Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Утаатай тэмцэх асуудлаар сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Би хэзээ ч “Улаанбаатарт амьдрахад сайхан хот хүрээд ир” гэж хэлж байгаагүй. Гамшгийн бүсээс иргэдээ нүүлгэх хэрэгтэй. Орон нутгийн удирдлагууд аймагтаа үйлдвэр байгуулж, иргэдээ дуудах хэрэгтэй.

Нийслэлээс нүүнэ гэдэг эдийн засаг тэлж байгаа юм. Орон нутаг руу уралдаж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Эдийн засаг тэлдэг. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Кеннеди манай иргэд “сар руу ниснэ” гэж хэлсэн нь тус улсын эдийн засаг тэлж, сансар судлал эрчимтэй хөгжиж байсан түүх бий.

Улаанбаатар ирээдүйгүй хот болоод байна. Байгаль өөрөө Улаанбаатарын утааг шүүж чадахаа байсан. Тиймээс би нийслэл хотыг Хархорин руу шилжүүлэх санаачлагыг гаргаж байсан. Аль 12-13 жилийн өмнө бид энэ асуудлыг хөндөж байлаа. Одоо харин Улаанбаатарын зарим хэсэг, тэр дундаа хойд талын гэр хорооллыг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлээд тэр хэсэгт нь нөхөн сэргээлт хийж, ногоон бүс байгуулах хэрэгтэй. Ингэснээр урдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй, ардаа ногоон байгууламжтай болж, агаарын бохирдлыг шүүх боломж бүрдэх юм. Нүүлгэн шилжүүлэлт бол боломж. Түүнд хүн бүр оролцдог. Төрийн захиргааны төв байгууллагууд Улаанбаатараас нүүмэгц зам барина, барилга сүндэрлэнэ.Тэр хэрээр ажлын байр нэмэгдэнэ. Ингэж Монголын хэмжээнд ярья. Асуудалд сэтгэл гарган хандах хэрэгтэй” хэмээсэн.

Үнэхээр хөрөнгө оруулаад ч тусыг олохооргүй “дампуурсан” хот болсон эсэхийг сая 300 мянган хүний ажил, амьдралыг хариуцаж яваа хотын удирдлагуудаас тодруулахыг зорилоо. Хотын даргын хувьд гадаадад томилолттой яваа бол түүний орлогч дарга нарын хувьд тун завгүй, эзгүй гэсэн хариултыг туслах нь өгч байв.

Сэтгүүлч миний эрэл мухардан НЗДТГ-ын дарга Ү.Ганболдод учраа хэлбэл тэрбээр ”Би завгүй, маш их ажилтай байна, хэвлэлийн алба намайг зааж өгөө юу” хэмээн ихэд уурлан утсаа тасалж орхисон юм. Ингээд эрэл мухардахад нэрээ нууцлахыг хүссэн нийслэлийн нэгэн дарга “Чиний асуултад хариулбал улс төрийн том асуудалд орооцолдоно гэж айж байгаа хэрэг. Үнэндээ, хүн амьдарч л байгаа хот бол ирээдүйгүй байна гэж байхгүй шүү дээ. Хотыг чинь хүн төлөвлөдөг, төлөвлөгөөнийхөө дагуу хөгжүүлдэг. Энэ л зарчмаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гэж бий. Төлөвлөгөөнийхөө дагуу хөгжиж байна. Өнөөдрийн хөгжингүй хотууд хөгжиж явахдаа Улаанбаатар хоттой адил ус, хөрс, агаарын бохирдлын асуудалтай тулгарч, шийдвэрлэсэн байж таараа” хэмээсэн.

Хотын захиргааны хувьд утааны асуудлыг шийдэх олон аргыг эрэлхийлэхээс сацуу энэ хямралын үед хөрөнгө оруулалт татахын тулд гадны олон төлөөлөгчтэй уулзаж буй. Ямартай ч, хэрхэн хөгжүүлж аз жаргалтай хот болгох тухай хотын хөгжлийн хэтийн ирээдүйн талаар хэлчих “ухаантан” хотын захиргаанд байсангүй. Бүгд л Ерөнхийлөгчийн хатуухан хэлсэн үгэнд тоймтойхон хариулт өгөхөөс эмээлээ.

www.newscom.mn