Оффшор бүсэд данстай 49 хүний дансанд нийт 17 тэрбум ам.доллар байгаа гэх мэдээлэл бий. Энэ асуудалтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт мэдээлэл ирээгүй бөгөөд албан ёсоор бүртгэгдсэн болон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа тохиолдол байхгүй гэдгиийг Хууль зүйн сайд мэдээллээ.

 Түүний мэдээлж байгаагаар 2011-2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах" 27 гэмт хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулснаас дараах эрүүгийн хоёр хэрэг нь оффшор бүстэй холбоотой байжээ. Үүнд, “МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд, Монгол Улсын иргэн Б нарын гэмт хэрэг болно гэдгийг дурдлаа.

Авлигатай тэмцэх газар нь “Хариуцлагын хяналтыг тогтоох иргэний эвсэл” Төрийн бус байгууллагаас ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүн асан С.Баярцогтод холбогдох, албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хууль бусаар онц их хэмжээний орлого олж, хөрөнгөжсөн байж болзошгүй тухай мэдээллийг 2013 онд хүлээн авч, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашиглах/, 270 дугаар зүйл /Хууль бусаар хөрөнгөжих/-ийн 270\2 дахь хэсгийг тус тус үндэслэн эрүүгийн 201301000264 тоот хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөн 2009 онд Улсын Их Хурлын гишүүн асан С.Баярцогт нь Швейцарийн "Кредит Свис” банк дахь хувийн дансандаа эх үүсвэр нь тодорхойгүй орлогын гүйлгээ хийсэн байж болзошгүй гэх мэдээллийг “Гэмт бүлэглэлийг ажиглагч” олон улсын байгууллагаас авснаа “Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” Төрийн бус байгууллага Авлигатай тэмцэх газарт мэдээлсний дагуу шалгаж байна. Авлигатай тэмцэх газрын судалгаа, “Ард түмний онц зөвлөл” Төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичиг болон холбогдох бусад мэдээллийг нэгтгэн шалгах Ажлын хэсгийг тус газрын даргын тушаалаар байгуулан шалгаж байгаа. Мөн “оффшор данстай гэж гүтгэлээ” гэсэн долоон гомдлыг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан гэдгийг С.Бямбацогт сайд танилцуулгадаа онцлов.

Түүнчлэн тэрбээр  танилцуулгадаа, Монгол Улс нийт 20 улстай иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай 28 гэрээ байгуулсан. Улсын Их Хурал НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг 2005 онд соёрхон баталсан. Эдгээр Монгол Улсын олон улсын гэрээнүүд нь эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж байна. НҮБ-ын Авлигын эсрэг конвенц нь 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 181 улс нэгдэн орсон. Үүнд оффшор бүс болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Швейцарь, Люксембург, Нидерланд, Кипр, Багам, Панам зэрэг улс нэгдэн оржээ. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 55 дугаар зүйлд зааснаар төрийн албан тушаалтан эд хөрөнгө завших, ашиглан шамшигдуулах буюу бусад аргаар зориулалтын бусаар зарцуулах, эрх нөлөөг нь урвуулан ашиглуулах зэрэг конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлого, эд хөрөнгө, тоног төхөөрөмж буюу бусад хэрэгслийг хураах арга хэмжээг хүсэлт хүлээж авсан гишүүн улс хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд тус конвенцид нэгдэн орсон дээр дурдсан оффшор бүст байршуулсан хууль бус хөрөнгийг хураан, авчруулах боломжтой. Харин практикт харилцагчийн нууцалтай холбоотой асуудал гэсэн шалтгаанаар эрх зүйн туслалцааны хүсэлтэд хариу өгөхгүй байх, удаах зэрэг хүндрэл учирч байгаа тухай мэдээллийг холбогдох хууль, хяналтын байгууллагаас тавьж байна гэв.

