Дөрвөн жилийн өмнө боловсролыг балласан хүмүүс эргээд энэ яамны үүдээр орж ирэн, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөд эхэллээ.

Сонгуульд ялсан намын удирдлага эх орон, ард түмнээ бодсонгүй, чин шударга бодлого хэрэгжүүлэхийн оронд, намынхандаа болон “хандивлагчид”-даа тал бүрээсээ боорлуулан барьцаалагдаж, төр засгийн бүх албан тушаалыг барьцаагаар тараалаа. Харин төрийн хариуцлагатай албан тушаалд очих зүрх зориг гаргагчдын хэн нь нийгмийг хордуулагч хүмүүний байгальлаг шунахай чанартай тэмцэл явуулж, иргэнлэг ёс зүй тогтоохыг хүсэж байгаа бол, тэднээс хэд нь өөрсдийгөө энэ зорилгод нийцэх эсэхийг бүрэн ухаарч чадсан бол?

Эсвэл, тэртээ тэргүй ирэх дөрвөн жилд намын сонгуулийн бүх амлалт ширхэгчлэн биелэгдэж, албан тушаалд авсан бүх сайд дарга нар сайн ажилласанд тооцогдоно гэж хүлээж байна уу, нэг үгээр хэлбэл, тэд ажил хийх болов уу, амиа бодох болов уу?

Ард түмэн өөрөө өөртөө сайн сайхныг хүсдэг ч сонгуулиар түүнийгээ хэрэгжүүлэх үндсийг тавьж чаддаггүй нь даанч харамсалтай. Тийм ч учраас итгэл найдвараа алдсан сонгогчид хувиа хичээсэн бэртэгчин амьдрал руугаа буцаад орж, төрөөс бүрэн хамааралтай энэ нийгэмд төрийн албанд байгаатай нь зохицох, арга эвээр ажлаа бүтээхийн тулд хэн нэгэнд ая тал засах зэрэг хүлээцтэй, хүлцэнгүй, аядуу байх арга замуудыг сүвэгчлэх болно.

Төр, засгаа царайчлах төр иргэний ийм харилцаанд улс орон сэргэн мандаж чадах уу? Энэ асуултад хариу болгож боловсролоор жишээ аван, хамгийн наад захын хоёр хүчин зүйлийг тайлбарлая. Эхнийх нь: Төр захиргааны байгууллагууд өнөөдрийнх шиг ийм байдлаар зохион байгуулагдаж, албан тушаалууд ийм улаан цагаандаа гарсан байдлаар хуваарилагдаж байгаа нь хувийн эрх ашиг нийтийн эрх ашгийн эсрэг үйлчилж буйг, хууль дүрэм нь ч бас үүнтэй уялдан тогтоогдож, шүүх цагдаа ч мөн тэр дагуу ажиллаж ирснийг нотолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хувь хүний эрх ашиг дээдлэгдэж байгаагийн цаана нийгмийн шинжтэй асуудлууд бүрэн орхигдож, нийгэмд шударга бус байдал газар авсаар байгаа бөгөөд эцэст нь нийгмийн хувьд ард түмэн маш их хохирч байна. Боловсрол дээр ганцхан жишээ аваад үзье.

Боловсролын тогтолцоог хувиа хичээсэн байдалд оруулах тусам төрийн сургуулиудын чанар доройтож, зориуд тусгаарласан болон гадаад дотоодын төлбөртэй сургуулиуд нэн олширч байна. Энэ нь олон нийтэд ашигтай юу, төрийн бодлого ийм байж болох уу гэсэн асуултанд хүргэж байна. Чадалтай нь мөнгө төлөөд өөрсдийгөө болгож байна гэж бодъё. Гэтэл бүхэлд нь улс орны эрх ашгийн үүднээс авч үзэх юм бол энэ нь зөв шийдэл яагаад ч биш. Гэхдээ яагаад буруу, чухам үүний юу нь болоод, юу нь болохгүй байгааг иргэд биш, эрх баригчид маш тодорхой мэдэж хариуцах ёстой, иргэд ч тэднээс асуух эрхтэй. Боловсролын системд эргэлзээ төрүүлэх энэ мэт олон асуудлыг бүрхэгдүүлж мэдэн будилдаг, ийм асуудлыг нээлттэй болгодоггүйн цаана ердөө л хувь хүмүүсийн эрх ашиг байдаг. Намын эрх ашиг ярьсан хэдхэн хүн өнөөдөр монголын боловсролыг ийм замаар “ээлжлэн” чиглүүлж байхад бид энэ гажуудлаас хэзээ ч гарч чадахгүй.

