Энэ долоо хоногийн улс төр, нийгэм, эдийн засаг, спортод өрнөсөн онцлох үйл явдлыг хүргэж байна.

Улс төр: Намаа орхих, намдаа буцах асуудал юу ч биш бололтой. С.Ганбаатар гишүүн ХҮН-д элсэж, том болчихно гэж төсөөлсөн ч мөрөөдөл нь биелээгүй. Түүнийг намын дарга болгохгүй хэмээж сар гаруй дамнасан намын даргын суудлыг нь өөр хүн залгасан. Тэгвэл С.Ганбаатар гишүүн төрхөмдөө буцжээ.

 

Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээж байсан. Гэвч намынх нь асуудал тийм ч таатай байж чадаагүй учраас юун Ерөнхийлөгчийн сонгууль байтугай парламентынхад ч өрсөлдөнө гэдэг бэрх даваа болоод байгаа. УИХ-ын сонгуулийн 43-р тойрог буюу Дархан-Уул аймагт өрсөлдөхөөр болжээ. Гэхдээ нам бусаар "Эх орончдын нэгдсэн нам", "ХАМУГ Монголын хөдөлмөрийн нам"-ын аль алинд нь элсэхгүй. Харин тус хоёр намын эвслийн нэрийн өмнөөс нам бусаар өрсөлдөнө гэсэн үг юм. Сонгуулийн тухай хуульд зааснаар эвслийн нэрийн өмнөөс нам бусаар нэр дэвших боломжтой гэж С.Ганбаатар үзсэн учир ийм шийдвэр гаргасан байх нь. Ёстой л голсон юм голд, шилсэн юм шилд гэгч болж эрхэм гишүүнийг багагүй сандаргасны эцэст ийнхүү нэг эвсэл, хуучин тойрог хоёр нь олдож байгаа бололтой.

Оффшор данстай эрхэмүүд энэ жилийн сонгуульд нэр дэвшсэн. Угтаа бол ерөнхийлөгч, УИХ-ын дарга З.Энхболд хоёр ийм нөхдүүдийг сонгуульд оролцуулахгүй гэсэн ч тэдний ихэнхи нь сонгуульд өрсөлдөнө. Тэдний нэг нь Б.Дэлгэрсайхан. Тэрбээр хувийн бизнесээ цэцэглүүлэхээр парламент руу зүтгэж байна уу

“Дорнын говь”-ын Б.Дэлгэрсайхан энэ удаагийн сонгуульд МАН-аас Дорноговь аймагт нэр дэвшихээр болжээ. Тэрбээр хятадуудтай хамтран “Болд төмөр Ерөө гол” компани байгуулсан бөгөөд Баянголын ордоос төмрийн хүдэр олборлодог. Нөөц нь 110 сая тонноор хэмжигддэг энэ ордын хүдрийг тэрбээр ямар ч боловсруулалтгүйгээр шууд Хятад руу нийлүүлдэг байна.

Ингэхийн тулд Хятадын хил рүү 200 орчим км төмөр замыг компанийнхаа хөрөнгөөр тавьсан. Түүндээ зориулж 20 гаруй вагон худалдаж авсан нь Монголд байхгүй хүчин чадалтай аж. Гэхдээ хилээр гарахдаа бол багахан хэмжээний даацтай гэсэн хуурамч баримт бичиг бүрдүүлж, татвараас булттдаг ажээ. Эл асуудлыг нь цагдаагийнхан шалгаж байсан ч түүнд хариуцлага тооцуулж чадаагүй.

Хятадуудтай хамтран ажиллаж, монголынхоо баялагийг урагш зөөснийхөө хүчинд дэлхийн баячуудтай эн зэрэгцэхүйц амьдарч, мөнгөнийхөө хүчээр улстөрд орж яваа юм. Мэдээж тэрбээр парламентад орж чадвал, өөрийн бизнест ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хятад найз нартай ээлтэй ажиллах байх.

