа дутагдал тохиолдож байсны жишээг ч дурдаж болно.

 

С.Зориг бухимдалтай явсныг би мэднэ. Угтаа хэнэггүй төрхийн энэ хүний бухимдсан шалтгаан нэлээд гүнзгий учиртай байжээ гэмээр. Үйл явцын дотор нь, үүр уурхайн гүнд нь байсан хүн шүү дээ. Ямар нэг шийдвэрлэх арга хэмжээ авах талд л ярьж явсан хүн. Би гайхаад л өнгөрсөн удаатай. Юун хамаагүй ярьдаг юм бэ дээ гэсэн сэтгэгдэл төрснөө санаж байна. Түүний хувьд би бол нүүр таних, зүс мэдэх төдий хүнээс цаашгүй. Өөрийнхөө улс төрийн хүрээлэлд бол илэн далангүй л байсан болов уу. Тэр хүрээлэлдээ аюул болох дайсан харагдаагүй гэх газаргүй.

 

Улстөрчийг алах нь улс төрийн аллагаас өөрөөр харагдах номгүй. Энэ тухайд урьд бичснээ давташгүй. Товчдоо, Б.Булганы анхны мэдүүлгийн тухайд ерөнхийдөө хэвлэлээр ил болсон зүйл. Энэ мздүүлэгт итгэж үнэмшсэн нь олон нийтийн хувьд цөөхөн дөө. Авцалдаа тун муутай. Булган * юу гэх нь нэгхэрэг, цагдаа авцалдаагүй юм яриад байх нь өөр хэрэг. Цагдаа ч санаа зовсондоо авцалдаа олохоор Б.Булганыг байтугай, Э. Бат-Үүлийг баривчилсан удаатай. Олон жил өнгөрлөө.

 

Ямар ч тохиолдолд Б.Булган зөвхөн гэрчийн оролцоотой. Гэрчээс цаашгүй. Гэрч боловч үнэмшилгүй мэдүүлэг өгсөөр насыг барваас өөрт нь хохиролтойг Б.Булган эцэст нь ухаарах хэрийн хүн байж болох. Үнэн мэдүүлэг өгье гэж мэдэгдсэнээр цагдаа баривчилсан байх магад. Шинэ мэдүүлэг нь түрүүчийнхээс хамаагүй ноцтой байж таарна. Ноцтой нь цагдаа, тагнуулыг улс төрийн талаасаа эвгүй байдалд оруулахуйц байхыг үгүйсгэхгүй. Цагдаа, тагнуул сөрөг цохилтонд орохгүйн тулд хэвлэлд нууцаар хандаж, олон нийтийн хамгаалалт эрэлхийлэхээс өөр замгүй. Тэгээд ‘‘Ноцтой Мэдээ”-нд үнэхээр ноцтой мэдээ нийтлэгдсэн. Хэрэг илэрсэн гээд хэргийн газарт болсон үйл явдлыг зурагласан. Тэр зураглалд үнэмшвээс асуудал бүр ноцтой эргэх байдал харагдана. Энэ нь цагдаа, тагнуул, сонин гэх гурван этгээдийн хувьд осолтой эрсдэл. Ямар боловч ҮАБЗ-д яаралтай хүрч учраа олохоос өөрцгүй. Хэвлэлээр тараад хүлээлт үүсгэсэн юмнаас ҮАБЗ татгалзаж чадахгүй.

 

Гэхдээ “Маш нууц” гээд хааж гацаахаа эрхбиш мэднэ. Өөр арга чарга үнэндээ олдохгүй. Маш нууцын зэрэглэлтэйгээр хичнээн ус урсахыг хэн мэднэ. Нууц нь задраад дууссан нь бага хэрэг. Монголд хэрэг тун амархан мартагддаг. Сөрөх тагнуулын газрын дарга хурандаа нь нэг германыг алаад мөнгийг нь авчихсан гээд байсан атал нөгөө герман нь 10 жил айлд байсаар нас барсан нь олдсон. Энэ хэрэг явдал саяхных боловч одоо санах хүн байхгүй. Харин С.Зоригийн аллага, холбогдох шинэ мэдээлэл нь үлэмж илүү анхаарал татах учраас анхаарлыг сарниулж мартагнуулах сөрөг үйл ажиллагаа хүчтэй явагдана. Өөр чиглэлээр хоморголон баривчлах компанит ажил явуулах нь яавч сайн арга. Хүний тоо гүйцээхийн тулд хөхүүл хүүхэдтэй эмэгтэй ч өртөнө. Ингээд “Маш нууц’’ хэрэг нь хэвлэлд мартагдах тийшээ болов. Мартаж чадахгүй нь шаварт унасан шарын эзэн ганц “Ноцтой Мэдээ”. Хожим цагдаа, тагнуул амиа тээж гарахдаа шар сониныг золиослох нь гарцаагүй.

