АМЬД ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ ДЭЛХИЙН ЗАРИМ ОРОНД
 
 
 
Бидний оршин байгаа энэ нийгэмд монгол хүн шиг үнэгүй юм бараг алга гэлтэй. Дэлгүүрийн лангуун дээр орон орны хүмүүсийг тавиад дор нь үнийг нь бичээд худалддагсан бол монгол хүн ямар үнээр тавигдсан байх бол.
 
1970-аад онд ирж Ховд аймгийн Манхан сумын нутаг Гоогийн нуруунаас угалз агнасан Ираны Шах машин жолоодож явсан жолоочийн хоёр мөрөн дээр гуталтай хөлөө тавиад хэвтэхэд нь жолооч ундууцан хөлийг нь цаашлуулахад Шах ихэд уурлан “Танай энэ хүн ямар үнэтэй вэ, буудчихаад үнийг нь би төлье” гэж сүржигнэж байсан билээ. Хэлмэрчээр явсан хүн “Манай социалист оронд хүн санаатай албал, алсан хүний амь насаар төлдөг” гэхэд арай тайвширч билээ гэдэгсэн. Бидний хувьд капиталист оронд хүнийг мөнгөөр үнэлдэг юм байна гэдгийг тэгэхэд сонссон билээ.
 
Хүнийг үнэлж худалдах нь бүр боолын нийгмээс эхлэн олон мянган жил үргэлжлэн, одоо хүртэл үргэлжилсээр байгаа наймааны нэг юм. Одоо үед спорт урлагийн одууд, нэрт эрдэмтдийг хүртэл хэдэн арван сая ам.доллараар өндөр үнэтэй наймаалцдаг болсон нь нууц биш болжээ. Хөгжингүй орнуудад хөдөлмөр эрхлүүлж байгаа хүнийг үнэлсэн үнэлэмжтэй болох нь хэн бүхэнд анзаарагдсаар байна.
 
Харин тэд хүний үнэлэмжээ олон улсад ил тодоор хэвлэл мэдээллээр тавихгүй байлаа ч эх орон, нийгмийн эрх ашгийн үүднээс хөдөлмөрлөж байгаад, үйлдвэр уурхайд осол гарах, өөрийн ба харь оронд цэргийн алба хааж байгаад, нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж яваад амь нас эрсэдсэн буюу тахир дутуу болсон бол төрөөс мөнгөн төлөөс үзүүлдэг юм байна.
 
Жишээг дурдая. 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-д ихэр хоёр цамхаг алан хядагч амиа золиослогчдын халдлагад өртөж 5000 хүн амь насаа алдахад ар гэрт нь 250.000 ам.долларын тусламж нэг удаа үзүүлж, ар гэрийнхэнд нь зохих тэтгэмж тогтоож өгсөн. 
 
Мөн Францын нутагт сүйрсэн Германы А320 онгоцоор явж байгаад амь үрэгдсэн 250 зорчигчид 140.000 еврогоор бодож мөнгөн төлөөс нэг удаад олгосон.
 
Саяхан Орос, Украйны дайнд амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт, сар бүр 1700 ам.долларын тэтгэвэр олгохоор шийдсэн байна.
 
Хятад улсад уурхайн ослоор нас барагсдад нэг удаад 60.000 юань /20-иод сая төгрөг/ өгөөд ар гэрийнхэнд нь сар бүр 2000 юанийн тэтгэмж олгохоор болсон тухай хэвлэлд гарсан.
 
Харин манай улс 2008 оны долдугаар сарын 1-нд төр засгийн буруутай үйл ажиллагаанаас болж буудагдан нас барсан таван залуугийн ар гэрийнхэнд 50.0 сая төгрөг олгосон нь нэг талаар монгол хүнийг үнэлсэн үнэлэмж гадаад орнуудтай харьцуулахад хэд дахин бага байгаа нь харагдаж байна.
 
Улс орны хөгжилд хувь нэмрээ оруулан ар гэрийнхнээ тэжээхээр хүчин зүтгэж яваад барилга дээрээс унаж нас барсан хүний ар гэрт заримд нь таван сая төгрөг, заримд нь оршуулгын зардлыг нь ч гүйцэд олгоогүй талаар хэвлэл мэдээллээр гарсаар байсан.
 
Жил бүр авто машины ослоор 40 гаруй хүүхэд нас барж байгаагийн гол буруутан нь ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй байгаа төр засаг гэдэг нь ойлгомжтой. Гэтэл хариуцсан яам, албан газрын дарга нар юу ч болоогүй мэт, дүлий дүмбэ оргиод явж л байх. Харъяа яамны сайд, албан газруудын дарга нар нь ядаж эмгэнэл илэрхийлэхгүй шүү. Гадаад орнуудад яамдын сайд нар тэр дороо ажлаасаа мулт.
 
