С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал өчигдөр долоо хоногоор хойшилсон. Энэхүү үйл явдалтай холбогдуулан олон нийтийн дунд явж буй зарим эргэлзээний талаар олон жил шүүгч хийсэн, ахмад хуульч Л.Бортой ярилцлаа.

Та олон жил шүүгч хийсэн хүний хувьд С.Зориг агсны хэргийг шүүх хурал хаалттай явагдах болсныг хэрхэн үзэж байна вэ? Олон нийт шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг илүүд үзэж байх шиг байна?

Нээлттэй, хаалттай явуулах тухайд маргах зүйлгүй. Үүнийг хуулиар зохицуулдаг. Хэн нэгний хүслээр шийддэг асуудал биш. С.Зориг агсны хэрэгт төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой нотлох баримтууд авагдсан бол шүүх хуралдааныг хаалттай явуулах ёстой. Шүүх нээлттэй болсон гэдгээр хаалттай явуулах ёстой хуралдааныг нээлттэй явуулах гэвэл хууль зөрчинө. Шүүх хууль хэрэглэдэг субъект учраас хууль зөрчих эрх тэдэнд байхгүй.

- Хаалттай шүүх хуралдаан хийж байгаа учраас шүүгдэгч нарын ар гэрийнхнээс хуралдаанд оруулаагүйг зарим хүмүүс буруутгаж байна. Ингэж оруулахгүй байх үндэслэл бий юу?

- Шүүх хуралдаан хуульд заасан журмаар хаалттай явагдах болсон тохиолдолд тухайн шүүх хуралдаанд шүүх хуралдааны болон бусад оролцогчид л оролцох ёстой. Өөр хэн ч орох ёсгүй. Шүүх хуралдааныг хаалттай явуулахын агуулга үүнд л оршино.

- Шүүгдэгч нарын зарим нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 настай байсан гэдэг яриа эргэлзээ төрүүлж байна. Хүүхдүүд төр нийгмийн нэрт зүтгэлтэнг хөнөөсөн гэхээр үнэмшилгүй гэх юм. Малчин, ногоочин, тогооч зэрэг хүмүүс хүний амь хөнөөх үү гэдэг асуулт цахим мэтгэлцээний сэдэв боллоо. Таны туршлагаас харахад онц ноцтой гэмт хэргийг ихэнхдээ ямар хүмүүс үйлдсэн байдаг бол?

- Эрүүгийн хуульд зааснаар хүнийг санаатай алах гэмт хэргийн субъект нь 14 наснаас эхэлдэг. Эрүүгийн шүүн таслах ажиллагааны практикаас үзэхэд 14-16 насны этгээд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх тохиолдол байдаг. Хүн алах гэмт хэргийг хэн ч үйлдэж болно. Хүн амины онц ноцтой гэмт хэргийг ядарсан зүдэрсэн хүмүүс огт хийдэггүй гэсэн ойлголт байхгүй. Хэргийн субъект ямар мэргэжлийн байх нь хамаагүй. Миний шүүгч хийсэн олон жилийн туршлагаас харахад онц ноцтой, олны ярьдагаар дуулиант аллагыг харин ч бүр хэний ч санаанд оромгүй, энэ хийхгүй дээ гэсэн хүмүүс үйлдсэн байх нь элбэг. Үйлдэгдсэн гэмт хэргийн байдлаас үзэхэд хүн алах гэмт хэрэг ихэнх тохиолдолд архидах, танхайрах, өшөө хонзон авах зэрэг сэдэлтээр үйлдэгддэг. Та бүхэн нийгмийн цахим сүлжээгээр ингэж байна гэж их ярьж, бичих юм. Би хувьдаа ахмад хуульч, олон жил шүүгчээр ажилласан хүний хувьд сошиал буюу нийгмийн цахим сүлжээний элдэв таамаг, туйлшралд төр засгаас нь авахуулаад төрийн өндөрлөгүүд, хэвлэл мэдээллийнхэн та бүхэн хэт хөтлөгдөж байгааг бодит байдлаас ангид, буруу хандлага гэж үздэг. Нийгмийн сэтгэл зүйг цахим сүлжээний хандлага, уур амьсгалаар үнэлж, түүнд өндөр ач холбогдол өгч олон нийтийн хандлагыг тийш жолоодох нь туйлын өрөөсгөл ойлголт. Магадгүй, энэ бол Монголын хоцрогдол ч гэж болно. Наад захын мэдлэг мэдээлэл муутай, оюун сэтгэлгээний хувьд төлөвшөөгүй нийгэмд сошиалд ингэлээ тэглээ гээд баттай ноттой бус цуурхал туйлшрал тарааж, магадгүй түүгээрээ далимдуулж ямар нэгэн эрх ашгаа гүйцэлдүүлдэг бүлэг байхыг үгүйсгэх аргагүй. Ялангуяа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн сэтгэлийн хөөрлөөр олны анхаарал татсан хэрэгт хандаж болохгүй. ОХУ-д гэхэд хөлсний бичээчид буюу ажлын байраар хангагдаж, тогтмол цалин аваад нийгмийн сүлжээгээр тархи угаалт хийж суудаг хүмүүс байдаг тухай мэдээлэлд ойр хүмүүс уншсан байх.

