Чимээгүй тахал гэдэг шиг сүүлийн үед монголчууд тэр тусмаа нийслэлийн иргэдийн хувьд утааны асуудал хамгийн онц ноцтой асуудал болоод байна. Одоогоос арван жилийн өмнө одоогийн нөхцөл байдлыг мэргэжилтнүүд анхааруулж байсан ч бидний аажуу тайван зангаас болж дорвитой арга хэмжээ авалгүй агаарын бохирдол аюулын хэмжээнд хүрчээ.

Агаарын бохирдол ялангуяа нийслэл баруун хэсэг буюу Сонгинохайрхан дүүргийн нутагт хамгийн өндөр үзүүлэлттэй гардаг байна. Утааны асуудал буюу Агаарын бохирдол гамшигийн хэмжээнд хүрснийг өвлийн цагт эмнэлэгт оочер дараалал үүсгэн байгаа балчир үрсээс харж болно. Бага настануудын дунд ханиад томуу нэмэгдэн өвчин нь улам даамжирч уушигны хатгалгаатай хүүхэд огцом нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд мэдээлж байна.

Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад, агаарын бохирдолтой шууд холбоотой амьсгалын тогтолцооны өвчин 26.8 хувиар, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар нэмэгдсэн байх юм. Үүнд дан ганц гэр хороолол дахь хатуу түлш нөлөөлөөгүй. Өдөр тутамд замын хөдөлгөөнд оролцож буй 300 гаруй мянган тээврийн хэрэгслийн яндангаас гардаг утаа асар их хорт бодисыг агаарт цацаж байдаг юм. Иймд төр засгаас сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцэхийн тулд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч бодитой үр дүн улаанбаатарчуудад мэдэгдэхгүй байгааг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа харуулж буй.

Үүнээс гадна жилдээ зөвхөн агаарын бохирдол, утаанаас болж 130 хүүхэд, 1400 насанд хүрэгсэд нас барж байгаа тухай Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Саймон Фрайзерийн сургуультай хамтран “Угаар 1” судалгааны дүнгээс тодхон харж болно.

Агаарын бохирдолтой бүс нутагт амьдарч байгаа иргэдийн хувьд үр хүүхдээ агаарт гаргаснаас гэртээ байсан нь илүү дээр ч гэж үзэх нэгэн байхад өдрийн амьжиргаа нь хүрэхгүй түлээ нүүрсэндээ л анхаарал хандуулж үр хүүхдийн эрүүл мэндийг орхигдуулсан нэгэн ч байна. 

Агаарын бохирдолын өөр нэг сөрөг тал нь мөн манай улсад аутизмтай хүүхдийн тоог нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлж болзошгүй. Учир нь олон улсын эрдэмтэдийн гаргасан судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн сүүлийн гурван сард агаарын бохирдол хамгийн ихээр нөлөөлдөг бөгөөд энэ нь аутизмтай хүүхэд төрүүлэхэд ихээхэн гол хүчин зүйл үзүүлж болзошгүй гэсэн судалгааг саяхан Британийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулсан байна.

Аутизм нь сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийн дунд ихээхэн ажиглагдаж буй эмгэг өвчин юм. Маш товчхондоо энгийн үгээр хэлбэл нийгмээс өөрийгөө тусгаарлах эмгэг юм. Аутизмын тухай анх 200гаруй жилийн өмнө эрдэм шинжилгээний ном зохиолд бичиж, 60 гаруй жилийн өмнөөс орчин цагийн оношлогооны шалгуур үзүүлэлтүүдийн талаар нийтлэгдсэн боловч одоог хүртэл биологийн шинжилгээ хийх боломжгүй, зөвхөн зан төлвөөр нь л оношилж байна. Үүний нэг шалтгаан нь олон төрлийн эмгэг хавсарсан шинжтэй түүнчлэн зуун аутизмтай хүүхэд байлаа гэхэд зуун янзын шинж тэмдэг илэрдэг зэрэгтэй холбоотой хэмээн тайлбарлаж буй. Эдгээр хүмүүс нь хүсэл сонирхлын хувьд хязгаарлагдмал, нэг зан үйлээ олон дахин давтдаг, хэл ярианы хөгжил муу, заримд нь огт үгүй, ганцаардмал зэрэг ерөнхий зан төлөвтэй. Зарим нь хэвийн оюун ухаантай байхад зарим нь муу байх жишээтэй. Аутизмын шалтгааныг одоогоор хэн ч тогтоогоогүй бөгөөд хэд хэдэн судалгаа нь үр тогтох үеийн эцэг эхийн настай холбож үзсэн байдаг.

Статистик судалгаагаар 110 хүүхдэд нэг тохиолддог гэдэг үүднээс үзвэл 2,7 сая хүн амтай Монголд дор хаяж 20,000 аутизмтай хүүхэд байгаа гэсэн үг хэмээн гадны эмч мэргэжилтнүүд дүгнэдэг байна. Энэ эмгэгийг 1948 онд Австралийн эрдэмтэн оношлохоос өмнө аутизмтай хүмүүсийг ихэвчлэн шезофренитэй хэмээн үздэг байсантай ижил нөхцөл байдал манайд байгаа юм биш биз гэсэн бодол төрнө.

 

Энэ мэтээр ГАМШИГИЙН ХЭМЖЭЭНД хүрээд буй АГААРЫН БОХИРДОЛ цөөн хэдэн монголчуудын минь ИРЭЭДҮЙ хойчид ямар их хор уршиг учруулах бол гэдгийг тунгаан үзэж яаралтай арга хэмжээ аваач эрхэм төрийн түшээд ээ