“Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2011 онд 10.8 их наяд төгрөгт хүрэв. Харин бодит эдийн засгийн өсөлт түүхэнд хамгийн өндөр буюу 17.3 хувьд хүрсэн байна. Энэхүү өсөлтийн 42 хувийг үйлчилгээний салбарын өсөлт эзэлж байгаа юм...”

Энэ бол УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөх статистик үзүүлэлт. Тэр үед “Эдийн засгийн өсөлт бол сонгуулиар хийсгэх туг, далбаа биш” гэж С.Батболдын Засгийн газрыг “ташуурдаж” байсан бол өнөөдөр юун туг, далбаа. “Эдийн засгийн өсөлт навс унасныг сонгуулийн өгөөш болгох хэрэггүй” гэхээс өөрөөр Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг өмөөрөх арга алга. Үнэн хэрэгтээ энэ бол Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнгийн хамгийн гол үзүүлэлт.

Сонгууль бол улстөрчдийн л хэрэг. Харин эдийн засаг иргэн бүрт, өрх бүрт хамаатай. Нөгөөтэйгүүр Ч.Сайханбилэгийн Засгийн газар 300 мянган төгрөг /иргэдийн хүсэлтээр/ өгөх гэж байгааг С.Батболдын Засгийн газрын үед тараасан иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээсэнтэй харьцуулж байгаа нь бүр ч өмөөрөх биш буруудахад хүргээд байгаа юм.

Эдийн засгийн өсөлт нь 17.3 хувьтай байхад 1.5 саяыг ямар технологи, тактикаар олгосныг хар. Эдийн засгийн өсөлт 0.1 хувьтай байхад 300 мянган төгрөг бэлнээр тараах нь ямар донсолгоо үүсгэх вэ. Тэнгэр газар шиг ялгаатай ийм хоёр зүйлийг харьцуулах аргагүй юм. Харьцуулах тусам тэд буруудна. Ямар хэмжээний макро нөхцөлийг өв болгож үлдээв, төрийн залгамж чанар хаана байна гээд яривал бүр ч таагүй санагдана. “Чалко”-гийн өрийг дарж байдгаа барж өмнөх Засгийн газрын алдааг зассан шүү дээ” гэдэг юм. Тэгвэл тэр үед Н.Алтанхуяг яагаад нүүрс нийлүүлэх гэрээг цуцалж ашигтай урсгалыг хүчээр зогсоосон юм. Дараа нь түүний танхимын сайдууд зарим “онцгой” шийдвэрүүдийг шил дараалан гаргасан нь төмөр замын тээвэрлэх эрх, МИАТ ТӨХК-д үндэсний агаарын тээвэрлэгч онцгой эрхийг тус тус өгч хувийн хэвлэлийнхнийг хохироосон үйлдлүүд гаргасан.

“Төлбөрт” нь манай улсын эдийн засгийн өсөлт тэр үеийн 17.3 хувиас тасралтгүй унасаар 2016 онд 0.1 хувь хүрч буурах төлөвтэй болов. Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банк 2012 оноос хойш 7.2 тэрбум ам.долларын гадаад өр тавьсан байдаг. Социализмын 70 жилд Монгол Улс 11 тэрбум ам.долларын зээл авч Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, бүх аймаг, сумын төвүүд, эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, үйлдаэр аж ахуйн газрууцыг цогцоор нь барьж байгуулсан. Үүний 65 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг “Шинэчлэлийн”, “Шийдлийн” Засгийн газар дөрвөн жилд зээлэн авчээ гэсэн үг. Үр дүнд нь Монгол Улс жил бүр төсвийн орлогынхоо 50 хувийг зээл, зээлийн хүүвд төлдөг орон болов. 2016 онд зөвхөн зээлийн хүүнд 947.5 тэрбум төгрөг төсвөөс төлөхөөр байгаа нь 2011 оноос 25 дахин өсчээ.

Эрх баригчид 2012 оноос хойш Монгол Улсыг таван төсөвтэй болгож, татвар төлөгчдийн мөнгийг хуулиас гадуур хяналтгүй зарцуулах бодлого хэрэгжүүлэв. Улсын нэгдсэн төсвийн орлого сүүлийн гурван жил дараалан нэг их наяд гаруй төгрөгөөр тасарч, төсвөө жилд 2-3 удаа тодотгодог боллоо. Төрийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн олон мянган иргэд, аж ахуйн нэгжид санхүүжилтийг цаг тухайд нь олгохгүй хохироосоор байна.

Энэ тухай ярихаар дотор муухайрч, улам бухимддаг тул сайн сайхан үеэ эргэн дурсая даа. 2012 оны гуравдугаар сарын 12-ны өдөр тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболд тус улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ “Сумитомо Мицуй” банкны ерөнхийлөгч Т.Китаяма, гүйцэтгэх захирал Т.Хашияда нар багаараа уулзаж мөн л Хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байв. Японы “Сумитомо Мицуй банк корпораци” болон “Токио Мицүбиши” банкууд манай улсад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсч холбогдох баримт бичгүүдээ Монголбанкинд ирүүлээд байсан үе.