Мөн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар албан тушаалтан, түүнд хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, хууль ёсны мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол энэ тухай урьдчилан мэдүүлэх ба нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээ авч мэдүүлэх үүрэг хүлээсэн. Дээрх үүргээ биелүүлээгүй бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар тухайн албан тушааптныг эргүүлэн татах байдлаар хариуцлага хүлээлгэнэ. Харин оффшор бүсэд хууль бус мөнгөн хөрөнгө байршуулсан, хууль бусаар олсон хөрөнгөөр хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцлов.

Засгийн газар цаашид хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг холбогдох чиглэлээр мэргэшүүлэх, дадлагажуулах, туршлага судлах, энэ чиглэлээр олон улсын байгууллагын дэмжлэг, туслалцаа авах, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн улсуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар эрх зүйн туслалцааг үр өгөөжтэй, шуурхай зохион байгуулах арга хэмжээ авна. Оффшор бүс нутгаас ирсэн болон гарах гүйлгээг түдгэлзүүлэх, цуцлах, шалгах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ялангуяа бүс нутгийн гэрээнд нэгдэн орох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр судалгаа хийж, санал боловсруулах, оффшор бүсэд хамаарах улс, бүс нутгийн жагсаалтыг Засгийн газраар батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, оффшор бүс бүхий НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдээгүй улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах чиглэлээр ажиллана. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон түүнд нэмэлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор олон нийтэд таниулах цогц арга хэмжээ авах аж. 

Мэдээлэлтэй холбоотойгоор 

УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ: Оффшорын асуудал Монгол Улсын хэмжээнд яригдаад байна. 17 тэрбум ам.доллар гэдэг тоо хаанаас гараад ирэв?

Ажлын хэсэг: Оффшор бүсэд байгаа мэдээллийг олж авахад хүндрэлтэй. Оффшор бүсэд 17 тэрбум ам.доллар байгаа эсэхийг батлах боломжгүй.  Оффшор бүсээс мэдээлэл авах боломж байдаггүй.

УИХ-ын гишүүн Л. Болорчулуун: Оффшорчид ард иргэдийн бүтэн идэх хоолыг тал болгож, талыг хоосон болгож байгаа. Манай улсын оффшорчид гээд байгаа хүмүүс бол дандаа цагаан захтнууд байгаа байх. Бизнес эрхлэгчид бол ховор байгаа. Хууль зүйн яам сул ажиллаж байна. Олон нийтийн байгууллага  их идэвхтэй ажиллаж байгаа юм болов уу гэж харагддаг. Манай улс авлигын индексээрээ хэддүгээрт байна.  Авилга, хээл хахуультай холбоотой  асуудал ямар явцтай байна вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: 28 улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх талаар гэрээ байгуулсан байгаа. Гэрээ байгуулсан 28 улстай холбогдон мэдээлэл авах ажиллагааг цаашид явуулна. Хууль батлагдсан ч албан ёсоор "Төрийн мэдээлэл" сэтгүүлд гарч албажаагүй. Засгийн газар оффшор бүсэд хамаарах улс орны жагсаалт гаргана. Хууль мөрдөгдөж эхлээгүй байна. Авлига албан тушаалын хэргүүд АТГ харьяалагддаг. Гэхдээ бид хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд ТББ-тай хамтарч ажиллахад анхаарч ажиллана. НҮБ-ын авлигын эсрэг нэгдсэн улсуудтай хамтран ажиллаж, мэдээллүүдийг солилцох ажлыг хийж, хэрэгжүүлнэ. Сард 400 орчим сая ам.долларын орох, гарах гүйлгээ хийгддэг. Эдгээр мөнгийг ямар журмаар гарч, орж байгааг шалгах сургалтад албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтад явуулж байна. Эрхзүйн харилцаа туслалцаа гэрээ байгуулах ажлуудыг хийнэ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 17 тэрбум ам.долларын талаар АТГ дэлгэрэнгүй хариулт өгөөч?  Энэ нь Монголын хэмжээнд хэт их тоо юм шиг сонсогдоод байна. Тиймээс АТГ-ын даргаас хариулт авмаар байна.

