УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд түр үнэмлэх гардуулна. Дараа нь буюу 16.00 цагт СЕХ сонгуулийн албан ёсны дүнг нийтэд мэдээлнэ. СЕХ ялалт байгуулсан нэр дэвшигчдийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм. УИХ-ын анхдугаар чуулганы товыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж товлодог хуулийн зохицуулалттай. Энэ жил наадмын дараа АСЕМ болох тул Ерөнхийлөгч чуулганы товыг наадмаас өмнө гаргаж, шинэ УИХ бүрдэх магадлал өндөр байгаа. Шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн нь удирддаг. Энэ удаагийн анхдугаар чуулганыг УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан даргалах юм.

Шинэ УИХ-д хийх ажил их байгаа. Хийх ажлынхаа өмнө МАН, АН-ынхан бүлгээ байгуулах биз. Үүний дараа З.Энхболд даргатай 2012-2016 оны хооронд ажиллаж байсан чуулганаар хэлэлцэж дуусгаагүй, нийгмийн захиалгат буюу хүлээлт үүсгээд байсан асуудлуудыг эхнээс нь хэлэлцэнэ.

Тухайлбал, АТГ-ын даргыг томилох. АТГ-ын дарга сайн дураараа ажлаа өгснөөс хойш уг суудалд санаархагчдаас болж өнөөдрийг хүртэл томилгоо хийгдээгүй байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хариуцлагын тухай хууль, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Шагналын тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд хэлэлцүүлгийн шатандаа “гацаад” байгаа.

Мөн ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, энэ оны төсвийн тодотгол зэргийг хэлэлцэх шаардлагатай байгаа. Хэрвээ чуулганыг гэнэт завсарлуулаагүй бол “шинэ чуулган” арай өөр зүйлс хэлэлцэх байсан. Тодруулбал, жил бүрийн долоодугаар сарын 1-нд батлагдсан байх ёстой Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг “шинэ УИХ” хэлэлцэх юм.

Юутай ч “Шинэ УИХ”-д хийх ажил хийх ажил их байгааг санаж, улс орынхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ бизээ...