Нөгөөх нь: Манай төрийн эрх баригчид өнөөдрийг хүртэл боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбаруудыг бүтэц зохион байгуулалтынх нь хувьд сонгуульд ашиглах, амжилт олох индэр болгохыг зорьдог нь нэгэнт ил болсон. Тэд ард олноо басамжлан, өөрсдийн явцуу эрх ашгийн үүднээс эдгээр салбарыг хэдийнээ барьцаанд авсан байдаг болохоор салбарын хар бор амьдралд нэвтэрч, ард түмний язгуур эрх ашигт хүрч үйлчлэх сонирхол тэдэнд даанч байдаггүй. Эрс тэс зорилготой хоёр ажлыг зэрэгцүүлэн хийх боломж тэртэй тэргүй байдаггүй. Тиймээс ч тэд эрхэлсэн ажлаа ашиг орлого, улс төрийн шоу гэдгээс өөрөөр харж чадахаа байсан.

Ерөөсөө зах зээлийг манайд хүн бүр “хувиа бодож довоо шарлуулах, өөрийгөө авч явж чадаж байгаа хүнд (мэдээж улс төрчид маань өөрсдийгөө хэлж байгаа хэрэг) ээлтэй, зөв зүйтэй нийгэм” гэж төсөөлсөн хэвээр байна. Харин үүнийг нийгэм талаас нь авч үзвэл, хувийн ашиг сонирхол нийгмийнхтэй ямагт зөрчилддөг учраас ийм бодлого нийгэмдээ асар их хор хөнөөлтэй байдаг. Нийгэм бол хувиа бодсон хүмүүсийн бөөгнөрөл биш, нэг нэгэнтэйгээ холбогдсон бүхэл бүтэн систем учраас энэ системийг зохицуулах, авч явах улс төрчид нь хувийн эрх ашгийг эрхэмлэхээс онцгой зайлсхийх учиртай. Тухайлбал: Боловсролыг хэзээ ч зөвхөн өөрийн хүүхэд дээрээ, эсвэл нэг хэсэг хүмүүсийн хэмжээнд тусгайлан авч үзэх ёсгүй, систем гэдгээр бүх хүмүүсийн одоо ба ирээдүйг бодолцсон, бүхэлдээ гурван сая хүний асуудал гэж ойлговол зохино.