Увс аймгийн Баруун турууны 031 ангид алба хааж байгаад нас барсан таван цэрэг амь насаа алдсан талаар УИХ-ын гишүүн Даваасүрэн газар дээр нь танилцаад зодуурын дарамтаас гэмтэл авч даамжирсаар нас барсан болох нь тодорхой байсныг мэдээлсэн юм. Гэтэл тэдний ар гэрт хэл амтай дөрвөн сая төгрөг өгсөн бололтой. Энэ мэт эх орны төлөө хөдөлмөрлөж яваад золгүй тохиолдлоор амь насаа алдах нь хэрээс хэтэрч өдөр бүр шахам л дуулдах боллоо.
 
Наад зах нь хурдан морь унаач хүүхдүүд нас барсан, насаараа тахир дутуу болсон тохиол олонтаа гардаг. Онгоцны ослоор нас барсан хүн манайд ч хэдэн зуугаар тоологдоно, тэдний ар гэрт хэдэн төгрөгийн тусламж үзүүлснээ төр, засгийн удирдлага эрхбиш санаж байгаа биз. Согтуугийн балгаар гарсан автын осолд хэчнээн хүн эндэж тахир дутуу болж байна, архидалтын улмаас ч нэг адил. Үүнийг төр, засаг мөнгөн илэрхийллээр гаргаж эхний ээлжинд иргэнийхээ амь насыг хамгаалан амар тайван чөлөөтэй хөдөлмөрлөж амьдрах боломжоор аль болохоор хангах үүрэгтэй.
 
 
 
МОНГОЛЫН ХҮН АМЫН ӨСӨЛТ ЯАГААД УДААШРАВ
 
 
 
Өмнөх нийгэмд эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх салбар болгон улсын төсвийн 13-аас доошгүй хувийг эрүүл мэндийн салбартаа хуваарилан хүн амын өсөлт өндөр хурдацтай байж, Монголын үрс маш олон болж байсан жилүүд саяхан. Ардчилал зах зээлийн жилүүдэд Монголд үр хөндөлт гэдэг аймшигтай үзэгдэл газар авч олон жил үргэлжиллээ. Мөн ч олон саяар тоологдох хүний амь нас хөнөөсөн дөө. Жинхэнэ хэлмэгдэл чинь энэ шүү дээ.
 
1987, 1988 оныхтой ижил хэмжээний хурдаар өссөн бол Монголын хүн ам 4.5-5 саяар тоологдох байлаа. Хоёр жирэмсний нэг нь ил далд таслуулж байхад хүн ам яаж ч өсөх билээ. Ер нь бараг хэн дуртай нь /мэргэжилтэй,  мэргэжилгүй/ жирэмслэлтийг тасалж байна. 140 орчим сая хүнтэй ОХУ-д зөвхөн зөвшөөрөлтэй төрийн эмнэлгүүдэд 600.000-1.000.000 рубль төлж /18-30 сая төгрөг/ нарийн хяналттай үр хөндөлт хийж байна. Үр хөндөлтийн талаар Монголын төр, засгаас даруй нэг арга хэмжээ авмаарсан.
 
Хүн амаа өсгөх, амьдрал ахуйг сайжруулах талаар анхаарал муу тавьсны гайгаар хүн ам цөөтэй Монголын газар нутаг руу харийнхны түрүүч орж ирэв. Хамгийн их үржил шимтэй хөрс, газрын тос, уран зэрэг асар их баялагтай Халх гол руу шүлсээ залгин өнгөлзөж байдаг. Нутаг орноо хамгаалахад хүн амаа өсгөх хэрэгтэй гэдгийг төр, засаг ойлгохгүй баймааргүй л юмсан.
 
Монгол хүний ой ухааны чадамж, хүч чадал, урлаг соёл /байгаль орчноо хамгаалах ёс заншил/ дэлхийд гайхагдаж байгааг төр, засаг анзаарч л баймаарсан. Ийм хүмүүсийн амь нас арай ч ийм баймааргүйсэн. Манай армийн албан хаагчид бусдын газар нутагт хүн амыг нь хамгаалахын төлөө дайн байлдаантай халуун цэг рүү явж үүрэг гүйцэтгэж байна. Тэнд амь насаа алдахыг үгүйсгэх аргагүй. Тэдний ар гэрт хэн, хэдэн төгрөг төлөх вэ. 200-300 саяар нь өгөх мөнгө манай улсад байгаа юм уу. Юуны өмнө монгол хүний амь насыг мөнгөөр үнэлэн хүн амаа хамгаалах нь тэргүүн зэргийн зорилт болж байгааг төр, засагтаа дуулгасуу.
 
