Он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас найман бүсгүй нас барсан гэх мэдээлэл байна. Энэ тоог дөрөн хүүхдийн ээж, таван сартай жирэмсэн Н.Б бүсгүй нэгээр нэмж байгаа. Уг нь УИХ-аас Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг УИХ-аар баталсан бол дөрвөн хүүхэд ээжийгээ алдахгүй байх магадлал өндөр байсан. Ингээд уншигч танд УИХ-аар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа Засгийн газраас өргөн бариад байгаа Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн танилцуулгыг хүргэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Гэвч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг орхигдуулсантай холбоотойгоор хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа.

 

Төслийг боловсруулахдаа 2013 онд АНУ-ын Минесота мужийн Хүний Эрхийн Өмгөөлөгчид байгуулага (Minosota Advocates for Human Rights) болон Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв хамтран хийсэн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн мониторинг” болон Хууль зүйн үндэсний хүрээлэн, УДШ-ийн судалгааны төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагаас 2005 -2013 оны хооронд хийгдсэн 20 гаруй дүн шинжилгээ, судалгааны материалыг ашигласан байна. Мөн дээрх судалгаанаас гадна НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сангаас болон Conrad N.Hilton Сан болон Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба хөгжил Сангаас тус тус боловсруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай загвар хууль, АНУ, Албани, Япон, Өмнөд Африк, Вьетнам, Тайвань зэрэг улсуудын хууль, НҮБ-аас Монгол Улсын засгийн газарт ирүүлсэн Зөвлөмжүүдийг боловсруулалтын ажилд ашиглажээ.

 

Засгийн газраас УИХ-д өргөн бартсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг 47 зүйлтэй. Хуулийн зорилтийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлоход чиглэгдэж байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох чиглэлээр өргөжүүлэн томъёолсон байна.

 

Хуулийн зорилттой уялдуулан:

  • хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх;
  • хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах;
  • хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах;
  • нууцлалыг хамгаалах;
  • салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх зарчмын хүрээнд дараахь зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгажээ.

1. Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнээс гадна хамтран амьдрагч, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, мөн салсан эхнэр, нөхөр, өмнө нь хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн энэ хуулийн зохицуулалтад хамаарагдахаар тусгасан.

 

2. Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэгт тооцож ял шийтгэх зохицуулалтыг бий болгосон. Энэ нь хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох нь даамжирахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна хүчирхийлэл үйлдэгч ямар ч тохиолдолд хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлсэн. Мөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцсноор хохирогч нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай[1] хуульд заасан хамгаалалтад давхар багтах боломж бүрдэх юм.

 

3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаа салангид, зарим яамны чиг үүрэг орхигдсон байгааг өөрчилж, байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, салбар дундын зохицуулалт, тэргүүлэн гүйцэтгэгч нь хэн байхыг тодорхой болгосон.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын асуудлыг Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохицуулах Зөвлөл хариуцахаар, хүчирхийллийн суурь шалтгааныг арилгах хариуцлагыг Боловсрол, Соёлын болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн яамдын чиг үүрэг болгож, хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх үүрэг, хариуцлагыг шинээр тусгасан. Мөн мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгож, мэдээлэл, дүн шинжилгээнд үндэслэн төлөвлөх, төсөвлөх, харъяа мэргэжилтнүүдээ сургах, мэргэшүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад даалгах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа.

 

4. Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх суваг хязгаарлагдмал байдлаар хуульчлагдсан байсныг өөрчилж, мэдээлэх үүрэг бүхий этгээдэд:

-бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан;

-эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан;

-баг, хороо, сум, дүүргийн холбогдох албан тушаалтан;

-төрийн алба хаагч болон төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын мэргэжилтэнг хамруулан өргөжүүлсэн.

 

Мөн мэдээлэгчийн талаарх нууцлалыг хадгалах, шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахаар зохицуулалтыг тусгасан.

5. Хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалалтын талаархи зохицуулалт нь тунхаглалын шинжтэй, хэрэгжүүлэх журам нь тодорхойгүй байсныг өөрчилж, хохирогчийг богино хугацаанд хамгаалалтаар хангах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг нэмж тусгасан. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага, сум, багийн Засаг даргын хүлээх үүргийг тодруулж, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор эрсдлийг үнэлэн, яаралтай арга хэмжээ авах үндэслэлийг тусгасан.

 

6. Хохирогчид үзүүлэх үйлчилгээ цогц бус, төрөлжөөгүй, хохирогчийг нөхөн сэргээх, нийгэмшүүлэх үйлчилгээ, дэмжлэгийн талаархи зохицуулалтыг илүү тодорхой болгосон. Хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх цогц үйлчилгээний зохицуулалтуудыг томъёолж, хэрэгжүүлэгч субъект, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, мөн үйлчилгээг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх талаархи зохицуулалтуудыг тусгасан. Хохирогчид үзүүлэх үйлчилгээ, хамгаалалтыг 3 шатны түвшинд хэрэгжихээр дараахь байдлаар томъёолжээ.

- Засгийн газрын түвшинд салбар дундын зохицуулалтыг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохицуулах Зөвлөл;

- Дунд шатны түвшинд харъяалах яамдын оролцоо бүхий эмнэлэгт суурилсан Нэг цэгийн үйлчилгээний төв, Цагдаагийн мэргэшсэн нэгж;

- Засаг захиргааны нэгжийн төвшинд засаг захиргааны анхан шатны нэгжид ажиллаж байгаа сум, хорооны засаг дарга, цагдаа, нийгмийн ажилтан, өрхийн эмч, хэсгийн ахлагч нарын бүрэлдхүүнтэй Хамтарсан баг зэрэг бүтэц ажиллахаар тусгасан байв.

 

7. Эмзэг бүлгийн онцлог, хэрэгцээг харгалзсан хамгаалалт, үйлчилгээний төрлийн зохицуулалт байхгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдол илрэхгүй, тэдэнд үзүүлэх үйлчилгээ байхгүйгээс хүүхэд хохирох тохиолдол их байгаа анхаарч “Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах” зохицуулалтыг нарийвчлан тусгажээ.

 

Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчдаас хамааралтай эмзэг байдлыг харгалзан хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зохицуулалтуудыг шинээр нэмж тусгасан. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэх үүргийг мэргэжилтнүүдээс гадна иргэдэд хүлээлгэхээр төсөлд тусгалаа. Мөн хохирогч хүүхдэд үзүүлэх үйлчилгээ болон хүүхдийг хамгаалах шийдвэрийн төрлийг шинэчилж, хэрэгжүүлэхтэй холбоотой онцлогийг тусгасан.

