Мэдээний зураг,

Харин амархан уу, хэцүү юу?

(Орчуулахуйн нэгэн зарчмын үүднээс шинжихүй)

Аугаа их эрдэмтэн, билгүүн номч Бямбын Ринчен “Бид түмэн түмэн улсын нэрт эрдэмтэн мэргэдийн гайхамшиг шинжлэлийн ойллого, дөрвөн зүгийн эрт өдгөөгийн бичгийн утгач нарын зохиосон сэтгэлийг булаах мэт яруу сайхан найруулалт бичгийг бахдан үзэцгээж, эрдмээр хүмүүжин, соёлоор цэнгэлдэхүйд их төлөв орчуулан хөрвүүлснийг үзнэм бус уу” хэмээн яруу сайхан өгүүлсэн байдаг. Тэрхүү “эрдмээр хүмүүжин, соёлоор цэнгэлдэх” их үйл хэрэгт “дээгүүрхэн суудалтай, дээж амсах” хувьтай хүний нэг бол орчуулагч, хятад судлаач, зорилго нэгт журмын нөхөр Доржсүрэнгийн Болдбаатар мөнөөсөө мөн.

Хятад хэл бичигт суралцсан нь олон боловч, чухам орчуулах дуун хөрвүүлэх “тамын ажилд” сэтгэлээ чилээн, чөмөгөө царцаан зүтгэж яваа хуруу дарам цөөхөн хүний нэг нь тэр билээ. Хятад хүний төр улсын үзлийг таньж болох толь хэмээн үздэг их түүхэн туульс “Гурван улсын үлгэр” томоохон хүүрнэл зохиолыг ойрмогхон монголчлон хэвлүүлж, түүний өмнө Хятадын зохиолч Зян Руны “Чоно тотем” буюу монголоор “Чонон сүлд” нэртэй хэвлэгдсэн ном хийгээд өөр бусад хэд хэдэн номыг монгол хэлнээ орчуулсан билээ. Дашрамд өгүүлэхэд “Чонон сүлд” номын нэр нь “сүлд үү? “шүтээн үү?” гэдэг тухайд бичгийн мэргэд санал зөрөлдөж буй. Монголын өдгөө цагийн их бичгийн мэргэн хүмүүн, эрдэмтэн гүүш, Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Го. Аким “Зян Руны номны нэр бол угтаа “Чоно шүтээн” юм шүү дээ. Манайхан “Чонон сүлд” гээд буруу орчуулчихсан. Сүлд гэдэг чинь бэлгэдэл. Тотем гэдэг чинь шүтээн, шүтэж явдаг зүйлийг нь хэлж байгаа юм”, (Го.Аким “Зян Рун монгол хэл мэдэхгүй юм чинь яаж миний номыг хуулдаг юм”) өчүүхэн биднийг орчуулах хөрвүүлэхүйн замд залж хөтөлсөн ачит багш, эрдэмтэн зохиолч, орчуулагч, Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Базаррагчаа “Сүүлхэн үед Хятад улсаар барахгүй бөмбөрцөгийн олон орноо орчуулагдан машид цууд гарч буй манайд “Чонон сүлд” нэрээр хэвлэгдсэн, хятадаараа “Чоно тотем” номыг уул нь сүлд гэснээс шүтээн, шүтлэг гэсэн нь илүү онох байсан болов уу” (Ц.Базаррагчаа “Хөх монголын хөх чоно”) гэхчлэн дурдсан байдаг.