 

Үйл явц нь дараах байдлаар төсөөлөгдөнө. Гэрч Б.Булган өдий олон жил битүү шаналж зовохдоо эцэст нэг юм ойлгохгүй гэх газаргүй.Сэтгэлээ онгойлгож шинэ мэдүүлэг өгснөөр түүнд гай хор болохгүй. Гэрч хүн гэрчээрээ л үлдэнэ. Хугацаа алдаад ч болов үнэн мэдүүлэг өгсөн гэрчтэй ял хэлэлцэхгүй нь олон улсын практик. Хэрэг хуучирдаггүйн нэг нөхцөл энэ. Шинээр мэдүүлэг өгье гэхээр нь цагтаа, тагнуул хорьж байцаахаас өөр яахав. Энэ бүхний санаачлага нь эхнээсээ Булганых. Мэдүүлгийнх нь шинж чанарыг мань нөхдүүд урьдаас таасангүй. Гэтэл мэдүүлэг нь улс төрийн талаасаа туйлын ноцтой юм байж таарсан. Цагдаа, тагнуул цочирдоно. Ийм юм руу орчихсон нь цагдаа, тагнуулын санаачлага мэт харагдана.

 

Энэ нь улс төрөөр учир тоймгүй ханхална. Одоо яахав? Цагдаа, тагнуул хуйхтай толгойгоо маажна. Байгаа дээр нь сайн маажихгүй бол хожим байхгүй дээрээ тулна. Ядаж яаравчлаад Булганаас гадна хоёр хүн барьчихсан байдаг. Галт тэрэг хөдлөөд аяны хурдаа авчихсан гэсэн үг. Стоп-кран татаж зогсоогоод буцаая гэтэл бүр том ослын эрсдэлтэй. Араас нь хөдөлсөн олон нийтийн галт тэрэгтэй мөргөлдөөд бүх юм будаа болно. Ямар боловч нэг ийм юм болчихоод байнаа, таминь ээ, гэдгээ олон нийтийн галт тэргэнд шар сониноор мэдэгдвээс хожим аминд нь тустайг сэтгэхэд хэцүү биш байх. Чингээд олон салаа мөчирт үйл явцын солбилцолд нэг сонин санаатай санамсаргүй орж, үйлийн лайгаа хураахаас өөрцгүй. Сонин нь тэнэг байх албагүй тул асуудлыг өндөр авахуулж байж л төөргөө харъя гэх нь зүйн хэрэг.

 

Ингээд ҮАБЗ хүчээр барьцаалагдана. Хэргийг хэргээр нь шийд гэхүл улс төрийн тэсрэлт нүүрлэнэ. Энэтэсрэлтийн цохилтын долгионд олон бүтэц нурна. Наадхыгаа огтоос орхи гэхүл цагдаа, тагнуул нь нэгэнт хөдөлчихсөн галт тэргэндээ дайруулж амиа хорлосонтой адил тул тэгж дуртай сайхандаа золиослогдох нь юу л бол. Уг нь орхимоор байдаг. ҮАБЗ-өөс “Маш нууцал" гэдэг бол хэргийг хав дараад байж бай, тэр болтол лай ч бий, зай ч бий гэсэн л үг. Огт холбогдолгүй өөр зүг чигт дайчлан баривчилгаа хоморголон явуулахад анхаарал тийшээ л хандаж, түрүүнд ямар галт тэрэг хаашаа хөдөлснийг мартаж орхино. Тэр хооронд Б.Булганы шинэ мэдүүлгийг буцаалгаж чадвал болох нь тэр. Ингээд лай ланчиг дахиад Булганд ирнэ.