 

8. Хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоо байхгүй байсныг өөрчилж, үүрэг хүлээгч байгууллагуудад албан хаагчдаа мэргэшүүлэх, давтан сургах, мэргэшсэн албан хаагчийг ажиллуулах үүргийг хүлээлгэсэн. Энэ хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүд үүрэг хариуцлагаа хангалтгүй буюу огт биелүүлээгүй тохиолдолд холбогдох хуулиар хариуцлага хүлээлгэхээр тусгасан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулиудад хэсэгчлэн өөрчлөлт орж байгаа.

 

 

 

 

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ

ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫн ТӨСЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА

 

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.

 

2 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай

хууль тогтоомж

 

2.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль[2], Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль[3], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэлд хамаарах хүн

 

3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь хүн хамаарна:

 

3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа хүн, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүн;

 

3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү.

 

3.2.Энэ хуулийн зохицуулалтад салсан эхнэр, нөхөр, өмнө нь хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн нэгэн адил хамаарна.

 

 

4 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх

үйл ажиллагааны зарчим

 

4.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:

 

4.1.1.хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх;

 

4.1.2.хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах;

 

4.1.3.хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг шуурхай хангах;

4.1.4.нууцлалыг хамгаалах;

4.1.5.салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх;

4.1.6.хүчирхийллийг үл тэвчих.

 

5 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн нөгөө хүнийхээ сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн эрх, эрх чөлөөг Эрүүгийн хууль, энэ хуульд заасан хэлбэрээр зөрчихийг;

 

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг;

 

5.1.3.“нэг цэгийн үйлчилгээ” гэж хохирогчийг эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллагад түр байрлуулан эмнэлгийн тусламж болон энэ хуульд заасан бусад үйлчилгээг нэг дор үзүүлэх ажиллагааг;

 

5.1.4.“түр хамгаалах байр” гэж хохирогчийг тодорхой хугацаагаар байрлуулан энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий стандарт хангасан газрыг;

 

5.1.5.“хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа хүнийг;

 

5.1.6.“холбон зуучлах үйлчилгээ” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд учирсан олон талт үр дагаврыг арилгах, хэвийн байдалд нь эргүүлэн оруулах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор холбогдох төрийн, төрийн бус байгууллагад зуучилж, хамтран үйлчилгээ үзүүлэхийг;

 

5.1.7.“хүчирхийллийн болзошгүй эрсдэл” гэж гэр бүлийн хүчирхийлэлд хүргэж болзошгүй, эсхүл хүчирхийлэл дахин үйлдэгдэх нөхцөл байдлыг.

 

6 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр

 

6.1.Энэ хуульд заасан дараахь үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ:

 

6.1.1.бие махбодын хүчирхийлэл;

6.1.2.сэтгэл санааны хүчирхийлэл;

6.1.3.эдийн засгийн хүчирхийлэл;

6.1.4.бэлгийн хүчирхийлэл.

 

6.2.Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн нөгөө хүнийхээ амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан буюу учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.

 

6.3.Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн нөгөө хүнийхээ хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.

 

6.4.Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн нөгөө хүнийхээ цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ.

 

6.5.Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулж нөгөө хүнээ бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчирхийлэл гэнэ.

 

6.6.Энэ зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг нөхцөл байдлын үнэлгээ хийх, хохирогчид үйлчилгээ үзүүлэхэд харгалзан үзнэ.

 

7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг хориглох

 

7.1.Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн нөгөө хүнийхээ эсрэг аливаа хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.

 

7.2.Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл өгсөн хүн, гэрч, хохирогчид туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, энэ хуульд заасан үүргээ гүйцэтгэж байгаа албан тушаалтан, ажилтныг айлган сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгих, дарамт, шахалт үзүүлэх, буруутгах, үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно.

 

7.3.Гэр бүлийн хүчирхийллийг сурталчлах, зөвтгөх агуулгатай, түүнчлэн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, хувийн нууц, нэр төрд халдсан мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр түгээхийг хориглоно.

 

7.4.Хохирогчийг энэ хууль болон бусад хуульд заасан эрхээ эдлэхэд шашин шүтлэг, соёл, зан заншлын хэм хэмжээнд үндэслэсэн аливаа хязгаарлалт тогтоохыг хориглоно.

 

7.5.Хохирогч гомдлоосоо татгалзсан, эсхүл хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй.

 

8 дугаар зүйл.Хохирогчийн эрхийг хангах

 

8.1.Хохирогчийн эрхийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль[4], Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаас гадна дараахь байдлаар хангана:

 

8.1.1.хохирогчийн өөрийн болон гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалуулахаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нэн тэргүүнд шийдвэрлэх;

 

8.1.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээллийг хүлээн авсан, шалган шийдвэрлэж байгаа албан тушаалтан хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний хувийн мэдээллийг нууцлах, түүнийг задруулахаас урьдчилан сэргийлж ажиллах;

 

8.1.3.хохирогч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эсхүл хүчирхийллийн болзошгүй эрсдэл учирсан гэж үзвэл энэ тухай гомдол, мэдээллийг биечлэн, эсхүл хууль ёсны төлөөлөгч болон бусдаар дамжуулан гаргах;

 

8.1.4.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаагаас үл хамааран хохирогч, хүчирхийллийн болзошгүй эрсдэлд байгаа хүнд энэ хуульд заасан хамгаалалт, үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх;

 

8.1.5.гэр бүлийн хүчирхийллийн тухай гомдол, мэдээллийг шалгах, шийдвэрлэх үүргийг хуулиар хүлээсэн албан тушаалтан нь хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний аюулгүй байдлыг хангах, яаралтай тусгаарлах, тухайн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг авах;

 

8.1.6.хохирогч өөрт хамааралтай асуудлаар шийдвэр гаргахад оролцож санал өгөх, албан тушаалтны гаргасан шийдвэрт гомдол гаргах;

 

8.1.7.хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх бүхий хүн, өмгөөлөгч, төрийн, төрийн бус байгууллага хохирогчийн эрх ашгийг хуульд заасны дагуу төлөөлөх;

 

8.1.8.монгол хэл, бичиг мэдэхгүй, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хохирогчийг орчуулагч, хэлмэрчээр хангах;

 

8.1.9.гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, явц, нөхцөл байдал болон хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэсэн хариуцлагын талаархи мэдээллийг тухайн зөрчил, гэмт хэргийг шийдвэрлэж байгаа албан тушаалтан хохирогчид мэдээлэх ба түүнээс гарах үр дагаврыг тайлбарлан өгөх;

 

8.1.10.ажил олгогч нь хохирогчийг энэ хуульд заасны дагуу хамгаалалтад байх хугацаанд түүний ажлын байрыг хадгалах;

 

8.1.11.хуульд заасан бусад.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ

ТОГТОЛЦОО

 

9 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи

Монгол Улсын Их Хурлын чиг үүрэг

 

9.1.Монгол Улсын Их Хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

9.1.1.төрөөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар баримтлах бодлогыг тодорхойлох;

 

9.1.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих;

 

9.1.3.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөвт тусган батлах;

 

9.1.4.хуульд заасан бусад чиг үүрэг.