Ажлын хэсэг:
Оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байдаг. Давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуй нэгж тодорхойлогдсон. 42 ААН 29 хүнээс 20 нь одоо төрийн албанд ажиллаж байсан одоо ажиллаж байгаа тэдгээрийн хамаарал бүхий иргэд байгаа. Нэр бүхий хүмүүсээс тайлбар тодорхойлолт авсан.  Тэдний зарим нь бизнес хийх зорилгоор данс нээгээд ашиглаагүй, зарим нь оффшор бүсэд байгаа хөрөнгөө Монгол руу оруулаад ирчихсэн байдаг. 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа гэдэг бол тогтоогдох үндэслэлгүй тоо. Харин 2008 онд гарсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 2,1 их наяд төгрөгийн хөрөнгө ил болоод 471 тэрбум төгрөг татвараас хөнгөлүүлсэн  байдаг. Сүүлд гаргасан хуулиар 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө нуусан байсан бүх хөрөнгөө ил гарга гээд хууль гаргахад 33,3 их наяд төгрөгийн хөрөнгө ил гарсан. Ингээд 2008 оныхоос 7,4 их наяд төгрөгийн хөрөнгийг чөлөөлчихсөн. Бид айлыг хардаад оффшор бүсэд хамаг мөнгө орчхоод байна гээд хардаад суугаад байдаг. Гэтэл шалтгааныг тогтооход дотоодод маш их мөнгө байна. Эрх зүйн орчныг шийдээд өгвөл шалгаад тогтоомоор байна. 

УИХ-ын гишүүн. Г.Занданшатар:
Гадаадад байгаа мөнгийг илрүүлэх хууль зүйн чадамж байна уу? Оффшор бүс нутгаас мэдээлэл гаргуулж авах практик, чадавх хэр байна. Чадавхыг сайжруулахын тулд ОУ-ын байгууллагатай ямар төвшинд ажиллаж байна вэ? Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчинг яаж бүрдүүлэх вэ?

Ажлын хэсэг:
Эрх зүйн туслалцаатай орнуудтай харьцаж байгаа. Бид Хятад, Солонгос  хандсан хариу ирээгүй.  Эрүүгийн хэрэг дотор эрх зүйн туслалцаатай орноос авсан бичиг баримт нотлох баримт болдог. Өөрсдийгөө шугамаар авч байгаа мэдээлэл бодит байдлыг тодорхойлоход ашиглагдана. Нотлох баримт болохгүй. Бидэнд гадагшаа явах мөнгө, төсөв байхгүй. Төрийн дэмжлэг их чухал байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: А
ТГ газар дээр хууль бусаар оффшорт мөнгө нуусан байна гэсэн мэдээлэл ирвэл яваад шалгах, мөнгийг буцааж татах эрх зүйн орчин санхүүгийн боломж чадавх байна уу?

 Ажлын хэсэг:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд гадаадад улсад гүйцэтгэл явуулах бол эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд болон олон улсын гэрээний шугамаар шалгана гэж заасан. Гэвч одоогийн байдлаар бүрэн шалгалт хийх боломжгүй.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:
17 тэрбум ам.доллар гэдэг бол 41 орчим их наяд төгрөг гэсэн үг. Манай улсын төсвийн жилийн орлого 7 их наядаас хэтрэхгүй. Үүнийг тооцохоор зургаан  жилийн төсвийн орлого хилийн гадна байх нь. Мөнгө нуусан байхыг үгүйсгэхгүй. Ийм их мөнгийг хэдхэн хүн гадагш гаргасан гэхэд үнэмшилгүй. Ийм боломж манай эдийн засагт бий юу. Нуусан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ их том мөнгөнд буруутгагдаж байгаа шүүхэд хандсан, нөгөө хүмүүс нь нэр төрөө сэргээлгэсэн тохиолдол гарсан уу?

