2016 оны сонгуульд нэр бүхий 16 телевизээс бусад телевизүүдийг сонгуулийн талаарх мэдээ, мэдээлэл, сурталчилгаа явуулахгүй байхаар журамласан нь иргэдийн үнэн бодит мэдээ, мэдээлэл авах эрхийг боогдуулсан шийдвэр болсон. Энэ талаар "Медиа Порт" телевизүүдийн консорциумаас холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүллээ. Тус консорциумын тэргүүн Ч.Батцэнгэлээс цөөн зүйлийг тодруулсан юм.

-Телевизүүд өнөөдөр ямар учраас СЕХ-нд албан бичиг хүргүүлж байна вэ?

-Сонгуулийн тухай хуулинд аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг телевиз, радио сонгуулийн сурталчилгаанд оролцоно гээд заачихсан байдаг. Гэтэл СЕХ-оос гаргасан журанд 16 телевиз л нэр дурдагдсан байгаа нь бусдыг нь хориглож байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ удаагийн сонгууль үнэхээр зохисгүй явах болчихоод байна. Сонгууль жижиг мажоритар 76 тойргоор явагдахаар тогтчихсон. Их хуралд л гэхэд хамгийн багаар бодоход 11 нам эвсэл, бие даагч нар нийлээд 1000 гаруй хүн өрсөлдөнө. Орон нутагт ч ялгаагүй энэ тооны хүн өрсөлдөнө гэж тооцохоор тэр 16 телевиз 18 хоногийн хугацаанд гишүүдийг танилцуулж чадахгүй. Сонгуулийн тухай хуулинд нэг телевиз өдөрт 60 минутын нэвтрүүлэг гаргана. Үүний 15 минут нь нэг нам, эвслийн тухай буюу нэг хүний талаарх мэдээллийг хүргэнэ гээд заачихсан.

Тэр 16 телевиз 18 хоногийн хугацаанд гишүүдийг танилцуулж чадахгүй

Ингээд бодохоор яагаад ч амжихгүй. Энэ нь иргэдийн үнэн зөв сонголт хийх эрхтэй харшлаад байна. Хуулиндаа болно гэчихээд журмаараа болохгүй гээд байгаа нь хачирхалтай байна. Мэдээж энэ 16 телевизийн ард улс төрчид байдаг. Тодорхой шүү дээ. Энэ нь өөрсдөдөө боломж олгож бусдад боломж олгохгүй байна гэдэг хардлагыг төрүүлээд байгаа юм.

Энэ 16 телевизийн ард улс төрчид байдаг

-СЕХ энэ шаардлагыг хүлээж авна гэсэн юм уу?

-Ер нь бол хүлээж авах ёстой. Яагаад гэхээр бид хуулийн дагуу л ярьж байгаа. Монгол Улсын хууль бүрэн хэрэгждэг л бол үүнийг хүлээж авч, засч залруулах ёстой.

-Журмаа өөрчлөхгүй тохиолдолд яах вэ?

-Журам өөрчлөхгүй тохиолдолд дараа, дараачийн шат болох хуулийн байгууллагаар явна. Хуулиас давсан журам байхгүй гэдгийг бид бүгд л мэднэ шүү дээ. Гэтэл хуулиа давсан журам гаргачихаад зарим нэгэнд нь боломж олгоод заримд нь олгохгүй байгаа нь шударга өрсөлдөөн, иргэдийн мэдээлэл олж авах эрх тэгш байдалд халдаад байна. Нэг жишээ хэлэхэд аймагт нэр дэвшиж байгаа хүн аймгийнхаа телевизээр гарч чадахгүй Улаанбаатарт ирж тэр 16 телевизийн аль нэгээр гарах ёстой юу. Хөдөө орон нутагт нэр дэвшиж байгаа бүх хүнд ийм хүндрэл гарна. Үүнийг хялбархан шийдэх гарц нь аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг телевизүүд сонгуулийн сурталчилгаа явуулах эрхийг нь өгөх юм.

Аймагт нэр дэвшиж байгаа хүн аймгийнхаа телевизээр гарч чадахгүй Улаанбаатарт ирж тэр 16 телевизийн аль нэгээр гарах ёстой юу