 

10 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи

Монгол Улсын Засгийн газрын чиг үүрэг

 

10.1.Монгол Улсын Засгийн газар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

10.1.1.төрөөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар баримтлах бодлого, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

 

10.1.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгуулах саналыг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

 

10.1.3.холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон статистик мэдээлэл, дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

10.1.4.хуульд заасан бусад чиг үүрэг.

 

11 дүгээр зүйл.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллагын чиг үүрэг

 

11.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

11.1.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг энэ хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд зохион байгуулах;

 

11.1.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан эрх зүйн албан бус сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

 

11.1.3.харьяалах салбарын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, боловсронгуй болгох арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах;

 

11.1.4.харьяалах байгууллагадаа гэр бүлийн хүчирхийллийн талаархи статистик мэдээ, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, хууль сахиулах болон холбогдох бусад байгууллагыг мэдээллээр хангах журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

 

11.1.5.хууль сахиулагчийг бэлтгэх сургалтын хөтөлбөр, стандартад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэглэх ур чадвар эзэмшүүлэх агуулгыг тусгах;

 

11.1.6.энэ хуулиар үүрэг хүлээсэн харьяалах байгууллагын ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдох журмыг батлан мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

 

11.1.7.хуульд заасан бусад чиг үүрэг.

 

12 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг

зохицуулах зөвлөлийн чиг үүрэг

 

12.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

12.1.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах;

 

12.1.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, чиглэл өгөх, хяналт тавих;

 

12.1.3.холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх;

12.1.4.гэр бүлийн хүчирхийллийн талаархи мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн боловсруулах, хүчирхийллийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх, зөвлөмж гаргах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

 

12.1.5.энэ хуулиар үүрэг хүлээсэн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг батлан мөрдүүлж байгаа эсэх, холбогдох дүрэм, журмын хэрэгжилт болон ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт тавих хяналтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

 

12.1.6.улсын төсвийн хөрөнгөөр түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх;

 

12.1.7.хуульд заасан бусад чиг үүрэг.

 

12.2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

12.2.1.харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдээлэл түгээх, хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хохирогчид энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх, шаардагдах зардлыг тооцон төсөвт тусгуулах саналыг тухайн шатны Засаг даргад уламжлах;

 

12.2.2.энэ хуулиар хохирогчид үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

 

12.2.3.орон нутгийн төсвийн хөрөнгөөр түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлэх;

 

12.2.4.хамтарсан багийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, туслалцаа, дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, чиглэл өгөх.

 

13 дугаар зүйл.Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

 

13.1.Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

13.1.1.түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;

 

13.1.2.энэ хуулиар гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгаалал, халамж, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх тусгай хөтөлбөр батлах, сургалтыг зохион байгуулахтай холбогдсон дүрэм, журмыг баталж мөрдүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих;

 

13.1.3.энэ хуулиар хохирогчид нийгмийн халамж, хамгаалал, гэр бүл, хүүхдийн хөгжил, сэтгэл зүй, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдох журмыг баталж мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

 

13.1.4.энэ хуулийн 13.1.3-т заасан ажилтан болон холбогдох ажилтныг бэлтгэх, арга зүйгээр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх;

 

13.1.5.харьяалах байгууллагадаа гэр бүлийн хүчирхийллийн талаархи статистик мэдээ, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх болон холбогдох бусад байгууллагыг мэдээллээр хангах журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

 

13.1.6.хуульд заасан бусад чиг үүрэг.

 

14 дүгээр зүйл.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагын чиг үүрэг

14.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

14.1.1.зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах;

 

14.1.2.боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахтай холбогдох дүрэм, журмыг баталж мөрдүүлэх;

 

14.1.3.энэ хуулиар боловсролын байгууллагын ажилтны хүлээсэн үүргийг ажлын байрны тодорхойлолтод тусгаж, холбогдох журмыг баталж мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

 

14.1.4.гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх ур чадварыг эзэмшүүлэх сургалтын агуулгыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрт тусгах, тогтмол хяналт үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах;

 

14.1.5.хохирогч хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах нөхцөлийг бүрдүүлэх, холбогдох дүрэм, журмыг баталж мөрдүүлэх;

 

14.1.6.боловсролын байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн талаархи статистик мэдээ, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх болон холбогдох бусад байгууллагыг мэдээллээр хангах журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

 

14.1.7.хуульд заасан бусад чиг үүрэг.

 

15 дугаар зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагын чиг үүрэг

 

15.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

15.1.1.энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан нэг цэгийн үйлчилгээ, энэ хуулийн 38.1.2-т заасан сэтгэл заслын үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх;

 

15.1.2.хохирогчид тусламж үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний төвийг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

 

15.1.3.нийгмийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийллийн үзүүлж байгаа нөлөө, осол, гэмтэл, өвчлөлийн шалтгааныг судлах, мэдээллийн сан бүрдүүлж, холбогдох мэдээ, судалгааг мэдээллийн нэгдсэн санд хүргэх;

 

15.1.4.гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүнийг илрүүлэх, яаралтай болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, энэ хуульд заасан үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэхтэй холбоотой эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтын зохион байгуулалт, хэрэгжилтэд хяналт тавих;

 

15.1.5.энэ хуулиар үүрэг хүлээсэн эрүүл мэндийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдох журмыг баталж мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

 

15.1.6.эрүүл мэндийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн талаархи статистик мэдээ, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх болон холбогдох бусад байгууллагыг мэдээллээр хангах журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

 

15.1.7.хуульд заасан бусад чиг үүрэг.

 

16 дугаар зүйл.Соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагын чиг үүрэг

 

16.1.Соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

16.1.1.хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлыг хүндэтгэсэн, гэр бүлийн тэнцвэрт харилцааг дэмжсэн эерэг зан үйл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах ажлыг зохион байгуулах;

 

16.1.2.хүчирхийллийг илэрхийлсэн, зөвтгөсөн агуулга бүхий соёл, урлагийн арга хэмжээ, аливаа уран бүтээл, утга зохиолыг нийтэд түгээхээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хязгаарлалт тогтоох;

 

16.1.3.хуульд заасан бусад чиг үүрэг.

 

17 дугаар зүйл.Прокурорын байгууллагын чиг үүрэг

 

17.1.Прокурорын байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

17.1.1.гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдол бүрийг нарийвчлан судалж дүгнэлт гаргах, үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэнд хяналт тавих;

 

17.1.2.гэр бүлийн хүчирхийллийн талаархи статистик мэдээ, тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх журам, хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх журам, холбогдох бусад байгууллагыг мэдээллээр хангах журмыг тус тус баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих.