Энэ тухай үл өгүүлэн өгүүлэхэд эрдэмт нөхөр маань ойрмогхон “Үндэсний шуудан” сонинд хоёр ч удаа ярилцлага өгч, эртний хятадын их сэтгэгч Лаозын “Их улсыг засахуй нь өчүүхэн жараахайг чанах хуурах лугаа адил” хэмээх нэгэн номлол хийгээд бас өөр нэгэн сэтгэгч Күнзийн хэд хэдэн сургаал үгсийг эш татан тайлж өгүүлжээ. Өдгөө дэлхий дахинаа бараг нэг мөр баримталдаг орчуулгын онолын тулгын гурван чулуу гэлтэй үндсэн чиг баримжаа болох “яруу найртай, утга төгс, мэдэхүйеэ хялбар” хэмээх үндсэн гурван жаяг зарчим, чиг баримжааг Монголын эрдэмтэн гүүш нар “Мэргэд гарахын орон” нэртэй төвд монгол нэр томъёоны толь бичгийг 1740-өөд онд зохиохдоо анх томъёолж, “үг дор үл итгэн, утга дор итгэхийн үүднээс сайтар мэдэн үйлдэх”-ийг сануулан дурдсан байдаг. Энэ гурван чиг баримжаа болбоос өнөөдөр орчуулагч хүний сэтгэлдээ хатангадтал сахин мөрдөх үндсэн жаяг зарчим юм. Түүний дотор “утга төгс” хэмээх нь алив зохиолыг өөрийн хэлнээ орчуулахдаа уг эх зохиолд чин үнэнч байх, утга санааг нь өөрчилж засах буюу омтгойлж гажуудуулахыг эрс цээрлэх, гүн далд утгыг нь төгс нээж илэрхийлэх зарчим юм. Чухам тиймийн учир Монголын шинэ үеийн орчуулгын онолын тулгыг тулалцсан аугаа их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн “Миний санахад үгийг нэмж хасах гайгүй хэрэг. Утгыг нэмж хасвал гэмтэй хэрэг. Үг ба өгүүлбэрт халдаж болно. Гол утгад халдаж болохгүй” (Цэндийн Дамдинсүрэн. Бүрэн зохиол III 286-р тал ) хэмээн дурдсан нь хойчийг залгамжлах орчуулагч дуун хөрвүүлэгчдэд захиж хэлсэн хатуу сануулга гэлтэй. 

Орчуулгын онолын тухайт олон жаяг зарчим, арга маяг байх боловч тэрхүү “эх зохиолын утга санаанд үнэнч байх” явдал бол орчуулга оролддог, бүтээдэг хэн хүний эн тэргүүний эрхэм зорилго, алтан дүрэм нь байх ёстой юм. Эртний хятадын сэтгэгч Лаозын дээр өгүүлсэн эш номлолыг чухам энэ үүднээс нягтлан үзэж, илт өгүүлэхүй-далд утгыг нь илэрхийлэн гаргах учиртай билээ. Аль ч үндэстэн угсаатны их сэтгэгчдийн хэлсэн үг сургаал, эш номлол нь ил шууд илэрхийлсэн нь бараг үгүй, илт өгүүлэх давхар утга, далд гүн санаа нэвт шингэсэн байх тул өнгөн талыг барин мөчид тайлбаас эндүүрлийн мананд төөрөлдөх гэмтэй. Өрнөдахин дэлхий ертөнцийг шулуун, зэрэгцээ шугамаар таньж мэдэрдэг, харж сэтгэдэг бол, хятад хүн эсрэгээр нь муруй тойрог шугамаар харж, сэрж сэтгэдэг. Тиймийн учир Күнз, Лаоз, Мэнз Жуанз гэхчлэн эртний хятадын сэтгэгчдийн сургаал номлолыг шууд тайлж өгүүлэхэд туйлын бэрхтэй байдаг нь чухамдаа тэрхүү хятадын уламжлалт “дотогшоо хандсан” далд сэтгэлгээтэй нь холбоотой юм.  

