Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд Буйр нууранд загасчилж явсан дөрвөн хүн эндсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Олон нийтийг цочроосон уг ослын дуулиан одоо ч намжаагүй байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө дөрөв дэх загасчны цогцсыг нуурын эргээс олоод байгаа. Тухайн үед дээрх дөрвөн иргэнийг нууранд завьтай загасчилж явах үеэр хүчтэй салхи гарч хоёр нь завьтайгаа живж, хоёр нь нуурын хагарсан мөсөн дээр гарч амжсан байна. Харамсалтай нь мөсөн дээр гарсан хоёр загасчин хоёр цаг гаруй хөл нүцгэн гүйж аврал эрсэн боловч үхэл амьдралын заагт хөөрхий залууст хэн ч авралын гар сунгаж чадалгүй амиа алдсан байдаг. Нутгийн иргэд нуурын эрэг дээр тэднийг хэрхэн амь тавихыг хараад зогсч байжээ. Эл хэргийн мөрөөр Буйр нуур хүрч газар дээрээс нь сурвалжлага бэлтгэлээ. Улаанбаатар хотоос Чойбалсан хүртэл 668 км. Чойбалсангаас Халхгол сум хүрэхэд 360 км зайтай бол тус сумаас баруун хойш 65 км-ийн зайд Буйр нуур оршино. Ингэхдээ Халхгол сумын төвөөс машинаар явахад 90 гаруй км туулдаг юм байна. Урт нь 40 км, өргөн нь 21 км Буйр нуурын эргийн шугамын урт 118 км бөгөөд Хятадын хил дамнан оршдог. Буйр нуур манай орны хамгийн олон зүйл загастай нуур гэгддэг. Тиймээс олон жилийн турш иргэд нуур бараадан амьдарч иржээ.

Гурван сая дахь иргэнд өгсөн байшин (Ялалт баг)

ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНИЙ ААВ МӨНГӨ ОЛЖ БАЙШИНГИЙН НАЙРАА ХИЙХИЙН ТУЛД ЗАГСАНД ЯВЖЭЭ

Буйр нууранд эндсэн загасчид нутгийн иргэд. Халхгол сумын Ялалт багийн нутаг дэвсгэрт харьяалагдах Буйр нуурын эрэг бараадан амьдардаг жижиг тосгоны оршин суугчид аж. Талийгаач Н.Болдбуйр бусдаасаа хамгийн нас залуу нь. Түүний эцэг Д.Намхай Буйр тосгонд 1964 оноос амьдарчээ. Насаараа Буйр нуурын эрэг түшин загасчилж ирсэн тэрээр 18-30 насны зургаан хүүхэдтэй. Дөрөв нь хүү бөгөөд нэрний төгсгөлийг ижилхэн Буйр нуураар нэрлэжээ. Отгон хүү нь өдгөө ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа бол дөрөв дэх хүүхэд нь Н.Болдбуйр юм. Дөнгөж 25 нас хүрсэн Н.Болдбуйр ах, эгч нар дундаа хамгийн сэргэлэн цовоо хөдөлгөөнтэй нэгэн байж. Талийгаач Дорнод аймгийн 0327 дугаар ангид цэргийн алба хаасан бөгөөд 2014 онд цэргээс халагджээ. Энэ үеэр эхнэр П.Хандмаатайгаа танилцаж, улмаар 2015 онд гэр бүл болсон байна. Түүнийг эрүүл чийрэг, өсгөлүүн биетэй, тэсвэр хатуужилтай залуу байсан талаар найз нөхөд нь ярьж байлаа. Талийгаач Улаанбаатар хотод хоёр жилийн өмнө ажил хийхээр ирсэн юм. Ингээд “Дельта” автомашин засварын газар засварчнаар ажилд оржээ. Түүний төрсөн ах уг засварын газар инженерээр ажилладаг юм байна. Болдбуйрын хувьд өнгөрсөн онд олон баярт явдал тохиожээ. 2015 оны нэгдүгээр сарын 24-нд залуу хосууд шинэ хүн өлгийдөн авчээ. Түүний гэргий Дорнод аймагт амаржсан бөгөөд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндлэх үед хүү нь хэдхэн минутын зөрүүтэй төржээ. Тиймээс түүний хүүг гурван сая дахь иргэний эн чацуутнаар тодруулж төрөөс гурван сая төгрөгөөр шагнасан байна. Ингээд орон нутгийн зүгээс байр орон сууцаар шагнахаа бас амлаж. Бараг жил тойрсны эцэст аймгаас амласан байраа өгөхөөр шийдвэр гаргаж. Яг осол болохын өмнөх өдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Буйр нуураас 20 гаруй км зайд орших Ялалт багт 5:7 хэмжээтэй байшингаа хүлээж авчээ. Тэр өдөртөө байшингийн найр хийж нутгийн удирдлагууд, хамаатан садан, найз нөхдөө оруулж цайлж нэлээд хөл хөөр болцгоож. Ингээд орой нь байшингийн цайллаганд ангийн хоёр, гуван найз нь ирээгүй хэмээн эхнэртээ хэлээд Буйр нууранд тор тавьж загас авчирч шарж өгнө. Бас тав арван төгрөг олно гэж яваад буцаж ирээгүй байна.