 

17.1.3.Хохирогчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой журмыг Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн төв байгууллагатай хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ авна.

 

18 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг

 

18.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

18.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах талаар хөтөлбөр баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

 

18.1.2.Засаг даргын өргөн мэдүүлснээр харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган батлах, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;

 

18.1.3.орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байр байгуулах асуудлыг хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гаралтыг харгалзан шийдвэрлэх;

 

18.1.4.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн чиглэл өгөх;

 

18.1.5.сум, хороонд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг /цаашид “хамтарсан баг” гэх/ байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

 

18.1.6.хуульд заасан бусад чиг үүрэг.

 

19 дүгээр зүйл.Бүх шатны Засаг даргын чиг үүрэг

 

19.1.Бүх шатны Засаг дарга гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

19.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хүчирхийллийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;

 

19.1.2.хамтарсан багийг нэгдсэн удирдлагаар хангаж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

 

19.1.3.орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйчилгээний төв болон түр хамгаалах байр байгуулах саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

19.1.4.орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл болон төсөвт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа, түүнд шаардагдах зардлын төсөв, ойрын ба хэтийн төлөвийг тодорхойлсон хөтөлбөр, төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

19.1.5.хохирогчид үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой зардлыг төсөвлөж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах;

 

19.1.6.хохирогчид үйлчилгээ үзүүлэх ажлыг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, нийгмийн ажилтан хохирогчтой ганцаарчлан уулзах өрөө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

 

19.1.7.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих, гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх;

 

19.1.8.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилд хамт олон, хөрш, олон нийтийг татан оролцуулах, эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байгаа хүн, хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах;

 

19.1.9.хуульд заасан бусад чиг үүрэг.

 

20 дугаар зүйл.Хамтарсан баг

 

20.1.Хамтарсан баг өрхийн эмч, хороо, сум, сургуулийн болон халамжийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд хамтарсан багийг тухайн сум, хорооны Засаг дарга ахална.

 

20.2.Хамтарсан баг дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

20.2.1.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан албан бус сургалт, сурталчилгааны ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах;

 

20.2.2.хүчирхийллийн харилцаатай гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх;

 

20.2.3.нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх;

 

20.2.4.хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, холбогдох үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;

 

20.2.5.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар нөхөн сэргээж, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх;

 

20.2.6.хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаархи статистик мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлэх.

 

20.3.Хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журмыг нийгмийн хамгааллын, хууль зүйн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

21 дүгээр зүйл.Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн

захиргааны байгууллагын чиг үүрэг

 

21.1.Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

21.1.1.энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, энэ хуулийн 38.1.1-д заасан сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээ, энэ хуулийн 40, 41 дүгээр зүйлд заасан нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээтэй холбоотой мэдээллийн сан бүрдүүлэх;

 

21.1.2.халамж, асрамжийн хувилбарт үйлчилгээнд холбон зуучлах, хяналт тавих журмыг баталж мөрдүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих;

 

21.1.3.хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх тусгай утасны үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах;

 

21.1.4.хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээний журмыг боловсруулж, мөрдүүлэх;

 

21.1.5.хуульд заасан бусад чиг үүрэг.

 

22 дугаар зүйл.Төрийн бус байгууллагын чиг үүрэг

 

22.1.Төрийн бус байгууллага нь дүрмийнхээ зорилгод нийцүүлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж болно:

 

22.1.1.энэ хуулиар үүрэг хүлээсэн ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн арга зүйгээр хангахад дэмжлэг үзүүлэх;

 

22.1.2.олон нийтэд мэдээлэл түгээх, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах;

 

22.1.3.хохирогчийг түр хамгаалах байраар хангах болон энэ хуульд заасан бусад үйлчилгээ үзүүлэх.

 

22.2.Энэ хуулийн 22.1.1, 22.1.3-т заасан чиг үүргийг энэ чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

 

22.3.Энэ хуулийн 22.2-т заасан гэрээний үндсэн дээр үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагад олгох санхүүжилт, ажилтны цалин, урамшуулал нь адил төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллагынхаас багагүй байна.

 

22.4.Төрийн бус байгууллага нь хохирогчийн хүсэлтээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлнэ.

 

22.5.Энэ хуулийн 22.4-т заасан итгэмжлэгдсэн төлөөлөгч дараахь эрх эдэлнэ:

 

22.5.1.хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр төрийн, төрийн бус байгууллага, бусад этгээдтэй харилцах;

 

22.5.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл олж авах;

 

22.5.3.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны талаархи саналаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргэх;

 

22.5.4.хохирогчийн хүсэлтээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох;

 

22.5.5.хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох байгууллага, хуулийн этгээд, хувь хүнээс дэмжлэг хүсэх;

 

22.5.6.хуульд заасан бусад эрх.

 

22.6.Энэ хуульд заасны дагуу хохирогчид үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журмыг хууль зүйн, нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ИЛРҮҮЛЭХ,

ТАСЛАН ЗОГСООХ АРГА ХЭМЖЭЭ

 

23 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх,

мэдээлэх

 

23.1.Дараахь албан тушаалтан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар албан үүрэгтэйгээ холбоотойгоор олж мэдсэн бол цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлэх үүрэгтэй:

 

23.1.1.бүх шатны боловсролын байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан, бусад ажилтан;

 

23.1.2.эрүүл мэндийн ажилтан, нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан;

 

23.1.3.баг, хороо, сум, дүүргийн холбогдох албан тушаалтан;

23.1.4.төрийн албан хаагч, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтан.

 

23.2.Хүн, хуулийн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлж болно.

 

23.3.Мэдээллийг амаар болон бичгээр, утсаар, цахим хэлбэрээр өгч болно.

 

23.4.Мэдээллийг ямар хэлбэрээр өгснөөс үл хамаарч мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийг хуульд заасан арга хэрэгслээр таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан, эсхүл тухайн орчин нь аюултай гэж үзвэл хохирогчийг хамгаалах арга хэмжээг даруй авах үүрэгтэй.

 

23.5.Гэр бүлийн хүчирхийллийн тухай гомдол, мэдээллийг хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн оршин сууж байгаа газрын харьяаллаас үл хамааран ойр байгаа цагдаагийн байгууллагад гаргана.

 

23.6.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан мэдээлэл өгсөн хүний талаархи мэдээллийг нууцлах үүрэгтэй.

 

23.7.Холбогдох албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн хохирогч, гэрч, мэдээлэл өгсөн хүний талаархи мэдээллийг задруулахыг хориглоно.