Өөрөөр хэлбэл, боловсролыг хэзээ ч “миний хүүхэд л болж байвал” гэж боддог хүмүүсийн гарт өгч болохгүй. Гадаад хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуульд суралцагсад эх хэлний боловсрол дутмагаас болоод монголд ажиллаж амьдрах чадвараа алддаг. Тэдний ихэнх нь ирээдүйд монголоо гэхээс илүү гадаад руу тэмүүлсэн сэтгэлтэй, хувиа бодсон амьдралтай болдог. Тийм учраас төр, сургуулиудаа яаж чанаржуулахаа бүрэн ойлгосон бодлого үйл ажиллагаа авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм. Үүний тулд нийт ард түмэн, эцэг эхчүүд рүү чиглэсэн цогц бодлого явуулж, наад зах нь сургууль, цэцэрлэгүүдийг зөв хөгжүүлэхийн зэрэгцээ тэдний бие даасан байдлыг хангаж, дэмжиж байж л улс үндэстний боловсон хүчин бэлтгэгдэх эх суурь тавигдана. Хувийн ашиг сонирхолд бүрэн автаж, сарнин алдагдаж буй нийгмийн салбарын ийм бүтцийг улс орноо гэсэн онцгой бодолтой монгол хүмүүс л засаж чадна. Хувь хүний болон нийгмийн асуудлыг тэнцвэржүүлэх хүсэл зоригтой Засгийн газар л эрт орой хэзээ нэгэн цагт энэ байдлаас гаргана. Энэ Засгийн газарт үүнийг хийх зориг зүрх байдаг бол боловсролд наад зах нь дараах хоёр зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд: Төрийн албан тушаалд очсон хүмүүс хийж бүтээж байгаагаа гүн гүнзгий судалдаггүй, бодлого чиглэлээ хэнтэй ч зөвлөдөггүй учраас өөрсдийгөө зөв зүйтэй зүйл хийж байна гэж үнэмшээд явдаг. Жишээ нь: Өнгөрсөн засгийн газрын сайд Л.Гантөмөр, боловсролд эргэлтийн чанартай өөрчлөлт хийсэн нь “Сургахыг суралцахаар сольсон“ явдал гэж үздэг. Энэ тухай тэр бодлогын чанартай авч үзсэн, хэлэлцүүлсэн эсэх нь тун ч эргэлзээтэй, ер нь л өөрийнхөө нэг удаа бодож олсон зүйлээ тун ч мэргэн санаа олчихлоо хэмээн олзуурхан яриад байгаа мэт л санагддаг байсан. Яагаад ингэж ярьдгийг нь бас хэн ч асуудаггүй. Тэр бас “монголын боловсрол дэлхийн түвшинд ойртлоо, удахгүй монголоос Нобелийн шагналтнууд хэдэн арваараа төрж гарна” гэж баттай итгэдэг. Энэ бүхэн үнэн байдаг бол нөр их ажлын л үр дүн байх учиртай, ажил нь одоогоор харагдахгүй байгаа ч юмыг яаж мэдэхэв, үр дүн нь гараад ирдэг юм бол бид одоо ч түүнийг дэмжихэд бэлэн. Манай боловсрол тэр чигтээ захиргаадалт дор, тэгээд ч энэ салбарын боловсон хүчин байнга солигдож холигдож байдаг учраас боловсролд ажиллагсад нийтээрээ төрөөс авч явуулж байгаа бодлогын талаар үзэл бодлоо илэрхийлдэггүй, идэвх санаачилгагүй, дээрээс ирэх шийдвэрийг л харж суудаг хүмүүс болцгоосон гэдгийг үе үеийн сайдууд мэддэг л баймаар?

Удаа дараагийн Засгийн газрууд боловсролыг ёс болгож “тэргүүлэх салбар”-т өргөмжилдөг ч сүүлийн Засгийн газруудын явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаанд бодитой хандаж, юунаас ажлаа эхлэхээ ядаж энэ Засгийн газар тодорхойлох байх гэж итгэж байна. Эцэст нь хэлэхэд, боловсролын салбарыг сайд дарга нарт хувьчлаад өгчихөөгүй, боловсролыг өөд нь татъя гэвэл тэд яаж ч бодсон, захиргаадалтыг багасгах, анхан шатны байгууллагуудын идэвх санаачилгыг өрнүүлэх замаар л олон нийтийн оролцоог дээшлүүлэх ёстой бөгөөд ялангуяа эцэг эхчүүдийн боловсролд чиглэсэн ажлуудыг маш эрчимтэй зохион байгуулах шаардлагатай. Боловсролыг хөгжүүлж байгаа нь энэ гэж гоё сайхан нэрээр бараа таваар, бэлэн мөнгө тараахаа зогсооё, сургууль цэцэрлэгийн барилга байшингийн асуудлыг ч боловсролын асуудлаас тусад нь ялгаж салгаж авч үзмээр байна. Боловсролд хамгийн чухал нь агуулга!

Р.ЭНХБАТ