Стратегийн ач холбогдол бүхий орд ашиглаж, орлого ашгийг нуусан Б.Дэлгэрсайханыг Монголын төр шийтгэж чадаагүй өдий хүрсэн. Тэр мэдээж мөнгөтэй учраас түүнд хууль үйлчлэхгүй юм билээ. Ямартай ч өнгөрсөн хугацаанд “Дорнын говь” компани найдвартай татвар төлөгч, сайн экспортлогч, оны шилдэг бүтээн байгуулагч, орон нутгийн шилдэг хөрөнгө оруулалагч гэх зэрэг шагналыг түүсээр ирсэн. Гэвч энэ шагналын ард Монголын их баялгийг боловсруулалтгүй түүхийгээр нь агууламжийг нь, эзэлхүүнтэй нь нуун дарагдуулж гаргасаар байдаг нь харамсалтай.

Тэгвэл үүнийг улстөрчид яагаад сайшаан магтаж, шилдгээр тодруулаад байна гэвэл тэдэнд татвар төлдөгт хамаг учир байгаа юм. Улсад ихээхэн хэмжээний татвар мөнгө орж ирж л байвал олгиархуудын аз болдог байх нь байна. Татварын мөнгийг тэд захиран зарцуулж, дур мэдэн үрдэг учир.

Монголоос оффшор бүсэд мөнгө хадгалсан 49 хүний нэрний тэргүүн эгнээнд энэ Б.Дэлгэрсайханы нэр яваа. Гэтэл тэр намын дэмжлэгээр, УИХ-д нэр дэвшихээр болсон байгаа юм. Мэдээж мөнгө зарж, намдаа мөнгө цацаж, УИХ-д орно, орсон даруйдаа зарлагаа хэд дахин нөхөж улсын хөрөнгөөс олж авна. Мөн оффшортон эрх мэдэлтэн найзуудтайгаа хамтран хятадуудыг дэмжиж монголын баялагийг мөнгө болгоод хувааж иднэ. Ийм байдлаар ажиллах гэж л монголын баячууд парламент руу юу ч хайрлахгүй зүтгэж байна.Тэдний нэг нь Б.Дэлгэрсахайхан биш гэх баталгаа алга.

Монголын ардчилал хэдхэн хүний гарт оржээ. Үүний тод жишээ бол Ардчилсан намын ҮЗХ-ын үеэр тод томруун харагдлаа.

Л.Цандэлэг: Ардчилсан нам З.Энхболд, Х.Баттулга, Н.Батбаяр, С.Баярцогт, Р.Гончигдорж нарын тоглоомын нам биш

АН-ын ҮЗХ өнгөрсөн баасан гарагт хуралдаж УИХ-д нэр дэвшигчдээ тодруулсан билээ. Тэгвэл энэ хурал эхнээсээ дуусах хүртлээ асуудал, маргаан дагуулсан гэдгийг Л.Цандэлэг хэлэв. Бид энэ талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.

- Ардчилсан нам УИХ-д нэр дэвшигчийг хэрхэн тодруулдаг юм бол?
- Хуулинд зааснаар нам гэдэг бол олон нийтийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан байгууллага. Өнөөдөр намын зохион байгуулалтаар Монгол улсын Засгийн газар болон төр бүрдэж байгаа. Ардчилсан намын өөрийн дүрэм, журам гэж байгаа. Тэр дүрмээр аливаа үйл ажиллагаа явагдахгүй бол хууль бус гэсэн үг.

Ардчилсан намаас нэр дэвшигч нь анхан шатны байгууллага дээр танигдсан хүн байх ёстой. Дунд шатны байгууллага буюу аймгийн намын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаад хэн хэнийг УИХ-д нэр дэвшүүлэх вэ гэдгийг хэлэлцээд, нууцаар санал хураадаг журамтай. Сэлэнгэ аймгийн Ардчилсан нам С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Л.Цандэлэг миний биеийг сонгож, шалгаруулсан. 230 гишүүнтэй, АН-ын ҮЗХ гэж байгаа. Дунд шатны байгууллагаас нэр дэвшихээр олонхийн санал авсан нэр дэвшигчдийн талаар санал байгаа бол тэрийгээ ҮЗХ ээр ярилцаад зөвхөн басамжилна гэж АН-ын дүрэмд заасан. Хэрвээ тухайн нэр дэвшигч намын даргын сэтгэлд хүрээгүй бол намын дарга ҮЗХ-д саналаа ирүүлж, асуудлыг санал асуулгаар шийддэг дүрэмтэй.