 

24 дүгээр зүйл.Сум, багийн Засаг даргын хүлээх үүрэг

 

24.1.Сум, багийн Засаг дарга хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор дараахь арга хэмжээг шуурхай авах үүрэгтэй:

 

24.1.1.хүчирхийлэл үйлдэгчийг захиргааны байранд дуудан ирүүлж, шаардлага тавих, сануулга өгөх;

 

24.1.2.эмнэлгийн яаралтай тусламжид холбох, шаардлагатай гэж үзвэл хохирогчийн байгаа орон байрны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, боломжтой бол хохирогчийг төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх;

 

24.1.3.хохирогчид энэ хууль болон бусад хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, үйлчилгээний талаар мэдээллээр хангах;

 

24.1.4.хохирогчийн зөвшөөрснөөр харьяа баг, хороо, сумын нийгмийн ажилтанд мэдэгдэх;

 

24.1.5.хүчирхийлэл үйлдэгдсэн тухай хохирогч, хүчирхийлэл үйлдэгч болон гэрчээс асууж, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай бусад ажиллагаа явуулах;

 

24.1.6.энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.3, 24.1.4, 24.1.5-д заасны дагуу авсан арга хэмжээний талаар цагдаагийн алба хаагчид даруй мэдэгдэж, холбогдох тэмдэглэлийг шилжүүлэх;

 

24.1.7.хуульд заасан бусад үүрэг.

 

24.2.Хохирогч бие махбод, сэтгэл санааны хувьд ноцтой хохирол хүлээсэн, хохирч болзошгүй, эсхүл хүүхэд хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй гэж үзвэл сум, багийн Засаг дарга хохирогч зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан харьяа баг, хороо, сумын нийгмийн ажилтанд, эсхүл сургуулийн нийгмийн ажилтанд мэдэгдэнэ.

 

25 дугаар зүйл.Цагдаагийн байгууллага, алба хаагчийн хүлээх үүрэг

 

25.1.Цагдаагийн байгууллага нь Цагдаагийн албаны тухай хууль[5], Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд зааснаас гадна гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх талаар дараахь арга хэмжээг авна:

 

25.1.1.хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн талаархи бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ашиглах;

 

25.1.2.энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан мэдээллийг хүлээн авч, шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах утас 24 цагаар ажиллуулах.

 

25.2.Тухайн орон нутгийн хүн амын тоо, эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдлыг харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болно.

 

25.3.Энэ хуулийн 25.2-т заасан нэгжийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх ажилд сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтныг оролцуулна.

 

25.4.Цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор бусдын орон байранд нэвтрэн орж, дараахь ажиллагааг явуулж болно:

 

25.4.1.хохирогч болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, хуульд заасан журмын дагуу аюулын зэргийн үнэлгээ хийж, түүнийг үндэслэн хохирогчийг нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байранд хүргэх, боломжтой бол төрөл, садан, ойр дотных нь хүний хамгаалалтад өгөх;

25.4.2.хүчирхийлэл үйлдэгчид хүчирхийлэл үйлдэх, согтууруулах ундаа хэрэглэхийг зогсоохыг шаардах;

25.4.3.аюулын зэрэг өндөртэй, эсхүл хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол хохирогч зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан харьяа нийгмийн ажилтанд мэдэгдэх;

25.4.4.хохирогчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, хохирогчид үзүүлэх үйлчилгээний талаархи мэдээллийг бичгээр өгөх;

25.4.5.энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, 8.1.8-д заасан хохирогчийн эрхийг хамгаалах арга хэмжээ авах;

25.4.6.шаардлагатай бол хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах;

25.4.7.галт зэвсэг, хүчирхийлэл үйлдэхэд ашигласан зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хураан авах.

25.5.Цагдаагийн алба хаагч шаардлагатай бол гэрч, хохирогч, мэдээлэл өгсөн хүн, тэдгээрийн гэр бүлийн бусад гишүүн, хохирогчид туслалцаа үзүүлсэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд[6] заасан арга хэмжээг авна.

25.6.Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүчирхийлэл үйлдэгч биелүүлэхээс татгалзсан, эсхүл эсэргүүцсэн бол албадлага хэрэглэнэ.

25.7.Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.4.1 дэх заалтад заасан хохирогчид орон байрнаасаа хувцас, эм, эмчилгээний хэрэгсэл, баримт бичиг, хүүхдийн сургалтын хэрэгсэл зэрэг нэн шаардлагатай хэрэглээний эд зүйлээ авахад нь туслалцаа үзүүлж, хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулна.

 

26 дугаар зүйл.Нийгмийн ажилтны үүрэг

 

26.1.Сум, дүүрэг, хороо, багийн нийгмийн ажилтан дараахь үүргийг хүлээнэ:

 

26.1.1.хохирогчийг мэдээллээр хангах, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх;

 

26.1.2.гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг үнэлэх;

26.1.3.нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн хохирогчийн хэрэгцээг тодорхойлж, хамтарсан багаар үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;

 

26.1.4.хохирогчийг асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээ болон нийгмийн халамжийн тэтгэмжид хамруулах, шаардлагатай бусад үйлчилгээнд холбон зуучлах үйлчилгээг зохион байгуулах;

 

26.1.5.эрсдэлд байгаа хүүхэд, гэр бүлийг илрүүлэх судалгааг энэ хуулиар үүрэг хүлээсэн бусад ажилтан болон баг, хорооны ажилтантай хамтран хийх, эрсдэлтэй гэр бүл, хүүхдийн бүртгэл хөтлөх, үйл ажиллагаандаа ашиглах;

 

26.1.6.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг зохион байгуулах;

 

26.1.7.хохирогчид үзүүлэх хамтарсан багийн үйлчилгээг төлөвлөх, уялдуулан зохицуулах, үйлчилгээний тайлан, мэдээнд үндэслэн дараа жилийн үйлчилгээнд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах саналыг Засаг даргад тавих;

 

26.1.8.хуульд заасан бусад үүрэг.

 

26.2.Сургуулийн нийгмийн ажилтан Боловсролын тухай хуульд[7] зааснаас гадна дараахь үүргийг хүлээнэ:

 

26.2.1.хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр харьяа сум, баг, хорооны хамтарсан багтай хамтран ажиллах;

 

26.2.2.хохирогч хүүхдэд болон түүнд үзүүлэх үйлчилгээ, туслалцаа, дэмжлэгийн талаар эцэг, эх, багш, холбогдох бусад ажилтанд зөвлөгөө өгөх;

 

26.2.3.гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурагч, багш, боловсролын байгууллагын бусад ажилтан, эцэг, эхэд мэдээлэл түгээх, сургалт зохион байгуулах;

 

26.2.4.энэ хуулийн 14.1.1, 14.1.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих.