 
 
ГЭНЭТИЙН ОСЛООР НАС БАРАГСДЫН ҮНЭ ЦЭНЭ ГАДААД ОРОНД
 
 
 
Хар зах дээр нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад нь байна гэж монголчууд ярьдаг. Дэлхий дээр 1.8 тэрбум хүн наймаа хийж амьдардаг тухай интернэтэд тавигджээ. Хүний наймаа улам ихээр газар авч, хүний бүтэн цогцос болон эрхтэн бүрийг жижиглэн мөнгөөр үнэлэн худалддаг юм байна. Хар зах дээр хүний бүтэн цогцос 551.473 ам.доллар, Энэтхэгт зүрх 119.000, дэлүү 508.000, бөөр 262.000 ам.доллар, Хятадад зүрхний титэм судас 1525 ам.доллар, 100 гр цус 335 ам.доллар байна. ОХУ-д хамар 100-200 мянган рубль, чих 60-200 мянга, араа шүд 100-400 мянга, уушиг 140 мянгаас 1.2 сая, ходоод 100-1.0 сая, элэг 100-400 мянга, бөөр 100-900 мянга, дэлүү 100-600 мянган рублиар үнэлэгдсэн байх юм. Цусаа үнэгүй өгдөг улс гүрэн дэлхий дээр Монголоос өөр байдаггүй бололтой.
 
Монголын хүн амыг өсгөх нь гурван хүчин зүйл дээр тулгуурладаг. Нэгт, хүн амын эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцөл бий болгох, хүн бүрийг ажилтай байлгаж эрүүл амьдрах аж төрөх нийгмийн бололцоог хангах үүргийг төр засаг хүлээдэг. Энэ талаар үндсэн хуулинд тусгасан ч түүнд хяналт тавьж арга хэмжээ авдаг төр эзэнгүй мэт байсаар өдий хүрлээ. Хоёр дахь нь эрүүл мэндийн шинжлэх ухааныг бүтээлчээр хөгжүүлэн хэрэгжүүлж орон байр тоног төхөөрөмжөөр ханган, эмч нарын мэдлэг мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн амьдрал ахуйд нь хүрэлцэхүйц цалин мөнгөтэй болгох зэрэг олон талт арга хэмжээ ордог. Гурав дахь нь хувь хүнийг эрүүл аж төрөх ёсны хэвшилд сурган төлөвшүүлэх нэг үгээр эрүүл мэндээ хамгаалахад хувийн хариуцлага амьдралын зөв хэвшлийг эзэмшүүлэх арга хэмжээ, эрүүл мэндийн даатгалын санг зөвхөн зориулалтаар нь зарцуулах зэрэг ажлууд чухал байна.
 
Хүн ам золгүй тохиолдлоор нас барах нь хэдий чинээ их байна, энэ нь засаг төрөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүргээ нэн хангалт­гүй биелүүлж байгаа­гийн нэгэн гол үзүүлэлт бол­дог. Манайд золгүй тохиолд­лоор нас барах шалтгаан хүн амын нас баралтын шалтгааны гуравдугаар байранд орж байна.
 
Хүний амь насыг мөнгөн илэрхийллээр тогтоож хүн амаа өсгөх нь шат шатандаа хариуцлага бий болгож хүн амаа эрсдэлээс хамгаалах хөшүүрэг бий болно. Тайландад явж эмчлүүлсэн Монголын нэгэн өвчтөнг тэд өөрсдөө эмчлэх боломжтой, бид чадна гэж зохих төлбөртэйгөөр эмчилгээ хийжээ. Гэтэл эмчилгээ үр дүн өгөлгүй өвчтөн нас барсанд, эмнэлгийн захиргаанаас монгол төгрөгөөр 400.0 сая төгрөгтэй тэнцэх мөнгийг ар гэрт нь өгсөн байна. Энэ нь хүний үнэ цэнийг мөнгөн илэрхийллээр тогтоосон ханш нь юм байна. Энэ бүх асуудлыг монголчууд өөрийн гэсэн ухаанаар шүүн тунгааж, санал бодлоо төр засгийн сонорт хүргэж, шийдвэрлүүлэх нь зүйтэй болов уу.
 
Монгол Улсын гавъяат эмч, клиникийн профессор Б.Морх