-АН-ын ҮЗХ-ны хурал дээр юу болсон бэ?
-АН-ын ҮЗХ төрийн ордонд 18:00 цагт эхэлнэ гэсний дагуу бүх хүн цугласан. Хүлээлгэсээр шөнө боллоо. Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийг улс төрийн намууд 27-ны 00:00 цагаас өмнө нэр дэвшигчийг зарлах ёстой. Гэтэл 23:00 цагийн орчимд намын дарга бие хамгаалагч нартайгаа их сүртэй гэнэт орж ирсэн. Шууд шүүхийн тогтоол уншиж байгаа юм шиг барьж орж ирсэн цаасан дээрээсээ бүх тойрогт өөрсдийнхөө зоосон хүмүүсийг нэрлээд явсан. Гэтэл 6-7 хүний нэр нь өөрчлөгдсөн. 3-4 хүний тойргуудыг сольсон. 5-6 хүний нэрийг хасаад хаясан байдалтайгаар орж ирсэн. Өнөө ҮЗХ-оор хэлэлцүүлэх яалаа даа?

Нэр дэвшигчдийн нэрийг хэлээд З.Энхболд хамгаалагч нартайгаа гараад зугтчихсан ш дээ. Тэгээд хаалганы цаана гараад мэдэгдлээ хийчихсэн. Нилээн олон хүний намдаа итгэх итгэл буурч, намаасаа гарахаар болсон. З.Энхболдын нэр дэвшүүлсэн 10 гаруй хүн нь намын анхан шатны байгууллагад нэр хүнд нь уначихсан. Нэг аймагт нэр дэвшиж гишүүн болчхоод тэндээ юу ч хийгээгүй, намын листээр гишүүн болно гэж найдаад хуйвалдаж байсан хүмүүс тойргоосоо хөөгдөөд ирэхээрээ өөр энд тэнд нэр дэвшиж байна. Тухайлбал Р.Бурмаа сайд Дорнодын хүн. Нутгийнхан нь нутаг руугаа оруулахгүй, хөөгөөд байгаа шүү дээ. Тэгэхээр нь Дарханд нэр дэвшүүлж байна. Иймэрхүү байдлаар сахилга хариуцлага, гишүүдийн өрсөлдөөний тэгш боломж, хүний нөөцийн бодлогоо шинэчлэх энэ бүх асуудлуудыг уландаа гишгэж, З.Энхболд болон хуйвалдаад байгаа хэдхэн хүмүүс гишүүдийг гутаасанд бид эгдүүцээд байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Нийгэм: Эдийн засгийн хямралтай байгаа гээд цалин, тэтгэврийг нэмэхгүй иргэд, ахмадуудын нуруунд нэлээдгүй ачааг үүрүүлчихсэн Төр засаг маань харин ахмадуудад гэнэтийн бэлэг барив. Эх үрсийн баярын өмнөх өдөр Тэтгэвэр, халамжийг нэмэх тушаал гаргасан юм. Гэхдээ энэ нь сонгуулийн өмнөх шоу байх вий гэсэн болгоомжлол хэн хүнд төрөөд байгааг энд онцлоё. Ахмадууд "тэтгэвэр нэмэгдвэл сайн л байна. Даанч бидний авдаг хэдийг нэмэхээр хоол, ундны маань үнэ өсчихөөр нэмсэний ч хэрэг гардаггүй юм даа" хэмээж сууна.

Манай улсын хүн амын 10 хувь буюу 240 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагийн 60 гаруй хувь нь сарын 1.5 хувийн хүүтэй жилийн 18 хувийн хүүтэй тэтгэвэр барьцаалсан зээл авч байна. Ахмад настангуудын 70 орчим хувь нь сард 200-300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Дээрх тооноос харахад тэтгэврийн зээлгүй ахмад гэж алга байгаа нь тод харагдаж байна.