 

27 дугаар зүйл.Эрүүл мэндийн ажилтны үүрэг

 

27.1.Эрүүл мэндийн ажилтан хохирогчийг хамгаалах талаар дараахь үүргийг хүлээнэ:

 

27.1.1.эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа хохирогчийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хохирогчийн бэртэл гэмтэл, өвчлөлийн шалтгааныг тэмдэглэж, баримтжуулах;

 

27.1.2.хохирогчийг шаардлагатай үйлчилгээ, туслалцаа, дэмжлэгийн талаархи мэдээллээр хангах;

 

27.1.3.энэ хуулийн 27.1.1-д заасан ур чадвар эзэмших чиглэлээр сургалтад хамрагдах;

 

27.1.4.хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр нийгмийн ажилтантай хамтран ажиллах, нөхцөл байдлын үнэлгээ хийхэд мэргэжлийн дүгнэлт гаргах;

 

27.1.5.хуульд заасан бусад үүрэг.

 

27.2.Энэ хуулийн 27.1.4-т заасан үүргийг өрхийн эмч, шаардлагатай тохиолдолд бусад эмч гүйцэтгэнэ.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХҮҮХДИЙГ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХАМГААЛАХ

 

28 дугаар зүйл.Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс

хамгаалах

 

28.1.Гэр бүлд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлийн бусад гишүүн хамгаалах үүрэгтэй.

 

28.2.Энэ хуулийн 28.1-д заасан үүргийг хүүхдийг асран халамжилж байгаа этгээд болон байгууллага нэгэн адил хүлээнэ.

 

28.3.Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүн хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, ялгаварлан гадуурхах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, зодож шийтгэх, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх хэлбэрээр хүүхдийн бие махбодод халдах, үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, мансуурах, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.

 

29 дүгээр зүйл.Хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх,

мэдээлэх

 

29.1.Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл хүн, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй.

 

29.2.Бүх шатны боловсролын байгууллагын багш, эмч, эмнэлгийн ажилтан, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан нь хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүрэгтэй.

 

29.3.Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэх, мэдээллийг хүлээн авахад энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 

29.4.Хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утсаар хүлээн авсан мэдээллийг цагдаагийн байгууллага, эсхүл сум, багийн Засаг даргад хүргэх, хүүхдэд зөвлөгөө өгөх, шаардлагатай үйлчилгээ, туслалцаатай холбох ажиллагааг гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал эрхэлсэн байгууллага хэрэгжүүлнэ.

 

29.5.Хүүхэд хохирсон болон эрсдэлтэй нөхцөлд байгаа тухай мэдээллийг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэж, холбогдох үйлчилгээ, туслалцаа, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

 

30 дугаар зүйл.Хүүхдийг тусгай хамгаалалтаар хангах

 

30.1.Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэл хүлээн авсан цагдаагийн байгууллага, сум, багийн Засаг дарга хүчирхийллийг таслан зогсоох, хохирогч хүүхдийг хамгаалах зорилгоор энэ хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаас гадна дараахь арга хэмжээг авна:

 

30.1.1.хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлан түр хамгаалалтаар хангах;

 

30.1.2.хүүхдийн байгууллага, ажилтанд мэдээлэх.

 

30.2.Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журмыг хуульд заасан эрх бүхий байгууллага батална.

 

30.3.Энэ хуулийн 30.1-д заасан арга хэмжээг цагдаагийн алба хаагч, сум, багийн Засаг дарга харьяа баг, хороо, боловсролын нийгмийн ажилтан, эсхүл хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа ажилтантай хамтран хэрэгжүүлнэ.

 

30.4.Энэ хуулийн 30.1.1-д заасан арга хэмжээг аюулын эрсдлийн зэрэг дунд болон өндөр, эсхүл дараахь нөхцөл байдал байна гэж үзвэл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналыг харгалзахгүй авна:

30.4.1.хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар үйлдсэн буюу үйлдэж болзошгүй;

 

30.4.2.хүүхдээ барьцаалсан, барьцаалж болзошгүй;

30.4.3.хүүхдийн эмзэг байдлыг өөрт ашигтай шийдвэр гаргуулах, ашиг олоход ашигласан, ашиглаж болзошгүй;

 

30.4.4.хүүхдийг айдас, сэтгэл санааны дарамтад оруулсан, оруулж болзошгүй;

 

30.4.5.хүчирхийлэл үйлдэгч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг.

 

30.5.Энэ хуулийн 30.1.1-д заасан арга хэмжээг хүүхдийн эрх ашгийг харгалзан дараахь хэлбэрээр хэрэгжүүлнэ:

 

30.5.1.хүүхдийг нэг цэгийн үйлчилгээний төв, эсхүл түр хамгаалах байранд хүргэх;

 

30.5.2.энэ хуулийн 30.5.1-д заасан арга хэмжээг авах боломжгүй бол эцэг, эх, төрөл, садангийн болон бусад хүн, өөр гэр бүлд хүлээлгэн өгөх;

 

30.5.3.хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн, төрийн бус байгууллагад хүргэх.

 

30.6.Цагдаагийн ажилтан, эсхүл сум, багийн Засаг дарга энэ хуулийн 30.5-д заасан хүн, байгууллагад хүүхдийг хүлээлгэн өгөх бол түүнд эрх, үүргийг сануулж, бичгээр баталгаажуулна.

 

30.7.Хохирогч хүүхэд долоо, түүнээс дээш настай бол энэ хуулийн 30.5.2-т заасан хүн, гэр бүлийг сонгоход түүний саналыг харгалзана.

 

30.8.Хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлах арга хэмжээ авсан нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

30.9.Энэ хуулийн 30.1.1-д заасан арга хэмжээ авагдсан нөхцөлд хүчирхийлэл үйлдэгчийн тухайн хүүхэдтэй уулзах, харилцах эрх хязгаарлагдана.

 

30.10.Энэ хуулийн 30.1.1-д заасан арга хэмжээ авагдсан үед хүчирхийлэл үйлдэгч хохирогч хүүхдийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

30.11.Шаардлагатай гэж үзвэл энэ хуульд заасан хамгаалалт, туслалцаа, дэмжлэгт тухайн гэр бүлд амьдарч байгаа, эсхүл хүчирхийлэл үйлдэгчтэй хамаарал бүхий бусад хүүхдийг хамруулж болно.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

АЮУЛЫН ЗЭРГИЙН БОЛОН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ,

ХОХИРОГЧИД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

 

31 дүгээр зүйл.Аюулын зэргийн үнэлгээ

 

31.1.Цагдаагийн алба хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээ хийнэ.

 

31.2.Цагдаагийн алба хаагч аюулын зэргийн үнэлгээг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдсэн байж болох орчинд, эсхүл хохирогчийн байгаа газарт очиж хийнэ.

