Эрх баригчид хормойгоо тосон хойш урагшаа гүйсээр байна. Хятадуудаас зээл авах гэсэн боловч  Далай ламын айлчлалаас болоод яаж ч чадсангүй. Оросуудаас зээлэх гээд бас л бүтэлгүйтсэн.  Өөр олон ч газраас асуусан үр дүн алга. Энэ онд бид бондын эргэн төлөлтийг графикийн дагуу хийж эхлэх ёстой. Эхний ээлжид ирэх гуравдугаар сард Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх учиртай. Гэвч энэ мөнгийг хаанаас гаргаж, яаж төлөх эсэх нь тодорхойгүй байна.  Монгол Улс дампуурлаа зарлах эсэх нь цаг хугацааны асуудал болчихлоо. Учир нь Монгол Улсад  хоёр сарын дараа эхний ээлжийн бондын эргэн төлөлт хийх мөнгө байхгүй.  Хугацаа нь тулчхаад байхад эрх баригчид яст мэлхий шиг ажилласаар 2017 оны гуравдугаар сартай золгох нь. Уг нь Ж. Эрдэнэбатын “Мэргэжил”-ийн хэмээн Засгийн газарт ажиллах, улсаа дампуурлаас аврах хангалттай хугацаа байсан. Гэвч тэд үүнийг ашиглаж чадсангүй.  Ямар нэгэн шийдвэртээ алхам хийж чадалгүй хагас жилийг үдлээ.  Ард түмэнд таалагдахын тулд арга ядсан өнөө маргаашаа аргацаасан тогтоол шийдвэрүүдийг Ж.Эрдэнэбатын танхимынхан гаргаж, амь зогоосоор байна. 

Ж.Эрдэнэбатыг Засгийн газраа байгуулсан даруйд нь үе үеийн Ерөнхий сайд, сангийн сайд нар ОУВС-аас тусламж авахыг зөвлөсөн. ОУВС-ынхан ч ойр ойрхон ирц яриа хэлэлцээр судалгаа шинжилгээ хийсэн. Харин ОУВС-ынхан өнгөрсөн арванхоёрдугаар сард ирж, тусламж өгөх эсэх эцсийн шийдвэрээ хэлнэ гэж байв. Гэвч ОУВС-ынхан таг чиг. Засгийн газар ч таг чиг. Зарим эдийн засагчдын зүгээс үүнд Засгийн газрыг буруутгаж байна. Учир нь ОУВС-ынхан тусламж үзүүлэх улсаа хамгийн түрүүн төсөв санхүүгийн маш хатуу бодлого хэрэгжүүлэхийг шаарддаг.  Энэ байгууллагын тусламжийг хэд хэдэн удаа авч, амжилттай хэрэгжүүлсэн манай улсын хувьд энэ тухай мэдэхийн дээдээр мэдэж байх ёстой. Гэвч энэ удаад санаатайгаар ОУВС-ын тусламжаас татгалзах үйл ажиллагааг эрх баригчид хийсээр байна. Ж. Эрдэнэбатын Засгийн газрын хуралдаан бүрээрээ ямар нэгэн халамжийн бодлогыг эхлүүлж, ард түмнээ “эрхлүүлж” байна. “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдэг биш билүү.

Одоохондоо ч яах вэ, манай эрх баригчид ингэж  “хэлээ гаргах” нь холгүй ОУВС-ынханг үргээж л байна. Хоёр сарын дараа юу болох вэ? Төсвийн алдагдлаа хэтрүүлчихсэн, хямралын дайрлагад өртчихсөн ийм үед их зан гаргаж, тив алгасан гүйсээр байх зуур улс дампуурлаа зарлана...

Судлаач Д.Ганхуяг 2013 оны аравдугаар сард бичсэн “ДЕФОЛЬТ ГЭЖ ИЙМ БАЙДАГ…” нийтлэлдээ “Зээлдэгч өрөө төлж чадахгүй болсныг энгийн дефольт гэнэ. Үүнийг зээлдэгчийн дампуурал гэнэ. Улс дампуурлаа зарлавал цорын ганц арга байх бөгөөд өр болон маргааныг олон улсын төвшинд олон улсын шүүхээр шийднэ. Энэ нь Улаанбаатарын шүүх биш нь мэдээжийн хэрэг, голдуу Лондон буюу Вашингтон гэх мэтийн “том” шүүхээр орж нүдний булай болж үйлээ үзнэ гэсэн хэрэг юм....
...Харин дефольтын үед зовлонг нь ард түмэн ямагт үүрдэг ба хариуцлагыг нь хүлээдэг хүн бараг байдаггүй зүй тогтолтой. Дефольт болоход нөгөө сүрхий инфляци чинь жил сараар биш, өдөр цагаар болдог…” хэмээн бичжээ.

Тэгэхээр эрх баригчид аа, ард түмэндээ үнэнээ хэл. Ард түмнийхээ өмнө толгой гудайж, халамжийн бодлогоо толгой дараалан зогсоож байгаа тухай үнэнээ өчөөд, ОУВС-ынхны өмнө “хадаг барин” сөгд....Үгүй бол дампуурлаа зарла...