Манай улсын санхүүгийн зах зээл өрөөсөн хөл дээрээ догонцсоор хэдийнэ 20 гаруй жил өнгөрчээ. Уг нь банк, даатгал, хөрөнгийн зах гэсэн гурвал иж бүрдэл маягаар, харьцангуй хувь ойролцоо янзаар хөгжих ёстой ч, манайд тэгж чадсангүй.

Хөрөнгийн захаа хөгжлийн хөшүүрэг энэ тэр гэж том гоёор нэрлээд, он жилийг ч тэгж нэрлэж үзэв. Гэвчиг бахь байдгаараа. Лондонгийн биржтэй мастер гэрээ байгуулаад ч тусыг эс олов. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр төрийн зүгээс хөрсөн дээр буулгана гээд байдаг бодлого нь өөрөө биш байнаа гэдгийг л бодитоор харуулаад байгаа хэрэг. Санхүүгийн зах зээлээ хөгжүүлье энэ тэр гэж ярьж байх зуур банкны салбарынхан дэндүү оодорчээ. Санхүүгийн захын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгаагийн хувьд ч тэр эдийн засагт нөлөөлөх томоохон нөлөөллийг атгаж байгаагийнхаа хувьд ч тэр арилжааны банкууд үнэндээ оодорч байгаа гэхэд болно.

Хямралын тухайд хэн хүнгүй ярьж байгаа манай улсад өнгөрсөн жилд хамгийн ашигтай ажилласан салбараар банк л тодорч байна. Зээлийн өндөр хүүгээр дамжуулан иргэдээс хэдэн төгрөгийг нь хүүлэх шиг болдог банкууд эргээд төр лүү бухахдаа дэндүү сайн. Гэхдээ үнэндээ бол төрийн зүгээс хүссэн хүсээгүй арилжааны банкуудыг дэмжсээр ирсэн байдаг. Гаднаас орж ирж байгаа бүх л мөнгүүдийг хэдүүлээ хувааж авч тараах ажил хийдэг банкуудын удирдлагууд улстөр, эрх мэдэлтэй их бага ямар нэг хэмжээгээр сүлбээтэй байдаг нь үнэн.

Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн  Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд  “Монголын банкны холбооны ерөнхийлөгч, ХХБ-ны захирал Орхонтой 3 сард уулзан зээлийн хүү, шимтгэлийг бууруулах талаар ярилцан албан бичгээр асуудлыг тавин үр дүнд хүрэх талаар тохиролцсон ч түүнээс хойш өнөөдрийг хүртэл бултсаар байна. Банкууд хэрэглэгчдийн эрхийг нэгэнт хангаж чадахгүй бол гадны чадвартай банк сонгон шалгаруулалтаар оруулж ирэх цаг болжээ. Монголын банкны холбоог татан буулгая” хэмээн хэдхэн өдрийн өмнө бичээд байгаа.

МХЭАХННХ-ны зүгээс уг нь Монголын банкны холбоонд Монголчуудын эрх ашигтай холбоотой л асуудлыг гаргаж тавьсан ч,  үл тоон долоон сар өнгөрөөд байгаа юм билээ. Тэгэхээр банкных нь холбоо нь асуудалд ийн хандаж байхад банкууд хүүгээ бууруулах тал дээр уян хатан байр суурьтай ажиллана гэдэг юу л бол. Монополь байдлаараа Монголчуудад ноёрхож байгаа арилжааны банкуудад үйлчилгээний байгууллага гэдгийг нь сануулсан, уян хатан нөхцөлтэйгөөр ажиллах ёстой шүү гэдгийг нь ойлгуулсан зохицуулалтыг хийж өгөх нь нэг талаас төрийн үүрэг болоод байна.

Сүүлийн үед гадны банк гэхээр л Хятадын төрийн өмчит банкин дээр дөрөөлж, нийгмийг айдаст автуулсан байдлаар мэдээлэл өгөх сэдэлтэй нөхдүүд цөөнгүй ярих болж. Тэгвэл уучлаарай,гадны банкууд гэдэг ойлголтод хувийн секторын хөрөнгө оруулалтын тухай ойлголт бас багтаж таарна. Тэртээ тэргүй манайд үйл ажиллагаа явуулж байгаа банкууд дотор цэвэр үндэсний банк байгаа эсэх нь эргэлзээтэй. Дандаа л мөнгө гаднаас татдаг, гадны хувьцаа эзэмшигчидтэй банкууд байгаа. Тиймдээ ч нөгөө талаас гадны банкуудыг албан ёсоор оруулж ирж, шударга өрсөлдөөний талбарт тэдэнд боломж олгох нь Цэвэр Монгол Үндэсний банк бий болох, тодрон гарч ирэх нөхцөл болж болохыг хэлэх эдийн засагчид байгаа юм.

МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа хэлэхдээ “МҮХАҮТ-аас судалгаа хийхэд хөгжиж буй 104 улс гадны банкуудад үүдээ нээжээ. Испани зохицуулалтаа сайн хийсний дараа гадны банкуудад нэвтрэх зөвшөөрөл олгосон тул дотоодын банкууд нь тэргүүлэх байр сууриа хадгалж чаджээ. Японд гадаад, дотоод бүхий л банканд нэг ижил хууль үйлчилдэг аж. Харин Италид үндэсний банкууд нь гадаад банкуудад байр сууриа алдсан аж.

Төв банк шинэ банк байгуулахыг төдийлөн дэмжээгүй, тусгай зөвшөөрөл олгоогүй. Шинэ банк гарч ирээд хадгаламжийн хүүг өсгөдөг.

-Bank of China гэдэг ганц нэр л хэлээд байдаг юм. Гадны банк гэхээр ганцхан банкаар битгий хар. Гадны банкны салбар болон хөрөнгө оруулалтын гадны банк оруулж ирэх нь эерэг болон сөрөг талтай. Эдийн засаг хэврэг байгаа өнөө үед тэдэнд зөвшөөрөл олгох нь буруу гэж зарим эдийн засагч үзэж байна.

Гэтэл тэднийг татаж оруулаагүйнхээ горыг бид хангалттай амссан. Оюутолгойн гэрээг хийх үед мөнгөний урсгалаа явуулах хоёр банкны нэр, дансыг заачихсан байсан. Тэр үед бид 2А эсвэл 3А зэрэглэлтэй банкны салбарыг нээчихсэн бол Оюутолгойн өнөөг хүртэл хийсэн 8-10 тэрбум ам.долларын гүйлгээний 20-30 хувийг нөөцөндөө авч үлдэх боломж байв. Бодит хохирол амссан нэг л жишээ нь энэ. Одоо үүнийг засахын тулд Тогтвортой байдлын гэрээг өөрчлөх нь маш хэцүү гэдгийг хэлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлэхдээ “Гадны банк ажиллаж эхэлснээр гарах сөрөг тал юу үвэ гэвэл манай банкны хувьцааны үнэ унах талтай. Гэхдээ манайд үндэсний банк байхгүй. Нийт хувьцааныхаа 20-30 хувийг олон нийтэд нээлттэй худалдсан банкийг үндэсний гэж тодотгодог. Энэ оролдлогыг хийсэн Анод болон Зоос банк дампуурсан.

Манайд хувийн хэвшлийн эзэмшлийн банкууд л бий. Зөв зохицуулвал дотоодын банкууд хаалгаа хаахад хүрэхгүй. Манай банкууд ажиллаж чадахгүй байгаа хэсгийг гадны банкуудад нээх хэрэгтэй. 50 сая ам.долларын өртөгтэй, концессын төсөл хэрэгжүүлье гэхээр санхүүжүүлэх банк байдаггүй. Гадны банк манай аль нэг банктай хамтран зээл олгож болно. Хадгаламж гэх мэт жижиг зах зээлд гадны банк ажиллахгүй байх, ажилчдынх нь 70-80 хувь нь монгол иргэд байна гэх мэт шаардлагаа тавих хэрэгтэй. Энэ тохиргоонуудыг хийн, гадны банкуудыг урих нь зөв. Үүний тулд заавал хуулиа өөрчлөх шаардлагагүй.

Бодлогын хүү 15 хувь болсноор хадгаламжийн хүү буурах боломжгүй болчихлоо.

Оросын банк манайд салбараа нээсэн түүх бий. Үндэсний хөрөнгө оруулалтын банк тэр банкны суурин дээр ажилладаг.

Эдийн засаг эрчимтэй өссөн 2012 оны үед гадаадын банкууд манай зах зээлийг сонирхсон. Одоо бол хүсэлтээ өгсөн ганц ч банк байхгүй. Хүмүүс болохоор манай гадаа л банкууд шаваад байгаа мэтээр буруу ойлгодог.”  хэмээн хэлж байгаа юм. Тэгэхээр Б.Жавхлан гишүүний тухайд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр олон жил ажилласан, мэргэшсэн эдийн засагч хүн. Эдийн засгийг улстөржүүлэхээс харьцангуй хол байж харагддаг хүн. Тэр утгаараа үндэслэлтэй зүйлийг хэлж ярьж байгаа болов уу. Гадны банкууд манайд салбараа нээх гээд тэгтлээ улайраад байгаа юм байхгүй байхад л, гадныхан бөөнөөрөө орж ирэх гээд байна гэх мэдээллээр олныг бөмбөгдөж байгаагийн цаана хэсэг бүлгийн л эрх ашиг байгаа харагдаж байна. Сангийн дэд сайдын хэлснээр бол дөрөв, таван банкны л саналын асуудал яригдаж байгаа гэсэн. Тэднийг бүгдийг нь оруулж ирэх гээд байгаа юм ч байхгүй. Монголбанктай зөвшилцөхөөр санал хүргүүлсэн л гэж байсан. Тэгэхээр энэ сургаар манайд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд айж сандраад байгаа нь монополь байдлаа л алдахгүй гэснийх биз ээ. Гэтэл цэвэр, шударга өрсөлдөөнөөс Монголчууд хожмоор байдаг.

Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн