Цагдаагийн Ерөнхий газрын даргаар Ө.Энхтөр томилогдсон талаар бид мэдээлж байсан билээ. Үүнтэй холбоотойгоор Монголын цагдаагийн байгууллага эрүүгийн элемент /рекетчин/-тэй хатуу тэмцэж эхэлсэн байна. Тухайлбал Гандан Бороо, Сэлэнгийн Баатаржав нарыг цагдан хорьжээ.

Тодруулбал, Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан хэрэгт холбогдон шалгуулж байгаад сураггүй болсон “Гандан бороо” хочтой Ч.Батхуягийг цагдаагийнхан өнгөрсөн аравдугаар сард гэрээс нь баривчилсан билээ. Цагдаагийн байгууллагаас хэргийг  шалгаж байхад тэрбээр оргон зайлсан байна. Тэгвэл түүнийг цагдаагийн Тусгай ажиллагааны газрын ажилтнууд эрэн сурвалжилж өчигдөр байгаа газрыг нь тогтоон баривчилсан байна. Түүнийг саатуулах үед мөс гэх  мансууруулах бодис биедээ авч явжээ. Түүний энэ үйлдэлд  хууль бусаар худалдан авсан, хадгалсан байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Мөн Сэлэнгийн У.Баатаржавыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж шалгаж эхэлсэн байна. Тэрбээр Төв аймагт архидан согтуурч танхайрсан хэрэг үйлдсэн. Уг хэргийг шүүхэд шилжихээс өмнө дахин танхайн хэрэг хийсэн байдаг. Тэрбээр эхний танхайн хэргээрээ өршөөлийн хуульд хамрагдсан. Харин дараагийн үйлдсэн танхайн хэрэг нь  шүүхэд шилжээд байгаа.

Цаашид цагдаагийн байгууллагаас эрүүгийн элементүүдтэй хатуу тэмцэх юм байна.

А.Баярмаа