“Их улсыг засахуй нь өчүүхэн жараахайг чанах хуурах лугаа адил” хэмээсэн тэрхүү үг нь 2500 орчим жилийн тэртээгээс уламжилж ирсэн Лаозын алдарт “Лаоз” буюу “Даодэжин” хэмээн бас нэрлэдэг тэрхүү номын жардугаар бөлөгт байх агаад харин амархан уу? хэцүү юү? гэдгийн тухайд Лаоз шууд ил хэлсэн зүйл үгүй. Түүнээс хойш 200-гаад жилийн дараа буюу өдгөөгөөс 2300 орчим жилийн тэртээ хятадын өөр нэгэн гүн ухаантан, сэтгэгч Хань Фэйз дээрх номлолыг анх түрүү тайлж, “Жам ёсны үүднээс үзэхүл, олон иргэнийг дайчлахуйд үйл ажлыг нь олонтаа хувиргаваас үр шим нь бага болох, өвлөж хадгалсан үнэтэй эд юмыг олонтаа зөөж хөдөлгөвөөс эвдэрч сүйдэх нь их болох, өчүүхэн жараахай хуурах болгоход олонтаа хутгаж хөндвөөс өнгө юугаан алдаж шалзрах, их улсыг засахуйд бошог зарлигийг олонтаа өөрчилбөөс олон иргэн зовлон гамшигт унах, тиймийн учир улсыг засахуйд мэргэн хүмүүн болбоос тайван тогтууныг эрхэмлэх агаад буулгасан зарлиг цаазыг босон суун эс өөрчлөх бөлгөө. Тиймээс Лаоз “Их улсыг засах өчүүхэн жараахай чанах хуурах хоёр адилхан” хэмээн сургажээ.” гэсэн маягаар “Хань Фэйз: Лаозыг тайлсан бөлөг” хэмээх номд өгүүлсэн байдаг.      

Энэ бол Лаозын дээрх номлолын тайлал нь юм. Түүнээс хойш уг номлолыг тайлж өгүүлсэн зүйл олон гарсан ч дээр өгүүлснээс зөрж гажсан зүйл үгүй ажээ. Ер нь Күнз, Лаоз хийгээд тэднийг залгамжлагч эртний сэтгэгчдийн үг сургаалын дотор хятадын эрдэмтэд, мэргэд одоо болтол нэг мөр тайлж чадаагүй, өөр өөрөөр тайлбарласан тийм номлол сургаал цөөнгүй буй. Харин дээр өгүүлсэн сургаалын тухайд санал зөрөлдсөн зүйлгүй, “Их улсыг засахуй хийгээд өчүүхэн жараахай чанах болгох аль алин нь амархан бус, бэрх хэцүү, эвдэрч сүйдэх нь хялбархан, тиймийн учир няхуур нямбай ур ухаан, хичээл болгоомж чухал” гэсэн утгатай хэмээн нэгэн мөр нэгдсэн тайлалд хүрч чадсан байдаг. Тийм болохоор эрхэм нөхрийн “Улсыг засах жараахай шарахаас амархан” “... ядах юмгүй амархан ажил” (“Үндэсний шуудан” сонин №248 “Улсыг засах жараахай шарахаас амархан” ), “...эвийг нь олох юм бол улсын засна гэдэг гэдэг угтаа амархан юм гэдгийг дээрх Лаозыгийн үг хэлээд байгаа хэрэг...” “Улсын засах мэргэн аргыг олоход жараахай шарахаас илүү хэцүүгүй” байх нь тодорхой” (“Үндэсний шуудан” сонин №023 “Гурван улсын үлгэрийг жилдээ ядаж нэг уншдаг”) гэхчлэн тайлж тайлбарлаад байгаа нь уг үндсээрээ буруу болж таарч байна. Элдэв ном бичиг үзэж байхад “Улсыг засах амархан” гэж хэлсэн нь бараг тааралддаггүй.

