Монголчуудын амьдралын цалин хөлс, орлого, зарлагыг "хэнээс, хаанаас" асуугаад судалгаа хийж байгаа нь тун эргэлзээтэй тоо баримтыг Статистикийн газар танилцуулдаг. Саяхан тус газраас олныг гайхашруулсан мэдэгдэл хийх нь тэр.

Тодруулбал, Үндэсний статистикйн хорооны удирдлагууд нийгэм, эдийн засгийн хоёрдугаар улирлын судалгааг танилцуулахдаа "Өрхийн зарлага орлогоосоо давсан байна. Өрх бүр орлогынхоо тодорхой хувийг хадгалж, үлдсэнийг нь зарцуулдаг. Гэтэл зарлага орлогоос давж байгааг нууц орлоготой холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл иргэд статистикийн асуулгыг бөглөхдөө үнэн бодит мэдээллээ өгөхгүй байна" гэсэн юм.

Өрхийн нууц орлого гэж юу вэ? Иргэдэд нуух орлого бий юу. Гурван сая хүн амтай монголд нэг өдрийн хоолоо яаж залгуулах вэ гэдгээ мэдэхгүй тарчигхан амьдарч буй хэсэг бий. Нөгөө хэсэг нь ажил хийдэг ч цалингаас цалингийн хооронд амьдралаа залгуулна. Харин нөгөө хэсэг нь хагаралтлаа баяжсан олигархууд. Тэд л энэ судалгааг бөглөөгүй юм бол "нууц орлого" гээчийг хаанаас гаргаад ирэв.

Нэг өрхийн, сарын дундаж мөнгөн орлого 874 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар буурчээ. Үүнд

  • Цалин хөлсний орлого 6.3 хувь,
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 31 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 948 мянга байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 30 мянгаар буурсан дүн аж. Зарлага буурахад хүнсний бүтээгдэхүүний зарлага 24 мянгаар буурсан нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 934 мянга байна. Үүнээс л үүдэн зарлага орлогоосоо давсан хэмээн үзэж, иргэдийг нууц орлоготой гэж сэрдэх болсон бололтой.

Тэгвэл иргэд "нууц орлого"-оо хаанаас олов? Тэд Ломбард, Банк, ББСБ зэргээс зээл авсан ч юм бил үү. Нөгөөтэйгүүр нэг өрхийн орлого, зарлага нь зөв гарсан уу, судалгаа бодит байдалтай нийцсэн үү гэдэг нь тун эргэлзээтэй. Иргэдийн сарын дундаж цалинг 700-900 мянга гэсэн судалгаа гардаг. Харин бодит амьдрал дээр иргэдийн дийлэнх нь 450-600 мянган төгрөгийн цалин авдаг. Нийгмийн даатгалын сангаас ирсэн мэдээлэлд үндэслэн судалгааг гаргадаг гэдэг. Ингэхдээ хэдэн хүний дунд явуулсан бэ гэдгээ хэлдэггүй. Энэ судалгаанд хамрагдсан хүмүүс нь 3 сая иргэнийг төлөөлж, сарын цалингийн дундажийг гаргаж ирж чаддаг болов уу.