"Өдрийн сонин"-ы 10 дугаар сарын 29-ний дугаарт гарсан нийтлэлийг хүргэж байна.Амь тариа хүлээсэн эдийн засгаа тартагт нь тулгачихгүй юмсан гэж засаг хэрэндээ л үзэж байна. Наад захын жишээ гэхэд л эргэлтийн хөрөнгөөр ангаж, татвараа төлж дийлэхээ байсан компаниуд УИХ-аас гаргах учиртай нэг шийдвэрийг хоног тоолон хүлээж суугаа.

Тодруулж хэлбэл, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд орох өөрчлөлтийг. Жилдээ 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой компаниудаас 2021 он хүртэл буюу хямралын шуурга намжтал нэг хувийн татвар авъя гэдэг уг нь толгой дохимоор санаа. Жижиг, дунд компаниудаа сөхрөөчихгүйгээр хямралыг давах үүрэг, шаардлага засгийн өмнө бий. Гэхдээ салбаруудад онцолсон нь жаахан тиймхэн хувилбар болчихов уу гэж санагдаад байна. Төсөлд зааснаар бол хүнс, барилгын материал, хувцас болон нэхмэл, газар тариалан, мал аж ахуй гэсэн дөрвөн салбарт үйлдвэрлэл явуулдаг компаниуд нэг хувийн татварын хөнгөлөлтөд хамрагдах учиртай. Энэ асуудлыг УИХ-аас хэлэлцэх нь зүйтэй гээд шийдчихсэн.

Гэхдээ хэлэлцүүлэг дундуур багагүй өөрчлөлт орсон учраас Засгийн газар илүү сайжруулах үүрэг хүлээгээд байгаа. Хэлэлцүүлгийн явцад үйл ажиллагааны зардлыг нь хасаад 1.5 тэрбум төгрөг хүртэл худалдааны орлоготой компаниудаас ганцхан хувийн татвар авах хувилбар яригдсан юм. Жилдээ 100 тэрбумыг өлхөн олдог том компаниуд үйл ажиллагааны зардал маань 99 тэрбум болчихлоо гээд нэг хувийн татварт хамрагдах эрсдэл бий гэж зарим гишүүн хардана лээ. Болгоомжлохоор өнцөг мөн үү гэвэл мөн. Жижиг, дундуудаа аятайхан аваад үлдэх гэсэн биш том компаниудыг татвараас хөнгөлөөд дуусах нь гэсэн гишүүдийн болгоомжлолтой санал нэг байна. Тэр дундаа зардал ихтэй барилга, хөдөө аж ахуйн салбарынханд бол өлгөж аваад нэг хувийн татвар төлөөд явчих бүрэн бололцоо бий. Тэгэхээр ийм тийм салбар гэж онцлохгүйгээр бүх салбараа багтаачихад болохгүй зүйлгүй санагдах юм. Тэгээд жижиг, дундуудаа л хамруулах зөв хувилбарыг олох хэрэгтэй. Одоо яригдаж буй хувилбараар бол зардалдаа хамгаа шингээгээд нэг хувийн хөнгөлөлтөд орох том компаниуд өчнөөн гарч ирнэ. Боломж нь байхад хэн ч илүү мөнгө төлөхийг хүсэхгүй нь тов тодорхой асуудал. Эдийн засагч М.Чимэддорж “Гэр бүлийн бизнес зонхилсон манай аж ахуйн нэгжүүдийн хувьд хамаарал бүхий этгээдийн хувьцааг хувь хүнд шилжүүлэх замаар татвар төлөхөөс зайлсхийх боломжтой. Түүнчлэн хэд хэдэн салбар зааж өгсөн нь татварын ялгаварлалыг салбараар бий болгож байгаа гэж үзэх ч үндэслэлтэй” гэсэн байр суурийг саявтар илэрхийлсэн харагдсан.

Бага зэрэг халиад хэлэхэд үйлдвэрлэгчдээ үнэхээр дэмжмээр байвал аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт амин чухал, гарцаагүй шийдэх асуудал бол биш. Хөлд орох гэж байгаа үйлдвэрлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт илүү чухал гэсэн саналыг гал тогоонд нь хөлсөө дуслуулж зогсоо үйлдвэрлэгчид хэлдэг. Тэдэнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас илүү НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэлийн 11-13 хувь хүнд тусдаг гэх яриа хөөрөө өнөө ч өрнөж байгаа.