Харин төр улсыг төвхнүүлэх нь амархан хялбархан зүйл хэмээн мөчид сэтгэж, улс гэрээ мөхөөсөн түүх өдий төдий байдаг. Нэгэн бяцхан инээдэмтэй атлаа эмгэнэлтэй түүх өгүүлье. Хятадын Хавар Намар Байлдаант улсын (НОТӨ 770-476) үед олон ханлиг улс эрх мэдлийн төлөө арцалдан тэмцэлдэж байжээ. Чи хэмээх улс ихээхэн хүчирхэгжиж, Жинь, Лу, Вэй, Сао зэрэг бусад зэргэлдээ улсыг эрхшээн дагуулж, тэдгээр улс жил бүр ихээхэн өргөл барьц өргөн барьдаг байжээ. Нэгэн жил дээрх дөрвөн ханлиг улс нэгэн зэрэг дөрвөн элч томилон, Чи улс руу илгээж гэнэ. Гайхалтай нь дээрх дөрвөн улсын элч бүгд зэрэмдэг хүмүүс байж. Жинь улсын элч нүд өрөөсөн, Лу улсын элч толгой хожгор, Вэй улсын элч хөл доголон, Сао улсын элч нуруу бөгтөр байж гэнэ. Чи улсын эзэн Чин Гүн хэмээх ойворгон нэгэн өөрийн эхийг баясгасугай хэмээн сэтгэж, элч нараар зориуд доог тохуу хийхээр шийджээ. Тийнхүү сохор, хожгор, доголон, бөгтөр хүн тус бүр нэгийг зориуд ирүүлж, элч нарт бараа болгон, асруулж харгалзуулжээ. Хатан эх хийгээд ордны эмс тэднийг хараад ихэд хөхин баясч, элдвээр элэглэн шоолж гэнэ.

Дөрвөн улсын элчис нүүрийг нь түлж, ихэд доромжлон гутаасанд машид уурлан хилэгнэж, Чи улсыг дайлан мөхөөх тухай зөвшин хэлэлцжээ. Тийнхүү гурван жилийн дараа дөрвөн улс нэгдэн, холбоо сүлбээ байгуулан, Чи улсыг их хүчээр дайлж, Чи улс ч ихэд ялагдан мөхөж, дахин ер сэхээгүй гэдэг. Улсыг засах амаргүй гэдгийн энгийн нэгэн үлгэр ийм ажгуу. Их бага алив зохиол бүтээл, үг сургаалыг орчуулах, дуун хөрвүүлэхдээ эх бичвэрийн уг санааг сайтар үзэж мөрдөлгүйгээр, гүн ухаан, уламжлалт соёл, сэтгэлгээний хэв маяг зэргийг нь ухаж бодолгүйгээр, үгийн өнгөн талд шүтэн, илт өөрийн санааны дураар өнгөцхөн тайлж, хэт эдүгээчлэн өгүүлбээс эндүүрэл болох гэмтэй. Дээр өгүүлсэн “Утга төгс” хэмээх зарчмын чухам учир утга үүнд оршино. Ярилцлагад “Күнз ч гэсэн өөрийгөө “Би тийм их эрдэмтэй хүн биш шүү. Зөвхөн аливаа хэрэг явдлын ерөнхий төлөвийг л ойлгочихсон хүн шүү дээ” хэмээн “Шүүмжлэл өгүүлэл” бүтээлдээ шавь нартаа хэлж байдаг шүү дээ” (“Үндэсний шуудан” сонин №248 “Улсыг засах жараахай шарахаас амархан”) гэж өгүүлжээ. Тэгвэл “Луньюй” буюу “Шүүмжлэл өгүүлэл” номд юу гэж өгүүлсэн байдаг вэ?  Күнз хэд хэдэн бөлөгт энэ тухай номлосон байх бөгөөд тухайлбал, “Надад эрдэм буй гэж үү? Хэдүй их эрдэм үгүй буюу. ...Хэрэв надаас хэрэг учир асууваас би хэлж эс мэднэм. Асуусных нь эх хийгээд адаг хоёр туйлыг нягтлан байж аль чадахаараа таниулнам.” гэх буюу “ ...эгэл дороос суран сурсаар эрхэм дээдэд нэвтрэв.” гэх маягаар хэлсэн байдаг. Тэгвэл “Дашүэ” буюу “Их суртахуй” номд “Түмэн бодос дур эх язгуур буй, эцэс адаг буй, тэнгэрийн доор хэрэг үйл дур эхлэл буй, төгсгөл буй, алив хэрэг үйлийг уг язгуураас нь үүдэн, эцэс адагт нь хүргэвээс их суртахуй ёсонд илт ойртон нийцэх бөлгөө” гэх маягаар өгүүлсэн байдаг нь дээрх номлолын тайлал нь болох юм. 

