Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалантай ярилцлаа.

-Өвөл хаяанд ирэхтэй зэрэгцэн агаарын бохирдлын асуудал сөхөгддөг. Нийслэлийг ирэх дөрвөн жилд удирдах та бүхэн ямар ажил хийхээр төлөвлөв?

-Нийслэлийн удирдлагууд агаарын бохирдолтой гурван аргаар тэмцэнэ. Нэгд, эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ, шинэчилнэ. Улаанбаатарын нийт хүн амд таарсан эрх зүйн орчинтой, зөв зохион байгуулалт, засаг захиргаатай байхгүй бол хүн амынх нь 50-иас илүү хувь нь амьдарч байгаа хотод тэр хэрээр нийгмийн асуудлууд гарч ирж байна. Өнөөдөр хотод бүртгэлтэй иргэдийн тоо сая 300 мянгад хүрч. Хичээлийн шинэ жил эхлэхээр сургууль, цэцэрлэг, оюутан гээд хотод 1,700-,1,800 мянган хүн амьдарч байна. Энэ механик өсөлт хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Хөрс, агаар бохирдсоноос ундны усаа бохирдуулахад хүргэж эхэллээ. Та мэднэ байх. Гэр хороололд нийслэлийн хүн амын 60 гаруй хувь буюу 190 мянга орчим айл өрх амьдардаг. Анхны суурьшлын бүс болох Баянгол дүүргийн гэр хорооллын нэг айлын хашаанд л жорлонгийн нүх ухах газар олдохгүй байна гэхээр ямар нөхцөл бүрдсэн байх нь вэ.

-Хотын өмнөх удирдлагууд эрх зүйн орчныг их ярьдаг байсан. Эрх зүйн орчноо сайжрууллаа гэхэд хоёр дахь тэмцлийн хэлбэр нь юу байх вэ?

-Улаанбаатар хот 20 мянган хүн амтай аймгийн статустай адилхан зохицуулагддаг гэдгийг та мэдэх байх. Дээр нь, хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хүн амын 20 хувь нь байна. Төвлөрөл ярихаар дүүргийн статус хөндөгдддөг. Хороо гэхэд багийн статустай, 20 мянган хүнд үйлчилдэг байх жишээтэй. Бүхэлдээ эрх зүйн орчноо зөв хэлбэрт аваачихгүй бол өнөөдрийн байдлаар үйлчилгээний чанарыг ярих ч хэрэг алга. Үйлчилгээ гэдэг маань дэд бүтэц, өдөр тутмын халамж, үйлчилгээ шүү дээ. Ингээд харахаар Монгол Улсын нийт төсвийн хөрөнгө оруулалтын нийслэлд 30 хувьд нь ч хүрэхгүй байна. Ингээд эрх зүйн орчноо шийдэж чадвал бид инновацийг энэ салбарт оруулж ирэх ёстой.

-Инновацийг хэн бүхэн ярьж байгаа. Бид ярьсаар агаарын бохирдол тэрбум гаруй төгрөг хийсгэчихсэн шүү дээ?

-Гол нь, шилдэг технологийг л нэвтрүүлэх ёстой. Байгальд хоргүй газрын гүний дулааныг сүүлийн үед их ярьж байна. Өнөөдөр чи гал түлж болохгүй гэх эрх бидэнд байхгүй шүү дээ. Бид чинь ард түмний ая тухтай амьдруулна гэж итгэл найдварыг нь өвөртөлсөн хүмүүс. Тэгэхээр найдвартай, дээр нь байгальд халгүй дэд бүтэцтэй болговол агаарын бохирдлыг бууруулж чадна. Жишээлбэл, дулаан хуримтлуулан халаадаг систем байлаа гэхэд найдвартай, байгаль, хүний эрүүл мэндэд тустай бол урамшуулал өгдөг л байх ёстой. Эсвэл цахилгааны шөнийн хэрэглээг нь тэглэх ёстой гэдэг ч юм уу. Хотын захиргаа ийм л байр суурь баримтална. Ашиглалтын бүх түвшинд байгальд ээлтэй технологи ашиглаж байгаа иргэдийг дэмжих ёстой.

-Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн гурав дахь тэмцэл?

-Гурав дахь нь, боломж, дэмжлэг. Нэг дэлхий дор нэг агаараар амьсгалж байгаа учраас энэ хүндрэлийг даван  туулсан чинээлэг орнууд сан үүсгэн хөгжиж яваа улс оронд дэмжлэг үзүүлье гэж байна. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд эерэг ногоон хөгжлийг дэмжсэн технологи хэрэглэвэл дэмжлэг үзүүлье гэсэн. Тэгэхээр энэ чиглэл рүү  бүх төрлийн дэмжлэг авахын төлөө ажиллана даа.

-Өнөөдөр идэр есийн хүйтэнтэй зэрэгцэн ирсэн агаарын бохирдлыг бууруулахын тулд ямар ажил хийх вэ?

-Нэгд, өнгөрсөн хугацаанд хэрэглэж байсан бүх аргыг хэрэглэнэ. Жишээ нь, сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа байгууллагуудад зөрүү төлбөрийн асуудлыг шийдэхийн тулд БОАЖ-ын сайдын багцад орж баталсан. Бүрэн шаталттай зуухаа хэрэглэнэ. Гэхдээ үйлдвэрүүд өнөөдрийн үүссэн хэрэгцээний багахан хувийг л хангах учраас бүх л талын бололцоог эрэлхийлж байна. Өнөөдөр агаарын бохирдолд гээд төсөвлөсөн хөрөнгө байхгүй. Ямар ч гэсэн Дэлхийн банкны төслөөр хотын захын сургууль, цэцэрлэгт агаарын шүүгч тавьж байгаа. Нийтэд нь агаарын бохирдлыг 100 хувь арилгаж чадахгүй ч, өсч өндийж байгаа  хүүхдийнхээ амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлж буй сургууль, цэцэрлэгийн агаарыг цэвэршүүлье.