Нэг хувийн татвар дээр бас нэг болгоомжлол бий. Бага орлоготой аж ахуйн нэгжүүдээс нэг хувь, овоо ашиг олдгуудаас нь арван хувийн татвар аваад эхлэхээр компаниуд задарч, жижгэрч эхлэх эрсдэлтэй. Паркетан шал гаднаас импортолж зараад жилдээ таван тэрбумыг олдог бизнесмэн, яг адилхан үйл ажиллагаа эрхэлдэг ч жилдээ тэрбум гаруйг олдог танил захирлаасаа есөн хувийн илүү татвар төлөхийг хэтээсээ хүсэхгүй. Тэгснээс компаниа жижиглээд, хэд хэдэн компанийн нэр дээр паркетан шалны бизнесээ үргэлжлүүлнэ. Төр мөнгө олдоггүй, татвараар орж ирсэн мөнгөөр аж төрж, сургууль цэцэрлэг барьж, нийгмийн элдэв үйлчилгээ үзүүлдэг. Бизнесүүд ташраараа ганц хувийн татвар төлөөд эхэлбэл сахил хүртсэн биш шал дордов гээч болно. Жижиг, дунд компаниудаа дэмжих гэсэн биш бүр ч хөгийн байдал үүснэ гэсэн үг.

Монголын хувьд татвар багатай орнуудын тоонд багтдаг. Арван хувийн татварыг хэвээр үлдээсэн ч болохгүй юмгүй. Төр үнэхээр бага татвар авах сонирхолтой бол арван хувийн татварынх нь багахан хувийг, жишээ нь 1-3 хувийг аваад, үлдсэн хувийг нь иргэний нийгмийг хүчирхэгжүүлэхэд ашиглах гарц бий. Эдийн засагч М.Чимэддоржийн “Дэлхий нийтээр эрүүл мэндийн салбарт эмчилгээ, оношлогоо, эм бэлдмэл гаргаж авах чиглэлээр хийгдэж буй ихэнх судалгааны ажлуудыг ашгийн бус байгууллагууд хамтран санхүүжүүлдэг. Харин манай эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг төр нуруундаа үүрч, эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд л анхаардаг. Судалгааны ажил боловсон хүчин бэлтгэхэд санхүүжилт хийдэг бие даасан сан байхгүй. Гадны томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлэл дамжуулахаас гадна бие даан хөндлөнгийн шинжилгээ хийж олон нийтэд түгээдэг. Гэтэл манай хэвлэл мэдээллийнхэн төрийн үйл ажиллагаа, бодлого боловсруулах хүрээнд явагддаг нарийн төвөгтэй, нийлмэл асуудлаар хөндлөнгөөс дүгнэлт хийх чадвартай институци бий болгох санхүүгийн боломжгүй хэвээр байгаа.Тиймээс хэн нэгэн улс төрч, эдийн засагчийн байр суурь хэвлэл, мэдээллийн үндсэн эх сурвалж болж байна” гэсэн шүүмжлэл бодмоор л асуудал. Компаниуд үлдсэн долоон хувийн татвараа аль салбарын санд өгөхөө шийддэг болчихвол эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, боловсролын салбар төртэй, төргүй өндийгөөд ирнэ гэсэн гаргалгаа бий. Дээд боловсролын тэтгэлгийн сан, хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд чиглэгдсэн сан, төрийн үйлчилгээнд хяналт шинжилгээ хийхийг дэмждэг сан, бодлого судалгааг санхүүжүүлэхэд чиглэсэн сангуудад бизнесүүд мөнгөө өгчихөөд зүгээр суухгүй. Наад зах нь дээд боловсролын хөтөлбөрийг дэлхийн стандартад нийцэхгүй байна, өгсөн мөнгийг маань юунд зарчихав аа гэсэн эрүүл шүүмжлэл өрнөөд ирнэ. Хэвлэл мэдээлэл, төрийн үйлчилгээ, бодлогын чанар ч ялгаагүй бие даасан хүчирхэг байж чадна. Хөгжлийн загвар уг нь ийм энгийн.

Ц.БААСАНСҮРЭН