2500 орчим жилийн өмнө хэлж, олон зууныг дамжин шүүгдсээр өдгөө үед уламжлан ирсэн сургаал номлолыг ухааны цараа, үгийн ураар ядруухан бичгийн бядгуу түшмэл өчигдөрхөн хэлчихсэн үг мэтээр хэт эдүгээчлэн эгэл хар үгээр илэрхийлж буулгах нь тийм ч зохимжтой бус аа.  Эрхэм нөхөр “Күнзийн сургаалаас манай хүмүүсийн хувьд танил өөр нэг мэргэн үгийг энд дурдъя” хэмээгээд “Төрөө засахын тулд гэрээ зас, гэрээ засаад биеэ зас, биеэ засаад эрдэм сур, эрдэм сурахын тулд сэтгэлээ тогтоо” гэсэн үг байдаг” гэжээ. (“Үндэсний шуудан” сонин №023 “Гурван улсын үлгэрийг жилдээ ядаж нэг уншдаг”) Хашилт тэмдэг дотор хийж бичиглэснийг үзвээс Күнзийн үгийг өөрчилж найруулалгүй шууд эш татжээ гэлтэй. Тэгвэл эх бичвэрт чухам юу гэж өгүүлсэн байдаг вэ? Энэхүү номлол нь Күнзийн суртлын “Дашүэ” буюу “Их суртахуй” хэмээх судар номд байх агаад хятад эхийг нь барин орчуулбаас “Түмэн хэрэг бодосын учир ёсыг ухаж тайлсны хойно эрдэм дур хүрмүй, эрдэм дур хүрвээс бодол санаа бат үнэн болмуй, бодол санаа бат үнэн болбоос сэтгэл тэгширмүй, сэтгэл тэгширвээс бие засармуй, бие засарваас гэр төвширмүй, гэр төвширвөөс төр засармуй, төр засарваас тэнгэрийн дор түмэн амгалан тогтмуй” гэсэн утгатай юм.    

“Биеэ засаад эрдэм сур” хэмээсэн нь үгүй, “эрдэм сурахын тулд сэтгэлээ тогтоо” гэж шууд өгүүлсэн нь бас үгүй. Харин “эрдэм сурваас бодол санаа бат тогтуун болж, тэгснээр сэтгэл тэгшрэх, сэтгэл тэгширснээр бие засрах” тухай номлосон ажгуу. Уг ярилцлагад мөн “Күнз богд “Ном үгийг гүйцэхгүй, үг утгыг гүйцэхгүй” гэж айлдсан” хэмээжээ. Күнзийн суртлын ном бичиг далай мэт арвин их юм болохоор тэрхүү номлол нь чухам ямар бичиг зохиолд байдгийг эс мэднэ. Харин Күнзийн сургаал номлолын гол цөм нь болсон Луньюй” буюу “Шүүмжлэл өгүүлэл” номд “Үг утгыг нээвээс болох буюу” гэсэн утгаар хэлсэн сургаал буй. Бас “Үг хэлэлцэж бологсод лугаа эс хэлэлцвээс хүмүүнийг алдъюу, үг хэлэлцэж үл бологсод лугаа хэлэлцвээс үг алдъюу, мэргэн хүмүүн болбоос хүмүүнийг ч үгийг ч үл алдъюу” гэсэн утгатай сургаал байдаг. Орчуулга болбоос олон талтай, их бага алив нэгэн бичиг зохиолыг хэдэн ч хүн, хэдэн ч удаа орчуулж болдог, тэрхүү өөр өөрийн өнгө төрхтэй бүтээл нь орчуулгын их сан хөмрөгт хувь хандив болж байдаг нь орчуулгын түүхнээ түгээмэл нэгэн үзэгдэл билээ. Харин тийнхүү өөр өөрөөр орчуулах, хөрвүүлэхүйд “Үг ба өгүүлбэрт халдаж болно. Гол утгад халдаж болохгүй” хэмээсэн тэрхүү зарчим нэвт шингэсэн байх учиртай юм.