 

Одоо Б.Булган чухам ямар мэдүүлэг өгсөн байх ёстой вэ гэдэг тун төвөгтэй хүнд асуудал. Ухаан зарах юм бол энэ. Чи одоо ингэж мэдүүл гээд зааж өгөх гэхээр цагдаа, тагнуулынхны толгойд олигтой юм орно гэхэд хэцүү. Маш хэцүү логик бодлого. Агата Кристи авгай ч ийм зохиол бичиж чадахгүй байсан болов уу. Булган болохоор, заагаад өгөөч гэж буй байх. ҮАБЗ, цагдаа, тагнуулаар буланд шахагдсан Булганд гарц байхгүй. Үйл явцын хөлд нь чирэгдсэн “Ноцтой Мэдээ” л дарагдаж мартагдах ёстой хэргийг мартахгүй байваас өөрт нь өлзийтэй. Б.Булган дүүтэйгээ уулзахдаа “Би бүх юмыг үүрч гарна...” гэж хэлсэн тухай тэр сонин мэдээлээд хийсэн дүгнэлт нь “17 жилийн өмнө С.Зориг агсан эхнэр Булгантайгаа түр тархийгээд эхнэр нь уурандаа олон удаа хутгалж алжээ” гэсэн хувилбараар энэ хэрэг эцэслэн шийдэгдэж ч мэдэх эгзэгтэй бөгөөд сэжигтэй шинж тэмдэг цухалзаж эхэллээ” гэжээ. Юу нь болохгүй гэж. Эхнэр нь нөхрөө алчих явдал байдаг уу, байдаг. Хэргийг бусдад хал балгүйгээр аргалах өөр зам зарчмын хувьд хаалтай нь энгийн логикийн доторх зүйл нэгэнт болчихсон.

 

Ер С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэх ямар албатай юм гэсэн асуулт эхнээсээ байсан. Улс төрийнхэнд, цагдаагийнханд. Улс төрийн аллагын хэргийг илрүүлэх нь зайлшгүй улстөрийн үр дагавартай, нийгмийн ямар нэг доргион донсолгооны осолтой. Үүнээс урьдчилан сэргийлэхийг буруу гэх ч хаашаа юм байдаг номтой. Шудрага байх нь тэнэг бай гэсэн үг биш. Манай төр засгийн бүтцүүдэд мэргэжлийн түвшин, мэргэжлийн нэр төр гэх мэт ойлголт устсан шахам. Гэвч цагдаа, тагнуул нь мэргэжлийнхээ нэр төрийг хичээх үүднээс Б.Булган шинээр мэдүүлэг өгье гэсэн санаачлагыг яаран барьж авсан нь угтаа гэнэдсэн хэрэг байх. Эцэст хад мөргөх нь дамжиггүй. ҮАБЗ бол эцсийн инстанци. Цагдаа, тагнуул юу гэж ч донгоссон тэнд өмнөөс нь бут цохих эрхтэй.

 

Тийм эрхтэй баймааж ҮАБЗ гэж ерөөс байна, өөрөөр утгагүй болдог. Хөөш, цагдаа, тагнуул аа, мөрөөрөө яаж ийгээд явж л байгаа Монголын улс төрийг бусниулах санаархал та нарт хаанаас, хэзээ, ямар замаар төрсөн бэ, аан. Тэр нэг балай авгай юу гэж ч бурсан юм, та нар өлгөж аваад гүйдэг хэн юм, юу юм, үндэсний аюулгүй байдпын манаанд та нарыг тавьсан юм биш үү. Энэ чинь ёстой сонин юм болох ньуу, үгүй юү. Хариуцлагын асуудлыг ноцтой ярина шүү. Монгол Улсыг олон улсын шившиг болгох нь л дээ.

 

Тэнэгтээ ингэж явна уу, тэрслэх бодлого барив уу. Тэр дэлгэсэн юмнуудаа маш нууцал, тэр хооронд тарьсан хэргээ та нар өөрсдөө янзал. Чадах уу? Чадахгүй гээд та нар хаачдаг юм гэхэд л асуудал шийдэгдээд явчихна. ҮАБЗ тэгж хэлээд нөхдүүдийг хөөгөөд гаргах эрхтэй. Эрх хэмжээнийхээ эрхийг эдлэхэд буруу зөвийн асуудал үүсдэггүй. Иймэрхүү л арга маягийн үйл явдал дэс дараалан болж буй бололтой. С.Зоригийн аллага бол улс төрийн фон дээрх хар толбо. Сүүдэр нь нийгэм-улс төрийн уур амьсгалд нөлөө тусгалтай.

 

Ч.Эрдэнэ

Судлаач