 

31.3.Аюулын зэргийн үнэлгээ хийх аргачлалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

32 дугаар зүйл.Нөхцөл байдлын үнэлгээ

 

32.1.Нийгмийн ажилтан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг илрүүлэх, эсхүл хүчирхийлэлтэй харилцааны байдал, хохирогчид учирсан, учирч болзошгүй сөрөг үр дагавар, хохирогчид үзүүлэх үйлчилгээг тодорхойлох зорилгоор нөхцөл байдлын үнэлгээ хийнэ.

 

32.2.Нөхцөл байдлын үнэлгээ нь дүгнэлт хэлбэртэй байна.

 

32.3.Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

33 дугаар зүйл.Хохирогчид үзүүлэх үйлчилгээний төрөл

33.1.Хохирогчид үзүүлэх үйлчилгээ дараахь төрөлтэй байна:

 

33.1.1.аюулгүй байдлын хамгаалалт;

33.1.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээ;

33.1.3.сэтгэл зүйн үйлчилгээ;

33.1.4.нийгмийн халамжийн үйлчилгээ;

33.1.5.хүүхэд хамгааллын үйлчилгээ;

33.1.6.хууль зүйн туслалцаа;

33.1.7.холбон зуучлах үйлчилгээ.

 

33.2.Үйлчилгээ үзүүлэгч байгууллага, ажилтан энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг харилцан уялдаа холбоотойгоор хамтран үзүүлэх, үйлчилгээний талаархи мэдээллийг солилцох, хуваалцах үүрэгтэй.

 

33.3.Хохирогчийн хүсэлтээр энэ хуульд зааснаас бусад төрлийн үйлчилгээ, түүнийг үзүүлдэг байгууллага, ажилтны талаархи мэдээллийг өгч болно.

 

33.4.Хохирогчид үйлчилгээ үзүүлэхэд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн эмгэгтэй хүн, жирэмсэн эмэгтэй, ахмад настны онцлог хэрэгцээг харгалзана.

 

33.5.Энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг хохирогчид үнэ төлбөргүй үзүүлнэ.

 

33.6.Хувь хүн, хуулийн этгээд нь хохирогчийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан цагдаагийн байгууллага, алба хаагч, сум, багийн Засаг дарга, хохирогчид үйлчилгээ үзүүлж байгаа төрийн, төрийн бус байгууллага, ажилтнаас өгсөн заавар, зөвлөмж, мэдэгдэл, тавьсан шаардлагыг биелүүлэх, туслалцаа, дэмжлэг үзүүлэх, мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.

 

34 дүгээр зүйл.Аюулгүй байдлын хамгаалалт

34.1.Хохирогчид үзүүлэх аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ дараахь хэлбэртэй байна:

 

34.1.1.түр хамгаалан байрлуулах;

34.1.2.нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх;

34.1.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтад хамруулах.

 

 

35 дугаар зүйл.Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ

35.1.Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнд түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлнэ.

 

35.2.Түр хамгаалах байрыг төрийн, төрийн бус байгууллагын харьяанд, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн харьяаллаар байгуулан ажиллуулж болно.

 

35.3.Түр хамгаалах байр хохирогчид энэ хуулийн 33.1.2, 33.1.3, 33.1.4, 33.1.5, 33.1.6-д заасан үйлчилгээг холбогдох бусад байгууллагатай хамтран үзүүлнэ.

 

35.4.Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний зардлыг нэг хүнд ногдох хувьсах зардлын хэмжээгээр тооцох бөгөөд нэг хүнд ногдох хувьсах зардлыг тухайн үеийн ханшийн өөрчлөлтийг харгалзан аюулгүй байдлын хамгаалалт, хохирогчид үзүүлэх цогц үйлчилгээний зардал, ажилтны цалин, хамгаалах байрын ашиглалт, засварын зардал зэргийг багтаан тогтооно.

 

35.5.Түр хамгаалах байрны байршил нууц байна.

 

35.6.Түр хамгаалах байрны аюулгүй байдлын хамгаалалтыг цагдаагийн байгууллага, эсхүл гэрээт хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлнэ.

 

35.7.Шашны суртал, номлолыг дэлгэрүүлэх, ашиг олох, хууль бус үйл ажиллагааг халхавчлах зорилгоор түр хамгаалах байр байгуулах, үйлчилгээ үзүүлэхийг хориглоно

 

35.8.Түр хамгаалах байранд хүчирхийлэл үйлдэгч нэвтрэх, түүний ойр орчимд байх, аливаа хэлбэрээр хохирогчтой холбоо тогтоохоор оролдох, хохирогчид айдас түгшүүр үүсгэх бусад үйлдэл хийх болон түр хамгаалах байрны хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.

 

35.9.Ажил үүргээ гүйцэтгэж байсантай холбоотой эсэхээс үл хамааран түр хамгаалах байрны байршлын талаар мэдсэн этгээд энэ тухай бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

35.10.Түр хамгаалах байрны стандартыг эрх бүхий байгууллага, түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.

 

36 дугаар зүйл.Нэг цэгийн үйлчилгээ

 

36.1.Энэ хуулийн 33.1-д заасан үйлчилгээг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй 24 цагийн турш нэг цэгээс үзүүлэх чиг үүрэг бүхий нэгж эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллагад ажиллана.

 

36.2.Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зардлыг энэ хуулийн 35.4-т заасны дагуу тооцож, улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

36.3.Нэг цэгийн үйлчилгээний төвийн аюулгүй байдалд цагдаагийн байгууллага хяналт тавина.

 

36.4.Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх журмыг хууль зүйн, эрүүл мэндийн, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран, аюулгүй байдалд хяналт тавих журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нэг цэгийн үйлчилгээний төвийн стандартыг эрх бүхий байгууллага тус тус батална.

 

37 дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ

 

37.1.Эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилтан хохирогчид Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн[8] 4.1.4, 4.1.5, 4.1.7-д заасан үйлчилгээг үзүүлнэ.

 

37.2.Эмнэлгийн яаралтай тусламжаас бусад үйлчилгээг хохирогчийн байнга буюу түр оршин сууж байгаа газрын нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллага, хэрэв хохирогч эрүүл мэндийн байгууллага, хамгаалах байранд байгаа бол уг байгууллагын оршин байгаа газрын нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ.

 

37.3.Хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

38 дугаар зүйл.Сэтгэл зүйн үйлчилгээ

 

38.1.Хохирогчид үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээ дараахь хэлбэртэй байна:

 

38.1.1.сэтгэл зүйн зөвлөгөө;

38.1.2.сэтгэл заслын үйлчилгээ.

 

38.2.Хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хохирогчид сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.