Энэхүү “Лаоз” буюу “Даодэжин” номыг монгол хэлнээ дуун хөрвүүлсэн лавтайяа гурван өөр орчуулга байх бөгөөд Д.Наранжаргал хятад хэлнээс, Гүн овогт Г.Аюурзана, Ж.Ванчинхүү нар дам хэлнээс тус тус орчуулж, уншигч түмнээ өргөн барьсан билээ. Орчуулга бол шинжлэх ухаан мөн, бас урлаг мөн хэмээдэг. Эдүгээ хэл шинжлэл, соёл судлал, хэлний соёл судлал, гүн ухаан, гоо зүй, орчуулгазүй зэрэг олон ухааны уулзвар зааг дээр соёлын орчуулга судлал хэмээх шинэхэн салбар ухаан үүсэн хөгжиж байна. Тэрхүү онол, үзэл баримтлалын гол цөм нь аливаа бүтээлийг орчуулахад соёл судлал, хэлний соёл судлалын үүднээс хандах, үг хэлний өнгөн бүтэц төдийгүй, түүний гүн чанадад орших соёлын утга агуулгыг нь бүрнээ нээж илтгэхийг чухалчилдаг билээ. Энэ нь мөнөөх “Утга төгс” хэмээх зарчимд яв цав нийцдэг бөлгөө. Аль ч үндэстэн угсаатны эртний мэргэд, сэтгэгчдийн хэлсэн онч мэргэн үг сургаал нь он цагийн урсгалд олон зууны өртөөлсөөр хүрч ирэхдээ улам бүр боловсорч ширээгдсээр чухам шижир алт мэт болсон байх тул болхи толхи байдлаар бүдүүн хадуун, буруу зөв тайлах нь чухамдаа “алтыг гуулиар бүрэх” лүгээ адил хэрэг болох бус уу. Энэхүү өчүүхэн бодрол санааг холбож хэлхэхдээ эрхэм журмын нөхрийн эрдэм чадлыг омтгойлж, дорд үзэн, дооршоох атгаг санаа сэдлэг огт агуулаагүй бөгөөд тэртэй тэргүй олонд танигдсан нэртэй дуун хөрвүүлэгч, нангиадч мөн тул “хүн хэдий сайн ч” хэмээхийн үлгэрийг бас бодолцон, бас Монголын шинэхэн үеийн орчуулгын түүхнээ тун саяхан өнгөрсөн зууны наяад оны дундуур орчуулгын “дүйх, дүйлгэх, дүр бүтээх” гэсэн нэгэн сэдвээр өргөн мэтгэлцээн өрнүүлж байсан уламжлалыг санагалзан, нангиад монгол орчуулгын хэрэгт нэмэр тус болуужин хэмээн сэтгэж бичсэн учрыг өчье.                                                               

 Засаг төрийг засах ч хэцүү                                                     

Жараахай жарамгай болгох ч хэцүү хэмээнэ.  

М.ЧИМЭДЦЭЕЭ   (МУИС. Хэлбичгийн ухааны доктор (Ph.D) Хятад судлаач, орчуулагч)