ТАЛИЙНГААЧ Т.ГАНБОЛД ГУРВАН ХҮҮТЭЙ, МАЛЧИН НЭГЭН БАЙВ

Талийгаач Т.Ганболд эхнэр Н.Байгальмаатайгаа ханилаад 18 жил болжээ. Тэд гурван хүүтэй. Тосгондоо л өнөр өтгөн, сайн сайхан амьдралтай, бусдадаа үлгэр дуурайлтай ажилсаг гэр бүл. Том хүү нь 19 настай, ШУТИС-ийн тавдугаар курсын оюутан бол дунд хүү нь 17 настай, Ерөнхий боловсролын сургуулийн XII ангид энэ намар орох юм байна. Харин бага хүү нь таван настай. Талийгаач архи, тамхи хэрэглэдэггүй, нутаг усандаа хүндлэгддэг, алиа хошин зантай хүн байжээ. Эхээс ах, дүү арвуулаа. Ар гэр, ах дүү нарынхаа амьдралд анхаарал тавьж, авч явдаг ганц хүн нь байсан тухай гэр бүлийнхэн нь ярьж байна. Гэргий Н.Байгальмаагийн эцэг, эх олон жилийн өмнө Баян-Өлгий аймгаас ирж нутаглажээ. Н.Байгальмаа нуурын ус ажиглагч хийдэг. Сардаа 400 мянган төгрөгийн цалинтай. Орон нутагт тогтмол цалинтай ажилтай байна гэдэг хөдөөний иргэдийн хувьд том завшаан. Тиймээс эхнэрийнхээ ажлыг бараадан Буйр нуурын тохойд амьдарч ирсэн. Талийгаач Т.Ганболд тосгоны иргэд шиг өдөр бүр загасчлаад байдаггүй нэгэн байж. Хэдэн малынхаа араас шогшиж өдрийг бардаг малчин. Хаа нэг нутгийнхныгаа даган нууранд тор тавьж загасчилдаг ч усанд завиар яваад сүйд болохгүй, бусдын дэмжлэгээр болчихдог байсан бололтой. Ихэнхдээ малын бэлчээрээр явсан тэрээр усанд сэлэхдээ ч маруухан. Загасчлахдаа ч тааруухан хүн байсан гэнэ. Хар мөртэй тэр өдрийн өмнөх орой нар шингэхийн өмнө тэнгэрийн хаяа улаарч, гойд сайхан болжээ. Ямартай ч маргааш сайхан өдөр болох нь гээд орой нь нууранд тор тавиад ирж. Энэ нь түүний энэ хаврын анхны тор тавьсан явдал байв. Ингээд өглөө эхнэрээ унтаж байхад тороо эргэхээр гэрээсээ гараад эргэж ирсэнгүй.

