Хошин шогийн тоглолт... “Алаад хаячихна шүү чамайг” гэж жүжигчин бүсгүй тайзан дээр цамнана. Үзэгчид, ялангуяа хүүхдүүд элгээ хөшиж, нулимсаа гартал инээнэ. Бас нэгэн хошин урлагийн хамтлагийн шоун дээр “Үүнийг нулим” гэснээ “Одоо залги” гэж хээв нэг шүлсээрээ наадаж “алиална”. Урлаг өөрөө гоо зүй. Энэ утгаараа гоо зүй, ёс зүйгүй  урлаг гэж байх уу?  “Урлагийг бүтээх үндсэн шаардлага нь гоо сайхан юм” гэж нэгэн алдартай уран бүтээлчийн хэлсэн үг яг одоо л үнэ цэнэтэй санагдана.
 Уг нь  урлаг гэдэг агуу, тайз гэдэг ариун.  Тэр үзэл санаа одоо ч хэвээрээ. Өөрөөр хэлбэл, хүнийг гэгээрүүлэх, хөгжүүлэх, нийгмийн харанхуйг гийгүүлэх зэрэг урлагийн өөрийнх нь үндсэн шинж чанар, үүрэг, нөлөө ямар ч  цаг үед өөрлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй. Гэтэл манайд амьдралын хар бараан үзэгдлүүд агуулга, хэлбэрээрээ тайз, дэлгэцэн дээр амилаад байна. Нийгмийн сэтгэлзүйг залж, засч явах учиртай урлагийн хамгийн том заяагдмал үүрэг  орхигдоод байна.
Сүүлийн үеийн Монголын шинэ кинонууд бараг тэр чигээрээ үзэн ядалт, өс хонзон, хутга, буу, аллага, хүчирхийлэл, аймшигтай харгис хэрцгий зодоон,  цус, нулимс, шорон гяндан, ор хөнжлийн явдал... 
 
Муу лалрыг ална,  гичийг арчина гэх зэрэг бохир бүдүүлэг үгс зүгээр л энгийн жишээ боллоо. Бүр байчихаад нөгөө П... гэдэг хачиг шиг халдвартай муухай үг  киноны урын санд “ориг”-оороо ороод ирэхийг үзлээ. Урлаг өөрийн гэсэн хэл бас хилтэй биз дээ?  
Хамгийн гол нь дөнгөж “ургаж”, хорвоог таниж ядаж байгаа өсвөр үеийнхэнд манай зарим “урлагийн бүтээлүүд” ямар нөлөө үзүүлэх  бол? Элдэв этгээд үг хэллэг, хараал зүхлийг хошин шоунаас, кинон дээрээс сонсохоороо амьдралыг тэр утгаар нь харж, хүлээж авах хүүхэд цөөн биш. Өнөөдөр хүүхэд, залуусын хүмүүжил эвдэрч байна гэх. “Нахальный” гаж хэллэгүүд тайз, дэлгэцэн дээр ч байгаад  байхаар тэд агуулга, үр дагаврынх нь тухай эргэцүүлж бодох уу?
 Урлаг бол өнөөгийн нийгмийн толь гэдэг өнцгөөс нь тайлбарлах нэгэн байдаг. Гэхдээ  нийгмийн эмгэнэлт болоод эмгэнэлт инээдмийн үзэгдлийг мөнгө болгож ашиглахыг гол зорилгоо болгож байгаа хэсэг байна  гэж харж, дүгнэх хүн олон байгаа юм.
Дэд профессор (СУИС), МУГЖ О. Ичинхорлоо гуай “Урлаг хүний оюуны чадлыг нээж, уран сэтгэцийг өрнүүлэх, зөн авьяасыг бадраах нээлтийн /эврисик/ нөлөөнөөс гадна бодит байдлын үнэнийг дүрсэлж ирээдүйг үзүүлдгээр уран сайхны “прогноз” үүрэгтэй, иймээс урлаг мэдлэгийн эх болохын хамт түүнийг дэлгэрүүлэх хүчтэй зэвсэг мөн учир соён гийгүүлэх ач холбогдолтой. Уран бүтээл хүнд үзэл санааны, оюуны эрч хүчийг бодол ухаан, сэтгэл мэдрэлд нь шингээн өгдөг, сэнхрүүлэх  үүрэгтэй юм. Мөн хүн уран бүтээлээс эрч хүчийг сэлбэж тэндээс хүсч мөрөөдсөнөө олж авдаг учир сэлбэн сэтгэх /компенсационный/  чадалтай юм” гэж урлагийн мөн чанарыг тайлбарласан байдаг. Тэрбээр мөн “Уран сайхны хүчээр хүн хүслээ хангаж сэтгэлээ ариусгана. Уран бүтээлийг хүн ард үнэлэн цэгнэж, тэндээс хүмүүжлийн хүч нөлөөг эдэлнэ. Урлагийн  нэг гол үүрэг бол сэтгэлийн баяр цэнгэл юм” хэмээжээ. 
 
Энэ шалгуураар  манай хошин шогчид болоод “детектив” киночдын бүтээлийг нэг хараад үзээрэй. Өнөөдөр социализмын үеийнх шиг цензур урлагийн ямар ч төрөлд байхгүй. Уран бүтээл туурвих эрх чөлөө хангалттай. Гэхдээ аливаа бүтээл урлагийн өөрийнх нь мөн чанар хэмээх мөнхийн шалгуурт захирагдах ёстой биз ээ. Эртний Грекийн гүн ухаантан Аристотель “Урлаг хүний сэтгэлийг ариусгадаг”, Оросын алдарт зохиолч Ф. Достоевский “Гоо сайхан ертөнцийг аварна” гэж зүгээр ч нэг хэлээгүй юм. “Хүн сэтгэлийн амьтан ажгуу. Сэтгэлийн амьтныг хүмүүн болгогч нь урлаг, соёл” гэж  ухаантны хэлсэн үг ч байдаг билээ. 
 
  Дажсүрэнгийн Лхагвадорж