Хөдөлмөрийн үндэсний нам 2011 онд дээд шүүхэд бүртгүүлсэн ч 2015 онд дүрмийн өөрчлөлт хийн, С.Боргил даргатай ХҮН гэгдэх болсноор нэг жилийн дотор улс төрд идэвхтэй орж ирж, бас ч гэж чансаа тогтоох судалгааны графикт багтдаг болсон.

Гэвч сүүлийн үед нялхсын өвчинд нэрвэгдэж, рейтинг доошилсон ч улс төрийн шинэ хүчин яалт ч үгүй мөн учраас иргэдийн тодорхой дэмжлэг байсаар. Ямартай л ганц цүнхэнд багтдаг гэх жижиг намуудыг бодвол бодлого чиглэлээ тодорхойлж, орон нутаг, дүүргүүдэд бүтцээ байгуулаад нам төрхөндөө орох гэж хичээж буй. Гэвч ХҮН намынхан улс төрд шинэ хүмүүс гэхээс илүүтэй хэн нэгний фон болж харагдах болж.

ХҮН намын зөрчил юунаас эхлэв. Намын хурлын шийдвэр энд огт хамаагүй. Зүгээр нэг улс төр хийх шалтаг төдий байж. Бие даагч гишүүнийг даргаар сонгож, ХҮН намыг УИХ-д суудалтай болголоо гэж зарласан өдрөөс л эхлэлтэй. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж “ХҮН”-ыг төлөөлөх болсон С.Ганбаатар мэдэгдсэн нь хэн нэгэн, хэсэг бүлэгт таалагдаагүй нь мэдээж. Тиймээс ч тагнуулд явуулсан хүмүүсээ хөдөлгөөнд оруулж, тамга, тэмдэг, суудал булаалдахад хүргэсэн гэх. Нэг өдөр хоёр даргатай болж, хайнааг нь хагалах ёстой Улсын дээд шүүхээс хэнийг ч жинхэнэ даргад тооцохгүй хэмээсэн. Харин С.Ганбаатар бол төлөвлөгөөн доторх төлөвлөгөө байсан нь тодорхой болж таарав. Хэрэв Б.Найдалаад найр тавиад суудлаа өгчихвөл нөгөө өсч яваа рейтинг нь уруудчих гээд байсан учир арга буюу хаана, хэзээ ч тааварт яваагүй, тамга тэмдгийн төлөө тэмцээгүй Т.Ганболд гэнэт гараад ирэх нь тэр. Ингэхдээ С.Ганбаатар Т.Ганболдтой тохироо хийж өөр дээр нь ирэх галыг авч чадах хүн гэж ойр тойрныхондоо ойлгуулж, ятгах замаар Намын төв хорооныхоо хурлыг дүрмийн бусаар хийн байж, зөвшөөрүүлсэн гэдгийг гишүүд нь хэлж байна.
Харин Т.Ганболдыг МАН-аас зугтаж ХҮН-д ирснийг янз бүрээр тайлбарлаж буй. Зарим нь хэн нэг намын бус улс төрийн бүлэглэлийн төлөөлөгч гэж хардах нь болж. Улсын дээд шүүхээс Их хурлаараа сонгосон С.Ганбаатар, Т.Ганболдыг бодвол ХҮН намын Төв хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжигдсэн Б.Найдалааг бүртгэж авахаас татгалзсан.

Хэрэв Т.Ганболдыг маргааш болох Улсын дээд шүүхийн хурлаар ХҮН-ын дарга гэж бүртгээд авчих юм бол энэ бүх жүжигт хэн ямар дүрд тоглосон нь тодорхой харагдах биз. Улс төр, бизнесийн хүрээнийхэн үнэндээ ХҮН-ын шинэ даргыг улс төрийн ямар үзэл баримтлалтай болохыг нь ойлгож чадахгүй байгаа ч гэх. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхад нь түүнийг мөнгө завшсан байж болзошгүй гэж саатуулан, шалгаж байгаад сулласан гэдгээр нь мэдэх хүн цөөнгүй. Харин “Алтан дорнод Монгол” ХХК нь Татварын ерөнхий газарт 151 тэрбум төгрөгийн татварын өртэй гэдэг мэдээлэл ч яваа. Энэ талаар хэвлэлүүд удаа дараа нийтэлж байсан нь саяхан. Улс төрд гуравдахь хүчин болж цойлох нөгөө том амбиц дүрмийн бус томилгоогоор тодорсон дарга нь доош чангаах нь ойлгомжтой. Удахгүй болох УИХ-ын сонгуулиар хар PR энэ сэдэв байхыг ч үгүйсгэхгүй байна.

ХҮН дотор ерөнхийдөө анхдагчид, шинэковууд шахагдан аль нэг намаас урвагсад нөлөөгөө тогтоож буй учир сонгуулийн тактик, төлөвлөгөөгөө гаргаж чадахгүй гацсан гэнэ. Уг нь, С.Ганбаатар, Б.Найдалаа хоёр эв зүйгээ ололцоод явсан бол дундаас нь Т.Ганболд гэгч гарч ирэх шаанс тун бага байсан. Тиймээс тэд нялхсын өвчин туссан биш хагалан бутаргах “Ы” ажиллагааны золиос болж гэнэдсэн хэрэг. Улстөрчдөөс хамгийн өндөр рейтингтэй яваа нэгнээр удирдуулаагүй, харин ч гэнэт цоорсон нэгнийг сонгочихсон ХҮН-ынхан ирэх сонгуулиар улстөрд байр суурь эзлэнэ гэдэгтээ нэг их найдлага тавиад ч хэрэггүй. Сонгууль бүрээр ганц хоёрхон суудлаас хэтэрдэггүй намын тоог тэд нэгээр нэмж орхилоо.

Эх сурвалж: Шуурхай.мн Б. Лхагва