“Сумитомо Мицуй” банкны онцлог нь дэд бүтэц, тэр тусмаа инженерийн байгууламж, орон сууц угсралт, метро, худалдааны санхүүжилтийн чиглэлэээр төрийн болон хувийн байгууллагын түншлэлийн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байснаараа асар туршлагатай. Энэ нь ч Монгол төрийн өнөөгийн хөгжлийн хөтөлбөртэй нэг шугаманд чиглэж таарч байна” гэж тэр үед тус банкны удирдлагууд мэдэгдэж байлаа. Ийнхүү дэлхийд нэртэй банк санхүүгийн байгууллага Монголыг сонирхож байгаа нь манай эдийн засгийн төлвийг эерэгээр харж байгаа явдал юм. Тэр тусмаа Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас болж гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ багаслаа хэмээн санаа зовинож буй энэ цаг үед яах аргагүй дэлхий нийтийн анхаарлыг татахуйц сайн мэдээ мөн.

Мөн дээрх хоёр банкийг дагаад Японы арилжааны банкууд Монголд хөрөнгө оруулах, төсөл хөтөлбөрүүдийг сонирхох үүдийг нээгдлээ гэхчлэн ямар олон сайн мэдээг дуулж байсан гэж санана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хаана ч очсон бусад орны томоохон хөрөнгө оруулагчид нэрийн хуудсаа барин бөхөлзөж бараг бүгд Монголд ашигтай санал тавихыг харж, сонсох өдрүүд эдүгээ санахад зүүд мэт... Энэ бол төрийн залгамж чанар алдагдсан, бодлого алдагдсан, эрх мэдлийг эдийн засагт хортойгоор ашигаасны “шагнал” юм.

Байгалийн баялгийн нөөц, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалгын хэмжээгээрээ дэлхийн анхаарлыг татаж буй Монгол Улсын хувьд Европ, Азийн хэмжээнд технологиороо тэргүүлдэг орнуудтай хамгийн түрүүнд яриа хэлэлцээр хийж, дэлхийн шилдэг технологийг ашиглах болж байгаа нь өрсөлдөх чадвартай, тогтвортой өсөлттэй эдийн засагтай байхын гол үндэс юм.

Цаашид хамтран ажиллана гэхээр л зөвхөн хөрөнгө гуйх биш “Манайд баялаг, танайд технолога байна. Хөрөнгө оруулагчид идэвхтэй сонирхож байгаа төслүүд дээр энэ менежметээр ажиллаад олох ашиг дээрээ хөрөнгө босгоё” гэсэн зарчмаар бусад улс оронтой гэрээ хэлэлцээр хийх зөв жишиг тоггож байгаа бололтой. Энэ нь “Монгол Улс зээл, тусламжийн гуйлгачин биш. Харин хөрөнгө оруулах маш ашигтай талбар” гэсэн шинэ ойлголтыг дэлхий дахинд түгээж буй нь сайшаалтай байсан. Гэтэл өнөөдөр бол зүгээр л өрөндөө баригдсан, дотооддоо улс төрийн тэмщэл ихтэй, улс төр, хууль эрх зүйн орчин гээд аль ч талаараа хөрөнгө оруулагчдыг үргээдэг бүх чанарыг агуулсан тийм л өнгөөр харагдах болсон.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Дашрэнцэн агсан “1990 оны Д.Бямбасурэн гуайн Засгийн газрыг хэчнээн харааж байсан ч одоо эргэн бодоход хамгийн мундаг нь байсан юм. Хөгжлийн банкаа янзлаад гялалзуулбал Сү.Батболдын Засгийн газар магадгүй хэзээ нэгэн цагт түүхэнд зэсээр хөшөө босгуулж ч мэднэ. Засгайн газрын үнэлгээ ойрхондоо сонгуулиар дүн тавигддаг гэдэг ч холдоо хөшөө босгоход багадахаар агуу үйл хэрэг бүтээсэн байдгийг алийг тэр гэхэв” хэмээн бичсэн байдаг. УИХ-ын 2012 оны хоёрдугаар сард энэ эрхэм ийн өгүүлсэн. Даанч УИХ-ын 2012 оны сонгуулиар МАН олонх болж өнөөх гялалзуулах ажлыг дуусгаж чадаагүй. Харин Хөгжлийн банкаар их хэмжээний ам.доллар цутгаж, өндөр хүүтэйг нь мэдсээр байж хамаа намаагүй зарцуулсан нь үнэн юм. Энэ бүхэн эдийн засгийн өсөлт 17.3 хувь гэдэг тоог 0.1 гэдэг тоо руу чирч авчирлаа. Энэ тооноос доошоо унах уу, дээшээ өгсөх үү гэдгийг одоо Монголын ард түмний хийх сонголт л мэднэ.

 

Н.СҮРЭН

bolod.mn