Хоногийн зээл нэртэй луйвар газар авч, энэ нь даамжирсаар гэмт хэргийн гаралтад нөлөөлж байгаа талаар хуульчид мэдээлэх болсон. Хоногийн зээл олгодог мөнгө хүүлэгч нар худалдаа эрхэлж буй жижиг гарын наймаачдыг байгаа болгодог бөгөөд тэдэнд маш бага мөнгөөр зээл санал болгож өөртөө итгүүлснээр цааш үргэлжилдэг байна.
Харин зээл авсныхаа маргаашаас иргэд зээлийн хүү, өдрийн тушаах төлбөртөө дарлуулсаар эцэст нь дахин нэг зээл авч, өрийн сүлжээнд ордог байна. Ингээд өр зээлээ төлж чадахгүй болсон иргэд элдэв төрлийн гэмт хэрэг үйлдэж зарим нь амиа хорлох замыг сонгодог болсон байна. Ингэж өрийн дарамтад орж хохирсон 100 гаруй иргэн холбоо хүртэл байгуулаад амжжээ.

Солонгос кинон дээрээс л хардаг байсан зэрлэг балмад мөнгө хүүлэгчид манайд БНСУ, БНХАУ-ын иргэд оруулж ирсэн талаар учир мэдэх хүмүүс хэлж байна.

Хоногийн зээлийн хувьд иргэдэд нэг сарын хугацаатай нэг сая төгрөг зээлүүлээд үүнийгээ ажлын 22 хоногт өдөр бүр 50 мянган төгрөг авсаар дуусгахаар гэрээ байгуулдаг байна. Харин иргэд нэг өдөр амраад мөнгө өгч чадахгүйд хүрвэл маргааш өдөр нь хоёр нугалагдаж бодогддог байна. Ингэж явсаар эцэст нь дааж давшгүй их мөнгө төлөх шаардлага тулгардаг аж. Харин төлж чадахгүй бол гэр орноо хүртэл алддаг байна. Анх дөрвөн сая төгрөгийг мөнгө хүүлэгчдээс зээлээд эцэст нь хоёр өрөө байраа алдсан иргэн ч байна.

Зээлэх мөнгөний хэмжээнээсээ шалтгаалаад хүү нь өөр өөр байдаг юм байна. Тухайлбал "200 мянгаас дээш хэмжээний мөнгө зээлэхэд хүү нь 10 хувь, харин түүнээс бага хэмжээгээр зээлбэл 20 хувийн хүү төлдөг юм байна.
Зээл олгохдоо гэрээгээ байгуулж гарын үсгээ зураад нотариатаар батлуулаад л болчихдог юм аж. Xapин зээлээ буцаан төлөх хугацаа нь долоогоос 14 хоногт багтдаг. Хугацаа хэтэрсэн долоо хоног тутамд дахин 10 хувийн хүү төлнө. Гэхдээ гэрээнд анх тусгасан хүүгийнхээ хэмжээгээр гэж ойлгож болно. Хэрэв та 20 хувийн хүүтэй мөнгө зээлсэн бол тэр хэмжээгээрээ хүүгээ давхар төлнө гэсэн үг. Хаана ч байхгүй шуурхай үйлчилгээ, өндөр хүүтэй гэрээний нөхцөл нэг иймэрхүү. Нэгэнт гэрээ байгуулчихсан, гарын үсгээ зурчихсан болохоор өнөөх айхтар гэрээний нөхцөлөөр багагүй хэмжээний мөнгийг зээлийн хүүд өгч таны гарт орсон шигээ богинохон хугацаанд мөнгө хүүлэгчийн гарт буцаад очно.

Зээл чөлөөлүүлэх үйлчилгээ ч дээрхтэй нэгэн адил. Зээлээ чөлөөлүүлснээр багахан ч гэсэн хугацаа хожиж байгаа хэрэг боловч эргээд илүү айхтар гэрээний нөхцөлтэй мөнгө хүүлэгчид өртэй болж байгаа хэрэг. Зээлээ төлж чадахгүй бол асар богино хугацаанд их хэмжээний өртэй болж барьцаа хөрөнгөө ч алдах эрсдэлтэй. Иймэрхүү янзаар мөнгө хүүлэгчид өр зээлийн дарамтад амьдардаг иргэдийн хөлс хүчийг мөлжиж хөлждөг. Хэрвээ та мөнгө хүүлэгчээс таван сая төгрөг зээллээ гэж үзэхэд долоо хоногийн дотор зөвхөн хүүндээ л 500 мянган төгрөг төлнө.

Хугацаандаа хүүгээ төлж чадахгүй бол хүү нь нэг дахин нэмэгдэнэ. Энэ мэтээр явсаар таны төлөх мөнгө улам л ихсэж ганцхан сарын дотор зөвхөн хүүндээ л гэхэд хоёр сая төгрөг төлнө. Үндсэн зээлээ нэмэхээр долоон сая төгрөг. Хэрвээ энэ хугацаанд зээлээ төлж чадахгүй бол гэрээнд заасан хугацааны дагуу таны барьцаа хөрөнгө мөнгө хүүлэгчийнх болно гэсэн үг. Энэ мэтээр өрийн дарамтад амьдрахыг хүсэхгүй иргэд сүүлдээ өнөөх барьцаа хөрөнгөө зараад ч болов өрийг нь төлөхөөс өөр аргагүй болно.

Харамсалтай нь уг луйврын гэж хэлж болохоор бизнесийг нэр бүхий манай томоохон банкнуудын нэг болох "Хас" банкны ажилтан өөгшүүлэн дэмжиж байсан тухай ноцтой мэдээлэл цацагдсан. Тодруулбал Хас банкны Хар хорин тооцооны төвийн өргөтгөлийн ажилтан тус банкнаас зээл авсан иргэдэд хоногийн зээлийг нууцаар санал болгож, зөвлөгөө өгдөг байсан нь шалгалтын явцад тогтоогджээ.

Ингээд "Хас" банкнаас энэхүү луйврын бизнест байгууллага ямар ч хамаагүй хэмээн мэдэгдээд ганцхан ажилтан буруутай гэлээ. Гэвч Хас банкныхан ажилтнаа ийн бохир луйврын бизнесийг үйлчлүүлэгч нарт санал болгож байгааг ТББ-ынхныг олж, илрүүлтэл мэдээгүй явж байжээ. Энэ нь тус банкийг хэрхэн хяналт шалгалтгүй, үйлчлүүлэгчээ эрсдэлд оруулахад бэлэн ажилладагийг харууллаа. Магадгүй тус банкны ажилтны энэхүү хууль бус үйлдлийг илрүүлээгүй бол одоо хэр нь үйлчлүүлэгчдээ өдрийн зээл нэртэй луйврыг ухуулан сурталчилж, хохироох байсныг таах аргагүй.

Иймд Хас банкныхан дотоод хяналт шалгалтаа сайжруулахгүй бол тус банкинд итгэж үйлчлүүлдэг, мөнгөө хадгалуулсан иргэдийн итгэл алдарч, нэг л мэдэхэд нүүр буруулж мэдэхээр байна.

 

Б.Сансар

zuvsongolt.mn