Өнөөдөр Зоригийн хэргийн шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж яллагдагсдын ар гэрийнхэн хэвлэлийнхэнд хандлаа. Хэвлэлийн хуралд яллагдагч Б.Содномдаржаагийн ээж, Ц.Амгаланбаатарын эгч, Т.Чимгээгийн ээж, ах нь ирсэн байлаа. Тэд 24, 25 жил гянданд хорих шүүхийн харгис шийдвэр гарсанд харамсаж буйгаа илэрхийлэн монголын ард түмэн бидний талд байгаад баярлаж байна хэмээж байлаа.

Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа гуай хүүгийнхээ талаар ингэж ярилаа.

Биднийг дарамталсан мессеж ирээд байна гээд 2015 оны 2-р сард бид өргөдлөө өгсөн. 28 хуудас мессеж болоод цагдаагийн газар өгөхөд ерөөсөө тоогоогүй. Тэгээд наймдугаар сарын 31-д хүүг минь баривчлаад явсан. Хүүг маань баривчилсаны дараа гурван машинтай 12 хүн манай гадаа ирсэн. Тагнуулынхан манайхыг үнсэн товрог болтол нэгжсэн. Хорин хэдэн жилийн өмнөх юм манайхаас юу гарах билээ дээ, бүгдийг нь нэгжээд л явсан. Тэд хүүг минь хаана байгааг хэлээгүй. Би хүүгээ хайж эхэлсэн. Эрдэнэтийн тагнуул шүүхээр яваад олоогүй. Тэгээд Улаанбаатар орж асуусан чинь хэлээгүй. Төв аймаг руу яв гэснээр тэнд очсон. Би хүүтэйгээ уулзах гэж арьс махаа зулгаасан. Дөрвөн сарын дараа би хүүтэйгээ тагнуулын газраас бичиг авч байж нэг удаа барааг нь харлаа. Миний хүүг 14 хоног дарамталсан байна лээ. Шоронгийн хоригдол Ц.Амгаланбаатарыг хүртэл камерт нь оруулж дарамтлуулсан байна лээ. Ийм муухай улсууд шүү дээ. Ц.Амгаланбаатар бол манай хамар хашааны хүүхэд. Манай хүүгээс найман насаар дүү. Аав ээж нь их ядуу улсууд байгаад хүүгээ өргүүлээд явсан юм билээ. Тэр хүн мөчилж алаад шоронд орсон л юм байна лээ. Манайх тэрнийг нь мэдэхгүй. Тагнуулын байгууллагынханд их гомдож байна. Тэд арай хэтэрхий юм. Нэг юмыг нөгөөгөөр нь нөхөх гээд л яваад байх юм.

2006 онд манай Эрдэнэтэд нэг айл шатсан юм. Гал гарсан дүгнэлтийг галын байгууллагаас нь бидэнд тамга дараад гаргаж өгсөн. Тэгсэн чинь 1998 оны юмыг 2006 онд шатсан тэр айлтай зэрэгцүүлж, мөрөө баллахын тулд тэр айлыг шатаалаа гэж Амгаланбаатар прокурор хэлж байсан. Шатсан айлын хүмүүс цахилгаан утас муудсан учир манайд гал гарсан. Хүн манайхыг шатаагаагүй гэж байхад хуулийнхан шатаасан гээд байдаг. Бас нэг хэрэг сөхөгдөж байгаа байхгүй юу.

Одоо би хүний эрхийн олон улсын байгууллагуудад л ярих үлдээд байна гэлээ.

Т.Чимгээгийн ээж Ц.Марууш: "Монголын шүүх, прокурорыг үнэнийг олж, үнэн мөнийг тогтоож өгөх байх аа гэж би маш их найдаж байлаа. Миний охин 24 жилийн ял сонсоход би давхар ял сонсож байгаа юм шиг хэцүү байлаа. Шүүх, прокурорынхонд итгэх итгэл алга болж гэж бодож байна. Миний охин тэр үед Дорноговь аймагт гурван нялх хүүхэд болон хөгшин ээжийгээ хардаг байсан. Миний охин хүн алах хүн биш гэдгийг нутаг орныхон маань сайн мэднэ. Тийм хүмүүжилтэй ч хүүхэд биш. Гэтэл шүүх, прокурорынхон төрийн том хүний гэрт нь очиж, хөнөөлөө гээд ял өгөөд байх юм. Энэний учрыг зөв олоосой л гэж хүсч байна. Миний охиныг нутгийн ард түмэн бүгд мэдэж байгаа. Монголын ард түмэн минь, миний охинд туслаач ээ гэж гуйж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бас энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөч ээ, туслаач ээ, бидний төлөө үг хэлж өгөөч ээ гэж гуйж байна” хэмээн ярилаа.

Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү.

О.ӨНӨР