Улсад 30-50 жил ажилласан ахмадуудын хувьд хураасан эд хөрөнгө гэх зүйлгүй учир тэтгэврийн мөнгөөрөө амьдардаг. Тэр мөнгө нь амьдралд нь хүрэлцэхгүйгээс гадна залуу үеээ тэтгэврийн зээлээрээ тэжээж, тэтгэж амьдарч байгаг хэн хүнгүй мэднэ.

Тэгвэл тэтгэврийг нэмнэ хэмээн олонтаа хэлэлцсэн ч шийдэлд хүрээгүй явсаар нэмэх шийдвэрийг өчигдөр гаргалаа. Үгүй яахав ээ баярын өмнөх өдөр нэмж ахмадууддаа бэлэг барьж байгаа нь сайшаалтай хэрэг. Нөгөөтэйгүүр айхтар сонгууль гэгчийнхээ өмнөхөн нэмж байгаа нь иргэдийн сэтгэлийг хоёрдуулах вий гэсэн болгоомжлол төрж буйг нуугаад яахав. Гэхдээ тэтгэвэр нэмсэн гээд саналаа өгчихгүй зөв л сонголтыг ахмадууд маань хийх биз ээ.

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмнэ. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, 2016 онд дундаж тэтгэврийг 300 мянган төгрөгт хүргэхээр тусгасан. Тэтгэврийг ийн нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 306,2 мянган төгрөгт хүрч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт биелэх боломжтой болж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг Засгийн газрын 2014 оны 15, 2015 оны 52 дугаар тогтоолоор 20-22 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байсан юм.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 140 мянга, асаргааны тэтгэврийн хэмжээг сард 64 мянган төгрөг байхаар тогтоолоо. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүллээ.

Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг төрөөс анхаарал халамж шаардлагатай 60 орчим мянган иргэн авч байгаа юм. Түүнчлэн байнгын асаргаатай иргэний халамжлагч болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 45 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг юм байна.

Хоол гуйсан хүүхэд залуус олширч, иргэдийн худалдан авах чадвар буурсаар байна

Монголчууд үнэхээр өлсгөлөн амьдарч буй нь алхам тутам мэдрэгдэж байна. Яагаад гэхээр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртлэх буюу УИХ дэлгүүр, Багшийн дээд, Сансар, 13-р хороолол зэрэг хотын төв хэсэгт хүнээс хоол гуйсан, мөнгө горьдсон боломж олдвол хулгай дээрэм хийх гэсэн горьдлогын харцтай хүүхэд залуус хэт олширчээ.

Өнгөрсөн сард спортын төв ордны урдуур алхаж байсан хоёр эмэгтэй нэг нэг хоол барьчихсан алхаж явтал, 15,16 настай болов уу гэмээр өрвөгөр шар хүү нэгнийх нь хоолыг булаагаад машинд дайруулах шахам зам хөндлөн гараад гүйчихсэн. Яг ийм дүр зураг маш их байна. Заримдаа гэрэлтдэг торонд хүнсээ хийгээд явж чадахгүй байдалд хүрч байна. Торны цаанаас идэх зүйл л харагдвал гүйж ирээд гуйх эсвэл булаах нь мөнхийн үзэгдэл боллоо. Өмнө нь захын гэр хорооллынхон л иймэрхүү дүр төрхтэй байсан бол одоо хотын төвөөр ийм болжээ. Өөрөөр хэлбэл Зайсангийн баячууд тансаг хорооллын оршин суугчидаас бусад нь хагас өлсгөлөн амьдраад байна уу л гэж бодогдох юм. Заримдаа 20 гаруй насны том залуус хүүхдүүд гүйлгэж, гуйлга гуйлгаж байгаа харагдах юм. Энэ бол ажилгүйдэлтэй холбоотой. Тэдэнд хийх ажил олдохгүй ч байх шиг байна. Эрх мэдэлтнүүдэд иргэдээ ядаж хоол гуйлгахгүй амьдруулах арга байдаггүй л юм байх даа.

