Зүрх сэтгэл хэн нэгнээс хамааралтай болохыг дурлал гэнэ. Харин үг, үйлдэл, ухаан санаа ямар нэгэн зүйлээс хамааралтай болохыг донтолт гэж нэрлэдэг. Та хэн нэгэнд дурлавал цаг үргэлж түүний тухай бодож, өөрийн болгож өмчлөхийг хүснэ.

Өөрийн мэдэлгүй инээж, уурлаж, бухимдаж, баярлаж хөөрнө. Жингүйдэлд байгаа мэт хяналтгүй болж, зогсолтгүйгээр ямар нэгэн зүйлийг хүсдэгээрээ энэ хоёр зүйл адил юм. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн тодорхойлж буйгаар донтолт гэдэг нь аливаа зүйлийг хэт их хэрэглэснээс эсвэл аливаа үйл ажиллагаанд хэт татагдан орсноос үүдэлтэй сэтгэцийн хамааралтай болох тогтонги шинж аж. Ерөнхий хоёр төрлийн донтолт байдгаас бодист донтох буюу мансууруулах бодис, архи, тамхи зэрэгт автах эмгэгийн талаар олон нийт тодорхой хэмжээний ойлголттой болсон. Гэхдээ үйлийн донтолт буюу мөрийтэй тоглох, дэлгүүр хэсэх, хэтрүүлэн идэх, хов ярих гэх бидний өдөр тутмын амьдралд байдаг, донтолд гэж хэзээ ч хүлээн зөвшөөрч бодож байгаагүй зүйлийн талаар хангалттай мэдээлэл тархаагүй байна. “Сархад савнаасаа бусдыг дийлдэг” гэдэгтэй адил мансууруулах бодис нь хэрэглэгчийн тархи, мэдрэл, зүрх, ухаан хяналтын мэдрэмжийг үгүй хийж, өөрөөс нь хүн гэдэг мөн чанарыг нь хулгайлж байдаг аж. Бодисын донтолтоос үүдэн жилд дунджаар 250 мянга орчим хүн “Цагаан дайсан”­д алдсан зүйлээ эргүүлэн авч чадалгүй, өрөвдөлтэйгээр хорвоог орхиж байна. Түүнчлэн бодисын донтолтод автаж буй хэрэглэгчийн нас улам бүр залуужиж байгаа нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлын нэг болжээ. 15­24 насны залуусын дунд түгээмэл байгаа энэ эмгэг тухайн хэрэглэгчийн эрүүл мэнд, идэвх зүтгэл, оюун санааг сул дорой болгож, ойр дотнынхноос нь тусгаарлан сэтгэл санааг хоосруулдаг юм. Судалгааны материалд тэмдэглэснээр донтолттой хүмүүсийн олонх нь биеэ хянаж чадна, энэ зүйлд хэзээ ч автахгүй гэсэн итгэлтэйгээр хэрэглэж үзсэн байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн тэр хүний л бодол. Даяаршил, технологид суурилсан өөрчлөлтийн эринд дэлгэцийн, аниме үзэх, дэлгүүр хэсэх зэрэг янз бүрийн зан төрхийн хувьд төлөвшиж бэхжээгүй өсвөр насныханд сөрөг үр дагавартай донтолт олон болжээ. Мөн сөрөг үр дагаврыг нь тодорхойлоход бэрх, янз бүрийн эвгүйцмээр донтолт байгаа нь хүслээ тогтоох зориг тэвчээр муутай хүнийг нийгэм, гэр бүлээс нь тусгаарлаж аливаа зүйлээс хараат “Нуугдсан донтолт”­ыг бий болгож байна.

 

ЭМЭНД ДОНТОХ

 