-Саяхан болсон Байгаль орчны байнгын хороон дээр Оюунхорол сайд Цэвэр агаар санг сэргээн байгуулна гэж ярьж байсан?

-Ер нь, эрх зүйн орчны хүрээнд нэг л зүйлийг ярилцаж боловсруулаад байна. Нэр томьёоны хувьд ямар байхыг мэдэхгүй. Цэвэр агаар сан байгуулах зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ зарчмын нэг ялгаа байх ёстой. Өмнөх сан шиг юм тараадаг халамжийн байх ёсгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа. Нөгөөтэйгүүр, санхүүгийн зөв тогтолцоотой байх. Өмнө нь, агаарын бохирдлыг бууруулна гэж маш их мөнгө цацлаа шүү дээ. Ард түмэн ч дургүй байгаа. Ногоон хөгжлийг авчиръя гэвэл иргэн бүр хариуцлагатай байх ёстой.

-Тийм шүү. Агаарын бохирдолд өнгөрсөн хугацаанд зарцуулсан хөрөнгийг нэгтгэвэл нэг сургууль, цэцэрлэг барьчих их хэмжээний мөнгө салхинд хийсгэлээ гэсэн шүүмжлэл ч гарсан?

-Хотын өмнөх удирдлагуудын л асуудал даа. Миний хувьд шинэ багийн барьж байгаа бодлогыг ярих нь илүү үр дүнтэй байх. Яагаад гэхээр, өнгөрсөн хугацаанд зуух тараагаад үр дүнгүй байсан  гэхээсээ илүү тодорхой түвшинд агаарын бохирдлыг бууруулж чадсан уу, чадсан. Өмнө нь, бид утааг хэмжиж чаддаггүй байсан. Тэгвэл өнөөдөр анхныхаар нь хэмжээд ямар бодис найрлагад нь байгааг иргэдэд шуурхай мэдээлдэг болсон. Утааг нүдээрээ харахаас илүүтэй юу агуулагдаж байгааг мэддэг болсон нь том амжилт шүү дээ. Ер нь, өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлээс зөв юмыг нь цааш үргэлжлүүлж, бурууг нь зогсооно. Алдаа, оноо байсан ч бид бусдын алдаанаас суралцаж, сайн зүйлийг нь үргэлжлүүлэх ёстой.

-Дөрвөн уулын дунд хашигдсан Улаанбаатар хотод ногоон байгууламж нүдний гэм байгааг гадныхан сануулдаг. Ногоон хөгжлийг дэмждэг таны хувьд энэ талаар анхаарч ажиллах байх гэж бодож байна?

-Нэн чухал асуудал. Монгол Улсын газар нутгийн 10 хүрэхгүй хувь нь ойн бүс. Тиймээс хот дотроо гэлтгүй ойн бүсээ эрүүлжүүлэх, мод тарих талаар санаачилгатай олон ажил хийхээр төлөвлөсөн. Саяхан гэхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ботаникийн цэцэрлэг байгууллаа. Бүх л боломжийг ашиглаж байна. Нэгэн эрдэмтний хэлсэнчлэн ой мод бол супермаркет. Бид ногоон байгуулиа хамгаалж, үржүүлж чадвал хүчилтөрөгчөөс гадна эрүүл хоол хүнс, усаа ч цэвэршүүлж чадна шүү дээ. Ерөнхийдөө, хот төлөвлөлт ч ногоон хөгжлийг дэмжсэн байна. Жишээ нь, орон сууцны хороолол дунд бичил цэцэрлэг байх ёстой. Хуулиараа л тийм.

-Энэ дүрэм журам яагаад өнөөг хүртэл мөрдөгдөөгүй юм?

-Хэрэгжүүлэх ёстой. Булан тохой болгонд байшин барьж байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хөндөж ярилаа. Хууль зөрчиж булан тохойд хашаа хайс барьсан байвал буулгаж, цэцэрлэгт хүрээлэн болгох чиглэл барина. Гэр хороололд ч ялгаагүй. Агаарын бохирдлыг зуух, сайжруулсан түлш тарааснаар бүрэн бууруулж чадахгүй. Энэ шийдэл, технологийн хажуугаар ногоон байгуулиа тордох, хамгаалах,  дэмжих ёстой. Ингэхийн тулд өнөөх л эрх зүйн орчны асуудал босч ирж байна л даа.

-Та бүхэн дараагийн багтаа эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн их, бага хэмжээгээр байгальд халгүй шинэ технологи ашиглаж агаарын бохирдлыг бууруулсан байх нь гэж ойлголоо?

-Гол нь, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд багагүй цаг хугацаа зарцуулна л даа. Тиймээс гол зүйлээ  бэрхшээл  гэж харахгүйгээр зүтгэнэ. Өнөөдөр ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, саналаа өглөө. Тэгэхээр Засгийн газар, УИХ, яамд, сайдын төвшинд ч хоорондоо ойлголцож, нэг төвшинд явах нь чухал байр суурьтай байгаа.