Монголын төр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ гэж олон жил ярьсан. Гэвч бодит байдал дээр баримталж байгаа бодлого, хэрэгжүүлдэг арга хэмжээ нь сургалт семинариас цаашлахгүй байна.

Монгол улсад түүх дурсгалын олон газрууд бий. Зарим олдворууд дэлхийн түүхийг өөрчлөх хэмжээний зүйлс байдаг гэж археологичид үздэг. Гэвч жуулчдыг татаж чадахгүй л байна. Учир нь хэдэн зуун км аялсны эцэст ганцхан хадны бичээс, эсвэл эртний балгас үзээд буцдаг нь таалагддаггүй. Өөрөөр хэлбэл дурсгалт газруудыг цогцолбор болгож хөгжүүлэх учиртай.

Гадны оронд түүхийн дурсгалт газраар аялахад нэг өдөр эсвэл түүнээс ч илүү цаг зарцуулдаг. Харин манай улсад очих зам нь илүү урт болчихоод байгаа. Төр нь аялал жуулчлалын цогцолбороо байгуулж жуулчдыг татаж чаддаггүй атлаа аялал жуулчлалын салбарынхан төсөл боловсруулаад дэмжлэг хүсэхэд авлига авахаас нааш дэмжиж өгдөггүй байна.

Аялал жуулчлалын салбар хөгжихгүй байгаа бас нэг шалтгаан мөнөөх л төрийн албаны тогтворгүй байдал саад болдог. Намын томилгоогоор учраа мэдэхгүй хүүхэд яамны бодлого хэрэгжүүлэх гээд чаддахгүй байгаа нь аялал жуулчлалын салбарт том гай тарьж байна.

Жуулчид манай улсыг зорихгүй байх бас нэг шалтгаан бий. Тэр нь МИАТ-ийн тариф хэтэрхий өндөр өртөгтэй байдаг. Европоос Улаанбаатар луу нислэг үйлдэхэд Бээжин лүү ниссэн нь илүү хямд зардалтай. Ингээд хямд, үнэ өргөн сонголтыг жуулчид сонгодог байна.

 

Өнгөрсөн онд манай улсад 380 мянга гаруй жуулчин ирсэн гэсэн судалгаа байдаг. Энэ тоо сүүлийн 10 жил огт өсөөгүй гэдгийг салбарынхан хэлдэг. Өөрөөр хэлбэл сүүлийн 10 жилийн хугацаанд аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэсэн хоосон амнаас өөдөлсөнгүй.