- Энэ хэргийн шүүгдэгч Ц.Амгаланбаатар хүн амины хэргээр ял эдэлж байгаа. Ялтанд өөр гэмт хэргийг үүрүүлдэг, ял тулгадаг гэдэг. Ц.Амгаланбаатарт хэрэг хүлээлгэж бусдыг хэлмэгдүүлэх гэж байгаа юм биш биз?

- Ял тулгадаг гэх яриа яагаад гардаг вэ гэхээр хэрэгт авагдсан бүх баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоод байхад шүүгдэгч нарын зарим нь хэргээ хүлээдэггүй, өөрийн үйлдсэн хэргийг үнэн зөвөөр мэдүүлдэггүй. Ийм тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан ял шийтгэл оногдуулдаг. Шүүгдэгч яагаад хэргээ хүлээхгүй байна гэсэн зангилааг шүүх тайлах ёстой. Энэ зангилааг тайлахын тулд талуудын мэтгэлцээн, хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягтлан шинжилж харьцуулсны эцэст шүүгч өөрийн дүгнэлтийг гаргадаг учраас маш эмзэг хариуцлагатай мөч байдаг. Тийм болохоор энэ хэрэг дээр шүүгч нарын маань мэргэн ухаан гарна гэдэгт найдаж байна.  

- Шүүх хуралд хэргийн гэрч Ц.Булган ирээгүй. Түүнийг заавал шүүгдэгчтэй нүүрэлдүүлэх ёстой гэж иргэд үзэж байна. Булганыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр үнэнийг шүүн тунгаах боломж байгаа гэж үү?

- Ц.Булган энэ хэрэгт ямар оролцогчоор асуугдсан талаар надад ямар нэгэн ойлголт байхгүй учраас хариулахад хүндрэлтэй байна. Шүүх хэргийг хүлээн авч, энэ хэрэгт авагдсан баримтуудаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой байна гэсэн дүгнэлтэнд хүрвэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргаж, шүүх хуралдааныг товлож захирамжиндаа шүүх хуралдаанд хэн хэнийг оролцуулах ёстойг заадаг. Шүүх хуралдааны оролцогч нарт хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулахаар хүсэлт гаргах эрх нь хуульд нээлттэй байгаа. Ц.Булганыг шүүх хуралдаанд оролцуулах эсэхийг шүүх л шийднэ.

Манай улсын шүүхийн тогтолцооны нэг онцлог байдгийг олон жил шүүгчээр ажилласан хүний хувьд хэлмээр байна. Шүүгч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг л үнэлдэг. Хэдийгээр мэтгэлцэх зарчим гэж ярьдаг ч хуулийн зохицуулалт, амьдралын үнэн бол хавтаст хэрэг. Тэр хавтаст хэргийг цагдаа, прокурор бүрдүүлдэг. Энэ хэргийн тухайд ч энэ зарчмаар л явах байх. Цагдаа прокурор хэр сайн мөрдөж, тогтоосноос бүх зүйл шалтгаална.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

А.Баярмаа