Буйр тосгон. Буйр нуурын эргээс километр хүрэхгүй зайтай. 2016.06.13

ТАЛИЙГААЧ УСАНД САЙН СЭЛДЭГ БАЙСАН ГЭВ

М.Ширмэнтогоогийнх найман хүүхэдтэй. Харин талийгаач Ш.Баттулга түүний тав дахь хүүхэд бөгөөд 1989 онд төржээ. Ширмэнтогоо гуайнх мөн л энэ тосгонд олон жил амьдарчээ. Анх тус тосгонд Загасны цех байгуулагдахад л тракторын жолоочоор ирж байсан байна. Хүү Ш.Баттулгын тухайд гэвэл 2011 онд Дорнод аймгийн Сүмбэр сум, одоогийн Халхгол суманд Ерөнхий боловсролын сургууль төгсчээ. Тэрээр багадаа гэмтэж тулгуур эрхтний бэрхшээлтэй болсон учраас үеийнхэнтэйгээ зэрэгцэн их, дээд сургуульд суралцах боломжгүй байсан гэнэ. Тиймээс эцэг, эхээ бараадан загасчилж, амьдралаа залгуулах болж. Сардаа халамжийн хэдэн төгрөг авдаг байсан бөгөөд аав, ээжийгээ юугаар ч дутаахгүй сайн амьдруулах болно гэж үргэлж хэлдэг байжээ. Гэтэл өнөө жил халамжаас хасагдчихсан байна. Тиймээс хавар нуур гэсэхээр загасанд явж мөнгө олно гэж ярих болж. Хэдий тулгуур эрхтний бэрхшээлтэй ч талийгаач усанд тун сайн сэлдэг байсан гэсэн. Хүүгээ усанд алдана чинээ санасангүй хэмээн түүний аав М.Ширмэнтогоо ярихдаа хоолой нь зангирч байлаа.

ХҮРГЭН ХҮҮГЭЭ АЛДСАН ЭХ 2003 ОНД ХОЁР ХҮҮГЭЭ МӨН Л БУЙР НУУРАНД АЛДСАН БАЙНА

Буйр нууранд эндсэн дөрвөөс тус тосгонд өсөөгүй цорын ганц хүн нь талийгаач Мөнхжаргал. Тэрээр Дорнод аймгийн Баянтүмэн сумаас Буйрт хүргэн болж ирээд таван жилийн нүүр үзсэн байна. Мөнхжаргал өнөө жил 41 настай. Түүний эхнэр Т.Болормаа, талийгаач хоёр хожуу амьдрал зохиож айл гэр болохоор их ч зүтгэсэн тухай хөршүүд нь ярьж байлаа. Эхнэр Т.Болормаагийн аав Төмөрбаатар Буйрт анх Загасны цех байгуулагдахад даргаар томилогдож ажиллажээ. Товчхондоо Буйр нуур бараадсан энэ хэсэг айлын үүсгэн байгуулагчдын нэг гэсэн үг. Өдгөө аав нь өөд болж, ээж Дарьсүрэнгийн хамт амьдардаг байна. Түүний ах ч мөн гэр бүлээрээ энэ тосгонд амьдардаг аж. Т.Болормаа Халхгол сумын нутаг дэвсгэрт газрын тосны олборлолт явуулж буй “Дайчин тамсаг” компанид хятад хэлний орчуулагч ажилтай гэнэ. Харин нөхөр Мөнхжаргал нь сүүлийн хэдэн жил тосгоныхныг дагаж загасчилдаг байж. Яг арван гурван жилийн өмнө Буйр нуурт аймшигт осол болж долоон хүн машинтайгаа нуурын мөсөнд цөмөрч эндэж байжээ. Тэдний дунд Дарьсүрэнгийн хоёр хүү явсан юм байна.

Талийгаач Мөнхжаргал олон таван үггүй, даруу төлөв нэгэн байсан гэнэ. Архи, тамхи хэрэглэдэггүй, найз нөхөд гээд байх хүнгүй, дуу цөөтэй хүн байсан бололтой. Эзэмшсэн мэргэжил, тогтсон ажилгүй ч хар бор ажилд хэнийг ч дагуулахгүй нэгэн байжээ. Осол болдог өдөр ч мөн бусад өдрүүдтэй л адил тавьсан тороо эргэхээр гурван загасчнаа “Портер” машиндаа суулгаад явсан байна.

Үргэлжлэл бий

Д.Даваасүрэн