        Өвчин шаналлаасаа болоод үр дүнг нь тооцоолоогүй уусан өвчин намдаах эмийн хэтийдсэн хэрэглээ шахмал “цагаан”­ы хараат болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Эм гэдэг сонгоод авдаг эд, бараа биш болохоор дур мэдэн, хэтрүүлэн хэрэглэх нь донтолтод автуулж, их тунгаар хэрэглэвэл үхэлд ч хүргэх аюултай. Манай улсад хэрэглэж буй морфин, кодеин, седуксин зэрэг эм донтолт үүсгэх сөрөг нөлөөтэй тул аль болох давтан хэрэглэхгүй болгоомжтой байх хэрэгтэй. Өвчнөө намдаах гэж хэрэглэсэн ч эцэст нь өөрийгөө эмийн хамааралтай болгож, зөвхөн тухайн эмээ тариулах мөнгийг хэрхэн олох вэ гэсэн бодол тээн алхаж яваа олон хүн бийг эмч нар хэлдэг. Энэ бол дэлхий даяар тулгамдаж байгаа асуудал. Өнгөрсөн жилүүдэд ч дэлхийн од, олны танил эрхмүүд эмийн донтолтоос үүдэн хорвоог орхисон нь олон ажээ. Гидрокодон, аспирин, профол зэрэг эмийг гоо сайхан, эрүүл мэндийн төлөө хэрэглэж байна гэж боддог ч удаан хэрэглэвэл дасал болж автсанаа ч мэдэлгүй аж төрөх хүн олон байна. Өвчин намдаах, тайвшруулах зориулалттай маш хүчтэй үйлчилгээтэй пропофол шиг эмэнд донтох явдал алдартнуудын дунд цөөнгүй байдгийн хамгийн тод жишээ нь Майкл Жексон юм. Тэрбээр энэ эмийг удаан хугацааны турш хэрэглэдэг байсан бөгөөд нас барахынхаа өмнө тун хэтрүүлэн ууснаар үхэлд хүргэсэн гэсэн дүгнэлтийг задлан шинжилгээгээр гаргасан байдаг. Мөн тайвшруулах болон нойрны эмийн зохисгүй хэрэглээ ч нэг төрлийн мансуурлын шалтгаан аж. Нойрны эм орсон найрлагаасаа хамааран янз бүрээр үйлчилдэг. Аль ч төрлийн нойрсуулах эм хүний хэвийн нойрсолтыг орлож чаддаггүй. Нойрны эмийг долоогоос илүү хоногоор үргэлжлүүлэн уувал эмийн үйлчилгээ биед бага багаар үлдэн хуримтлагдах тул өдөр ч гэсэн нойрмоглон дүнсийж хөдөлмөрийн чадвар сулардаг байна. Аажимдаа нөгөө эмэндээ дасал болж унтахгүй болох төдийгүй бүр эсрэгээр үйлчилж эхэлнэ. Зарим хүн биеийн эсэргүүцлээсээ шалтгаалаад нойрны эмэнд донтох нь бий. Мэдээж хүнд өвчтэй шаналж буй хүмүүст нойрны эмийг бусад тайвшруулах, өвчин намдаах эмтэй хавсран хэрэглэхээс өөр аргагүй. Гэхдээ л эмчийн зааврыг дагахгүй бол хүчтэй нойрсуулах зарим эм тэр чигээр нь унтуулах тохиолдол гардаг байна.

 

ХИЙЖҮҮЛСЭН УНДААНД ДОНТОХ

 

        Дэлхий дээрх хамгийн түгээмэл хэрэглэдэг хийжүүлсэн ундаа гэвэл Кока Колаг нэрлэнэ. Кока колаг хүнсний хэрэглээнийхээ эн тэргүүнд тавьдаг хүн олон бий. Тэдгээр хүн уухгүй байж чаддаггүй донтолтоо “Коланы дэглэм” хэмээн нэрлэдэг байна. Хийжүүлсэн ундаанд агуулдаг кофейн хүнийг өөртөө ийнхүү донтуулдаг аж. Кока коланд агуулагдах сахарын хэмжээ нь хүнийг чихрийн шижин өвчтэй болгох, зүрхний хэм алдагдах, таргалалт гэх олон өвчний шалтгааны нэг болдгийг эрдэмтэд нотолжээ. Энэхүү донтолтоос үүдэн хоол тэжээлийн дутагдалд орж, гар салганах зэрэг сөрөг шинж тэмдэг илэрдэг байна. Бидний өнөөдрийн хэрэглэж буй кока коланы 90 хувь нь хийжүүлсэн ус, түлсэн сахар, фосфорын хүчил, кофеин, кока ургамлын навчны ханд, кола модны самрын хандаас бүрддэг. Харин нэг хувийн найрлага нь “Мерхандиз­7” нэртэй нууцын зэрэглэлтэй, дэлхий дээр 10 хүн л юугаар найруулсныг нь мэддэг ханд агуулдаг гэнэ. Хэрэглэгч хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг бүрэн мэдэж байх эрхтэй учраас зарим улс “Кока­кола” компанийг энэхүү нууц найрлагаа нийтэд дэлгэхийг шаардаж байсан удаатай. Энэхүү ундааны бүтцэд байдаг зарим бодис эсийн митохондрийн ДНК­г эвддэг сөрөг нөлөөтэй аж.

 

ГИПСЭН ХАВТАНД ДОНТОХ

 

        Хүн бүрт дуртай үнэр, амт гэж бий. Гэхдээ бусдаас гаж хооллох хэв маягтай, гарт тааралдсан бүхнээ иддэг өвөрмөц хүн цөөнгүй байдаг. Тэдний идсэн зүйлд хүний биед хэрэгтэй, амин дэмтэй зүйлс огтхон ч байхгүй. Харин ч биед нь хор хөнөөл учруулсаар байгааг мэддэг хэрнээ идэхээ зогсоож чаддаггүй. Түүнтэй адил барилгын материалын нэг болох гипсэн хавтангийн тоосонцорт донтогсод байдаг аж. “Миний хачирхалтай донтолтууд” нэвтрүүлгийн оролцогч бүсгүй гэрийнхээ ханыг цөмөлж иддэг хачирхалтай зуршилтай. Тэрбээр гэрээ бүхэлд нь гипсэн хавтангаар бүрдэг бөгөөд дараа нь хавтангынхаа хэсгээс ухаж үйрүүлэн буталж, түүнээс гарах тоосонцроос таашаал авдаг байна. Иймэрхүү зүйлийг идэх нь бүү хэл тоосонцорт нь удаан байвал уушгийг гэмтээж цаашлаад үхэлд хүргэх аюултай ажээ.