Дээрхийг батлах мэт нэг баримт бол зах худалдааны төвүүдийн хүнсний борлуулалт муудсан гэх яриа. Хүчит шонхор захад 15 жил махны наймаа хийж байгаа Д.Намнан ингэж ярьжээ. “Махны үнэ бага багаар бууж байгаа. Гэхдээ иргэд махаа бага, багаар нь худалдаж авсан хэвээр л байна. Иргэдийн худалдан авах чадвар өдөр ирэх бүрт буурч байна. Нэг килограмм мах аваад явах хүн олон байна. Одоо ч урин цаг ирсэн болохоор үнэ нэмэгдэхгүй" гэжээ.

Харин Барс захынхан ярихдаа “ Өнгөрсөн жилээс хойш жимс, жимсгэний үнэ тогтмол өсөлттэй байсаар ирсэн. Нэг хайрцаг тутамдаа 15000-30000 төгрөгөөр нэмэгдлээ. Тухайлбал, өнгөрсөн жил хайрцаг чинжүүг 30 мянган төгрөгөөр зарж байсан бол өдгөө 50-55 мянга болсон. Үнийн нэмэгдэлд валютын ханшийн зөрүү, үлдсэн нь гаалийн татвар нөлөөлж байна. Тэгэхээр бидний оруулж ирж буй барааны үнэ нэмэгдэхээс аргагүй. Ард иргэдийн цалин нэмэгдэггүй учраас ядуурал бий болж иргэдийн худалдан авалт буурч байна” гэсэн байна. Харин хүнсний ногооны хувьд 800-1200, лууван 1800-2000, байцаа 1300, сонгино 1500-2000 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Эдийн засаг: НӨАТ-ын буцаан олголтыг хийх мөнгө Засгийн газарт байхгүй


Засгийн газар хуралдаж, тэтгэвэр, тэтгэмжийг 21 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан билээ. Гэсэн хэдий ч улсын төсөвт энэ нэмэгдлийг суутгаагүй учир эх үүсвэрийг хаанаас яаж шийдэх нь одоогоор тодорхойгүй байна.

Мөн үүнээс гадна НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд даруй олгох Ерөнхий сайдын үүрэг ч бас биелэх боломжгүй болоод буй юм. Зүй нь НӨАТ-ын мөнгийг улирал тутам олгох, 2016 оны буцаан олголтын 20 хувьд ногдох мөнгийг дөрөвдүгээр сард багтааж иргэдэд олгох ёстой. Гэвч энэ мөнгө улсын төсөвт байхгүй .

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үүргийг биелүүлж, НӨАТ-ын буцаан олголт хийхэд ойролцоогоор 5.8 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүнийгээ шийдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийлгэхээр төслийн санал өргөн барьсан ч УИХ-ын чуулган завсарлачихсан тул уг асуудал бүрэн зогсоод байна. Ийнхүү мөнгө олгох шийдвэр, тогтоол гарч буй ч үүнийг нь хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр Монголд байхгүй байх явдал түгээмэл боллоо.

Эх сурвалж:www.sonin.mn

Спорт Ц.Намуунцэцэг Азийн залуучуудын аваргын хошой медальт бөх болов

2016 оны Азийн залуучуудын эрэгтэй чөлөөт бөхийн ХҮIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХIII, сонгомол барилдааны ХҮII дахь удаагийн аврага шалгаруулах тэмцээн Филиппин улсын Манила хотын “Rizal Memorial Sports Complex” спортын ордонд болж байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэй 48, 55 кг-ын жингийн барилдаан болж манай улсаас 55 кг-ын жинд дэвжээнд гарсан “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх, өсвөрийн ДАШТ-ний мөнгөн медальт Ц.Намуунцэцэг жиндээ аман хүзүүдэж, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой медальт бөх болов. Өнгөрсөн жил Мьянмар улсын Моутама хотод болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.

 

 

Тоймыг бэлтгэсэн:Х.Даваа