 

39 дүгээр зүйл.Хууль зүйн туслалцаа

 

39.1.Хохирогчид үзүүлэх хууль зүйн туслалцаа дараахь хэлбэртэй байна:

 

39.1.1.хууль зүйн зөвлөгөө;

39.1.2.өмгөөллийн үйлчилгээ.

 

39.2.Хууль зүйн зөвлөгөөг утсаар болон цахим хэлбэрээр үзүүлж болно.

39.3.Хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Хуульчдын холбоотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавина.

 

40 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн үйлчилгээ

 

40.1.Хохирогчид үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ Нийгмийн халамжийн тухай хуулийн[9] 18.1-д заасан төрөлтэй байна.

 

40.2.Хохирогчид нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

41 дүгээр зүйл.Хүүхэд хамгааллын үйлчилгээ

 

41.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь Хүүхэд хамгааллын тухай хуульд [10] заасан үйлчилгээ байна.

 

41.2.Хохирогч хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажилтныг тусгай сургалтаар бэлтгэнэ.

 

41.3.Хохирогч хүүхэд долоо, түүнээс дээш настай бол хүүхэд хамгааллын үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэхдээ түүний саналыг харгалзана.

 

41.4.Хохирогч хүүхдэд энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан нэг цэгийн үйлчилгээ үзүүлсэн, эсхүл 30.1.1-д заасан түр тусгаарлах арга хэмжээ авсан бол суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах арга хэмжээ авна.

 

41.5.Хохирогч хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс нь тусгаарлан нэг цэгийн үйлчилгээнд хамруулах, түр хамгаалан байрлуулах тохиолдолд насанд хүрсэн хүнээс тусад нь байрлуулна.

 

41.6.Хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журмыг үйлчилгээний төрөл тус бүрээр баталж мөрдүүлнэ.

 

41.7.Хохирогч хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулахтай холбогдсон журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.

 

42 дугаар зүйл.Холбон зуучлах үйлчилгээ

 

42.1.Нийгмийн ажилтан энэ хуулийн 26.1.2-т заасны дагуу хийсэн нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчийг шаардлагатай үйлчилгээнд холбон зуучилна.

 

42.2.Хохирогчид үйлчилгээ үзүүлсэн байгууллага, ажилтан үйлчилгээний явц, үр дүнгийн талаар хохирогчийг холбон зуучилсан байгууллагад эргэж мэдээлнэ.

 

42.3.Холбон зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, нууцлалыг хангана.

 

42.4.Холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

43 дугаар зүйл.Хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй

уулзуулах журам

 

43.1.Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд байрлаж байгаа, эсхүл энэ хуулийн 33.1.1-д заасны дагуу түр хамгаалалтад байгаа хохирогч, түүний насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэл үйлдэгчтэй уулзах шаардлагатай бол насанд хүрсэн хохирогч өөрөө, эсхүл хохирогч хүүхдийн эцэг, эх, харгалзан дэмжигч хүсэлт гаргаж болно.

 

43.2.Хохирогч хүүхэд арван дөрвөн насанд хүрсэн бол өөрөө хүсэлт гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг түүний эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч зөвшөөрч байгааг бичгээр илэрхийлсэн байна.

 

43.3.Хохирогчид үйлчилгээ үзүүлж байгаа хамтарсан баг хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

 

43.4.Хамтарсан баг уулзалтын зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ энэ хуулийн 30.4-т заасан үндэслэл, нөхцөл байдлын болон аюулын зэргийн үнэлгээг үндэслэн, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзана.

 

43.5.Дараахь тохиолдолд хохирогч, түүний хүүхдийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулахыг хориглоно:

 

43.5.1.хохирогч сэтгэл санааны хямрал, айдастай байгаа бол;

 

43.5.2.бэлгийн хүчирхийллийн хохирогч бол;

43.5.3.хохирогч болон хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахаар бол;

 

43.5.4.хохирогч өөрөө уулзахыг хүсэхгүй байгаа бол.

 

43.6.Уулзалтыг баг, хороо, сумын нийгмийн ажилтан хариуцан зохион байгуулах бөгөөд аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцна.

 

43.7.Хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах уулзалтыг зохион байгуулах журмыг хууль зүйн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

44 дүгээр зүйл.Зан үйлд нөлөөлөх сургалт

44.1.Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүссэн зөрчилдөөнтэй асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн зан үйлд нөлөөлөх сургалт нь албадан болон сайн дурын хэлбэртэй байна.

 

44.2.Зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтыг тухайн хүний хүсэлтийн дагуу энэ чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага хэрэгжүүлж болно.

 

44.3.Зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтын хөтөлбөр, журмыг хууль зүйн, нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

44.4.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас баривчлах, хорих ял шйитгүүлсэн этгээдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд[11] заасны дагуу албадан сургалтад хамруулна.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

 

45 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд

хяналт тавих

 

45.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд дараахь хэлбэрээр хяналт тавина:

 

45.1.1.Монгол Улсын Их Хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах талаар Засгийн газрын тайланг жил бүр хэлэлцэн, шийдвэр гаргах;

 

45.1.2.Монгол Улсын Засгийн газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн тайланг жил бүр хэлэлцэн, чиглэл өгөх;

 

45.1.3.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд хуулиар үүрэг хүлээсэн төрийн захиргааны төв байгууллагын болон аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн ажлын тайланг хагас, бүтэн жилээр хэлэлцэн чиглэл өгөх, шаардлагатай бол холбогдох байгууллага, албан тушаалтны илтгэл, мэдээллийг сонсож, хамтын ажиллагааг зохицуулах;

 

45.1.4.аймаг, нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь сум, хороо, багийн хамтарсан багийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, ажлын мэдээг улирал тутам, тайланг хагас, бүтэн жилээр хэлэлцэж чиглэл өгөх, шаардлагатай бол холбогдох байгууллага, албан тушаалтны илтгэл, мэдээллийг сонсож, хамтын ажиллагааг зохицуулах.

 

45.2.Мэргэжлийн хяналтын байгууллага нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавина.

 

45.3.Энэ хуулийн 45.1-д заасны дагуу өгсөн чиглэл, зөвлөмж, даалгаврыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан биелүүлэх, тайлагнах үүрэгтэй.

 

45.4.Холбогдох байгууллага, албан тушаалтан нь 45.1-д заасан тайлан, мэдээллийн ил тод байдлыг хангах үүрэгтэй.

 

46 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

46.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

46.2.Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно.

46.3.Түр хамгаалах байрын журам зөрчиж нэвтэрсэн хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, түр хамгаалах байрын зориулалтыг өөрчилсөн, эсхүл өөр зориулалтаар ашигласан бол хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно.

47 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох хугацаа

 

47.1.Энэ хуулийг .... оны .... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.