 

ХҮҮХДИЙН НУНТАГ ЦАЦЛАГАД ДОНТОХ

 

        Хүүхдийн нунтаг цацлага буюу нуралтаас хамгаалдаг бодисыг сорж эсвэл иддэг эмэгтэйчүүдийн тухай “The Sun” сайтад мэдээлжээ. Уг мэдээлэлд тэмдэглэснээр, 25 настай англи бүсгүй Лиззи Постер нь хүүхдийн цацлага идэх донтой аж. Тэрбээр анхны хүүхдээ тээснийхээ дараа үүнийг хэрэглэж эхэлсэн байна. Гэр бүлийхнийх нь тодорхойлж буйгаар Лиззи долоо хоногт 500 гр цацлага иддэг бөгөөд өдрөөс өдөрт үүнд автаж жирийн хоол хүнсийг ч хангалттай төвшинд хэрэглэдэггүй аж. Тэрбээр “Хүүхдийн цацлаганы үнэрт дуртай учраас үнэрлээд л байдаг байлаа. Нэг өдөр ямар амттай бол гэж бодсон учраас амссан юм. Эхэндээ их сонин амттай байсан ч удалгүй тааламжтай санагдах болсон. Хүүхдийн цацлагад витамин Д, төмрийн бэлдмэл агуулдаг учраас сөрөг нөлөөтэй гэж бодохгүй байна” гэж ярьжээ. Жирэмсэн эх энэхүү зүйлийг үнэрлэж, мэдрэх агшинд бие нь сэргэж байгаа мэт санагддаг ч үнэндээ энэ нь хэвлий дэх урагт болон эхийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй аж.

 

ХУМСНЫ БУДАГ УУХ

 

        АНУ телевизийн “Хачирхалтай донтолтууд” хэмээх баримтат цуврал нэвтрүүлгээс нэрлэсэн хамгийн аймшигтай донтолт жагсаалтын тавдугаарт хумсны будаг уух донтолтыг нэрлэжээ. Тус нэвтрүүлэгт орсон 23 настай Берта бүсгүй өдөрт таван шил хумсны будаг ууж амны цангаагаа тайлдаг байна. Хумсны будаг ууж донтсон бүсгүй цэнхэр болон гялалзсан өнгөтэй хумсны будаг амттай байдаг хэмээн нэвтрүүлгийн үеэр ярьсан аж.

 

НОЙЛЫН ЦААСАНД ДОНТОГЧ

 

        Нойлын цаасыг хүнсний бус ариун цэврийн зориулалтаар ашигладаг ч үүнийг иддэг хүн байдаг аж. Тодруулбал, “Хачирхалтай донтолтууд” нэвтрүүлэгт орсон Кейша гэгч бүсгүй нэг жилийн хугацаанд их хэмжээний нойлын цаас идсэнээр энэ төрлийн донтолттой болсон байна. Тэрбээр долоо хоногт таван ширхэг нойлын цаас иддэг бөгөөд зурагт үзэх үеэрээ хөнгөн зуушны оронд идэх дуртай гэж ярьжээ. ХҮН МУУЛАХ ДОН Энэ бол сүүлийн үед дэлгэрч буй хамгийн гэм хоргүй мэт боловч хөнөөлтэй донтолтын нэг юм. Хүмүүс бүхий л цаг хугацаанд алдартай, үзэсгэлэнтэй олны танил нэгнийг анхаарч сонирхсоор иржээ. Тэдний тухай сайн, муу бүхий л мэдээллийг уншиж, хэн нэгэнд ярьж, түгээх дон бий болсон байна. Мөн өөр хэн нэгнийг муулах сэтгэцийн сөрөг хандлага их байгаа бөгөөд үүнийг амьдралынхаа гол утга учир болгосон хүн элбэгшсэн тул донтолт хэмээн нэрлэдэг болжээ.

 

Өдөөн хөөргөж, тайвшруулах, сэтгэл зүйн тайвшрал өгдөг, амны гэх донтолтын дөрвөн төрөл бий. Аливаа донтолт нь хүнд сэтгэлийн таашаал өгдөг бөгөөд нөгөө талаараа энэ нь хүний амьдралыг сүйрүүлж, тур зуурын аз жаргалаар удаан хугацааны зовлон шаналлыг сольж авдаг хөнөөлт зүйл юм. Ухаан бодол, бие сэтгэлээ хатамжилж донтолтыг зогсоохгүй бол хүний удмын дөрөв дэх үе хүртэл дамжих магадлалтай сөрөг нөлөөтэй байдаг аж.

 

А.Даваахүү