Ажлын хэсэг:
Оффшортой холбоотой гүтгүүлсэн гэсэн 7 хүний асуудлыг шалгаад хэргийг хаасан.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Өнөөдрийн салбарын сайдын мэдээлэлд алдарт С.Баярцогтоос өөр хүний нэр харагдахгүй байна. 17 тэрбум ам. доллар байтугай 1 тэрбум ам.долларын асуудал ч баталгаажаагүй байна. Мэдээллийн зөрүү байгаад байна уу? Бид гадна дотны үгээр бие бие рүүгээ дайраад байна уу? Монгол Улс Швейцар энэ тэр улсууд шиг татварын хөнгөлөлттэй хүү багатай гадны мөнгийг татах бодлоготой байж болдоггүй юм уу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Оффшор бүсэд мөнгө хадгалах, компани байгуулах, хөрөнгө эзэмших хориглосон хууль байхгүй. Бидний сая баталсан хуулиар төрийн албан хаагч, хамаарал бүхий этгээдүүд бүсэд оффшор бүсэд үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Бусад жирийн иргэд бизнес эрхлэгчдийг оффшор бүсэд данс нээлгэхийг хориглоогүй. 1990-2015 оныг хүртэл Монгол Улсад 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулалт орж ирсэн байдаг. Үүний 10 орчим тэрбум ам.долларын хөрөнгө нь оффшор бүсээс орж ирсэн байдаг юм билээ.

АТГ-ын дарга Х.Энхжаргал: Оффшор бүсэд 49 иргэний нэр байдаг. 20 хүн нь төрийн албанд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа тэдгээрийн хамаарал бүхий иргэд бий. Тэдгээрийн зарим нь байгуулаад ажиллуулаагүй, зарим нь бизнес хийх гэж байсан. Хууль гарснаас хойш компаниа татаж буулгасан гэж байгаа. Манайд энэ талаарх бичиг баримтаа өгсөн хэмээсэн хариулсан юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Оффшор бүсэд хамааралтай 20 хүн нь төрийн албанд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа тэдгээрийн хамаарал бүхий иргэд бий гэж байна. Гэтэл та нар ганцхан С.Баярцогтыг л нэр дурдаад байдаг. Оффшор бүсэд данстай улстөрд холбоотой дөрвөн хүний нэр байгаа шүү. . Тухайлбал, энэ парламентаас УИХ-ын гишүүн Сү.Батболдын ах Бат-Очир, Г.Тэмүүлэнгийн авга ах Батзориг, Б. Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар гэсэн дөрвөн хүн байгаа. Энэ дөрвөн хүн мэдүүлгээ өг. Хэдий болтол ганц С.Баярцогтыг нэрлэх юм. Улстөрчид ёс зүйтэй бай

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Би 24 жил бизнес хийсэн хүн. Ингэхдээ Монголд 100 тэрбум  ам.долларын оруулж ирсэн байдаг. Гадныхантай хамтрах гэхээр данс нээхийг шаарддаг. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын мэдээлэлд дурдагдсан. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтай компанийн 70 гаруй хувь нь оффшор бүсэд данстай гэдэг нь үнэн. Тэндээ биднийг ч данс нээж, хамтрах санал тавьдаг. Гэхдээ би улс төрд орж ирэхээсээ өмнө оффшорт байсан дансаа хаасан. Данс хаахад 5-6 сар шаардагддаг юм билээ. Д.Эрдэнэбат дарга аа танай нам эрх барьж байхдаа бизнесмэнүүдийг дээрэмдэх бодлого явуулсан. Тийм учраас ч гаднын хөрөнгө оруулалт зогссон. Үүнийг далимдуулж зээл аваад энэ зээлээрээ тоглосон. Оффшор гэж хэт туйлширвал гаднын хөрөнгө оруулагч ч үргэнэ. Цаашлаад эдийн засаг хүндрэх аюултай хэмээлээ.