-Гэрээ 22 жилийн хугацаатай байхаар хоёр тал ярьж,  намын дарга нар байр сууриа ингэж илэрхийллээ-  

Ч.ЗОТОЛ 

Тавантолгойн нүүрс­ний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар шалгарсан хөрөнгө оруулагчтай хийх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр  түншлэлтэй уулзав.

Уулзалтад Засгийн газрын ажлын хэсэг болон “Энержи Ресурс”, Хятадын “Шинхуа” компани,  “Сумитомо” корпораци оролцов.  Уулзалтын үеэр ажлын хэсгээс хэлэлцээний үндсэн нөхцлүүд болох Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хө­рөн­гө оруулагч эзэм­ших, Тавантолгой-Гашуун­су­хайт чиг­лэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51 хувь, “Шинхуа” 49 хувь эзэмших саналаа Засгийн газраас өгсөн удирдамжийн хүрээнд танилцуулжээ. Түүнч­лэн Хөрөнгө оруу­лалт, хамтын ажиллагааны гэрээний хуга­цааг ашиглалтын тус­гай зөвшөөрлийн хуга­цаатай уялдуулан 22 жил болгож тодор­хой шаардлагыг хан­гасан тохиолдолд гэрээ­ний хугацааг сунгаж болохоор, түүнчлэн төслийн зорилтот зах зээлийг БНХАУ төдийгүй гуравдагч орон байх санал тавьжээ.

 

Э.ЭРДЭНЭЖАМЯН

/МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/:

- Тавантолгойг янз бүрээр ярихаас өмнө ямар үнэ цэнэтэй орд вэ гэдэг талаас авч үзэж ярих ёстой болов уу. Би энэ талаас харахыг хүсч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-т“ Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан. Эндээс харахад байгалийн баялаг, ашигт малтмалыг хувийн өмчийн мэдэлд, цөөхөн хэдэн хүний өмчид өгнө гэсэн заалт огт байхгүй. Гагцхүү ард түмний мэдэл төрийн өмчлөл хамгаалалтад байх тухай тунхаглан заажээ. 2016 оны сүүлийн улиралд Тавантолгойн коксжих нүүрсний үнэ БНХАУ-ын зах зээлд 220 ам.долларт хүрч байна. Тавантолгойн орд зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй тул хамтдаа үнэ цэнийг нь тооцож үзье. Нэг тонн нүүрсний үнэ хамгийн өндөр байгаа өнөөдрийн үнээр авч үзвэл: 6.000.000.000 х 220 = 1.320.000.000.000 / нэг триллион гурван зуун хорин тэрбум ам.доллар болох нь байна. Зургаан тэрбум тонн нүүрсийг нэг тонныг нь 220 ам.доллараар үржүүлэхэд нэг триллион гурван зуун хорин тэрбум ам долларт хүрэх болно. Хэрэв энэ үнийн дүнг Монгол Улсын гурван сая иргэнд хувааж өгөх бол хүн тус бүрт 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ ам.доллар ногдоно. Төгрөгт шилжүүлбэл 440.000 х 2500 = 1.100.000.000 /нэг тэрбум нэг зуун сая/ төгрөг болно. Тэгвэл нэг тонн нүүрснийг үнэ хамгийн хямдаар буюу өнөөдрийн үнээс арав дахин хямдаар тооцож үзье. Дээр бодсон тооцоог арав хуваагаад үзхэд хариу нь гарна.

 

З.ЭНХБОЛД

/АН-ын дарга/:

-Ардчилсан нам засаг барьж байсан үетэй харьцуулахад коксжих нүүрсний үнэ 10 дахин өсчээ. “Тонныг нь 300 ам.доллар биш 105 ам.доллараар 40 сая тонныг ирэх жил олборлож зарвал дөрвөн тэрбум ам.долларын орлого буюу ДНБ-ийг 25 хувиар өсгөх боломж байна” гэж бичжээ. Нэг жил хагасын өмнө АН дотроо хагарлаа гэж хэлүүлэн хэлүүлэн гадаадын төрийн өмчит компанид үнэгүй бэлэглэхээ шахсан нөгөө “Эрдэнэс Тавантолгой” компани чинь энэ 40 сая тонны 20-30 саяыг төвөггүй гаргах боломжтой. Бас нөгөө 5-10 жилийн дараа төлөх Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг хоёр нугалаад гурван тэрбум ам.доллларыг 2017 онд зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” олох боломжтой. Хятадаас зээл гуйгаад байх биш нүүрсээ зах зээлийн үнээр өгөхөд л болно. МАН-ынхан ажлаа хий /Цахим хуудсаас нь/.

 

Б.ЖАРГАЛСАЙХАН

/БНН-ын дарга/:

-Тавантолгойг хятадуудад тийм хямдхан өгч болохгүй шүү дээ. Өөр нөхцөлтэй байх ёстой. Галзуурсан солиотой  юмнуудыг  гараа угааг гэж ард түмэн  гаргаагүй шүү. Тавантолгойгоор тоглох юм бол бид жагсаал, цуглаан хийж тэмцэх болно. Би Тавантолгой дээр ийм хатуу байр суурьтай байгаа.

 

О.БУМ-ЯЛАГЧ

/Ногооны намын дарга/:

-Тавантолгойг үнэгүйдүүлж болохгүй. Бас нэг улсад нь хямдхан, нөгөөд нь үнэтэй өгнө гэсэн гэрээ хийдэг байж таарахгүй. Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ өссөн. Зах зээлийн зарчмаар, ард түмнийхээ  эрх ашгийг  хангасан шийдлээр явах учиртай.

 

Б.ЦОГТГЭРЭЛ

/МҮАН-ын дарга/:

-Өмнөх Засгийн газар Монголын тал болон Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо”-той хамтарсан гэрээ хийж байсан. Оролцооны хувьд зөв болсон. Одоо эргэж ярьж байгаа бол өмнөх гэрээ хэлцэлдээ  суурилж нөхцлөө сайжруулах нь зүйтэй.

 

Г.УЯНГА

/Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга/:

-Гишүүдэд материалыг нь өгөөгүй байж асуудлыг хэлэлцэх нь хууль зөрчинө. Иж бүрэн мэдээлэлтэй хүмүүс асуудлыг хэлэлцэх ёстой. Тавантолгойн нүүрсний уурхайг ашиглахад гадаадын хөрөнгө оруулалт яагаад шаардлагатайг би ойлгохгүй байна. Тэндээс Монголын компаниуд, монголчууд дангаараа нүүрс олборлож болоод байгаа. Монголчууд хийж чадаад байхад гаднынхантай хамтарч ашиглана, ашгаа гаднынхантай хуваана гэж зүтгэхийн учир юу вэ? ! Цахилгаан станц зэрэг дэд бүтцийн нь асуудал бол тусдаа хэрэг байх. Энэ байр сууриа гишүүн байхдаа олонтаа илэрхийлж байсан даа. Асуудлын төслийг хараагүй байна. Гишүүдэд хүртэл тараагаагүй байгаа юм байна шүү дээ. Бодвол өмнөхөөс зарчмын том зөрүүгүй байгаа болов уу гэж таамаглаж байна. Түрүүчийн Их хуралд уг ордыг гаднынханд найр тавихыг эрс шийдэмгий эсэргүүцэж байсан бидний хэдэн нөхдийг УИХ-д оруулахгүй байх үндсэн шалтгаануудын нэг нь Тавантолгойн асуудал байсан гэж боддог. Тиймээс одоо уг гэрээг бүлэглэлийн хүссэн ёсоор батлах Их хурлаа нэгэнт зоргоороо бүрдүүлсэн тул одоо “аваачих” гэж байгаа биз ээ.

 

Г.ГАНБАТ

/Эх орончдын нэгдсэн намын дарга/:

-Эдийн засгийн хүндрэл бэрхшээлээр далимдуулж, улс орон дампуурлаа зарлах гэж байна гэдэг нэрийн дор хэсэг бүлэг хүн, төрийн эрх мэдэлд байгаа МАНАН-гийн олигархиуд статегийн ач холбогдол бүхий орд газар, байгалийн баялгийг өөрсдөдөө болон гадаадынханд ашигтайгаар зарах гэж байна. Энд маш том луйвар, хуйвалдаан явах гэж байна.